Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00472

 

                                                      Г Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын  08-ны өдрийн 182/ШШ2017/02432 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Т.М, Н.О, М.Н, М.М нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 55 563 713 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г Б ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Т.М нь 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ЗГ1905103365 дугаартай зээлийн гэрээг тус банктай байгуулж 35 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 24 хувийн хүүтэй зээлсэн. Барьцаанд 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр БГ1905103365 дугаартай Ипотекийн гэрээгээр Т.М, Н.О, М.Н, М.М нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 7/1 дүгээр байрны 8 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2202011755 дугаарт бүртгэгдсэн 135.3 м.кв талбайтай орон сууц, 15 м.кв талбай бүхий 8 тоот зогсоолыг  бариулсан.

Гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр дууссан бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 26-нд 998 500 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 23-нд 949 500 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 08-нд 494 500 төгрөг нийт 2 445 306 төгрөг төлснийг гэрээндээ заасны дагуу хүүд тооцож авсан. 2017 оны 4 дүгээр сарын 06-нд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийг 35 000 000 төгрөгөөс тооцож, 51 414 956 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Банкны зүгээс зээл олгохдоо Т.Мын дансанд 34 825 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг учраас үндсэн зээл 34 825 000 төгрөг, хүү 17 865 713.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 872 934.79 төгрөг, нийт 55 563 713 төгрөгийг хариуцагч Т.Маас гаргуулж, үүргээ биелүүлэхгүй бол барьцааны эд хөрөнгийн өмчлөгч нараас үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ггийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч тал үндсэн зээл болон хүүг буруу тооцсон.  Хариуцагч нь зээлийн төлбөрт 2015 оны 8 дугаар сарын 26-нд 998 500 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 23-нд 949 500 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 08-нд 494 500 төгрөг нийт 2 445 306 төгрөг төлснийг хүүд тооцон хасч, үндсэн зээлээс нэг ч төгрөг хасаагүй байдаг.  Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр дуусч байхад шүүхэд нэхэмжлэл гаргахгүй бүтэн жил болсон учраас нэмэгдүүлсэн хүү хасагдах, мөн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаснаар хүү зогсох ёстой байсан.

Бидний тооцоогоор 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө төлсөн дээрх мөнгийг хасч тооцохоор үндсэн зээлийн үлдэгдэл 33 603 750 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа учраас хүүд 8 064 900 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 612 980 төгрөг, нийт 43 281 630 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Т.Маас 55 429 247 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 134 484 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй Т.М, Н.О, М.Н, М.М нарын өмчлөлийн нөхцөлд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2202011755 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 7/1 дүгээр байрны 8 тоот хаягт байрлах 135.3 м.кв талбайтай орон сууц болон 15 м.кв талбай бүхий 8 тоот зогсоол зэрэг барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507 455.23 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 435 096 төгрөгийг гаргуулан Г Б ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас хариуцагчийн төлөх үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол буруу бодогдсон. Учир нь 35 000 000 төгрөг зээлэх хүсэлт гаргаж, гэрээ байгуулсан боловч 34 825 000 төгрөгийг олгосон. Нэхэмжлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохдоо олгоогүй дүн болох 35 000 000 төгрөгөөс тооцсон нь хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Хариуцагч нь зээлд 34 825 000 төгрөг, хүү 8 064 900 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 612 980 төгрөг, нийт 43 281 630 төгрөгийг төлөх үүрэгтэй байхад зээлийн тооцооллыг буруу хийж 12 147 617 төгрөгийг илүү гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлээс 12 147 617 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “Г Б” ХХК нь хариуцагч Т.М, Н.О, М.Н, М.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 55 563 713 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч зээлийн тооцоолол буруу, нэхэмжлэлийн шаардлагаас 43 281 630 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж маргажээ.

 

Хариуцагч Т.М нь нэхэмжлэгч Г Б ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч нь 35 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэйгээр зээлэхээр тохиролцсон. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Н.О, Т.М, М.Н, М.М нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011755 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 7/1 дүгээр байрны 8 тоот 135.3 м.кв талбайтай орон сууцыг 15 м.кв талбай бүхий 8 тоот зогсоолын хамт барьцаалжээ. Зээл, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 6-9, 10-13/

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр дууссан бөгөөд зээлдэгч нь 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 998 500 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 949 500 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 494 500 төгрөг, нийт 2 445 306 төгрөгийн төлөлт хийснээс хойш дахин төлбөр төлөөгүй,  Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэн буюу үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.  

Зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн байх тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй. Гэрээний үүрэгт 55 429 247 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.   

 

Нэхэмжлэгч нь бодитойгоор олгосон зээл болох 34 825 000 төгрөгөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/02432 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ггийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                               Ш.ОЮУНХАНД