Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2046

 

Б.Бы нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/01552 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Б,

Хариуцагч Нд холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б нь 2012 онд төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх даргыг сонгон шалгаруулах журмын дагуу сонгон шалгаруулалтад орж, хамгийн өндөр оноог авч Нийслэлийн Засаг даргын 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/29 дүгээр захирамжаар 29 дүгээр тусгай сургуулийн захирлаар томилогдон ажилласан, ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Н болон дүүргийн Засаг дарга нар Б.Бтай байгуулсан үр дүнгийн гэрээг жил бүр дүгнэхэд сайн үнэлгээ өгч, үр дүнгийн урамшуулал олгож ирсэн.

Гэтэл тус сургуулийн сурагчдын зүгээс сургалтын арга зүй тааруу, багш нарын дохионы хэлний чадвар муу байна гэсэн асуудлаар сургуулийн удирдлагад шаардлага тавьсан, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Eagle телевиз, Medee.mn цахим хуудсаар 29 дүгээр сургуулийн талаар нийтлэг нэвтрүүлэг шууд гарсантай холбоотойгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд 2017 оны А/101 тушаалаар ажлын хэсэг томилж мэдээллийн мөрөөр тус сургуульд шалгалт хийсэн. Шалгалтын дүгнэлтээр багш нарын дохионы хэлний чадвар муу учраас багш, сурагчдын хооронд үл ойлголцол үүссэн гэж дүгнэлт гарсан. Харин Б.Б захирлыг буруутгасан, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх дүгнэлт гараагүй.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/93 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан боловч ямар зөрчил гаргасан талаар тодорхой бичээгүй. Мөн уг захирамжид Хөдөлмөрийн гэрээний 6.2.8-д “Сургуулийн эдэлбэр газрыг бусдад хууль бусаар эзэмшүүлэх, эрх шилжүүлэхэд санаачлан оролцсон бол хөдөлмөрийн гэрээг цуцлана гэж заасныг үндэслэл болгосон. 

Уг газартай холбоотой асуудал анх 2014 оны 05 дугаар сард яригдсан. Сургуулийн эзэмшлийн газраас 900 м.кв газрыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн, халамж үйлчилгээний хэлтэст шилжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв барина гэж анх санал ирүүлсэн. 29 дүгээр сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай хөтөлбөртэй сургууль учраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв баригдснаар сургуулийн үйл ажиллагаанд цаашид дэмжлэг болох юм гээд зөвшөөрсөн. Гэтэл тухайн газарт Нийгмийн даатгалын хэлтсийн барилга баригдах нөхцөл байдал үүссэн. Энэ талаар Б.Б захирал мэдэж эрх бүхий холбогдох албан тушаалтанд мэдэгдэж, газар шилжүүлэх үйл ажиллагааг зогсоож өгнө үү гэж удаа дараа албан бичгээр хандсан,  газрыг бусдад шилжүүлэх талаар идэвхтэй үйлдэл хийгээгүй.

Мөн тушаалд Хөдөлмөрийн тухай хууль болон Бага дунд боловсролын тухай хуулийн олон зүйл заалтыг дурдсан боловч энэ нь жил бүрийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн Засаг даргын захирамжид нийцэхгүй байна. Боловсролын тухай хуулийн ямар зүйл заалтыг ямар үйлдлээр зөрчсөн эсэх, тухайн үйлдэл нь хэзээ болсон нь хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах уу, үгүй юу гэдэг нь Нийслэлийн Засаг даргын Б/93 дугаартай захирамжаас харагдахгүй байна.

Сахилгын шийтгэл ногдуулсан шийтгэл нь тухайн сахилгын зөрчилтэйгөө тохирохгүй, тодорхойгүй байдлаар гарсан учраас уг тушаал хууль бус хууль зүйн үндэслэлгүй тул Нийслэлийн Засаг даргын Б/93 дугаартай захирамжаар Б.Быг үндэслэлгүйгээр ажлаас халсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Б/93 дугаар захирамжаар сонсголын бэрхшээлтэй иргэдийн 29 дүгээр тусгай дунд сургуулийн захирлыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь хэсэгт зааснаар хууль тогтоомж хөдөлмөрийн дотоод журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл ногдуулах, шагнал урамшуулал олгох тухай үр дүнгийн гэрээнд ажил олгогчийн эрхийг заасан.

Мөн гэрээний 5.1 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн дотоод журам болон ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах, мөн 5.3 дахь хэсэгт хамт олныг төлөвшүүлэх, байгууллагын дотоод дэг журмыг сахин биелүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг заасан үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн. Мөн гэрээний 6 дугаар хэсэгт ноцтой зөрчил гэж юу болохыг заасан. Гэрээний 6.2.8 дахь хэсэгт зааснаар сургуулийн эдэлбэр газрыг бусдад хууль бусаар эзэмшүүлэх эрх шилжүүлэхэд санаачлага гарган дэмжсэн, мөн гэрээний 7.4 дэх хэсэгт зааснаар ажилтан байгууллагын дотоод журам хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байсан.

Сургуулийн дотоод журмыг 2015 онд баталсан. Дотоод журмын 3.5 дахь хэсэгт сургуулийн захирлын эрх, үүргийг заасан. 3.2 дахь хэсэгт захирал нь сургалтын үйл ажиллагааг удирдах, сургалтын эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, боловсролын стандартыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан ажиллана гэж заасан. Мөн 7 дугаар хэсэгт хориглох болон хариуцлагыг заасан. 7.5 дахь хэсэгт сургуулийн удирдлага, багш, ажилтан, суралцагч нь хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ гэж заасан. Сургуулийн захирал нь сургуулийн төсвийг шууд захирах, сургуулийн өмч хөрөнгийн ашиглалт хамгаалалтын системийг төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах, хяналт тавих үүрэгтэй байдаг. Сургуулийн захирал нь сургуулийн эзэмшил газрыг бусдад шилжүүлэх, эзэмшүүлэхэд санаачлагаараа оролцсон, барилга барихыг зөвшөөрсөн тухай 2015 оны 245 дугаартай албан бичиг хүргүүлсэн.

Энэ байдлыг сургуулийн зохих ажилчид, эцэг, эхчүүд эсэргүүцсэний улмаас албан бичгээр байгууллагуудад хүргүүлсэн. 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Н А/184 дүгээр захирамжаар 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/931 дүгээр захирамжийн Сүхбаатар дүүргийн 29 дүгээр тусгай сургуулийн болон нийгмийн даатгалын хэлтэст холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзсэн. Мөн хуулийн 35.1.6-д зааснаар газар эзэмших, газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлгүйгээр тухайн газрыг бүгдийг нь эсхүл зарим хэсгийг нь бусдад шилжүүлж болно гэсэн заалт төрийн байгууллагад хамааралгүй гэх заалтыг зөрчсөн гэж үзэж, захирамж гаргасан.

Хөдөлмөрийн гэрээний 7.6 дахь хэсэгт зааснаар ажилтан байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор заасан үүргээ гүйцэтгээгүй, мэдлэг дутмаг байдлаас болсон зөрчилд хариуцлага тооцохгүй байх үндэслэл болохгүй гэх заалтыг үндэслэл болгосон. Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт захирлын үүргийг заасан. Мөн хуулийн 20.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээ болон хууль тогтоомжид хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, нэгтгэх дүгнэх, тайлагнах, 20.2 дахь хэсэгт сургуулийг хөгжүүлэх бодлого төлөвлөгөө, дүрэм, журам боловсруулах, багш, сурагч, эцэг, эх, олон нийтийн оролцоо түншлэлийг ханган ажиллах, 20.3 дахь хэсэгт сургуулийг багш ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, хөдөлмөр нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийг дээшлүүлэх, 20.2.6 дахь хэсэгт суралцагчийг авьяас чадварыг хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, багш ажилчдын хөдөлмөрийн гэрээг үнэлэх, хариуцлага тооцох, үнэлэлт дүгнэлт өгөх, 20.2.а-д багшийн арга зүйн чиглэлээр мэргэжлийн багшаас зөвлөгөө авч хамтран ажиллах, 20.2.12 дахь хэсэгт сургуулийн багшийн үйл ажиллагаа сургалтын чанар үнэлэлт дүгнэлт тогтоох, хяналт шинжилгээ хийх үнэлгээ өгөх ажлыг арга зүйн удирдлагаар хангаж ажиллах үүрэгтэй байхаар тус, тус заасан. 

Б.Б захирал дээрх үүргээ хангалтгүй биелүүлж, хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчсөн байдлыг үндэслэж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 болон 131.3 дахь хэсэгт зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Быг Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2 335 290 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас 52 314 төгрөг гаргуулж, улсын төсвийн дансанд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ерөнхий боловсролын 29 дүгээр сургууль нь Сонсголын бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах, чийрэгжүүлэх, бие даалгах үйлчилгээ үзүүлж, бага, суурь, бүрэн дунд боловсрол, мэргэжил эззмшүүлэх тусгай сургууль юм. Бага дунд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт “Тусгай сургууль нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харъяанд байна” гэж заасан. Өөрөөр хэлбэл 29 дүгээр тусгай сургуулийн захирлыг томилох эрх нь хуулиар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын эрх хэмжээний асуудал тул Н шүүхийн шийдвэрээр эгүүлэн томилох боломжгүй байдал үүсч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Нд холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ, сургуулийн дотоод журам болон холбогдох хуулиудыг зөрчиж, ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлан маргажээ.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/93 дугаар захирамжаар Б.Быг ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, 48 дугаар зүйлийн 48.1, Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 6.2, 8.7.1, Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны сайдын 2017 оны А/101 дүгээр тушаалаар байгуулсан ажлын хэсгийн тайлан, дүгнэлт зэргийг үндэслэсэн байна.

Тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр гаргасан тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчил гаргасан эсэхийг хариуцагч байгууллага тогтоосон байхыг шаардах бөгөөд ажил олгогч, ажилтны хооронд 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан 1403/с3014 тоот хөдөлмөрийн гэрээний 6.2.1-6.2.13-т нэрлэн заасан зөрчлийг гаргасан тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заажээ.

Хариуцагч Н нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн захирамжид хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ямар ноцтой зөрчил гаргасан талаар  тодорхой заагаагүй бөгөөд нэхэмжлэгчийг хэзээ, ямар ноцтой зөрчил гаргасныг тогтоосныг үндэслэн ажлаас чөлөөлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

            Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний 6.2.8-д заасан “сургуулийн эдэлбэр газрыг бусдад хууль бусаар эзэмшүүлэх, эрх шилжүүлэхэд санаачлан оролцсон” гэх зөрчлийг гаргасан гэж Төрийн өмчийн хороонд хаягласан 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 245 тоот албан бичгийг нотлох баримтаар заасан ба 2 жилийн өмнөх уг асуудлаар 2017 онд сахилгын шийтгэл хүлээлгэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасанд нийцэхгүй.

            Мөн хариуцагч нь Б.Быг Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсэгт заасан захирлын чиг үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэх боловч энэхүү үйл баримтыг шалгаж тогтоосон эрх бүхий этгээдийн дүгнэлт шийдвэр хэрэгт авагдаагүй байна. Хэрэгт Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургууль дээр ажилласан ажлын хэсгийн тайлан дүгнэлт авагдсан ч уг тайлан дүгнэлтэд сургуулийн захирлын үйл ажиллагааг хангалтгүй талаар болон ноцтой зөрчил гаргасныг тогтоосон агуулгагүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Быг хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх тушаалын үндэслэлээ хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан заасны дагуу нотлоогүй, энэ талаарх тайлбар, татгалзал нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх зохигчдын тайлбар, хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгч Б.Быг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 2 335 290 төгрөг гаргуулан, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

Н Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтаар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/93 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн гэх боловч Бага дунд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт “Тусгай сургууль нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байна” гэсэн нэмэлт 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар орсон нь сургалтын байгууллагын тогтолцооны талаарх захирлыг томилж чөлөөлөхөд хамаарахгүй зохицуулалт байх тул хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөнийг шүүх сэргээсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилох боломжгүй гэх Бага дунд боловсролын тухай хуулийн заалтыг иш татсан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/01552 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ЭНХТӨР

                        ШҮҮГЧИД                                           Ч.ЦЭНД

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ