Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00277

 

Л.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01693 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2274 дүгээр магадлалтай,

Л.Г-гийн нэхэмжлэлтэй,

“К” ХХК-д холбогдох,

Цалин, ээлжийн амралтын олговорт 7.765.909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхсайхан, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “К” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/2014 тоот тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Компанийн удирдлага, менежментийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан. Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй тул нөхөн олговор олгохыг хүсэж “Бишрэлт холдинг” ХХК-ийн группийн удирдах зөвлөлийн даргад удаа дараа хүсэлт гаргасан боловч оны дараа болох, төсөв хөрөнгө байхгүй гэх шалтгаанаар 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны ээлжийн амралтын олговрыг олгоогүй. Нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирлын албан тушаалыг 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл эрхэлж байсан боловч тус компанийн хувьцаа эзэмшигчид болон хариуцагч нь 2016 оны 01 дүгээр сараас хойш 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны хөдөлмөрийн хөлс 6.800.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны ээлжийн амралтын олговор 965.909 төгрөг, нийт 7.765.909 төгрөгийг олгоогүй тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “К” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Г- нь тус ХХК-д 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн гүйцэтгэх захирлын 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №05/2014 тоот тушаалаар санхүүгийн шинжээчийн албан тушаалд томилогдон ажиллах хугацаандаа идэвх зүтгэлтэй ажилласан тул компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/2014 тоот тогтоолоор гүйцэтгэх захирлын үүрэгт ажилд томилсон. Үүнээс хойш ажиллах хугацаанд нь “К” ХХК-д Бишрэлт группийн Дотоод Аудитын газраас шалгалт хийсэн. 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шалгалтын акт танилцуулгаар зөрчил дутагдалтай ажилласан ба Л.Г- өөрөө хүлээн зөвшөөрч хувьдаа завшсан 500.000 төгрөгийг компанид тушааж хохиролгүй болгосон. Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/2016 тоот тогтоолоор нэхэмжлэгчийг гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл Л.Г- нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдсөн атал 2016 оны 08 дугаар cap хүртэл ажилласан, энэ хугацааны хөдөлмөрийн хөлс, ээлжийн амралтын олговор зэргийг авна гэж нэхэмжилж байгаа нь хууль ёсонд нийцэхгүй асуудал юм. Иймд Л.Г-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01693 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч “К” ХХК-иас Л.Г-гийн ажилласан хугацааны хөлс болон ээлжийн амралтын олговорт нийт 6.606.780 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.159.121 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагч “К” ХХК-иас 120.658 төгрөгийг гаргуулж Л.Г-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139.210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дугаар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэрийг гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2274 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01693 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “6.606. 780” гэснийг “6.027.330” гэж, “1.159.121” гэснийг “1.738.579” гэж, 2 дахь заалтын “120.658” гэснийг “111.387” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.660 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2274 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс хариуцагч “Капитал марткет корпораци ҮЦК” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрсөн гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 182/ШШ2017/01693 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2274 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдхүүн үзэв.

Нэхэмжлэгч Л.Г- нь хариуцагч “Капитал маркет корпораци  ҮЦК” ХХК-с 7.765.909 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг 2016 оны 01 дүгээр сараас 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацааны хөлс, ээлжийн амралтын олговор гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

“Капитал маркет корпораци  ҮЦК” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолоор нэхэмжлэгчийг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон, тэрээр группийн Удирдах зөвлөлийн даргатай 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Компанийн удирдлага менежментийн гэрээ байгуулан, сард 850.000 төгрөгийн хөлс авч байжээ. Л.Г- 2016 оны 01 дүгээр сараас мөн оны 08 дугаар сарын 22 хүртэл хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байсан боловч ажил олгогч  хөлс олгоогүй болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т нийцжээ.

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 22-ний өдөр хүртэл ажилласан талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хариуцагчаас нэхэмжлэлд дурдсан хугацааны хөлс гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч ээлжийн амралтын олговрын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Компанийн удирдлага, менежментийн гэрээнд гүйцэтгэх захиралд  ээлжийн амралтыг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу эдлүүлэхээр талууд тохиролцжээ.  Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д  “ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшууллыг олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна” гэж заасан.

Нэхэмжлэгч ээлжийн амралтыг биечлэн эдлээгүй тул мөнгийг нь олгох тухай хүсэлт гаргаж байсан хэдий ч түүнд мөнгөн урамшуулал олгох талаар ажил олгогчийн шийдвэр гарсан нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2274 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 111.387 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ