Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 1978

 

 

“К.Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01787 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “К.Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М.Д” ХХК-д холбогдох

 

Гэрээний үүргийн биелэлтэд 7 507 450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, Г.Т,

Хариуцагчийн өмгөөлөгч С.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К банк нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий М.Ж.Д /хуучнаар/ ХХК-тай зээлийн эрсдэлийн даатгалын чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохирч, 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 12/83 тоот хамтын ажиллагааны ерөнхий гэрээ болон уг гэрээний дагуу цалингийн зээлийн эрсдэлийг даатгуулахаар 12/85 тоот цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцлийг тус тус байгуулсан. Дээрх гэрээ, хэлцлийн дагуу Капитрон банк нь 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 3017-2013/85 тоот цалингийн зээлийн гэрээгээр “Таван толгой транс” ХХК-ийн ажилтан Ц.Мядагсүрэнд олгосон 12 000 000 төгрөгийн зээлийн эрсдэлийг даатгалд хамруулж, даатгалын зохих хураамжийг төлж баталгаажуулсан. Гэтэл 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 13/107 тоот “Таван толгой транс” ХХК-ийн ерөнхий захирлын тушаалаар тус банкны зээлдэгч Ц.Мядагсүрэн нь ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэхүү тохиолдол нь тус банкны “М.Ж.Д” ХХК-тай байгуулсан 12/85 тоот "Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл"-ийн 9 дүгээр зүйлийн 9.3.е-д заасан даатгалын тохиолдол үүссэн юм. Тиймээс К банк дээр дурдсан гэрээнд заасан баримт, материалыг бүрэн бүрдүүлж, 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр даатгалын компанид хүргүүлж, нөхөн төлбөр болох үндсэн зээлийн үлдэгдэл 5 004 967 төгрөгийг гаргаж өгөхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд хариу ирүүлээгүй бөгөөд гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөөр байна. Бид даатгалын тохиолдлыг гэрээний хүчинтэй байх хугацаанд өгсөн. Ц.Мядагсүрэнгийн хувьд хоцорсон асуудал байхгүй. 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцлийн 10 дугаар зүйлийн 2-т заасан даатгалын тохиолдол үүссэн. Ажлаасаа халагдсанаас хойш зээлийг хэвийн төлж байгаад 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр үндсэн зээлийн зөрчил үүсгэсэн. “М.Ж.Д” ХХК нь нэрээ М.Д компани болгон өөрчилсөн тул Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.4, 232 дугаар зүйлийн 232.6, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасныг баримтлан даатгагч “М.Д” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 5 004 967 төгрөг, алданги 2 502 483 төгрөг, нийт 7 507 450 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К.Б” ХХК нь “М.Ж.Д” ХХК-тай байгуулсан 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 12/83 тоот хамтын ажиллагааны ерөнхий гэрээ болон 12/85 тоот цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцэл, түүний алданги тооцсон нөхцлийн үндсэн дээр “М.Д” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд хамтын ажиллагааны ерөнхий гэрээ болон 12/85 тоот цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцэл 2012 онд байгуулагдсан гэдэгт маргах зүйл байхгүй. Цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцлийн 10 дугаар зүйлийн 2, 3-т заасан хугацааг нэхэмжлэгч тал хангаагүй буюу биелүүлээгүй. Зээлдэгч Ц.Мядагсүрэнгийн хувьд 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулсан боловч 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ажлаас халагдсан байдаг. Ажлаас халагдсанаас бараг 2 жилийн дараа буюу 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нөхөн төлбөрөө авъя гэж хандаад байна. Иймд бид нэхэмжлэгч талыг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн татгалзаж байна. Мөн зээлийн дансны хуулганаас харахад нэхэмжилж байгаа үнийн дүн болон дансны үлдэгдэл хоёр зөрүүтэй. Зээлийн дансны хуулгаас харахад 2.0 сая төгрөгөөр буураад 3 482 544 төгрөг болсон харагдаж байна. Даатгалын тохиолдол нь ажлаас халагдсанаас бий болсон гэж ойлгож байсан эсвэл цалингийн зээлийг төлөхөө больсноос үүссэн. Тэгвэл 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс юм бол 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн дотор мэдэгдэх ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Д ХХК-иас 5 223 816 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К.Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 283 634 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч К.Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 070 төгрөгнөөс 36 538 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Д ХХК-иас 98 531 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К.Б ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс даатгалын тохиолдол болсон үеийг буруу тооцоолж дүгнэсэн гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан "Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл"-д даатгалын тохиолдол гэж юу болох, хэдийд даатгалын тохиолдол үүссэн гэж үзэх талаар тодорхой тусгасан бөгөөд уг хэлцлийн 9 дүгээр зүйлд зааснаар даатгалын тохиолдол үүсэхээр тохиролцсон. Шүүхийн шийдвэрт даатгалын тохиолдол дээрх хэлцлийн 9 дүгээр зүйлд заасны дагуу үүссэн гэж дүгнэсэн мөртлөө дараагийн хэсэгт нь ажлаас халагдсан өдрөөс хойш хариуцагчид даатгалын тохиолдол болсныг мэдэгдэх хүртэлх хугацаанд даатгалын тохиолдол үүссэн гэж үзэхгүй хэмээн утга агуулгын хувьд хоорондоо авцалдахгүй, нэг нэгийгээ үгүйсгэсэн хэтэрхий нэг талыг барьсан дүгнэлт болсон гэж үзэж байна. Энэхүү даатгалын тохиолдол үүссэн хугацаа болон хариуцагчид мэдэгдэх хугацаа нь хэрэгт чухал ач холбогдолтой нөхцөл байдал бөгөөд хэлцэлд дурдсаны дагуу даатгалын тохиолдол үүссэнээс хойш ажлын 5 хоногийн дотор мэдэгдэх ёстой гэж талууд харилцан тохиролцсон байдаг. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг даатгалын тохиолдол болсон тухай мэдэгдсэн үеэс хойш даатгалын тохиолдол үүссэн гэж үзэх мэтээр дүгнэлт хийсэн байна. Зүй нь зээлдэгч ажлаас халагдсанаар дааталын тохиолдол үүсч байгаа. Нэхэмжлэгч тал зээлдэгч ажлаас халагдсанаас хойш буюу даатгалын тохиолдол үүссэнээс хойш 10 сарын дараа хариуцагчид энэ тухай мэдэгдэж байгаа нь хэлцэлд заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болно. Иймд шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл бүхий байж чадахгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “К.Б” ХХК нь хариуцагч “М.Д” ХХК-д холбогдуулан цалингийн зээлийн эрсдлийн даатгалын нөхөн төлбөрт 5 004 967 төгрөг, алдангид 2 502 483 төгрөг, нийт 7 507 450 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээнүүдийн алданги тооцсон зохицуулалт нь Иргэний хуулийг зөрчсөн гэж маргажээ.

           

            Зохигчид 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 12/83 тоот хамтын ажиллагааны ерөнхий гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр талууд дагалдах чиглэлийн хэлцэл байгуулах, энэхүү хэлцэл тус бүрд заасан банкны зээл болон зээлийн барьцаа хөрөнгийг даатгаж ажиллахаар тохирчээ. Дээрх хамтын ажиллагааны гэрээний салшгүй нэг хэсэг болох Цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцлийг зохигчид 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 12/85 тоот  байгуулсан, уг хэлцлээр “К.Б”-наас авч буй цалингийн зээл эргэн төлөгдөх боломжгүй болсон буюу зээлдэгч гэнэтийн шалтгааны улмаас ажилгүй болох тохиолдолд банкинд учирч болох санхүүгийн эрсдлийг даатгалын компанид шилжүүлэхээр талууд тохиролцсон байна.                            /хх 9-11 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч “К.Б” ХХК 12/85 тоот хэлцлийн дагуу зээлдэгч Ц.Мядагсүрэнтэй байгуулсан 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 3017-2013/85 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулсан уг гэрээний эрсдлийг “М.Д” ХХК-ийн даатгалд хамруулан хураамжийг төлснөөр зохигчдын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Уг хэлцлийн дагуу цалингийн зээлийн даатгалд хамрагдсан зээлдэгч Ц.Мядагсүрэн нь ар гэрийн гачигдлаар “Таван толгой транс” компанийн автын засварчны албан тушаалаас 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр чөлөөлөгдсөний улмаас цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцлийн 9.3 е-д заасан даатгалын тохиолдол бий болсон үйл баримт хэргийн баримтаар тогтоогджээ.                                                                   /хх-11, 13 дугаар тал/

 

Хэрэгт нэхэмжлэгч “К.Б” ХХК-иас хариуцагч “М.Д” ХХК-д даатгалын тохиолдол үүссэн талаар болон нөхөн төлбөр гаргуулахаар шаардаж байсан баримтууд авагдсан байх тул нэхэмжлэгчийг 12/85 тоот хэлцлийн 10.1.3-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй, харин хариуцагчийн хувьд хэлцлийн 10.2 дахь хэсэгт заасан нөхөн төлбөрийг ажлын 7 хоногийн дотор шийдвэрлэх үүргээ зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.3 дахь хэсэгт “Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсныг мэдээлэх үүргээ биелүүлээгүй боловч даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол гэж зааснаар даатгагч нь нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж заасан ба хариуцагч “М.Д” ХХК нь К.Б ХХК-ийг дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс компанийн ашиг сонирхолд ноцтой хохирол учирсан гэх нөхцөл байдлыг баримтаар нотлоогүй байх тул нөхөн төлбөрийн үүргээс чөлөөлөгдөхгүй юм. Иймд нэхэмжлэгч “К.Б” ХХК нь холбогдох нөхөн төлбөрийг шаардах эрхтэй, хариуцагчийн энэ талаарх гомдлыг хангахгүй үндэслэлгүй.

Анхан шатны шүүх, талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт авагдсан баримтын хүрээнд харьцуулан дүгнэн, цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцлийн 10 дугаар зүйлд заасан алдангийн тохиролцоог үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01787 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 531 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                        

                          ШҮҮГЧИД                                                    Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ