Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00317

 

“Г” хоршооны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 570 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 212/МА2017/00125 дугаар магадлалтай,

“Г” хоршооны нэхэмжлэлтэй,

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Эрүүл мэндийн төвд холбогдох,

4.832.670 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч К.Ержаны гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Г” хоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баяннуур сумын Эрүүл мэндийн төв нь манай хоршооноос 10 гаруй жилийн турш түргэний машинд зориулж нефтийн бүтээгдэхүүн авч үйлчлүүлж ирсэн. 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр 2 жилийн хугацаатай Нефтийн бүтээгдэхүүн зээлдэн нийлүүлэх тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу нөөцийн агуулахаас 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 18.942.840 төгрөгийн үнэ бүхий нефтийн бүтээгдэхүүнийг зээлээр авсан. Гэрээний талууд 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодохын дэлгэрэнгүй хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Баяннуур сумын Эрүүл мэндийн төв нь хоорондын тооцоогоор 3.221.780 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг талууд харилцан баталж тооцоо нийлсэн акт үйлдэж энэхүү үлдэгдэл мөнгийг банкны шилжүүлэг тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцсон. Гэрээний 4.1-т заасны дагуу манай хоршоо уг 3.221.780 төгрөгийг 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл бүрэн төлж тооцоог дуусгахыг Баяннуур сумын Эрүүл мэндийн төвд мэдэгдсэн боловч өгөөгүй. Гэрээний 2.3-т заасны дагуу үлдэгдэл үнийн дүнгийн 0.2%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр заасан. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 891 хоног хэтрүүлсний алдангийг тооцоход (3.221.780 төгрөг х 0.2%= 6443.56 х 891хоног)=5.741.211,96 төгрөг болж байна. Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 3.221.780 төгрөгийн 50%-иар тооцоход алданги нь 1.610.290 төгрөг болж байна. Иймд Баяннуур сумын Эрүүл мэндийн төвөөс үндсэн зээл болох 3.221.780 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний алданги 1.610.290 төгрөг, нийт 4.832.670 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Эрүүл мэндийн төв шүүхэд гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулсан талаар тухайн үеийн Эрүүл мэндийн төвийн ня-бо болон санхүү байгууллагын боловсон хүчин нараас лавлахад ийм  гэрээ байгуулж байгаагүй гэсэн хариу өгсөн. Тухайлбал Эрүүл мэндийн төвийн бичиг хэргийн архив болон санхүүгийн архивт Г хоршоотой байгуулсан гэрээний хувь байхгүй байгаа нь нотлогдсон. Иймд  тус төвийн эрхлэгч эмч Х.Руза, Г хоршооны захирал Ш.Айнур нарын хооронд хуурамчаар үйлдсэн гэрээ гэж үзэж байна. Гэрээг 1 жил гэснийг 2 болгон гараар зассан байна. Тооцоо нийлсэн актын хувьд тухайн үед Эрүүл мэндийн төвийн ня-бо Х.Хибат, Г хоршооны захирал Ш.Айнур нар тооцоо нийлсэн акт үйлдсэн байна. Гэтэл үүнээс хойш 2015, 2016 онуудад өр зээл барагдсан гэж үзэх бүрэн боломжтой байна. Яагаад гэвэл жилийн эцсийн тайлан балансаас үзэхэд 2015 оны эхний үлдэгдэлд бензин шатахууны ямар ч өр зээлгүй, мөн 2016 оны эхний байдлаар байгууллагад төлөх өр зээлгүй байгаа нь тодорхой харагдаж байна гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 570 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-т тус тус заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Эрүүл мэндийн төвөөс худалдан авсан бензиний үнэ 3.221.780 төгрөг, алданги 1.610.290 төгрөг, нийт 4.832.670 төгрөг гаргуулан Г хоршоонд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92.273 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Эрүүл мэндийн төвөөс 92.273 төгрөг гаргуулан Г хоршоонд олгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 212/МА2017/00125 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 570 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Эрүүл мэндийн төвөөс 4.306.050 /дөрвөн сая гурван зуун зургаан мянга тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Гүл чингис хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 526.620 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92.273 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Эрүүл мэндийн төвөөс 83.847 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Гүл чингис хоршоонд олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээж авч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч К.Ержан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 570 дугаар бүхий шийдвэр болон Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10-р сарын 24-ний өдрийн 212/МА2017/00125 дугаар бүхий магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэл бүхий гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг зөв тодорхойлсон хэдий ч энэхүү алдааг засаж өөрчлөлт оруулахад зарим нэг алдааг анхааралгүй орхигдуулан дутуу дүгнэн анхан шатны шүүхийн алдааг давтан гаргаж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа явдал юм. Өмгөөлөгч миний давж заалдах гомдлын гол агуулга 3.221.780 төгрөгийн өртэй эсэх асуудалд маргаагүй бөгөөд харин уг өрд алданги тооцож байгаа арга нь буруу гэж маргасан юм. Давж заалдах шатны шүүх нь 1.053.240 төгрөг нь 2014 оноос өмнөх буюу Нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийгдэхээс өмнөх өр тул энэхүү гэрээнд тусгасан алдангид хамааралгүй гэж үүнд зов дүгнэлт хийсэн боловч үлдсэн 2.168.540 төгрөгт анхан шатны шүүхийн алдааг давтан гаргаж шууд алданги тооцож байгаа нь маргааны бодит байдалд огт нийцэхгүй юм. Учир нь Нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ нь 2014 оны 01-р сарын 01-нээс 2015-оны 12-р сарын 30-нийг хүртэл 2 жилийн хугацаагаар байгуулагдсан бөгөөд алданги тооцох асуудал энэхүү гэрээний үйлчлэх 2 жилийн хугацаанд хамаатай болохоос 2016, 2017 онуудад хамааралгүйгээс гадна 2.168.540 төгрөгийн өр нэг л өдөр тавигдаагүй сар сараар тодорхой хэмжээгээр хуримтлагдсан нь зохигчдын тайлбар болон бусад нотлох баримтаар нотлогдож байна. Иймд давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарласан гэж дүгнэсэн атал өөрсдөө хуулийг буруу тайлбарлан хэрэглэж анхан шатны шүүхийн алдааг давтан гаргаж 2.168.540 төгрөгт шууд 891 хоногоор алданги тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байгаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн явдал юм. Иймд Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 570 дугаар бүхий шийдвэр болон Баян- Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10-р сарын 24-ний өдрийн 212/МА2017/00125 дугаар бүхий магадлалын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж Баяннуур сумын Эрүүл мэндийн төвөөс зөвхөн үлдсэн өр 3.211.780 төгрөг гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч “Г” хоршоо нь хариуцагч Баян-өлгий аймгийн Баяннуур сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан 4.832.670 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа  шатахууны үнэ 3.221.780 төгрөг, алданги 1.610.290 төгрөг гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, төлөх төлбөргүй гэж маргажээ. 

Талуудын хооронд 2014 оны 1 дүгээр  сарын 1-ны өдөр Нефтийн бүтээгдэхүүн зээлдэн нийлүүлэх гэрээ байгуулагдсан ба  тооцоо нийлсэн актаар 2014 оны жилийн эхний үлдэгдэл 1.053.240 төгрөг, 2014 онд 18.942.840 төгрөгийн бензин авснаас 16.774.300 төгрөг төлсөн 2014 оны жилийн эцсээр 3.221.780 төгрөгийн төлбөртэй болохоо хариуцагч хүлээн зөвшөөрчээ /хэргийн 3-6 дугаар тал/.

Зохигчид худалдах-худалдан авах гэрээ байгуулсан ба түүний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй,  хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ  биелүүлээгүй тул нэхэмжлэгчид шаардах эрх үүсчээ.

Гэрээний 2.3-т “худалдан авагч нь төлбөрийг  гэрээний 2.1-т заасан хугацаанд төлөөгүй хожимдуулсан бол төлөөгүй дүнгийн  0.2 хувийн алдангийг худалдагчид хоног тутам төлнө” гэж заасан тул хариуцагч алданги төлөх үүрэгтэй.  

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс  алдангийг бүхэлд нь хангасан нь учир дутагдалтай болжээ.

Талууд 2013 оны төлбөрт анз тохирсон нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан 2014 оны төлбөрт алданги тооцон нэхэмжлэлээс 4.306.050 төгрөгийн шаардлагыг хангаж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-т нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр  үлдээж  хариуцагчийн  өмгөөлөгчийн гомдлыг  хангахгүй орхих нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 212/МА2017/00125 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч К.Ержаны гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ