Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 1828

 

 

 

 

    

                                      

 

 

  2017 оны 6 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2017/01828

                  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 57 дугаар байр, 27 тоотод оршин суух, Тамир овогт Чимэддоржийн Б /РД:ЧА57011473/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Энхтайваны гудамж 7А, 14210 хаягт байрлах, Гадаад харилцааны яаманд холбогдох,

Япон улсын иргэн Нишино Ёошимасагийн Магсар овогтой Алтанцэцэгт 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Япон улсын иргэн Нишино Ёошимасагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Одончимэгийн хариуцагч Ч.Бт холбогдуулан өмгөөлөгчид төлсөн 2.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Майцэцэг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Одончимэг, түүний өмгөөлөгч Б.Баднайсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Япон улсын иргэн Нишино Ёошимасагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанцэцэг нь нэхэмжлэл гаргасан бөгөөд хууль бус итгэмжлэл гаргаж бидний эрхийг зөрчиж байна.

Гадаад харилцааны яам нь нотариатын үйлдлийг гэрчлэхдээ Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх журмыг дараах байдлаар зөрчиж, хууль бусаар нотариатын үйлдэл хийж бидний эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. 

1. Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэл олгосон он, сар, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ. ...Иргэний хуулийн 64.2.1, 64.2.2-т заасан шаардлага хангасан эсэхийг нягталж үзнэ” гэж заасан бөгөөд Япон улсын иргэн Нишиногийн Ёошимасагийн гэрийн хаягийг дурдаагүй байна.

2. Нотариатын үйлдэл хийхдээ иргэний баримт бичгийг үндэслэх бөгөөд Япон Улсын иргэний албан ёсны баримтаар бус гадаад паспортод үндэслэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Гадаад паспортыг итгэмжлэлийн ард хуулбарлаагүй тусад нь хуулбарласан нь уг итгэмжлэлийг олгоход баримт бичигтэй байсан эсэх нь эргэлзээтэй, Нишиногийн баримт бичгийг ашиглаж бусад этгээд итгэмжлэл олгосон гэж үзэхээр байна.

3. Нотариатын үйлдэл хийхдээ тэмдэглэлийг аль улсын хэл дээр үйлдсэн эсэх нь тодорхойгүй, Япон улсын иргэн Монгол хэл дээр итгэмжлэл олгохдоо ямар эрх үүрэг олгож байгаагаа мэдсэн эсэх нь тодорхойгүй байна. Гадаадын иргэн итгэмжлэлийг эх хэл дээр үйлдэж, түүний албан ёсны орчуулгаар орчуулж, түүнийг нотариатын  үйлдлээр гэрчлэх хуулийн зохицуулалттай. Монгол хэлээр шууд олгосон нь хууль зөрчиж, нотариатын үйлдэл хийсэн гэж үзэхээр байна.

Хариуцагч болох Гадаад харилцааны яамыг Монгол улсаас Япон улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд буюу Консулын газраас тусад нь салгаж ойлгох боломжгүй юм. Учир нь: хилийн чанд дахь дипломат төлөөлөгчийн газар буюу Япон улсын Токио хотод байрлах МУ-ын ЭСЯ-д нотариатын үйлдлийг баталсан. Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хилийн чандад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газарт Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын төлөөлөгчийн газар тус тус хамаарна”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас гадна өөрийн үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан дараах чиг үүргийг гүйцэтгэнэ” гээд 5.1.10-т “хилийн чандад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчдийн газрын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, тэдгээрийн байршил, зохион байгуулалтыг цаг үеийн шаардлагын дагуу боловсронгуй болгох санал боловсруулах” гэж тус тус заасан.

Мөн Монгол улсын консулын дүрмийн 1.4-т “Консулын алба нь Монгол Улсын Диполмат төлөөлөгчийн газрын консулын хэлтэс, Ерөнхий зонсулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газраас бүрдэнэ”, 1.7-д “Консулын алба Монгол Улсын гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, суугаа улсад байгаа Монгол Улсын Диполмат төлөөлөгчийн газрын тэргүүний удирдлага дор ажиллана”, 1.9-д “Монгол Улсын Диполмат төлөөлөгчийн газрын консулын хэлтсийг  Ерөнхий консул буюу Консул зэрэгтэй диполмат ажилтан толгойлно. Ерөнхий консул, Консул, Консулын төлөөлөгч толгойлно”, 2.1-д “Консулын албан тушаалтан нь төрийн тусгай албан хаагч мөн бөгөөд Монгол Улсын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад харьяалагдана” гэж тус тус заажээ. Иймд Япон улсын Токио хотод байрлах Монгол Улсын ЭСЯ-д гэрчилсэн нотариатын үйлдлийн хувьд Монгол улсад байрлах Консулын алба буюу Гадаад харилцааны яам хариуцагч болох юм.  /Бид Монгол улсын хуулиар гэрчилсэн үйлдлийг Япон улсад очиж нэхэмжлэл гаргах боломжгүй. Мөн Японд байгаа Консулын ажилтанг хариуцагчаар татах боломжгүй/

Монгол улсын консулын дүрмийн 12.1-д “Консуль нь Нотариатын тухай Монгол улсын хууль, эрх бүхий байгууллагаас баталсан нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврыг удирдлага болгон нотариатын үйлдэл хийнэ” гэж заасан ба үүнийг зөрчиж Япон улсын иргэн Нишино Ёошимасагаас иргэн М.Алтанцэцэгт итгэмжлэл олгон бидний эрхийг зөрчиж байна.  

Иймд Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар Япон улсын иргэн Нишино Ёошимасагаас Магсар овогтой Алтанцэцэгт 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Гадаад харилцааны яаманд холбогдуулан Япон улсын иргэн Нишино Ёошимасагаас Магсар овогтой Алтанцэцэгт 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Япон улсын Токио хотод байрлах Монгол Улсын ЭСЯ-д дээрх итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаягийг бичнэ гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Гадаадын иргэн итгэмжлэлийг эх хэл дээр үйлдэж, түүний албан ёсны орчуулгаар орчуулж, түүнийг нотариатын  үйлдлээр гэрчлэх хуулийн зохицуулалттай байтал Монгол хэлээр шууд олгосон нь хууль зөрчиж, нотариатын үйлдэл хийсэн гэж үзэж байгаа юм. Иймд Ч.Бийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн учраас уг нэхэмжлэлийг гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар Ч.Баасөмгөөлөгчид төлсөн зардал 2.000.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Өмгөөлөгч авах эсэх нь өөрийнх нь эрхийн асуудал юм. Бийн зүгээс Япон улсын иргэнд хор хохирол учруулсан зүйл байхгүй тул өмгөөлөгчийн хөлсийг Баас гаргах үндэслэл байхгүй тул түүний шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ч.Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн 1 дэх хэсэгт Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйл заалтыг дурдахдаа “...Иргэний хуулийн 64.2.1, 64.2.2-т заасан шаардлага хангасан эсэхийг нягталж үзнэ” гэсэн хэсгийг оруулсан байдаг боловч энэ хэсэг нь зөвхөн хуулийн этгээдэс итгэмжлэл өгч байгаа тохиолдолд баримтлах заалт юм. Өнөөдөр бидний хэлэлцэж буй иргэний хэрэг нь хувь хүнээс хувь хүнд олгож байгаа итгэмжлэлийг хэлэлцэж байгаа тул Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1 дэх заалтаас “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх”, 64.2.3-т “олгосон он, сар, өдрийг заах”, 64.2.4-т “ хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх”, 64.2.5-д “итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах зэрэг бүх хүчин төгөлдөр байхад шаардсан хуулийн заалтыг хангасан байна. Энэхүү маргаж буй итгэмжлэл нь хувь хүнээс хувь хүнд олгогдсон итгэмжлэлийн асуудал яригдаж байгаа. Японын иргэн Нишино Ёошимасага нь өөрөө Магсар овогтой Алтанцэцэгт л уг итгэмжлэлийг хуульд заасан журмын дагуу олгосон болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэлийн 2 дахь хэсэгт гадаад паспортонд үндэслэн итгэмжлэл олгосон гэжээ. Тухайн иргэнийг өөрөө мөн эсэхийг тодорхойлох баримт бичиг нь зурагтай, өөрийн овог нэр, бусад мэдээллийг дурдсан байхад хангалттай. Заавал иргэний үнэмлэх байхыг шаардахгүй юм.

Нэхэмжлэлийн 3 дахь хэсэгт нотариатын үйлдэл хийхдээ аль улсын хэл дээр үйлдсэн нь тодорхойгүй гэжээ. Нотариатын тухай хуулийн 9 дүгээр зүйлиыйн 9.1-т заасны дагуу “Нотариатын үйлдэл хийх, баримт бичиг, нотариатын үйлдэл хийсэн тухай тэмдэглэл үйлдэх албан усны хэл нь монгол хэл байна” гэж хуульчилсан байна. Мөн 9.2-т “Хилийн чандад ажиллаж байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар нь нотариатын үйлдэл, баримт бичгийг монгол хэлээр үйлдэх бөгөөд үйлчлүүлэгчийн хүсэлтээр холбогдох баримт бичгийг орчуулан өгч болно” гэж заасан байдаг. Гэтэл үйлчлүүлэгч нь хүсэлт гаргаагүй өөрөө орчуулагчтайгаа ирсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бид даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Нишино Ёошимасагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Нишино Ёошимаса нь М.Алтанцэцэг итгэмжлэл олгох ашиг сонирхол байсан юм уу гэдгийг тодруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Бийн ямар эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэдэг нь тодорхойгүй байна. Мөн уг итгэмжлэлийг хууль зөрчсөн гэж байгаа нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд төлөөлөх бүрэн эрхийг тодорхой заасны дагуу уг итгэмжлэлийг нотариатч гэрчилсэн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна. М.Алтанцэцэгт олгогдсон итгэмжлэлийг нотариатч хуулийн дагуу холбогдох баримт бичгийн нүдээрээ үзэж, талуудыг байлцуулж олгосон болох нь тогтоогдож байна. Ч.Бийн хувьд Хан-Уул дүүргийн шүүхэд хариуцагчаар татагдсан байдал нь түүний ямар, эрх ашиг сонирхол хөндөгдсөн болох нь тодорхойгүй байна. Гадаад улсын иргэний баримт бичиг нь тухайн улсынх нь гадаад паспорт л байна. Нишино Ёошимаса нь тухайн итгэмжлэлээ дэмжин зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн талаар дахин бичгийн баримтыг нотариатаар баталгаажуулан энэхүү хэрэгт ирүүлсэн байгаагаар Ч.Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь нотлогдож байна. Иймд энэ нотлох баримтаар өөрт хамааралгүй хүнд итгэмжлэл олгоогүй болох нь давхар нотлогдож байгаа юм. Нишино Ёошимаса нь 3 иргэний хэрэгт Гадаад явдлын яамаар дамжуулан итгэмжлэл олгосон байдаг. Нишино Ёошимаса нь Гадаад харилцааны яамаар дамжуулан итгэмжлэл олгох бүрдээ зардал гаргасан байгаа. Иймд Нишино Ёошимасагаас гаргасан 2.000.000 төгрөгийг Ч.Баас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ч.Бийн Гадаад харилцааны яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Гадаад харилцааны яаманд холбогдуулан  Япон улсын иргэн Нишино Ёошимасагийн Магсар овогтой Алтанцэцэгт 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд  Япон улсын иргэн Нишино Ёошимасагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Одончимэг нь нэхэмжлэгч Ч.Бт холбогдуулан өмгөөлөгчид төлсөн 2.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

Хариуцагчид нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн үндсэн болон бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэг: Ч.Бийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Япон улсын иргэн Нишино овогтой Ёошимаса нь Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 36Б байр, 48 тоот хаягт оршин суугч Магсар овогтой Алтанцэцэгт: Энэхүү итгэмжлэлийн дагуу шүүхэд Ч.Баас “Зээлийн гэрээний дагуу төлбөр гаргуулах” шаардлага бүхий иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж оролцохын сацуу нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөх, нэхэмжлэл гаргах, өмгөөлөгч авах, эвлэрүүлэн зуучлалд төлөөлөх, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох, хүсэлт, гомдол болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах зэрэг нэхэмжлэгчийн бүхий л бүрэн эрхийг олгож итгэмжлэл олгосон байна./хх-ийн 48 дугаар тал/

Маргааны зүйл болсон дээрх итгэмжлэлийг Япон улсын иргэн Нишино овогтой Ёошимаса нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Токио хотод байрлах Монгол Улсын Элчин сайдын яамны нотариатын үүрэг гүйцэтгэгч консул Д.Мөнхцэцэгээр 2016 оны 10 сарын 27-ны өдөр бүртгэлийн 1335 дугаарт бүртгэгдэж, үнэн зөвийг гэрчилж, 1.000 иенийн хураамжийг төлж, гарын үсэг зурж нотариатын үйлдэл хийгдэснээр тус итгэмжлэл төлөөлүүлэгч М.Алтанцэцэгт олгогджээ.

Япон улсын Токио хотноо байрлах Монгол Улсын Элчин сайдын яамны нотариатын үүрэг гүйцэтгэгч консул Д.Мөнхцэцэг нь Нотариатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Нотариатын үйлдэл хийх, баримт бичиг, нотариатын үйлдэл хийсэн тухай тэмдэглэл үйлдэх албан ёсны хэл нь монгол хэл байна”, 9.2-т “Хилийн чандад ажиллаж байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар нь нотариатын үйлдэл, баримт бичгийг монгол хэлээр үйлдэх бөгөөд үйлчлүүлэгчийн хүсэлтээр холбогдох баримт бичгийг орчуулан өгч болно” гэж заасны дагуу маргааны зүйл болох 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн итгэмжлэлийг монгол хэлээр үйлдсэн байна.

Түүнчлэн Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэл олгосон он, сар, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ. Хуулийн этгээдээс итгэмжлэл олгож байгаа тохиолдолд Иргэний хуулийн 64.2.1, 64.2.2-т заасан шаардлага хангасан эсэхийг нягталж үзнэ" гэж тус тус заасан шаардлагыг хангасан итгэмжлэлийг Япон улсын Токио хотноо байрлах Монгол Улсын Элчин сайдын яамны нотариатын үүрэг гүйцэтгэгч консул Д.Мөнхцэцэг гэрчилсэн болох нь хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын тайлбарууд, хавтаст хэргийн 45-48 дугаар хуудсанд авагдсан бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь “Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Япон улсын иргэн Нишино Ёошимасагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанцэцэг нь нэхэмжлэл гаргасан бөгөөд хууль бус итгэмжлэл гаргаж бидний эрхийг зөрчиж байна” гэж маргаж байгаа боловч Ч.Бийн ямар эрхийг, яаж зөрчсөн болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д тус тус зааснаар өөрийн тайлбарын үндэслэлээ бичгийн баримтаар нотлоогүй байна.

Иймд, Гадаад харилцааны яаманд холбогдох, Япон улсын иргэн Нишино Ёошимасагийн Магсар овогтой Алтанцэцэгт 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

Хоёр: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Япон улсын иргэн Нишино Ёошимаса нь нэхэмжлэгч Ч.Баас өмгөөлөгчид төлсөн хөлс 2.000.000 төгрөгийг гаргуулах шаардлага нь үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Тухайлбал, Ч.Б нь Япон улсын иргэн Нишино Ёошимасатай ямар харилцаанд орсон, түүний эрх, эрх чөлөө, ашиг сонирхолд хэрхэн яаж хохирол учруулсны улмаас 2.000.000 төгрөгийн зардал гарсан талаарх шаардлагатай холбоотой бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан өмгөөлөгч Б.Баднайсүрэн, Ж.Одончимэг нарын хооронд 2017 оны 03 сарын 14-ний өдөр байгуулагдсан 1703/14 тоот “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” болон мөн өдрийн “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хавсралт /нэмэлт гэрээ/ нь хэний нэхэмжлэлтэй, хэнд холбогдох ямар үндэслэл бүхий хэрэг маргаанд өмгөөлөгчөөр оролцуулсны улмаас түүнд 2.000.000 төгрөгийг төлсөн болох нь тодорхойгүй байгаа нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцэхгүй байна.

            Хавтаст хэргийн 35-41 дүгээр хуудсанд авагдсан бичгийн баримтаар өмгөөллийн хөлсөнд 2.000.000 төгрөг төлсөн талаарх үйл баримт тодорхойгүй байх бөгөөд тухайн зардал гарсныг шууд нотлох шалтгаант холбоогүй байна гэж дүгнэв.

Иймд, Япон улсын иргэн Нишино Ёошимаса болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Ч.Баас өмгөөллийн зардал 2.000.000 төгрөг гаргуулах бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан Гадаад харилцааны яаманд холбогдох, Япон улсын иргэн Нишино Ёошимасагийн Магсар овогтой Алтанцэцэгт 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахыг хүссэн Ч.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан Ч.Баас өмгөөлөгчид төлсөн 2.000.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Нишино Ёошимасагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Одончимэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг, мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218300 төгрөгийн 46950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 171350 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж Ж.Одончимэгт буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ТҮМЭНЦЭЦЭГ