Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/00074

 

К Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг,Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01787 дугаар шийдвэртэй,  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1978 дугаар магадлалтай,

К Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

М ДХХК-д холбогдох,

Гэрээний үүргийн биелэлтэд 7.507.450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, Г.Т, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: К Б ХХК нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий М Ж Д/хуучнаар/ ХХК-тай зээлийн эрсдлийн даатгалын чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохирч, 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 12/83 тоот хамтын ажиллагааны ерөнхий гэрээ болон уг гэрээний дагуу цалингийн зээлийн эрсдлийг даатгуулахаар 12/85 тоот цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцлийг тус тус байгуулсан. Дээрх гэрээ, хэлцлийн дагуу К Б ХХК нь 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 3017-2013/85 тоот цалингийн зээлийн гэрээгээр Таван толгой транс ХХК-ийн ажилтан Ц.Мядагсүрэнд олгосон 12.000.000 төгрөгийн зээлийн эрсдлийг даатгалд хамруулж, даатгалын зохих хураамжийг төлж баталгаажуулсан. Гэтэл 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 13/107 тоот Таван толгой транс ХХК-ийн ерөнхий захирлын тушаалаар тус банкны зээлдэгч Ц.Мядагсүрэн нь ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэхүү тохиолдол нь тус банкны М Ж ДХХК-тай байгуулсан 12/85 тоот "Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл"-ийн 9 дүгээр зүйлийн 9.3.е-д заасан даатгалын тохиолдол үүссэн юм. Тиймээс К Б ХХК дээр дурдсан гэрээнд заасан баримт, материалыг бүрэн бүрдүүлж, 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр даатгалын компанид хүргүүлж, нөхөн төлбөр болох үндсэн зээлийн үлдэгдэл 5.004.967 төгрөгийг гаргаж өгөхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд хариу ирүүлээгүй бөгөөд гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөөр байна.

Бид даатгалын тохиолдлыг гэрээний хүчинтэй байх хугацаанд өгсөн. Ц.Мядагсүрэнгийн хувьд хоцорсон асуудал байхгүй. 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцлийн 10 дугаар зүйлийн 2-т заасан даатгалын тохиолдол үүссэн. Ажлаасаа халагдснаас хойш зээлийг хэвийн төлж байгаад 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр үндсэн зээлийн зөрчил үүсгэсэн. М Ж ДХХК нь нэрээ М Дкомпани болгон өөрчилсөн тул Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.4, 232 дугаар зүйлийн 232.6, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг баримтлан даатгагч М ДХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 5.004.967 төгрөг, алданги 2.502.483 төгрөг, нийт 7.507.450 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: К Б ХХК нь М Ж ДХХК-тай байгуулсан 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 12/83 тоот хамтын ажиллагааны ерөнхий гэрээ болон 12/85 тоот цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцэл, түүний алданги тооцсон нөхцөлийн үндсэн дээр М ДХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд хамтын ажиллагааны ерөнхий гэрээ болон 12/85 тоот цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцэл 2012 онд байгуулагдсан гэдэгт маргах зүйл байхгүй. Цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцлийн 10 дугаар зүйлийн 2, 3-т заасан хугацааг нэхэмжлэгч тал хангаагүй буюу биелүүлээгүй. Зээлдэгч Ц.Мядагсүрэнгийн хувьд 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулсан боловч 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ажлаас халагдсан байдаг. Ажлаас халагдсанаас бараг 2 жилийн дараа буюу 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нөхөн төлбөрөө авъя гэж хандаад байна.

Иймд, бид нэхэмжлэгч талыг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн татгалзаж байна. Мөн зээлийн дансны хуулганаас харахад нэхэмжилж байгаа үнийн дүн болон дансны үлдэгдэл хоёр зөрүүтэй. Зээлийн дансны хуулгаас харахад 2.0 сая төгрөгөөр буураад 3.482.544 төгрөг болсон харагдаж байна. Даатгалын тохиолдол нь ажлаас халагдсанаас бий болсон гэж ойлгож байсан эсвэл цалингийн зээлийг төлөхөө больсноос үүссэн. Тэгвэл 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс юм бол 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн дотор мэдэгдэх ёстой гэж үзэж байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01787 дугаар шийдвэрээр,  Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М Д ХХК-иас 5.223.816 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.283.634 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч К Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135.070 төгрөгнөөс 36.538 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М Д ХХК-иас 98.531 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К Б ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1978 дугаар магадлалаар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01787 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.531 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүхээс даатгалын тохиолдол болсон үеийг буруу тооцоолж дүгнэсэн гэж үзэж байна.

Талуудын хооронд байгуулагдсан ‘‘Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл”-д даатгалын тохиолдол гэж юу болох, хэдийд даатгалын тохиолдол үүссэн гэж үзэх талаар тодорхой тусгасан бөгөөд уг хэлцлийн 9 дүгээр зүйлд зааснаар даатгалын тохиолдол үүсэхээр тохиролцсон. Шүүхийн шийдвэрт даатгалын тохиолдол дээрхи хэлцлийн 9 дүгээр зүйлд заасны дагуу үүссэн гэж дүгнэсэн мөртлөө дараагийн хэсэгт нь ажлаас халагдсан өдрөөс хойш хариуцагчид даатгалын тохиолдол болсныг мэдэгдэх хүртэлх, хугацаанд даатгалын тохиолдол үүссэн гэж үзэхгүй хэмээн утга агуулгын хувьд хоорондоо авцалдахгүй. нэг нэгийгээ үгүйсгэсэн хэтэрхий нэг талыг барьсан дүгнэлт болсон гэж үзэх үндэстэй байгаа юм. Энэхүү даатгалын тохиолдол үүссэн хугацаа болон хариуцагчид мэдэгдэх хугацаа нь хэрэгт чухал ач холбогдолтой нөхцөл байдал бөгөөд хэлцэлд дурьдсаны дагуу даатгалын тохиолдол үүссэнээс хойш ажлын 5 хоногын дотор мэдэгдэх ёстой гэж талууд харилцан тохиролцсон байдаг. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг даатгалын тохиолдол болсон тухай мэдэгдсэн үеэс хойш даатгалын тохиолдол үүссэн гэж үзэх мэтээр дүгнэлт хийсэн байна. Зүй нь зээлдэгч ажлаас халагдсанаар даатгалын тохиолдол үүсч байгаа билээ. Нэхэмжлэгч тал зээлдэгч ажлаас халагдсанаас хойш буюу даатгалын тохиолдол үүссэнээс хойш 5 хоногын хугацаа өнгөрсний дараа хариуцагчид энэ тухай мэдэгдэж байгаа нь хэлцэлд заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болно.

Иймд,  шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл бүхий байж чадахгүй байгаа тул шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

К Б ХХК, М ДХХК-д холбогдуулан Ц.Мядагсүрэнд олгосон цалингийн зээлийн даатгалын нөхөн төлбөр, алдангид нийт 7.507.450,50 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрсөн байна.

К Б ХХК нь М Ж ДХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 12/83 тоот хамтын ажиллагааны ерөнхий гэрээ, уг гэрээг хэрэгжүүлэхээр №12/85 тоот цалингийн зээлийн эрсдлийг даатгах гэрээг тус тус байгуулсан нь  зохигчдын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр болохыг хоёр шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэжээ.

Эдгээр гэрээний хүрээнд нэхэмжлэгч нь 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Ц.Мядагсүрэнтэй байгуулсан 12.000.000 төгрөгийн цалингийн зээлийн эрсдлийг даатгалд хамруулж, даатгалын хураамжийг зохих журмаар төлсөн байна.

Зээлдэгч Ц.Мядагсүрэн 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөнөөр цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцлийн 9.3.е-д заасан даатгалын эрсдэл үүссэн боловч зээлдэгч хуваарийн дагуу зээлийн үүргийг гүйцэтгэж байсан, харин 2015 оны 02 дугаар сарын 05-ны хойш 2 сар дараалан зээлийг  төлөөгүйгээс даатгалын нөхөн төлбөр шаардах эрх үүсгэж буй  даатгалын тохиолдол  бий болсон нь тогтоогджээ.

Гэрээний 10.3-д зааснаар даатгуулагч даатгалын тохиолдол бий болсноос хойш 5 хоногийн дотор даатгагчид мэдэгдэхээр заасан, К Б ХХК нь  дээрх хугацааг хэтрүүлсэн хэдий ч даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.3-т  заасан үндэслэл тогтоогдоогүй  байна.  Хоёр шатны шүүхийн  шийдвэр, магадлалд энэ талаар тодорхой дүгнэлт хийжээ.

Иймд, зээлдэгчийн төлөөгүй үндсэн зээл, даатгалын компанид нөхөн төлбөр төлөхийг мэдэгдснээс хойш 10 хоногт төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсний  алданги тооцон нэхэмжлэлээс нийт 5.223.816 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь даатгалын гэрээний 10-ийн 1,  Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг  зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01787 дугаар шийдвэр,  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1978 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                          Г.АЛТАНЧИМЭГ