Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 02321

 

                   

С.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01789 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Бын  хариуцагч”У”ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч”У”ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан банкны харуул хамгаалалтын албанд хамгаалалтын ажилтнаар ажиллаж байх хугацаандаа албаа манлайлан ажиллаж, нэг ч удаа сахилгын зөрчилд холбогдож үзээгүй бөгөөд албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр банкны захирлын Б/353 тоот тушаалаар Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, Хөдөлмөрийн гэрээний 11.4.25, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т тус тус заасныг үндэслэн ажлаас халсан. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гол шалтгаанаа нэхэмжлэгчийг урьд нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсантай холбож тайлбарласан. С.Б нь тэнсэн харгалзах ял шийтгүүлж байсан нь үнэн боловч эрүүгийн хуульд заасны дагуу ялгүйд тооцогдсон үедээ”У”ХХК-д хамгаалалтын ажилтнаар ажилд орсон тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нь бичилт хийлгүүлэхээр даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Быг Улаанбаатар хотын банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/221 тоот тушаалаар хамгаалалтын ажилтны албан тушаалд үндсэн ажилтнаар томилон ажиллуулж, хөдөлмөрийн гэрээг 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/353 тоот тушаалаар бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний 11.4.25-д заасан ноцтой зөрчлийг гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. С.Б нь тус банкинд анх ажилд орох үедээ бөглөсөн "урьд нь ял шийтгэлтэй байсан эсэх, ямар нэг сахилгын арга хэмжээ авагдаж байсан эсэх" гэх асуумжид "үгүй" гэж хариулах байдлаар худал мэдээлэл өгч, урьд нь ял шийтгэгдэж байснаа санаатайгаар нуун дарагдуулж, ажил олгогчийг хууран мэхэлсэн. Нэхэмжлэгч ажилд орох үедээ өгсөн 3 үеийн намтарт өмнө нь 2010-2016 онд "Е" ХХК, "С" ХХК зэрэг компаниудын харуул хамгаалалтын албанд хамгаалагчаар ажиллаж байсан багагүй туршлагатай нэгэн тул хамгаалагч хүнд хуулиар тавигддаг үндсэн шаардлагыг сайн мэдэж байх ёстой. Гэтэл өөрийн ял шийтгэлтэй байсан мэдээллийг зориуд нуун дарагдуулсан нь түүний шууд санаатай, эс үйлдэхүйгээр бий болсон гэж үзэх үндэслэлтэй.  Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, Хөдөлмөрийн гэрээний 11.4.25-д тус тус заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Иймд 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/353 тоот ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг Улаанбаатар хотын банкны харуул хамгаалалтын албанд хамгаалалтын ажилтны ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 1 035 606 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалган, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 29 404 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дах мөрөнд нь ажилтны зөрчилд арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа шүүхээс тогтоож байсныг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрдөг, гагцхүү энэ талаар мэдээллээ ажил олгогчид үнэн зөвөөр мэдээлэх үүрэгтэй байсан ба ял шийтгэлтэй байсан тухайгаа үнэн зөвөөр мэдээлж чадахгүй байгаа нь тухайн ажилтны хувьд Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан "ёс зүйн шаардлага хангасан" гэж үзэх боломжгүй, энэ байдал нь зөвхөн ял шийтгэлээ мэдээлээгүй зөрчлөөс илүү хуульд заасан тухайн ажил албан түшаалд тавигдах шалгуурыг хангаагүй байдлыг бүрдүүлж байгааг шүүх анхаараагүй байна. Мөн хуулиар тогтоосон, байнга буюу өдөр тутам хангагдах ёстой шалгуурыг хангаагүй байдал нь тухайн зөрчлийг байнгын буюу   үргэлжилсэн шинжтэй болгож байгааг харгалзахгүйгээр шийдвэрлэсэн, түүнчлэн ажилтан нь ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шинэчлэн байгуулсан. Энэ үед уг зөрчлөө арилгаагүй буюу шинэ хөдөлмөрийн гэрээ байгуулах байдлаар давтан гаргасан байдлыг харахгүйгээр шийдвэрлэсэн зэрэг нь Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан ёс зүйн шаардлага хангасан, ял шийтгэлгүй хүнийг ажиллуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсгийн заалтуудыг тус тус буруу тайлбарлаж хэрэглэсэн. Харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг хадгалах үйл ажиллагаа явуулдаг онцгой обьект болох арилжааны банкны харуул хамгаалалтад ажиллаж байгаа ажилтанд дээрх ёс зүйн шаардлага илүү өндрөөр тавигддаг. Шүүх хуулийн дээрх заалтын агуулгыг буруу тайлбарлаж өмнө нь гэмт хэрэгт шийтгэгдэж байсан болохоо үнэнээр илэрхийлэх чадваргүй ажилтныг "ёс зүйн шаардлага хангасан", уг байнгын шинжтэй шаардлагад "хөөн хэлэлцэх хугацаа" хамаарна гэж хэт нэг талыг барьж дүгнэсэн. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "зөрчлийг хэзээ илрүүлсэн нь тодорхойгүй" учир 1 сарын дотор шийтгэл ногдуулсан гэж үзэх үндэслэлгүй талаар дурджээ. Гэтэл хэрэгт С.Бын өөрийнх нь гараар бичигдсэн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн "ял шийтгэл эдэлж байсан" тухай тайлбар байдаг. Ажил олгогч хэлэлцүүлгийн явцад зөрчлийг энэхүү тайлбарт үндэслэн илрүүлсэн гэдгээ нотолсоор байтал дээрх байдлаар дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолох журам агуулгыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч “У” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ажилд орохдоо худал мэдээлэл өгсөн ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон гэж маргажээ. /хх.1/

 

            Нэхэмжлэгч С.Б нь”У”ХХК-ийн хамгаалалтын ажилтны албан тушаалд 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс туршилтын хугацаагаар ажиллаж, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс үндсэн ажилтнаар томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/353 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээний 11.4.25-д заасан “ажилд орох материалыг хуурамчаар бүрдүүлсэн” зөрчил гаргасан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлжээ. /хх.5,10,24,30/

 

Хариуцагч компани нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан заалтууд болон хөдөлмөрийн гэрээний 11.4.25-д заасныг тус тус баримталсан ба ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан уг тушаал хууль зүйн үндэслэлгүй байсан болох нь дараах үйл баримтаар тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч С.Бд шүүхээс Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2012 оны 6 дугаар сард оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаатайгаар хянан харгалзсан үйл баримтын талаар зохигчдын хэн аль нь маргаагүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад ажилд орохоор өргөдөл гаргасан 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн /2002 он/ 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлтэй гэж үзэх хугацаа өнгөрч ялгүйд тооцогдсон байна. Уг үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Харуул хамгаалалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.13-т харуул хамгаалалтын ажилтнаар ажиллах хүн ял шийтгэлгүй байх шаардлага тавьсан байгаа нь Эрүүгийн хуулийн /2002 он/ 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт зааснаар ял эдэлж байгаа, эсхүл ял эдэлж дууссан боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй хүнд хамаарахаас өмнө шүүхээр ял шийтгүүлж байсан боловч, хуулийн дагуу ялгүйд тооцогдсон хүнд хамаарахгүй. Иймд нэхэмжлэгч анх ажилд орох өргөдөлдөө ял шийтгэлтэй холбоотой асуултад “үгүй” гэж хариулсныг дээрх хуулийн болон хөдөлмөрийн гэрээний 11.4.25-д заасан зөрчил гаргасан гэж үзэхгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хх.18,20/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах”-аар заасан. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 11.4.25-д “...ажилд орох материалыг хуурамчаар бүрдүүлсэн...” бол гэрээг дуусгавар болгох буюу цуцлахаар заасан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд ажилтныг ажилд авахдаа “хувийн байдлаар нь ялгаварлан гадуурхах”-ыг хориглох бөгөөд ажил олгогчийн зүгээс ажилд орох анкетад заасан хуулиар тогтоогоогүй хувийн байдлын талаарх буюу “ял шийтгэл эдэлж байсан эсэх” гэсэн уг асуултад нэхэмжлэгч буруу хариулсныг хуурамч материал бүрдүүлсэн гэж үзэх нь учир дутагдалтай.

 

            Хариуцагч байгууллага ажилд орохыг хүсэгчийн анкетад “урьд ял шийтгүүлж байсан эсэх”-ийг тодруулах асуулт оруулсныг буруутгах боломжгүй боловч энэ нь ажилтны цаашид ажиллах нөхцөлд нөлөөлөх, сахилгын шийтгэлд тооцох үр дагаврыг үүсгэх учиргүй. Анкет бөглөх үедээ хийсэн үйлдлийг удаан хугацаагаар үргэлжилсэн шинжтэй үйлдэл буюу сахилгын зөрчил гэж үзэх боломжгүй юм. Сахилгын зөрчил үгүйсгэгдэж байхад зөрчилд шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааны талаар анхан шатны шүүх дүгнэлт хийсэн нь буруу боловч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

            Мөн нэхэмжлэгчийг “Е” ХХК-д хамгаалагчаар ажиллаж байснаа санаатай нуусан гэж хариуцагч байгууллага тайлбарласан боловч гурван үеийн намтартаа нэхэмжлэгч С.Б 2010-2013 онд “Е” ХХК-д хамгаалагчаар ажиллаж байсан талаараа /хх.22/ бичсэн байна. Нэхэмжлэгч анкетад ажилласан жил 6 гэж бичээд зөвхөн 3 жил ажилласан газраа нэрлэн заасан нь ажилласан хугацааг тэмдэглэх хэсэг зөвхөн нэг ажлыг бичих хүснэгттэй байсан байх тул нэхэмжлэгчийг үүнд буруутгах боломжгүй, өмнө нь ажиллаж байсан байдлаа санаатай нуусан, ёс зүйн зөрчил гэж үзэх боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01789 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 404.54 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах ба энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ДАВААДОРЖ

                                                           

                                 ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ