Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00299

 

     С.Б-ын нэхэмжлэлтэй

       иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01789 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2321 дүгээр магадлалтай,

С.Б-ын нэхэмжлэлтэй,

“У” ХХК-д холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал, Т.Цэрэнминжин нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэнминжин, Т.Батжаргал, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч С.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр "У" ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан банкны харуул хамгаалалтын албанд хамгаалалтын ажилтнаар ажиллаж байх хугацаандаа нэг ч удаа сахилгын зөрчил гаргаагүй. Гэтэл 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр банкны захирлын Б/353 тоот тушаалаар ажлаас халсан. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гол шалтгаанаа нэхэмжлэгчийг урьд нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсантай холбож тайлбарласан. Эрүүгийн хуульд заасны дагуу ялгүйд тооцогдсон үедээ "У" ХХК-д хамгаалалтын ажилтнаар ажилд орсон тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нь бичилт хийлгүүлэхээр даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “У” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: С.Б-ыг Уны гүйцэтгэх захирлын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/221 тоот тушаалаар хамгаалалтын ажилтны албан тушаалд үндсэн ажилтнаар ажиллуулж, хөдөлмөрийн гэрээг 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/353 тоот тушаалаар нэхэмжлэгч нь гэрээний 11.4.25-д заасан ноцтой зөрчлийг гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. С.Б- нь тус банкинд анх ажилд орох үедээ бөглөсөн "урьд нь ял шийтгэлтэй байсан эсэх, ямар нэг сахилгын арга хэмжээ авагдаж байсан эсэх" гэх асуумжид "үгүй" гэж хариулах байдлаар худал мэдээлэл өгч, урьд нь ял шийтгэгдэж байснаа санаатайгаар нуун дарагдуулж, ажил олгогчийг хууран мэхэлсэн. Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, Хөдөлмөрийн гэрээний 11.4.25-д тус тус заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Иймд 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/353 тоот ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01789 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан С.Б-ыг Уны харуул хамгаалалтын албанд хамгаалалтын ажилтны ажилд эгүүлэн тогтоож, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан “У” ХХК-аас 1.035.606 төгрөгийг гаргуулж С.Б-т олгож, С.Б-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 29.404 төгрөг гаргуулж улсад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2321 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01789 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 404.54 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал, Т.Цэрэнминжин нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1789 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2321 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч анкетад ажилласан жил 6 гэж бичээд зөвхөн 3 жил ажилласан газраа бичсэний гадна анкетны ажилласан хугацааг тэмдэглэх хэсэг зөвхөн нэг удаагийн ажлыг бичих хүснэгттэй байснаас нэхэмжлэгч зөвхөн нэгийг бичсэн байж болохыг анзаарах байжээ. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаануудын явцад нэхэмжлэгчийг 2012 оны 6 дугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа шүүхээс тогтоож байсныг нэхэмжлэгч. түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрдөг. Гагцхүү энэ талаар мэдээллээ ажил олгогчид үнэн зөвөөр мэдээлэх үүрэгтэй байсан ба ял шийтгэлтэй байсан тухайгаа үнэн зөвөөр мэдээлж чадахгүй байгаа байдал нь тухайн ажилтны хувьд Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 13.1.3-т заасан тухайн ажил албан тушаалд тавигдах шалгуурыг хангаагүй байдлыг бүрдүүлж байгааг шүүх анхаараагүй байна. Ажилтан нь ажил олгогчтой Хөдөлмөрийн гэрээгээ 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шинэчлэн байгуулсан энэ үед уг зөрчлөө арилгаагүй. Хэрэгт С.Б-ын өөрийнх нь гараар бичигдсэн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ял шийтгэл эдэлж байсан тухай тайлбар байдаг. Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 13.1.3-т заасан Хамгаалалтын ажилтанд тавигдах шаардлагууд болох “ял шийтгэлгүй” байдал нь гэмт зан авиргүй байх, ёс зүйн шаардлага” нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хариуцан хамгаалах итгэл хүлээх чадвартай байх агуулгын тус тус илэрхийлдэг. Шүүх хуулийн дээрх заалтын агуулгыг буруу тайлбарлаж. өмнө нь гэмт хэрэгт шийтгэгдэж байсан болохоо үнэнээр илэрхийлэх чадваргүй ажилтныг “ёс зүйн шаардлага хангасан”. уг байнгын шинжтэй шаардлагад “хөөн хэлэлцэх хугацаа” хамаарна гэж хэт нэг талыг барьж дүгнэсэн гэж хариуцагч үзэж байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2321 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1789 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч С.Б- нь хариуцагч “У” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргахдаа  шаардлагын үндэслэлийг ажлаас үндэслэлгүй халагдсан гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас  татгалзахдаа “...ноцтой зөрчил” гаргасан гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Уны гүйцэтгэх захирал 2017 оны 8 дугаар сарын 8-ний өдөр Б/353 дугаар тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээний 11.4.25-д  заасан  зөрчил гаргасан гэж үзэж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр  зүйлийн 40.1.4., Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3. дах заалтыг тушаалын үндэслэлд дурджээ.

С.Б- нь 2016 оны 3 дугаар сарын 15-ний өдөр Уинд хамгаалалтын ажилтнаар ажилд орохоос өмнө буюу 2012 оны 6 дугаар сард Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан нь зохигчдын тайлбараар тогтоогджээ.

Шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил болон  тухайн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар  хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хууль болон Эрүүгийн хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн дүгнэлт хийж, энэ тухайгаа шийдвэр, магадлалд тодорхой дурдан нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагыг хангасныг буруутгах боломжгүй байна.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар  ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг санаачилгаар цуцлах эрхтэй боловч нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээний 11.4.25-т заасан “ажилд орох материалыг хуурамчаар бүрдүүлсэн” гэх байдал тогтоогдоогүй, энэ талаарх шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01789 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2321 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал, Т.Цэрэнминжин нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 29.404 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ