Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2017/01789

 

 

 

 

 

   2017 оны 09 сарын 26 өдөр

      Дугаар 182/ШШ2017/01789

       Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

           

Нэхэмжлэгч: С.Б

 

Хариуцагч: “УХБ” ХХК

 

            ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.

                 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр түүний төлөөлөгч гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2016 оны 06 сарын 20-ны өдөр хариуцагч “УХБ” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан банкны харуул хамгаалалтын албанд хамгаалалтын ажилтнаар ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа албаа манлайлан ажиллаж, нэг ч удаа сахилгын зөрчилд холбогдож үзээгүй бөгөөд цаг нар, өдөр шөнөгүй албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2017 оны 08 сарын 08-ны өдөр банкны захирлын Б\353 тоот тушаалаар Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 13 дугаар зүйл, 13.1.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйл, 11.4.25 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйл, 38.1.2 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ажлаас халсан байна. Нэхэмжлэгч нь Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 13 дугаар зүйл, 13.1.3 дахь хэсэгт “харуул хамгаалалтын алба хаагчаар 20 нас хүрсэн, эрүүл мэнд, бие бялдар, ёс зүйн шаардлага хангасан, зохих боловсрол, ажлын туршлагатай, холбогдох сургалтад хамрагдсан, ял шийтгэлгүй хүнийг ажиллуулах” гэж заасныг бүрэн хангасан буюу нас, бие бялдар бүхий л талаараа харуул хамгаалалтын албанд тэнцэх бөгөөд хуульд заасан ял шийтгэлгүй юм. Мөн Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйл, 11.4.25 дахь хэсэгт “Ажилд орох материалыг хуурамчаар бүрдүүлсэн” гэж заасан зөрчлийг огт гаргаагүй байна. Хариуцагч нь С.Быг ажлаас халах болсон гол шалтгаанаа нэхэмжлэгчийг урьд нэг жилийн тэнсэн харгалзах ял шийтгүүлж байсантай холбож тайлбарласан юм. С.Б нь тэнсэн харгалзах ял шийтгүүлж байсан нь үнэн боловч эрүүгийн хуульд заасны дагуу ялгүйд тооцогдсон үедээ “УХБ” ХХК-д хамгаалалтын ажилтнаар ажилд орсон.

Иймд ажил олгогчийн ажпаас халсан Б\353 тоот тушаал нь үндэслэлгүй байх тул нэхэмжпэгч С.Быг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нь бичилт хийлгүүлэхээр даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Быг УХБны Гүйцэтгэх захирлын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/221 тоот тушаалаар хамгаалалтын ажилтны албан тушаалд үндсэн ажилтнаар томилж, 2017 оны 06 сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулан ажиллуулсан. Ажил олгогч тал С.Бын Хөдөлмөрийн гэрээг 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/353 тоот тушаалаар цуцалсан. Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.4-д Ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлах "Ноцтой зөрчил”-үүдийг жагсаан тодорхойлсон бөгөөд С.Б нь гэрээний 11.4.25-д заасан ноцтой зөрчлийг гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Хөдөлмөрийн гэрээний 11.4.25-д заасан “Ажилд орох материалыг хуурамчаар бүрдүүлсэн” гэж заасан ноцтой зөрчил гаргасан тухайд: С.Б нь тус банкинд анх ажилд орох үедээ бөглөсөн “Ажилд орохыг хүсэгчийн өргөдөл”, “Өөрийн намтар” зэрэгт тусгагдсан “Урьд нь ял шийтгэлтэй байсан эсэх, ямар нэг сахилгын арга хэмжээ авагдаж байсан эсэх” гэх асуумжид “үгүй” гэж хариулах байдлаар худал мэдээлэл өгч, урьд нь ял шийтгэгдэж байсан явдлаа санаатайгаар нуун дарагдуулж, ажил олгогчийг хууран мэхэлсэн үйлдэл гаргасан байдаг. Мөн ажилд орох өргөдлийн маягтад урьд нь эрхэлж байсан ажил эрхлэлтийн талаарх мэдээлэл буюу 2010-2013 онд “Е” ХХК-д хамгаалагчаар ажиллаж байсан тухай мэдээллийг дутуу өгсөн байдаг. Энэ байгууллагаас ял шийтгүүлж байсан үндэслэлээр халагдсан байж болох нь мэдэгдсэн. Урьд өмнө нь ял шийтгэгдэж байсан эсэх асуудлыг ажил олгогч олж мэдэх, холбогдох баримтыг цагдаагийн байгууллагаас авах боломжгүй байдаг. Энэ нь Хууль зүйн сайдын 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/12 тоот тушаалаар батлагдсан “Шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэл хөтлөх, лавлагаа олгох заавар”-ын 33-т “Эрх бүхий байгууллагын "Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас"-аар олгохоор заасантай холбоотой юм.

Иймд ажил олгогч С.Быг ажилд авах үедээ “урьд нь ял шийтгэгдэж байсан эсэх”-ийг мэдэх боломжгүй буюу ажил олгогчид өөрөө энэ талаар мэдээллээ сайн дураар, үнэн зөв өгөхөөс бусад тохиолдолд мэдэх аргагүй юм.  Ажил олгогч болох УХБ өөрөө онцлог субьект тул банкны аюулгүй байдал нэн түрүүнд чухлаар тавигддаг. Иймээс банк Гэрээт хамгаалалтын тухай хуулийн 5.1-т “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй хуулийн этгээд нь харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэхдээ харъяалах аймаг, цагдаагийн газарт бүртгүүлнэ гэж заасны дагуу Цагдаагийн ерөнхий газраас “Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх”-ээр бүртгэлийн гэрчилгээг авсан. Энэ үйл ажиллагааны хүрээнд “Хамгаалагч”-аар ажилд орохыг хүссэн иргэнд “Харуул хамгаалалтын тухай хууль”-ийн 13.1.3-т “харуул хамгаалалтын алба хаагчаар 20 нас хүрсэн, эрүүл мэнд, бие бялдар, ёс зүйн шаардлага хангасан, зохих боловсрол ажлын туршлагатай, холбогдох сургалтад хамрагдсан, ял шийтгэлгүй хүнийг ажиллуулах гэсэн үндсэн шаардлага тавигддаг. Гэтэл С.Б нь урьд нь хулгайн хэрэгт холбогдож, шүүхээс түүнд хорих ял оноосныг тэнсэж байсан талаар мэдээлэл илэрхий болсон. Энэ талаар С.Б дэлгэрэнгүй мэдээллийг ажил олгогчид бичгээр тайлбарлаж урьд нь шүүхээс ял шийтгэгдэж байсан нь үнэн гэдгээ баталснаар дээрхи хуулийн 13.1.3-т заасан “ял шийтгэлгүй хүнийг ажиллуулах” нөгөө талаас урьд нь гэмт хэрэгт холбогдож  шүүхээс ял оноож байсан асуудал нь дурдсан хуулийн 13.1.3-т заасан “ёс зүйн шаардлага хангасан байх” гэх шаардлага давхар зөрчигдсөн гэж үзэж байна. Ажил олгогч тал дээрхи шаардлагуудыг хангасан иргэнийг авч ажиллуулах үүргийг мөн тус хуулиар хуульчилж өгсөн байгаа. Хэрэв эдгээр шаардлагыг хангаагүй боловсон хүчин бүрдүүлсэн буюу тус хуулийн 6.1-д заасныг зөрчсөн тохиолдолд 21.3.2-т зааснаар цаашид харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх “зөвшөөрөл хүчингүй болох” эрсдэл ч бий болж болзошгүй байна.

Нэхэмжлэгч ажилд орох үедээ өгсөн 3 үеийн намтарт өмнө нь 2010-2016 онд “Е” ХХК, “С” ХХК зэрэг компаниудын харуул хамгаалалтын албанд хамгаалагчаар ажиллаж байсан багагүй туршлагатай нэгэн тул хамгаалагч хүнд хуулиар тавигддаг үндсэн шаардлагыг сайн мэдэж байх нь зүйн хэрэг. Гэтэл өөрийн ял шийтгэлтэй байсан мэдээллийг зориуд нуун дарагдуулсан нь түүний шууд санаатай эс үйлдэхүйгээр бий болсон гэж үзэх үндэслэлтэй байсан тул С.Быг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн, Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 13.1.3, Хөдөлмөрийн гэрээний 11.4.25-д тус тус заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болно. Энэ нь түүнийг анх ажилд авахад хийсэн гэрээний 11.2.19-д заасан “ажилд орох өргөдлийг худал бөглөсөн, биеийн байцаалтын мэдээллийг санаатайгаар буруу бичсэн, ажилд орох өргөдлийн дагалдах материалыг хуурамчаар бүрдүүлж өгсөн нь тогтоогдсон” гэсэн ноцтой зөрчил болох юм. Зөрчил нь үргэлжилсэн шинжтэй зөрчил юм.

Иймд 2017 оны 08-р сарын 08-ны өдрийн Б/353 тоот ажлаас чөлөөлсөн тушаал хуульд, нийцсэн үндэслэлтэй тул нэхэмжлэгч С.Бын УХБинд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэл, хөдөлмөрийн гэрээнүүд, ажилд орохыг хүсэгчийн өргөдөл маягт, намтар, ажилд түр томилох тухай тушаал, үндсэн ажилтнаар томилох тухай тушаал, ажлын байрны тодорхойлолт, журам заавартай танилцсан тухай баримт, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон бусад бичгийн баримтыг  шинжлэн судлаад

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүсэж байна.

            Нэхэмжлэгч С.Б нь “УХБ” ХХК-ийн хамгаалалтын ажилтны албан тушаалд 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс туршилтын хугацаагаар ажиллаж, захирлын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/221 тоот тушаалаар үндсэн ажилтнаар томилогдож, 2017 оны 06 сарын 20-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллажээ. Гэтэл түүнийг банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/353 тоот тушаалаар Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.4.25-д заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна. Мөн тушаалын үндэслэлд Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 13.1.3 дахь заалтыг үндэслэжээ.

            2017 оны 06 сарын 20-ны өдөр талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 11.4.25-д заасан “Ажилд орох материалыг хуурамчаар бүрдүүлсэн” гэж заасан байх бөгөөд энэ нь түүнийг анх ажилд авахад хийсэн гэрээний 11.2.19-д заасан “ажилд орох өргөдлийг худал бөглөсөн, биеийн байцаалтын мэдээллийг санаатайгаар буруу бичсэн, ажилд орох өргөдлийн дагалдах материалыг хуурамчаар бүрдүүлж өгсөн нь тогтоогдсон” гэсэн зөрчил гэж хариуцагч тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч анх ажилд орохдоо ажилд орохыг хүсэгчийн өргөдөл болон намтрын маягтыг бөглөж, ял шийтгэлтэй байсан эсэх гэсэн асуултанд “байхгүй” гэж, ажилласан байдал гэдэг дээр “ажилласан жил 6, С ХХК-д ахлах хамгаалагчаар 2013-02-01-ний өдрөөс 2016-03-01 хүртэл ажилласан” гэж тэмдэглэсэн байна. Харин гурван үеийн намтартаа нэхэмжлэгч 2010-2013 онд Е ХХК-д хамгаалагчаар ажилласан тухайгаа бичсэн байна.

“Харуул хамгаалалтын тухай хууль”-ийн 13.1.3-т “харуул хамгаалалтын алба хаагчаар 20 нас хүрсэн, эрүүл мэнд, бие бялдар, ёс зүйн шаардлага хангасан, зохих боловсрол ажлын туршлагатай, холбогдох сургалтад хамрагдсан, ял шийтгэлгүй хүнийг ажиллуулах” гэсэн үндсэн шаардлага тавигддаг байх ба нэхэмжлэгч урьд ял шийтгүүлж байсан, үүнийгээ анкетанд бичээгүй нууж ажилд орсон нь ноцтой зөрчил хариуцагч гэж үзжээ.

Нэхэмжлэгч 2012 оны 6 дугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, энэ хугацаа өнгөрч ялгүйд тооцогдох болсон тул ял шийтгэлийг байхгүй гэж бичсэн гэж тайлбарлаж байна. “Харуул хамгаалалтын тухай хууль”-ийн “харуул хамгаалалтын алба хаагч ял шийтгэлгүй байх” гэдгийг нэхэмжлэгчийн ялтайд тооцох хугацаа өнгөрсөн байдал зөрчихгүй байна.

Гэхдээ банк ажилд орохыг хүсэгчийн анкетад “урьд ял шийтгүүлж байсан эсэх”-ийг тодруулах асуулт оруулсныг буруутгах боломжгүй юм. Энэ нь ялтайд тооцох хугацаа өнгөрсөн эсэх нь хамаагүй, ял шийтгүүлсэн эсэхийг тодруулах асуулт байна. Нэхэмжлэгчийн хувьд урьд ял шийтгүүлж байснаа анкетанд бичээгүй нь буруу байна. Гэхдээ энэ нь нэхэмжлэгч анкет бөглөх үедээ гаргаж буй зөрчил бөгөөд үргэлжилсэн шинжтэй биш юм. Зөрчлийг үйлдсэнээс хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор арга хэмжээ авах ёстой бөгөөд үүнийг ажил олгогч хэдийд яаж илрүүлсэн нь тодорхойгүй байна.

Зөрчлийг ажилд орох тухайн үед нь илрүүлэх боломжтой байсан гэж үзнэ. Хариуцагч нэхэмжлэгчийг Е ХХК-д хамгаалагчаар ажиллаж байснаа бичээгүй, тэндээс гэмт хэрэгт ял шийтгүүлсэн гэсэн үндэслэлээр халагдсан гэж сонссон гэх боловч үүнийг нэхэмжлэгч санаатай нуусан гэх байдал харагдахгүй байна. Анкетанд нэхэмжлэгч “ажилласан жил 6, С ХХК-д ахлах хамгаалагчаар 2013-02-01-ний өдрөөс 2016-03-01 хүртэл ажилласан” гэж тэмдэглэсэн ба гурван үеийн намтартаа 2010-2013 онд Е ХХК-д хамгаалагчаар ажиллаж байснаа бичсэн байхад тухайн үед энэ зөрүүг гаргаж ямар үндэслэлээр ажлаас халагдсаныг мэдэх боломжтой байсан байна. Нэхэмжлэгч анкетанд ажилласан жил 6 гэж бичээд зөвхөн 3 жил ажилласан газраа бичсэний гадна анкетны ажилласан хугацааг тэмдэглэх хэсэг зөвхөн нэг удаагийн ажлыг бичих хүснэгттэй байснаас нэхэмжлэгч зөвхөн нэгийг бичсэн байж болохыг ажил олгогч анзаарах байжээ.

Иймд ажил олгогч ажилтны зөрчилд арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. Түүний ажилгүй байсан  34 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговор 1.035.606 (670.098:22х34) төгрөг байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан С.Быг УХБны харуул хамгаалалтын албанд хамгаалалтын ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.
  2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан “УХБ” ХХК-аас 1.035.606 төгрөгийг гаргуулж С.Бт олгож, С.Бын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
  3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар тэмдэгтийн хураамжинд  хариуцагчаас 29.404 төгрөг гаргуулж улсад олгосугай.
  4. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                     

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                          С. БУД