Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2018/00088

 

Ч.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01828 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1981 дугаар магадлалтай,  

Ч.Б-ийн нэхэмжлэлтэй,

ГХЯ-анд  холбогдох,

Япон Улсын иргэн Н Ё-гийн Магсар овогтой Алтанцэцэгт 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй,

Өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б,  нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал  нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ГХЯ- нь нотариатын үйлдлийг гэрчлэхдээ Нотариатын тухай хууль болон нотариатын үйлдэл хийх журмыг дараах байдлаар зөрчиж, хууль бусаар нотариатын үйлдэл хийж бидний эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д "Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэл олгосон он, сар, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ. ...Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.2-т заасан шаардлага хангасан эсэхийг нягталж үзнэ" гэж заасан бөгөөд Япон Улсын иргэн Нишиногийн Ёошимасагийн гэрийн хаягийг дурдаагүй байна. Нотариатын үйлдэл хийхдээ иргэний баримт бичгийг үндэслэх бөгөөд Япон Улсын иргэний албан ёсны баримтаар бус гадаад паспортод үндэслэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Гадаад паспортыг итгэмжлэлийн ард хуулбарлаагүй тусад нь хуулбарласан нь уг итгэмжлэлийг олгоход баримт бичигтэй байсан эсэх нь эргэлзээтэй, Нишиногийн баримт бичгийг ашиглаж бусад этгээд итгэмжлэл олгосон гэж үзэхээр байна. 

Нотариатын үйлдэл хийхдээ тэмдэглэлийг аль улсын хэл дээр үйлдсэн эсэх нь тодорхойгүй, Япон Улсын иргэн монгол хэл дээр итгэмжлэл олгохдоо ямар эрх үүрэг олгож байгаагаа мэдсэн эсэх нь тодорхойгүй байна. Гадаадын иргэн итгэмжлэлийг эх хэл дээр үйлдэж, түүний албан ёсны орчуулгаар орчуулж, түүнийг нотариатын үйлдлээр гэрчлэх хуулийн зохицуулалттай. Монгол хэлээр шууд олгосон нь хууль зөрчиж, нотариатын үйлдэл хийсэн гэж үзэхээр байна. Хариуцагч болох ГХЯ-ыг Монгол Улсаас Япон Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд буюу Консулын газраас тусад нь салгаж ойлгох боломжгүй юм. Учир нь, хилийн чанд дахь дипломат төлөөлөгчийн газар буюу Япон Улсын Токио хотод байрлах Монгол улсын Элчин сайдын яаманд нотариатын үйлдлийг баталсан.

Дипломат албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.10, 6 дугаар зүйлийн 6.1, Монгол Улсын консулын дүрмийн 2.1, 1.4, 1.7, 1.9-д тус тус зааснаас үзэхэд Япон Улсын Токио хотод байрлах Монгол улсын Элчин сайдын яаманд гэрчилсэн нотариатын үйлдлийн хувьд Монгол улсад байрлах Консулын алба буюу ГХЯ- хариуцагч болох юм. /Бид Монгол Улсын хуулиар гэрчилсэн үйлдлийг Япон улсад очиж нэхэмжлэл гаргах боломжгүй, мөн Японд байгаа Консулын ажилтанг хариуцагчаар татах боломжгүй/ Монгол Улсын консулын дүрмийн 12.1-д заасныг зөрчиж Япон улсын иргэн Н Ё-гаас иргэн М.Алтанцэцэгт итгэмжлэл олгон бидний эрхийг зөрчиж байна. 

Иймд, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар Япон Улсын иргэн Н Ё-гаас Магсар овогтой Алтанцэцэгт 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн 1 дэх хэсэгт Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйл заалтыг дурдахдаа "...Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.2-т заасан шаардлага хангасан эсэхийг нягталж үзнэ" гэсэн хэсгийг оруулсан байдаг боловч энэ хэсэг нь зөвхөн хуулийн этгээдээс итгэмжлэл өгч байгаа тохиолдолд баримтлах заалт юм. Өнөөдөр бидний хэлэлцэж буй иргэний хэрэг нь хувь хүнээс хувь хүнд олгож байгаа итгэмжлэлийг хэлэлцэж байгаа тул Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1 дэх заалтаас "итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх", 64.2.3-т "олгосон он, cap, өдрийг заах", 64.2.4-т "хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх", 64.2.5-д "итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах зэрэг бүх хүчин төгөлдөр байхад шаардсан хуулийн заалтыг хангасан байна. 

Японы иргэн Н Ё-га нь өөрөө Магсар овогтой Алтанцэцэгт уг итгэмжлэлийг хуульд заасан журмын дагуу олгосон болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэлийн 2 дахь хэсэгт гадаад паспортонд үндэслэн итгэмжлэл олгосон гэжээ. Тухайн иргэнийг өөрөө мөн эсэхийг тодорхойлох баримт бичиг нь зурагтай, өөрийн овог нэр, бусад мэдээллийг дурдсан байхад хангалттай. Заавал иргэний үнэмлэх байхыг шаардахгүй юм. Нотариатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу "Нотариатын үйлдэл хийх, баримт бичиг, нотариатын үйлдэл хийсэн тухай тэмдэглэл үйлдэх албан ёсны хэл нь монгол хэл байна" гэж хуульчилсан байна. Мөн 9.2-т "Хилийн чандад ажиллаж байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар нь нотариатын үйлдэл, баримт бичгийг монгол хэлээр үйлдэх бөгөөд үйлчлүүлэгчийн хүсэлтээр холбогдох баримт бичгийг орчуулан өгч болно" гэж заасан байдаг. Гэтэл үйлчлүүлэгч нь хүсэлт гаргаагүй өөрөө орчуулагчтайгаа ирсэн байдаг.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н Ё- нь М.Алтанцэцэг итгэмжлэл олгох ашиг сонирхол байсан юм уу гэдгийг тодруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Б-ийн ямар эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэдэг нь тодорхойгүй байна. Мөн уг итгэмжлэлийг хууль зөрчсөн гэж байгаа нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд төлөөлөх бүрэн эрхийг тодорхой заасны дагуу уг итгэмжлэлийг нотариатч гэрчилсэн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна. М.Алтанцэцэгт олгогдсон итгэмжлэлийг нотариатч хуулийн дагуу холбогдох баримт бичгийг үзэж, талуудыг байлцуулж олгосон болох нь тогтоогдож байна. Ч.Б-ийн хувьд Хан-Уул дүүргийн шүүхэд хариуцагчаар татагдсан байдал нь түүний ямар, эрх ашиг сонирхол хөндөгдсөн болох нь тодорхойгүй байна.

Гадаад Улсын иргэний баримт бичиг нь тухайн улсынх нь гадаад паспорт л байна. Н Ё- нь тухайн итгэмжлэлээ дэмжин зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн талаар дахин бичгийн баримтыг нотариатаар баталгаажуулан энэхүү хэрэгт ирүүлсэн байгаагаар Ч.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь нотлогдож байна. Иймд, энэ нотлох баримтаар өөрт хамааралгүй хүнд итгэмжлэл олгоогүй болох нь давхар нотлогдож байна. Н Ё- нь 3 иргэний хэрэгт Гадаад явдлын яамаар дамжуулан итгэмжлэл олгосон байдаг. Н Ё- нь ГХЯ-аар дамжуулан итгэмжлэл олгох бүрдээ зардал гаргасан.

Иймд, Н Ё-гаас гаргасан 2.000.000 төгрөгийг Ч.Б-аас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ч.Б-ийн ГХЯ-анд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01828 дугаар шийдвэрээр, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан ГХЯ-анд холбогдох, Япон улсын иргэн Н Ё-гийн Магсар овогтой Алтанцэцэгт 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахыг хүссэн Ч.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан Ч.Б-аас өмгөөлөгчид төлсөн 2.000.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н Ё-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг, мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218.300 төгрөгийн 46.950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 171.350 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж Ж.О-т буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1981 дугаар магадлалаар,  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01828 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг үүгээр гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа “...нэхэмжлэгч Ч.Б- нь Япон улсын иргэн Н Ё-гийн итгэмжлэлийг гэрчилсэн үйлдэл хууль зөрчсөн эсэх асуудлаар хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх үндэслэл болохгүй байна” гэжээ. Гэтэл уг итгэмжлэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх дээр нэхэмжлэгчээр Н Ё-, хариуцагчаар Ч.Б- оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгч Ч.Б-аас их хэмжээний мөнгө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг ба Ч.Б-ийн эрх ашиг зайлшгүй хөндөгдөж байгаа юм. Нотариатын үйлдэл хийх зааврын 2.9 дэх хэсэгт “...Үйлчлүүлэгч нь хэлгүй, дүлий, монгол хэл мэддэггүй, эсхүл хараагүй бол орчуулагч /хэлмэрч/-аар нь дамжуулан гэрчлүүлэх үйлдлийн утга агуулга, хууль зүйн ач холбогдол, үр дагавар, хариуцлага зэргийг түүнд тайлбарлаж, Нотариатын тухай хуулийн 34, 35 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэнэ.” гэж заасан байдаг. Гэтэл гадаад улсын иргэн итгэмжлэл батлуулж байхад тэмдэглэл үйлдээгүй байдаг ба хавтаст хэрэгт уг итгэмжлэлийг олгохдоо тэмдэглэл үйлдсэн баримт авагдаагүй. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон итгэмжлэл болон итгэмжлэлийг дэмжин зөвшөөрөх тухай албан бичиг нь бүгд Монгол хэл дээр үйлдэгдсэн байхын зэрэгцээ ямар нэгэн орчуулга болон орчуулагч оролцуулсан тэмдэглэл байхгүй байгаа юм.

Монгол улсын консулын дүрмийн 12.1-д “Консул нь Нотариатын тухай хууль, эрх бүхий байгууллагаас баталсан нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврыг удирдлага болгон нотариатын үйлдэл хийнэ” гэж заасан байдаг.

Нотариатын тухай хуулийн 31.3-т зааснаар нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчиж үйлдсэн байх тул нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Харин нэхэмжлэгчийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүхээс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байгаа.

Иймд, шийдвэр, магадлалын нэхэмжлэгч Ч.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож, Япон улсын иргэн Н Ё-гаас Магсар овогтой Алтанцэцэгт 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                      ХЯНАВАЛ:

            Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах талаархи нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

         Анхан болон давж заалдах шатны шүүх Ч.Б-ийн нэхэмжлэлтэй ГХЯ-анд холбогдох нотариатын үйлдлийг хүчингүй болгох, гуравдагч этгээд Н Ё-гийн Ч.Б-аас өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг гаргуулах бие даасан шаардлагатай хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Ч.Б-аас зээлийн гэрээний үүрэг шаардсан маргаанд өөрийгөө төлөөлөх эрхийг  Япон улсын иргэн Н Ё- Монгол улсын иргэн М.Алтанцэцэгт олгож, энэ талаархи итгэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Япон улсын Токио хот дахь Монгол улсын Элчин сайдын яамны консул Д.Мөнхцэцэгээр  гэрчлүүлжээ.

            Дээрх итгэмжлэлийг үндэслэн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанцэцэг Ч.Б-т холбогдуулан Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд энэ хэргийн нэхэмжлэгч  Ч.Б- нь  нотариатчийн үүрэг гүйцэтгэгч дээрх итгэмжлэлийг гэрчлэхдээ    Иргэний хууль, Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх журам зөрчсөн буюу   төлөөлүүлэгч иргэний албан ёсны бичиг баримтыг үндэслээгүй, итгэмжлэлд гэрийн хаягийг бичээгүй, итгэмжлэлийг монгол хэл дээр үйлдэхдээ гадаадын иргэнд ямар эрх, үүрэг олгож байгааг орчуулан тайлбарласан нь тодорхой бус гэсэн үндэслэл зааж, нотариатын үйлдлийг хүчингүй  болгуулах нэхэмжлэл гаргасан байна.

            Хариуцагч Гадаад хэргийн яам нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцсон Н Ё-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  хариуцагчийн тайлбарыг дэмжиж, төлөөлөгч М.Алтанцэцэгт  итгэмжлэлээр  Ч.Б-аас зээлийн үүрэг шаардах эрх олгосноо мэдэгдсэн тайлбарыг гаргажээ.

            Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйл, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар батлагдсан нотариатын үйлдэл хийх зааварт  итгэмжлэл гэрчлэх нотариатын үйлдэл хийх болон  үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох журмыг  заасан байна.

             Нотариатчийн үүрэг гүйцэтгэгч итгэмжлэлийг гэрчлэхдээ төлөөлүүлэгч, гадаадын иргэний паспортыг  үндэслэсэн нь үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох журмыг зөрчөөгүй,  итгэмжлэлийг монгол хэл дээр бичсэн нь нотариатын үйлдэл хийх, тэмдэглэл үйлдэх албан ёсны хэл нь монгол хэл байна гэсэн хуулийн заалттай нийцжээ.

             Мөн  Н Ё- нь  итгэмжлэлийг гэрчилсэн үйлдлийг дэмжиж,  эрх, үүргээ ойлгосон талаар тайлбар гаргасан байх тул энэхүү нотариатын үйлдэл хийснээр  нэхэмжлэгч Ч.Б-ийн эрх ашгийг хөндсөн гэж үзэхгүй. Энэ талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт хуулийн үндэслэлтэй байна.

            Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Ч.Б-аас 2.000.000 төгрөг гаргуулах бие даасан шаардлага гаргасан ба уг шаардлагаа нотлож чадаагүй гэх үндэслэлээр  шүүх хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01828 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1981 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэгийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                           Г.АЛТАНЧИМЭГ