Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2018/00899

 

“Г Б”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/02432 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2018/00472 дугаар магадлалтай,

“Г Б”ХХК-ний нэхэмжлэлтэй

Т.М, Н.Б, М.Н, М.Мнарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 55 563 713 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэрэлмаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оджаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “Г Б”ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.М нь 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ЗГ1905103365 дугаартай зээлийн гэрээг тус банктай байгуулж 35 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 24 хувийн хүүтэй зээлсэн. Барьцаанд 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр БГ1905103365 дугаартай Ипотекийн гэрээгээр Т.М, Н.Б, М.Н, М.Мнарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 7/1 дүгээр байрны 8 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2202011755 дугаарт бүртгэгдсэн 135.3 м.кв талбайтай орон сууц, 15 м.кв талбай бүхий 8 тоот зогсоолыг бариулсан. Гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр дууссан бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 26-нд 998 500 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 23-нд 949 500 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 08-нд 494 500 төгрөг нийт 2 445 306 төгрөг төлснийг гэрээндээ заасны дагуу хүүд тооцож авсан. 2017 оны 4 дүгээр сарын 06-нд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийг 35 000 000 төгрөгөөс тооцож, 51 414 956 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Банкны зүгээс зээл олгохдоо Т.Мын дансанд 34 825 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг учраас үндсэн зээл 34 825 000 төгрөг, хүү 17 865 713.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 872 934.79 төгрөг, нийт 55 563 713 төгрөгийг хариуцагч Т.Маас гаргуулж, үүргээ биелүүлэхгүй бол барьцааны эд хөрөнгийн өмчлөгч нараас үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэрэлмаагийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал үндсэн зээл болон хүүг буруу тооцсон. Хариуцагч нь зээлийн төлбөрт 2015 оны 8 дугаар сарын 26-нд 998 500 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 23-нд 949 500 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 08-нд 494 500 төгрөг нийт 2 445 306 төгрөг төлснийг хүүд тооцон хасч, үндсэн зээлээс нэг ч төгрөг хасаагүй байдаг. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр дуусч байхад шүүхэд нэхэмжлэл гаргахгүй бүтэн жил болсон учраас нэмэгдүүлсэн хүү хасагдах, мөн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаснаар хүү зогсох ёстой байсан. Бидний тооцоогоор 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө төлсөн дээрх мөнгийг хасч тооцохоор үндсэн зээлийн үлдэгдэл 33 603 750 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа учраас хүүд 8 064 900 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 612 980 төгрөг, нийт 43 281 630 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/02432 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Т.Маас 55 429 247 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г Б”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 134 484 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй Т.М, Н.Б, М.Н, М.Мнарын өмчлөлийн нөхцөлд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2202011755 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 7/1 дүгээр байрны 8 тоот хаягт байрлах 135.3 м.кв талбайтай орон сууц болон 15 м.кв талбай бүхий 8 тоот зогсоол зэрэг барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507 455.23 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 435 096 төгрөгийг гаргуулан “Г Б”ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2018/00472 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/02432 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэрэлмаагийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэрэлмаа хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас хариуцагчийн төлөх үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг буруу бодогдсон гэж үзэж байна. Учир нь хариуцагч Т.М нь нэхэмжлэгч Голомт банкнаас 35 000 000 зээлэх хүсэлт гаргаж зээлийн гэрээг байгуулсан боловч зээлдэгч нь бодит байдал дээр 34 825 000 төгрөгийг хариуцагчид олгосон мөн зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо хариуцагчид олгоогүй дүн болох 35 000 000 төгрөгөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бодсон нь хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа болно. Хариуцагч нь нэхэмжлэгчид үндсэн зээлд 34 825 000 үндсэн хүүд 8 064 900 нэмэгдүүлсэн хүүд 1 612 980 нийт 43 281 630 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаас тодорхой харагдаж байгаа гэтэл шүүх зээлийн тооцооллыг буруу тооцсоны улмаас хариуцагчийн төлөх ёстой үүргээс 12 147 617 төгрөгийг илүү төлөх нөхцөл байдал үүсгэсэн байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчаас 55 429 247 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн үнийн дүнгээс 12 147 617 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Гэтэл давж заалдах шатны шүүх “...Зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн байх тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй. Гэрээний үүрэгт 55 429 247 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ...” хэмээн дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 12 147 617 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зүйл заалтын дагуу хариуцагчаас төлбөр гаргуулж, барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч “Г Б”ХХК нь хариуцагч Т.М, Н.Б, М.Н, М.Мнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 55 563 713 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан ба  хариуцагч нар маргаж, зээлийн тооцоолол буруу, нэхэмжлэлийн шаардлагаас 43 281 630 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж мэтгэлцжээ. .

Т.М нь “Г Б”ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 35 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэйгээр зээлэхээр тохиролцсон. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Н.Б, Т.М, М.Н, М.Мнарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011755 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 7/1 дүгээр байрны 8 тоот 135.3 м.кв талбайтай орон сууцыг 15 м.кв талбай бүхий 8 тоот зогсоолын хамт барьцаалжээ. Зээл болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр тул гэрээний талууд үүргээ биелүүлэх үүрэгтэй байна. Н.Б, М.Н, М.Мнар нь барьцааны гэрээний дагуу үүрэг хүлээсэн учраас нэхэмжлэгч нь хариуцагч гэж үзжээ.

Зээлдэгч нь гэрээний хугацаанд 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 998 500 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 949 500 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 494 500 төгрөг, нийт 2 445 306 төгрөгийн төлөлт хийснээс өөр төлбөр хийгээгүй, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр дуусчээ.

Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд гэрээ, гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлдэгчийн үүргийн талаар эрх зүйн дүгнэлт хийж, бодитой олгосон зээл 34 825 000 төгрөгөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож, хариуцагч Т.Маас 55 429 247 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцжээ.  

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох бөгөөд зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй. 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч 12 147 617 төгрөгийг төлөх үндэслэлгүй  гэсэн гомдол гаргасан нь гэрээний хугацаагаар үүргээ тооцсон агуулгатай байх ба Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.гэж заасан тул гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар   сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/02432 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2018/00472 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210 000 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.УНДРАХ

  ШҮҮГЧ                                                     П.ЗОЛЗАЯА