| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2019/0392/Э |
| Дугаар | 0003 |
| Огноо | 2019-12-23 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Агар |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 0003
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Д.Агар /томилолт/
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц, түүний өмгөөлөгч Д.Жаргал,
гэрч Б.Б,
шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Т овогт Б-ын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1803010540084 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Зэрэг суманд 1980 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Үерийн ногооны талбайн ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Т овогт Б-ын А /РД:.../
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):
Яллагдагч Б-ын А нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Баянголын ... дугаар гудамжны баруун замд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өглөөний 08 цаг 05 минутын үед ... улсын дугаартай Т.Приус-20 маркийн автомашиныг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоож боломжтой хурдыг сонгож явна” мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.1-д заасан “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ доор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Цыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр би ажилдаа явах гээд 08 цаг 05 минутын үед гэрээсээ гараад явж байсан. Би тухайн үед тээврийн хэрэгслийнхээ гэрлийг асаагаад явж байсан ба урд зам дээр ямар нэгэн юм харагдахгүй байсан, тэгтэл гэнэт хажуунаас, баруун талаас түс хийх чимээ гараад машинаа зогсоосон. Тэгтэл амь хохирогч машинд мөргөгдсөн байдалтай хэвтэж байсан. Би нийт 11.2665.673 төгрөг өгсөн. Саяхан аавын бие муудаад өнгөрсөн ба боломж бололцоо муу байсан. Би 10 сард 100.000 төгрөг 11 сард 50.000 төгрөг өгсөн. Намайг хохирогч нь хашаа байшин авч өг гэсэн. Надад одоогоор боломж бололцоо муу байна. Гэхдээ шүүхээс талийгаачийн бага насны хүүхдийн тэтгэмжийг тогтоож өгсөн тохиолдолд төлөөд явах болно” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгчээс дээрх мөнгийг авч оршуулгын зардалд зарцуулаад дууссан. Талийгаачийн том охиныг би өргөж авсан байсан. Талийгаач нь 6 настай охиныхоо хамт амьдардаг байсан ба одоо энэ хүүхдийг асрах, харах хүнгүй байгаа. Энэ хүүхэд сэтгэл санааны хямралд орсон. Талийгаачийн 2 хүүхэд, бид гурвыг яаж амьдарч байгааг Б.А нь өөрөө харсан байгаа. Гомдолтой байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай нөхөр машин бариад хажууд нь охин маань сууж, би хойно суусан байдалтай явж байсан. Тухайн үед ойр орчимд хүн харагдаагүй. Энэ асуудал маш богино хугацаанд болж өнгөрсөн. Бид нарыг явж байхад баруун талаас амь хохирогч гэнэт үсэрч орж ирсэн. Би амь хохирогчийг хашааны буланд тухайн үед сууж байгаад босож ирсэн болов уу гэж бодсон” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Улсын яллагчаас: Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 4-14х),...хэмжилтийн бүдүүвч (1хх-9х), бичиг баримт түр хураан авсан болон тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (1хх-ийн 16-17х), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (1хх-ийн 15х), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (1хх-ийн 122х), цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 19-23х), Цогцост шинжилгээ хийсэн тухай тодорхойлолт (1хх-ийн 33х), цаг уур, орчны шинжилгээний газрын 2019 оны 02 дугаар сарын 11-ний 8/79 дугаартай албан бичиг /1хх-ийн 138х/, цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас /1хх-ийн 141-142х/, Түргэн тусламжийн дуудлагын хуудас PCJL17891075 (1хх-ийн 141х), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цын мэдүүлэг (1хх-ийн 29-30х), Б.Бын иргэний хариуцагчаар өгсөн мэдүүлэг (1хх-ийн 55-56х), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 151 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 58-61х), Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 000990 дугаартай дүгнэлт (1хх-ийн 78-82х), шинжээч Г.Бгийн мэдүүлэг (1хх-ийн 95-96х), Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 47 дугаартай дүгнэлт (1хх-ийн 88-89х), шинжээч Л.Гийн мэдүүлэг (1хх-ийн 93-94х), шүүгдэгч Б.Аын мэдүүлэг (1хх-ийн 104х) зэргийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц, түүний өмгөөлөгч нараас: хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, нас барсны гэрчилгээ (1хх-ийн 40, 34х), Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан ... багийн засаг даргын тодорхойлолт (1хх-ийн 35х), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (1хх-ийн 36х), Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Хөдөлмөр, халамжийн албаны тодорхойлолт (1хх-ийн 38х), шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 8 хуудас баримт зэргийг,
Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгчөөс: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (1хх-ийн 107, 108х), жолоочийн лавлагаа, мэдээлэл (1хх-ийн 109х), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 118х), ажлын газрын тодорхойлолт (1хх-ийн 124х), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (1хх-ийн 110-113х), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (1хх-ийн 114х), Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (1хх-ийн 115х), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1хх-ийн 116-117х), Гал түймэртэй тэмцэх хэлтсийн даргын тушаал (1хх-ийн 125х), хохирол төлсөн баримт (1хх-ийн 174-176х, 178х), мөн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 14 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Ад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар:
Б-ын А нь ертөнцийн зүгээр Хилчин хотхоны урд уулзвараас баруун гар тийш эргэж ... дүгээр хорооллын уулзвараас Толгойт чиглэл хүртэл явдаг замтай нийлдэг зам буюу Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Баянголын ... дугаар гудамжны баруун замд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өглөөний 08 цаг 05 минутын үед “Toyota” маркийн “Prius DAA-NHW20” загварын ... улсын дугаартай эхнэр Б.Бын эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, болгоомжгүйгээр, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох
- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоож боломжтой хурдыг сонгож явна”,
- мөн дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн жагсаалт”-ын 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ доор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн: “Суудлын автомашин, бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин дугуйн хээний гүн 1.6 мм” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Цыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад ослын талаар мэдэх зүйл байхгүй. Цагдаагийн газраас над руу залгаж охины минь зам тээврийн осолд орж нас барсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг (1хх-ийн 29-30х),
- Б.Бын гэрчээр өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 8 цагийн орчим гэрээсээ ажилдаа явахаар нөхөр А охин Ц нарын хамт охиноо өдөр өнжүүлэхэд нь хүргэж өгөхөөр бид гурав гэрээсээ гарсан юм. Тэр үед манай нөхөр А миний нэр дээр байдаг гэхдээ манай гэр бүлийн дундын өмч Т.Приус-20 маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодон ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй ...Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Сонгинохайрхан дүүргийн баруун талын замд явж байтал ...гэнэт урдуур үсрээд ороод ирсэн ба түс хийж автомашины урд салхины шил хагарсан. ...Тэгээд бид хоёр буугаад иртэл автомашины баруун урд талд эмэгтэй хүн унасан зам дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (1хх-ийн 51-52х, шүүх хуралдааны тэмдэглэл),
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 4-14х),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 151 дугаар дүгнэлт “...1.Талийгаач Н.Цгийн цогцост зүүн чамархай, зулай ясны олон тооны хэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн хугарал, дух, хоёр талын чулуулаг, турк эмээл, баруун зулай руу үргэлжилсэн шугаман хугарал, их тархины зүүн чамархай, бага тархины орой хэсгийн аалзан хуйхны няцарсан шарх, зүүн чамархайн булчин зүүн чамархайн хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, дух, зүүн хацар, эрүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ...4. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. ...7. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 58-61х),
- Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 000990 дугаартай дүгнэлт “...1. ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. 2... Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 1.0мм (стандарт автомашины дугйн хээний гүн газарт тулах хэсгээрээ 2мм-ээс багагүй байх). 3. ...Дугуйн хээний гүн 1.0мм байгаа нь осолд нөлөөлж болзошгүй гэмтэл юм. 4. Дугуйн хээний гүн 1.0мм байгаа нь халтиргаа гулгаа үүсэх, тоормос өрөөлдөж барих, тоормосны зам уртсах байдлаар осолд нөлөөлж болзошгүй....” гэх дүгнэлт (1хх-ийн 78-82х),
- Шинжээч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Суудлын автомашины хээний гүний стандарт 1.6 мм-с дээш байна. Иймд уг автомашины ...урд хоёр дугуйны хээний гүн нь 1.0 мм байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна...” гэх мэдүүлэг (1хх-ийн 95-96х)
- Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 47 дугаартай дүгнэлт: “...1. Т.Приус-20 маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Б-ын А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 000990 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “дугуйн хээний гүн 1.0 мм байгаа нь халтиргаа гулгаа үүсэх, тоормос өрөөлдөж барих, тоормосны зам уртсах байдлаар осолд нөлөөлж болзошгүй” гэх тул МУ-ын ЗХД-ийн 4 дүгээр хавсралт 3.1 дахь заалт “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ дор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. ...3. Явган зорчигч Н-гийн Ц /33 настай, эмэгтэй/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 дахь заалт “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно, б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох саатах зам хөндлөн гарч байхдаа алгуурлах эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (1хх-ийн 88-89х),
- Шинжээч Л.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан техник хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №000990 дугаартай оношлогооны дүгнэлтэнд Т.Приүс 20 маркийн ... улсын дугаартай автомашины “Дугуйн хээний гүн 1 мм байгаа нь халтиргаа гулгаа үүсэх, тоормос өрөөлдөж барих, тоормосны зам уртсах байдлаар осолд нөлөөлж болзошгүй” гэсэн дүгнэлт гарсан байсан. Иймд Т.Приүс 20 маркийн ... улсын дугаартай автомашины тоормос өрөөлдөж барих нь осолд уртсах байдлаар нөлөөлсөн байх боломжтой байсан...” гэх мэдүүлэг (1хх-ийн 93-94х) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.А нь хууль зүйн хувьд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн
- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоож боломжтой хурдыг сонгож явна,
- мөн дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн жагсаалт”-ын 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ доор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн: “Суудлын автомашин, бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин дугуйн хээний гүн 1.6 мм” гэсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон болох нь Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 47 (1хх-ийн 88-89х), “Автотээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Сонгинохайрхан Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 000990 дугаартай дүгнэлт (1хх-ийн 78-82х), Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчийн “Extus” тодорхойлолт (1хх-ийн 18х) зэргээр тогтоогдсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Б.Аыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохиролд баримтаар 1.585.856 төгрөг (1хх-ийн 144-172х), 5.032.095 төгрөг (1хх-ийн 174-1176, 178х) буюу нийт 6.617.951 төгрөг, баримтгүй 490.000 төгрөг /ном уншуулсан/ (1хх-ийн 172), өмгөөлөгчийн зардалд 1.000.000 төгрөг нийт 8.107.951 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цад 11.266.673 төгрөгийг өгсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн, авсан талаар мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдсон байх тул оршуулгын зардал, зан үйлтэй холбоотой хохирол төлөгдсөн гэж үзэхээр байна.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц нь нас барсан хохирогчийн асрамжид байсан 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн А-ийн Э /РД-.../-д тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг түүнийг 18 нас хүртэл нь сар бүр гаргуулахаар холбогдох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн байна.
Иймд нас барсан хохирогчийн асрамжид байгаа А.Эг 18 нас хүртэлх хугацаанд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болох төлбөрийг шүүгдэгч Б.Ааас сар бүр гаргуулж хохирогчийн төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв. Ингэхдээ нас барсан хохирогч нь тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй, цалин хөлс орлогын байдал нь тодорхойгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх боловч түүний ямар орлоготой байсныг илэрхийлэх ямар нэгэн баримтгүй байгаа тул тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцох нь зүйтэй байна.
Хөдөлмөр, нийгмийн зөвшилийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 1904 төгрөг 76 мөнгө буюу сард 320.000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон байна.
Иймээс А.Эд халамжийн тэтгэвэр тогтоосон хугацаагаар буюу 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцохоор тогтов. Үүнд:
2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн А.Э нь 2031 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 18 насанд хүрэхээр байх бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож үзвэл түүнд төлбөл зохих төлбөрийг 12 жил 6 сарын хугацаанд олгохоор байна. А.Эд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн хэмжээ нь сард 174.000 төгрөг олгохоор тогтоогдсон байх тул /320.000-174.000=/146.000 төгрөгийн зөрүү төлбөрийг шүүгдэгч Б.Ааас сар бүр гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор байна.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
- Улсын яллагчаас шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах дүгнэлтийг,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч: Эрүүгийн хариуцлагын асуудал дээр ямар нэгэн саналгүй байна гэх,
- Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргахгүй, шүүгдэгч нь хохирогчид 11.266.673 төгрөг төлж барагдуулсан, мөн хүүхдийн тэтгэмжийн зөрүүг төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа тул түүнд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулах эрүүгийн хариуцлагыг тэнсэж өгнө үү гэж тус тус мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ”гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн (1хх-ийн 141-142х), бусад туслалцаа үзүүлсэн (1хх-ийн 174-176х, 178х), 1.4 дэх хэсэгт заасан “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” (1хх-ийн 88-89х) зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан, хүүхдийн тэтгэмжийг цаашид төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Тодруулбал, шүүгдэгч Б.Аын холбогдсон эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба тухайн гэмт хэрэг нь мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар болгоомжгүйгээр үйлдэгддэг, тэрбээр оршуулгын зардал, зан үйл үйлдэхтэй холбоотой гарсан зардлуудыг бүрэн төлж барагдуулсан, хүүхдийн тэтгэмжийн зөрүүг төлөхөө илэрхийлсэн байх тул дээрх байдлуудыг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 64 хоног цагдан хоригдсон болохыг дурдав.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид эрх хасах ял хэрэглэсэнтэй холбогдуулан түүний “...” ангиллын ... дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Б-ын Аыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ад тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй.
4. Шүүгдэгч Б.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Б.А нь нийт 64 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардалд 11.266.673 /арван нэгэн сая, хоёр зуун жаран зургаан мянга, зургаан зуун далан гурав/ төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Б.Ааас нас барсан хохирогчийн бага насны хүүхэд болох А-ийн Эд тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүү болох 146.000 төгрөгийг 18 нас хүртэл буюу 2031 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд сар бүр гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цад олгохоор тогтоосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад тус тус зааснаар хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “...” ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлжсүгэй.
9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй.
12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ