Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 212/МА2017/00125

 

“Г” хоршооны нэхэмжлэлтэй 

иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 570 дугаар шийдвэртэй, “Г” хоршооны нэхэмжлэлтэй, Б сумын Эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн өмгөөлөгч К.Е нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан бензиний үлдэгдэл үнэ 3221780 төгрөг, алданги 1610290 төгрөг, нийт 4832670 төгрөгийг гаргуулах тухай.  

 

Нэхэмжлэлд: “Б сумын Эрүүл мэндийн төв нь манай хоршооноос 10 гаруй жилийн турш түргэний машинд зориулж нефтийн бүтээгдэхүүн авч үйлчлүүлж ирсэн. Тэрээр 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр 2 жилийн хугацаатай “Нефтийн бүтээгдэхүүн зээлдэн нийлүүлэх тухай” гэрээ байгуулж, уг гэрээний дагуу нөөцийн агуулахаас 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 18942840 төгрөгийн үнэ бүхий нефтийн бүтээгдэхүүнийг зээлээр авсан. Гэрээний талууд 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодохын дэлгэрэнгүй хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Б сумын Эрүүл мэндийн төв нь хоорондын тооцоогоор 3221780 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг талууд харилцан баталж тооцоо нийлсэн акт үйлдэж, тохиролцсон. Гэрээний 4.1-т заасны дагуу манай хоршоо уг 3221780 төгрөгийг 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл бүрэн төлж тооцоог дуусгахыг Б сумын Эрүүл мэндийн төвд хэлж мэдэгдсэн боловч Б сумын Эрүүл мэндийн төв дээрх үлдэгдэл мөнгийг элдэв шалтаг зааж одоо болтол өгөөгүй. Манай хоршооны зүгээс зээлдэгч Б сумын Эрүүл мэндийн төвөөс зээлээр худалдаж авсан нефтийн бүтээгдэхүүний үлдэгдэл мөнгө болох 3221780 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж одоо болтол төлбөрөө төлөөгүй. Гэрээний 2.3-т заасны дагуу зээлдэгч буюу хэрэглэгч /хариуцагч/ нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0.2%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр заасан. Алдангийг тооцоход 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 891 хоног хэтрүүлсний алдангийг тооцоход (3221780 х 0.2%= 6443.56 х 891хоног)=5741211.96 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заажээ. 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 3221780 төгрөг байсан ба тухайн өдөр хүртэл бодогдсон алдангийн хэмжээ 5741211.96 төгрөг болж тухайн үед гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн учраас алдангийг Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүн болох 3221780 төгрөгийн 50 хувиар тооцоход алданги нь 1610290 төгрөг болж байна. 

Иймд Б сумын Эрүүл мэндийн төвөөс үндсэн зээл болох 3221780 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний алданги 1610290 төгрөг, нийт 4832670 төгрөгийг гаргуулан манай хоршоог хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна.” гэжээ.  

 

Хариуцагчийн тайлбарт: “Эрүүл мэндийн төв, “Г”” хоршооны хооронд байгуулсан гэрээний хувьд, миний бие 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр ажиллах сумын Засаг даргын захирамж гарч, Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар ажил хүлээлцэх комисс томилон ажил хүлээлцэж хурлын тэмдэглэл хөтөлсөн. Уг хурлын тэмдэглэлд бензин шатахуун худалдан авах гэрээ болон “Г” хоршоотой холбоотой өр зээлийн талаар урьд эрхлэгч эмчээр ажиллаж байсан Р болон нягтлан бодогч Б нараас ямар ч мэдээлэл тусгагдаагүй. Гэтэл гэнэт 2017 оны 2 дугаар сарын 09-нд “Г” хоршоо нь шүүхэд 2014 оны жилийн эцсийн шатахууны өр 3221780 төгрөг мөн Эрүүл мэндийн төв, “Г” хоршоо хооронд нефтийн бүтээгдэхүүн зээлдэн нийлүүлэх гэрээ байгуулсан гэдгийг тусгасан нэхэмжлэл гаргасан материалтай танилцаж мэдлээ. Гэрээ байгуулсан тухай тухайн үеийн Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч болон санхүү байгууллагын боловсон хүчин нараас лавлахад энэ төрлийн гэрээ байгуулж байгаагүй гэсэн хариу өгсөн. Тухайлбал Эрүүл мэндийн төвийн бичиг хэргийн архив болон санхүүгийн архивд “Г” хоршоотой байгуулсан гэрээний хувь байхгүй байгаа нь нотлогдсон. 

Дээрх бүх баримтууд энэ төрлийн гэрээ тухайн үед байгуулаагүй байсан ба тус төвийн эрхлэгч эмч Р, “Г” хоршооны захирал А нарын хооронд хуурамчаар үйлдсэн гэрээ гэж үзэж байна. Мөн гэрээнд байгууллагын эрхлэгч, нягтлан бодогч нарын гарын үсэг зэрэг зурагдсан байх байтлаа, тухайн үеийн эрхлэгч эмч Р-ын л гарын үсэг зурагдсан байна. Гэрээг 1 жилээр байгуулсныг 2 жил болгон гараар зассан байна. 

Тооцоо нийлсэн актын хувьд тухайн үед Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Х, “Г” хоршооны захирал А нар тооцоо нийлсэн акт үйлдсэн байна. Гэтэл үүнээс хойш 2015, 2016 онуудад өр зээл барагдсан гэж үзэх бүрэн боломжтой байна. Яагаад гэвэл жилийн эцсийн тайлан балансаас үзэхэд 2015 оны эхний үлдэгдэлд бензин шатахууны ямар ч өр зээлгүй, мөн 2016 оны эхний байдлаар байгууллагад төлөх өр зээлгүй байгаа нь тодорхой харагдаж байна. Бусад нотлох баримтуудыг тусгайлан гаргаж өгөх болно.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  9 дүгээр сарын 11-ний өдрийн 570 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-т тус тус заасныг баримтлан Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвөөс худалдан авсан бензиний үнэ 3221780 төгрөг, алданги 1610290 төгрөг, нийт 4832670 төгрөг гаргуулан “Г” хоршоонд олгож шийдвэрлэжээ. 

 

Хариуцагч өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “Г” хоршооны захирал А, Б сумын эрүүл мэндийн төвийн дарга Р нар “Нефтийн бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх” гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан, уг гэрээний 2.1-д заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй хожимдуулсан бол 0.2 хувийн алданги худалдагчид хоног тутам төлнө гэж заасан, Б сумын Эрүүл мэндийн төв, “Г” хоршоонд өглөгтэй болох нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн акт болон бусад байдлаар нотлогдож байна гэж үзэн 3221780 төгрөгөөс алданги тооцон 4832670 төгрөг гаргуулан шийдвэрлэж байгаа нь бодит байдал болон шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.  

Уг гэрээ 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар  сарын 30-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар гэснийг дээрээс нь дарж 2 жил гэж зассан, гэрээний холбогдох заалтад гэрээнд талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болохоор зааж, гэрээнд оролцогчид гарын үсэг зурах хэсэгт Б сумын эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Х мөн гарын үсэг зурахаар тусгаж өгсөн боловч гарын үсэг зурагдаагүй зэргийг үл хамааран гэрээг 2 жилийн хугацаатай хийгдсэн гэж үзэн нотлох баримтаар үнэлж байгаа нь шүүх илт нэг талыг барьсан байдал гэж үзнэ. 

Гэрч Х-ээс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед энэ талаар тодруулахад “энэ гэрээ хийгдэж байгаагүй, бид гэрээ хийлгүйгээр шатахуун авдаг байсан, энэ гэрээг огт хараагүй, тус төвийн өмнөх эрхлэгч Р албан тушаалаа өгөхийн даваанд “Г" хоршооны эзэн А-тай хуйвалдан хуурамч гэрээ нөхөн хийгээд өгсөн байх магадлалтай. Хэрвээ зохих журмын дагуу хийгдсэн гэрээ бол тухайн байгууллагын санхүүгийн асуудал хариуцаж байсан албан тушаалтны хувьд надад нэг хувь нь байх ёстой, би мэдэх ёстой” гэж тухайн гэрээг үгүйсгэсэн. 

Мөн хариуцагч нь тус төвийн архив болон холбогдох баримтаас энэхүү гэрээний байгууллагад байх хувь олдоогүй, холбогдох албан тушаалтнууд ийм төрлийн гэрээ хийгдээгүй гэсэн тайлбар өгсөн байгаа тул тухайн үед гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан өмнөх дарга Р-аас гэрээ хэдэн хувь  үйлдэгдсэн, байгууллагад байх ёстой хувь нь байгаа эсэх талаар тодруулахад “надад гэрт нэг хувь байгаа” гэж тайлбарласан.

Ийнхүү уг гэрээнд гарын үсэг зурах ёстой этгээд гарын үсэг зураагүй, гэрээний үйлчлэх хугацаа засвартай, байгууллагад гэрээний хувь байхгүй, Р-ийн надад нэг хувь байгаа гэж тайлбарлаж байгаа байдал, байгууллагад байх ёстой баримт хувь хүний гэрт хадгалаастай байгаа зэргээс үзэхэд нөхөж хийгдсэн, хүчин төгөлдөр үйлчлэхээр гэрээ биш, журмын дагуу хийгдсэн нь эргэлзээтэй гэрээ гэдэг нь тодорхой байна. Нөхцөл байдал ийм байсаар байтал шүүх нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “нотлох баримтыг ...үнэн зов, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэх заалтыг зөрчин зөвхөн “Г” хоршоонд ашигтай нотлох баримтуудыг үнэлэн хариуцагч талын үгүйсгэх нотлох баримтууд болон үүнд ашигтай гэрчийн мэдүүлгийг анхааралгүй орхигдуулан дүгнэн шийдвэрлэсэн тул шүүх нь нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзнэ. Иймд дээрх гэрээг үндэслэн алданги тооцож байгаа нь хуульд нийцэхгүй.

Тооцоо нийлсэн актыг 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хийсэн бөгөөд уг актад 1053240 төгрөг нь 2014 оны эхний үлдэгдэл гэж тодорхой тусгаснаас үзэхэд энэ өр 2014 оноос өмнөх 2013 оноос үлдсэн өр гэдэг нь тодорхой байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбогдох шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж зааснаар 1053240 төгрөгийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрснээс гадна энэ үлдэгдэлд алданги тооцох гэрээ үйлчлэхгүй.

 

Иймд 3211780 төгрөгөөс 891 хоногоор алданги тооцсон нь үндэслэлгүй тул алданги тооцолгүй, 1053240 төгрөгийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг анхааран 1053240 төгрөгийг хэрэгсэхгүй болгон 3211780-1053240= 2158540 төгрөг гаргуулах нь хэргийн бодит байдалд нийцэх тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 570 дугаар бүхий шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан Б сумын Эрүүл мэндийн төвөөс 2158540 төгрөг гаргуулан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарт: “Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын товч утга нь: “Нефтийн бүтээгдэхүүн зээлдэн нийлүүлэх гэрээ” нь хуурамчаар хийгдсэн байж болзошгүй байна, мөн Эрүүл мэндийн төвөөс төлөх ёстой шатахууны үнийн зарим хэсгийг төлөх ёсгүй байсан, яагаад гэвэл хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан гэсэн утгатай зүйл бичжээ. Гэтэл Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга Р, “Г” хоршооны захирал А нар 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “Нефтийн бүтээгдэхүүн зээлдэн нийлүүлэх гэрээ” байгуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан гэрээний хувь болон Р-ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр давхар нотлогдож байна. Гэрээг гэрээ хийх эрх бүхий этгээд хийж, гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байдаг. Мөн энэ талаар хариуцагчийн өмгөөлөгч нь гомдолдоо “Шүүх хуралдааны үед гэрч Р нь гэрээний нэг хувь манай гэрт байна гэж хэлсэн” мөн гэрч Х нь “уг гэрээг Р, А нар үгсэн тохиролцож хуурамчаар үйлдсэн байна гэж бодож байна" гэж хэлсэн талаар огт үндэслэлгүй буруу ташаа зүйл бичсэн болох нь харагдаж байна. Дээрх 2 гэрчийн өгсөн мэдүүлэгт тийм зүйл дурдагдаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдана.  Б сумын Эрүүл мэндийн төв нь “Г” хоршоонд 2014 оны жилийн эцсээр 3221780 төгрөгийн өглөг гарсан болох нь хоёр талын тооцоо нийлсэн актаар болон мөн аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 18-03/68 дугаартай актаар мөн давхар нотлогдон тогтоогдож байгаа. 

Мөн дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т “худалдан авагч нь худалдагчийн зээлдүүлэн нийлүүлсэн нефтийн бүтээгдэхүүний төлбөрийг 2.1-д заасан хугацаанд төлөөгүй хожимдуулсан бол төлөөгүй дүнгийн 0,2 хувийн алдангийг худалдагчид хоног тутам төлнө" хэмээн заасан мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заасныг үндэслэн шүүх шийдвэрлэсэн байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас 1053240 төгрөгийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсан тул хасаж тооцох ёстой байсан гэж хариуцагчийн өмгөөлөгч гомдолдоо дурдсан боловч энэ нь мөн үндэслэлгүй байна. Учир нь талууд 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан байдаг. Ингэхээр нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасан хугацаанаас хэтрээгүй, хэтэрсэн гэж үзэх боломжгүй юм. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 570 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Г” хоршоо нь хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан гаргасан худалдсан бензиний үнэ 3221780 төгрөг, алданги 1610290 төгрөг, нийт 4832670 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээ үндэслээд 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн акт, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээ, Б аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 18-3/68 дугаар актыг шүүхэд гаргаж өгчээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүхэд 2017 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн төсвийн гүйцэтгэлийн тайлан, нягтлан бодогч Б-ын тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. 

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь заалтыг хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүйгээс маргааны үйл баримтад буруу тайлбарлаж хэрэглэжээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзвэл, нэхэмжлэгч 2014 оны жилийн эхний үлдэгдэл буюу урьд оны үлдэгдэл төлбөрт 1053240 төгрөг, 2014 оны жилийн эцсийн үлдэгдэл төлбөрт /18942840-16774300/ 2168540 төгрөг, нийт 3221780 төгрөг, алдангийг дээрх үнийн дүнгийн 50 хувиар тооцож 1610290 төгрөг, нийлээд 4832670 төгрөг нэхэмжилсэн байхад шүүх уг шаардлагын үндэслэлд хуульд нийцүүлэн дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна. 

 

Хэрэгт авагдсан баримтаар талууд 2013 онд бензин худалдах-худалдан авахаар хэлэлцэн тохирохдоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т зааснаар анзын гэрээг бичгээр хийсэн нь тогтоогдоогүй тул мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.7.-д тус тус зааснаар “Г” хоршоо нь 2014 оны жилийн эхний үлдэгдэл буюу урьд оны үлдэгдэл төлбөр 1053240 төгрөгийг шаардах эрхтэй боловч уг төлбөрөөс алданги тооцож шаардах эрхгүй. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр талууд харилцан тооцоо нийлж, урьд оны үлдэгдэл төлбөрийн хэмжээг тодорхойлж, харилцан тохиролцсон тул мөн өдрийг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-т заасан шаардах эрх үүссэн үе гэж үзэх ба нэхэмжлэгчийн 2013 оны үлдэгдэл төлбөр 1053240 төгрөгийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-т заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна. Иймээс хариуцагчийн өмгөөлөгчийн 2013 оны үлдэгдэл төлбөр 1053240 төгрөгийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. 

 

Талуудын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасан шатахуун худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан нь тогтоогдсон байна. Хариуцагчийн үгүйсгэлд дурдагдсан “гэрээний үргэлжлэх хугацаа засвартай”, “ажил хүлээлцэхэд уг өр төлбөрийн талаар хэлэлцээгүй”, “байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайланд өр төлбөрийн талаар тусгагдаагүй” зэрэг нь уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, хүчин төгөлдөр бусд тооцох хуульд заасан үндэслэл болохгүй. Үүрэг гүйцэтгэгч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төв нь 2013 оны үлдэгдэл төлбөрт 1053240 төгрөг, 2014 онд 2168540 төгрөгийн төлбөртэй, үүргээ зөрчсөн бөгөөд энэ төлбөрийг уг тооцоог нийлсэн өдрөөс хойш төлж барагдуулаагүй нь зохигчийн тайлбар, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн акт, Б аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 18-3/68 дугаар акт зэргээр тогтоогдсон байна. 

 

Хариуцагчийн өмгөөлөгчөөс “уг үнийн дүн бүхий төлбөрөөс алданги тооцохдоо үүрэг гүйцэтгэгч 2014 оны турш сар бүр үүргээ хэрхэн зөрчсөн эсэх, үүргээ зөрчиж хугацаа хэтрүүлсэн хоног зэрэг үйл баримтыг нэхэмжлэгч нотлоогүй учир алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй” гэж тайлбарлаж, гомдол гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэх баримтаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хэрвээ хариуцагч тал үүргийн гүйцэтгэлийг хожимдуулсан, хэтрүүлсэн хоног, хугацааны талаар маргавал энэ үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжтой байсан ч энэ талаарх нотолгоог шүүхэд өгөөгүй тул уг гомдол үндэслэлгүй. 

 

Худалдах-худалдан авах гэрээ, уг гэрээний 2.3 дахь заалт, тооцоо нийлсэн акт, улсын байцаагчийн акт, зохигчийн тайлбар зэргийг үндэслэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн 2013 онд худалдаж авсан шатахууны үнийн үлдэгдэлд 1053240 төгрөг, 2014 онд худалдаж авсан шатахууны үнээс үлдсэн 2168540 төгрөг, 2014 ооны үлдэгдэл төлбөрөөс алданги тооцсон хэмжээ 1084270 төгрөг, нийт 3252810 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хариуцагчийн өмгөөлөгчийн “2013 оны үлдэгдэл төлбөр 1053240 төгрөгийг нэмж, нэхэмжлэлийн нийт үнийн дүн 3221780 төгрөгөөс алданги тооцсон нь буруу” гэсэн давж заалдах гомдол хуульд нийцсэн тул хүлээж авах нь зүйтэй байна. 

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар үүрэг гүйцэтгэгчийн 2014 оны байдлаар үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн хоног, хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй боловч талуудын тооцоо нийлсэн акт үйлдсэн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 2168540 төгрөгөөс гэрээнд заасан хувиар тооцвол, алдангийн үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн /2168540 төгрөг/ 50 хувиар тооцож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2013 оны үлдэгдэл төлбөр 1053240 төгрөг, 2014 оны үлдэгдэл төлбөрт 2168540 төгрөг, алданги 1084270 төгрөг /2168540 төгрөгөөс тооцсон/, нийт 4306050 төгрөгийг хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгээс гаргуулж, нэхэмжлэгч “Г” хоршоонд олгохоор шийдвэрлэв. 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 570 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвөөс 4306050 /дөрвөн сая гурван зуун зургаан мянга тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г” хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 526620 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92273 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвөөс 83847 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  “Г” хоршоонд олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээж авсугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т  зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж  заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ 

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

С.ӨМИРБЕК