Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2017/ДШМ/10

 

Цегельник Валерий Петрович, Тарасюк Григорий Николавич

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

           

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Н.Батчимэг, О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Прокурор Б.Мөнхдөл, шүүгдэгч Цегельник Валерий Петрович, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Баяржаргал

Иргэний нэхэмжлэгч “Билэгт Хайрхан Уул ХХК”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгалан,

Хохирогч Дундговь аймгийн Өлзийт сумын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эрдэнэбилэг, орчуулагч С.Өлзийсайхан

Хохирогч Дундговь аймгийн Өлзийт сумын Тамгын газар болон хохирогч Д.Улаанхүү, иргэний нэхэмжлэгч “Билэгт Хайрхан Уул” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгалан нарын өмгөөлөгч Ц.Монгол,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Оюунсүрэн нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2017/ШЦТ/51 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Цегельник Валерий Петрович, Тарасюк Григорий Николавич нарт холбогдох 201412000033 дугаартай 15 хавтас 3546 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч хохирогч Д.Улаанхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхбат болон иргэний нэхэмжлэгч “Билэгт Хайрхан Уул” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгалан нарын өмгөөлөгч Ц.Монгол, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Баяржаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Оросын холбооны улсын иргэн,1955 оны 08 дугаар сарын 05-нд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Донеск мужын Терез хотод төрсөн, эрэгтэй, 62 настай, дээд боловсролтой, инженер, эдийн засагч, химич мэргэжилтэй, “Адил-Оч” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Намуун төгөл хотхон 3б байранд түр оршин суух, Оросын холбооны улсын Эрхүү муж, Ангарск хот 18 дугаар хороо 9-222 тоотод бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, зүрхний хагалгаа хийлгэсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Цегельник Валерий Петрович  /регистрийн дугаар: rus530416834/,

Оросын холбооны улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 05-нд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Челябинск мужын Тройцка хотод төрсөн, эрэгтэй, 36 настай, дээд боловсролтой, машин механизмын техникч мэргэжилтэй, “Адил-Оч” ХХК-ийн Чойр хэсгийн орлогч дарга ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 10 дугаар байр 21 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал,  ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Тарасюк Григорий Николавич /регистрийн дугаар:rus0000003692, ¹721064555/-д холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2, 183 дугаар зүйлийн 183.1, 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2017 оны 08 сарын 24-ний өдөр хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Цегельник Валерий Петрович нь “Адил-Оч” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасан “Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар магадлагаа хийлгэж зохих зөвшөөрөл авсан байна”, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан “ Ажил олгогч нь ажилтны ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн, эсхүл мэргэшсэн хүнийг авч ажлуулна”, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудалд үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгэхийг хориглоно”, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт заасан “ Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх сургалтанд хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж тус уурхайд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Оюунчимэгийн Энхбаатар нь жижиг оврын тракторт дарагдсан байдалтай нас барсан,

2. Шүүгдэгч Тарасюк Григорий Николавич “Адил-Оч” ХХК-ийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд жонш бутлах, ангилах, ялгах үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт хэсгийн орлогч даргаар ажиллаж байх хугацаандаа аюулгүй ажиллагааг ажлын онцлогт тааруулж өгөөгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт заасныг “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй” хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах үүргээ биелүүлээгүйн улмаас 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр уг компанийн бригадын даргаар ажиллаж байсан М.Норслойбаярын зүүн гарын сарвуу шигшүүрийн гинжинд хавчуулагдан зүүн гарын 2,3,4,5 дугаар хурууны тасрал бүхий хүнд хор уршиг учирсан,

Шүүгдэгч Цегельник Валерий Петрович “Адил-Оч” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байх хугацаандаа байгууллагад ашиглаж байгаа тоног төхөөрөмжийнхөө хаалт, хамгаалалтыг бүрэн хийгээгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд жонш бутлах, ангилах, ялгах үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт бригадын даргаар ажиллаж байсан М.Норслойбаярын зүүн гарын сарвуу шигшүүрийн гинжинд хавчуулагдан зүүн гарын 2,3,4,5 дугаар хурууны тасрал бүхий хүнд хор уршиг учирсан,

3. Шүүгдэгч Оросын холбооны улсын хөрөнгө оруулалттай “Адил-Оч” ХХК-ний ерөнхий захирал Цегельник Валерий Петрович  нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Хөтөл-Ус гэх газар MY-006399 дугаартай ашиглалтын талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахдаа “Билэгт Хайрхан Уул” ХХК-ний ХҮ-013544 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайруу нэвтэрч Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3, 36 дугаар зүйлийг тус тус зөрчиж хууль бусаар жонш олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас 105.913.328 төгрөгийн буюу онц их хэмжээий хохирол учирсан гэмт хэргүүдэд холбогджээ.

Анхан шатны шүүх: Нийслэлийн Прокурорын Газраас шүүгдэгч Цегельник Валерий Петрович, Тарасюк Григорий Николавич нарыг /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2, шүүгдэгч Цегельник Валерий Петрович /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Цегельник Валерий Петровичийг хууль бусаар ашигт малтмал ашиглаж олборлосны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Цегельник Валерий Петровичид /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Цегельник Валерий Петровичид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай  хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цегельник Валерий Петровичид /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, шүүгдэгч Цегельник Валерий Петрович, Тарасюк Григорий Николавич нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт битүүмжилсэн КАТ-320с маркын шар өнгөтэй 1 ширхэг, тээврийн хэрэгсэл, КАТ-320D маркын шар өнгөтэй 1 ширхэг тээврийн хэрэгсэл, DOOSAN-501 маркын улаан шаргал өнгөтэй 1 ширхэг тээврийн хэрэгсэл, Краз-3 эвдэрсэн бор ногоон өнгийн 23-70 УНЦ, 51-80 УБУ, 61-28 УНД дугаартай тээврийн хэрэгсэл, чиргүүл /улсын дугааргүй/, HOWO маркын 61-28 УБЗ дугаартай 1 ширхэг тээврийн хэрэгсэл, Краз чиргүүл 1 ширхэг, FAW маркын шар өнгөтэй 1 ширхэг тээврийн хэрэгслүүдийн битүүмжлэлийг иргэний нэхэмжлэлийг хангуулах үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 03 сарын 03-ны өдрийн 46 дугаартай яллах дүгнэлтийн орчуулагын зардал болох 110000 төгрөгийг шүүгдэгч Цегельник Валерий Петрович, Тарасюк Григорий Николавич нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулж, хохирогч Д.Улаанхүү, М.Норслойбаяр нар нь гэм хорын хохирлоо Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Цегельник Валерий Петровичоос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар олборлолт явуулж олсон ашигт малтмалын үнэ болох 1 169 294 000 /нэг тэр бум нэг зуун жаран есөн сая хоёр зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт, мөн байгаль орчны нөхөн сэргээлтийн төлбөр болох 105 913 328 /нэг зуун таван сая есөн зуун арван гурван мянга гурван зуун хорин найман/ төгрөг, харуул хамгаалалт болон шатахууны зардал болох 27 866 400 /хорин долоон сая найман зуун жаран зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч Билэгт хайрхан уул ХХК-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дэвтэр гэсэн гарчиг бүхий дэвтэр 6 ширхэг, уулын ажлын тайлан төлөвлөгөө, ТЭЗҮ гэсэн бичиглэл бүхий 14 хавтас баримтыг шүүгдэгч Цегельник Валерий Петровичд олгож, 2 ширхэг сидиг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Цегельник Валерий Петрович, Тарасюк Григорий Николавич нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Дундговь аймгийн Өлзийт сумын Тамгын газар болон хохирогч Д.Улаанхүү, иргэний нэхэмжлэгч Билэгт Хайрхан Уул ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгалан нарын өмгөөлөгч Ц.Монгол давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2017/ШЦТ/51 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна.

Хохирогч Улаанхүүгийн нэхэмжлэлийг хэргийг шийдвэрлэхдээ хамтад нь шийдвэрлэх боломж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын 3.19 дүгээр зүйлийн 1.5-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон” гэж заасныг баримтлан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисонд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т “Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусдад хүнд хор уршиг учисан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуудах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар “Уул уурхай, барилга, түүнчлэн тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр бусад аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчсний улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 138.2, 183.1 заалтууд тус тус Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдана. Иймд Цегельник Валерий Петрович, Тарасюк Григорий Николавич нарт холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэх үндэслэлтэй байсан. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байгаа тул шийтгэх тогтоолыг хянан өөрчлөлт оруулж, дээрх хуулийг хэрэглэн шийдвэрлэн иргэний нэхэмжлэлийг хангуулахаар давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Баяржаргал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу өмгөөлөгч, яллагдагч нарын зүгээс анхан шатны шүүх хуралдаан явагдахаас өмнө шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаж Эрүүгийн хуулийн 31 дүгээр зүйлийн 6.3, 6.4, 6.13, 6.15 дугаар зүйлүүдэд заасний дагуу хэлэлцүүлэг явуулахыг хүссэн. Гэтэл анхан шатны шүүх, хуралдаан даргалагч таны хүсэлтийг ойлгож байгаа шүүх хуралдаан дээр хүсэлтийг чинь хэлэлцүүлээд явъя гэж хэлсэн. Хурал орчуулагч байхгүй гэсэн шалтгаанаар удаа дараа хэд хэдэн удаа хойшилсон. Гэтэл яллагдагчийг шүүхэд 2 дахь удаагаа шилжүүлнэ гэж байхгүй, хуучин хууль хэрэглээд явчихсан тул энэ чигээрээ явна гээд шүүх хурлыг үргэлжлүүлэн явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана гэсэн заалтыг зөрчсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь ОХУ-ын иргэн Цегельник Валерий Петровичийг Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Хөтөл-Ус гэх газар МУ-006399 дугаартай ашиглалтын талбайд ашигт малтмал өөрийнхөө талбай дээр олборлох үйл явцдаа Билэгт хайрхан уул компаний ХҮ-013544 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газарт нэвтэрч хууль бусаар жонш олборлох үйл ажиллагаа явуулсан гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ ашиглалтын талбайд нэвтэрч жонш олборлох үйл ажиллагаа хийсэн үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.5-д тухайн үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэсэн заалтад хамаарч байгаа талаар ярьж, мэтгэлцсэн боловч энэ талаар шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй. 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр бичсэн хуучин яллах дүгнэлт, Эрүүгийн 201412000033 дугаартай хэргийн материалд авагдсан бичгийн бүх нотлох баримтуудаар тусгай зөвшөөрлийн газраас хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон. Энэ үйлдэл нь тогтоогдсоор байтал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4-т заасан энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн заалтыг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийг тус тус зөрчсөн гэж яллагдагч болон өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргаж байна. Шүүхийн шийтгэх тогтоол нь шүүгдэгчийн гэм буруутайг тогтоох, өмгөөлөгчийн санал дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг огт бичээгүй орхигдуулсан.

Анхан шатны шүүх хуралдаан явагдахаас өмнө 6 дугаар сарын 15-нд яллах дүгнэлтийг гардаж авснаас хойш яллах дүгнэлтээ бүрэн гүйцэт гардуулж өгөөч, яллах дүгнэлтээ зөв орчуулж өгөөч гэсэн хүсэлт гаргаж өгсөн. Яллах дүгнэлт нь Google-ээр орчуулчихсан ямар ч утгагүй, хуульч хүн үзээд ойлгохгүй, ОХУ-ын иргэн өөрөө уншаад айсан. Яасан гэхээр яллагдагч гэдгийг шийтгэгдсэн этгээд гэж орчуулсан. Урьдчилсан хэлэлцүүлэг хийгээд үүнийг засаад өгөөч гэж гуйгаад байхад засч өгөлгүй орхигдуулсан. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар маргаан бүхий талбай нь улсын нөөцөд бүртгэлд авагдсан, ямар нэгэн байгууллага хайгуул хийгээгүй, тухайн талбай дээр Говь флюрит, Билэгт хайрхан Уул ХХК нар нь гэрээгээр болон хувь хүн ашиглалт явуулж байсан нь нэг мөр тогтоогдсонгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Цегельник Валерий Петрович 2008 онд Адил-Оч компаний захирал болсон. 2012-2014 онд энэ талбай дээр олборлолт явуулсан байдаг. Үүнээс өмнө олборлосон нөөцийг зөвхөн шүүгдэгч дээр ногдуулсан нь үндэслэлгүй байна гэж маргаж байгаа.

Мөн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх дээр хэлж энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргахад шүүх үндэслэлгүйгээр хүлээж аваагүй нь дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалтуудыг зөрчсөн учир шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий бус болсон гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Хэргийн бодит байдлыг тогтоогоогүй болон шинжээч нарын дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны үед хэлсэн болон мэтгэлцэхдээ Адил-Оч ХХК маргаан бүхий 006399 талбайд 2003 оноос хайгуул хийж байгаад 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар улсын нөөцөд баталгаажуулаад эрдэс баялагийн зөвлөлөөр ороод улсын нөөцөд авахуулсан байдаг. Ашигт малтмалын газрын, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2008 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 33 тоот тушаал гардаг. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилсон комисст уурхайг хүлээн авсны дараа уг уурхайг ажиллуулж эхлэхийг Адил-Оч ХХК-ийн захирал Адилбишд анхааруулсугай гэж бүр ашигла гэж заасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр хүссэн өргөдөлд дурьдсан талбайтай ямар нэгэн байдлаар давхцаагүй байхыг шаарддаг байна гэсэн. Тэгэхээр Билэгт хайрхан уул ХХК энэ талбайг эзэмшие гээд өргөдөл гаргахад хуулиараа улсын нөөцөд авсан талбайг давхцуулж олгохгүй үүрэгтэй байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасны дагуу шийтгэх тогтоол хуулийн шаардлага хангахгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд 6399А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 1,46 га буюу 14630 м.кв талбайд олборлолт явуулж 138610 м3 орон зай үүсгэсэн гэж талбайг буруу бичсэн. Шинжээч нар дүгнэлт гаргахдаа хайгуулын явцад тогтоогдсон нөөц, Монгол улсын эрдэс баялагын зөвлөлийн хуралдаанаар батлагдсан техник эдийн засгийн үндэслэлийг судалж дүгнэсэн бол дор хаяж байгаль орчныг нөхөн сэргээх зардлыг зөв гаргасан байх ёстой гэж үзэж байна. Тэнд байгаа үүссэн орон зайгаар л тооцоод тэдэн тонн хүдэр авсан байна гэж дүгнээд шинжээчийн дүгнэлт гаргасан. Яллах дүгнэлтэнд дурьдсан 10 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тухайн ашигт малтмалын үнийг уурхай дээрхи үнэлгээ 70,000 төгрөгний  ханшаар тооцоход нийт үнэлгээ нь 1 169 294 000 төгрөг болж байна гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь улсын нөөцөд албан ёсоор хүлээн авсан хүдрийн нөөцийн хэдэн хувийг 2012-2014 онд Цегельник.В.П олборлож ашигласан, 2003 оноос 2008 он хүртэлх хугацаанд хэний зөвшөөрлөөр ямар ямар компани хэдэн тонныг нь олборлож татварт яаж тайлагнасан нь Адил-Оч компаний татварт тайлагнасан тайлангуудаар батлагдана. 2003 оноос 2012 он хүртэл 9 жилийн зүйлийг Цегельник-т нялзаагаад байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шинжээчийг мөрдөн байцаагч томилдог. Нөгөө компани нь болохоор Адил-Оч ХХК-с санхүүгийн болон татварын анхан шатны бүх баримтуудыг нь хурааж авч өг, тэгээд бид дүгнэлт гаргая гэж цагдаад шаардлага тавьсан байдаг. Тэгэнгүүт  өөр компани томилоод дүгнэлт гаргуулсан. Эко тренд эдний анхан шатны баримтуудыг аваагүй байж дүгнэлт гаргасан. Байгаль орчны шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй ба ашигт малтмалын газрын 2009 оны 414 дүгээр тушаалын хавсралтыг үндэслэл болгож дүгнэлт гаргаагүй. Эко тренд ХХК-ийн хийсэн дүгнэлтээр: Хайгуулын ажлын тайлан нөхөн сэргээлтийн зардлыг 54 сая төгрөг гэж тооцсон байхад эко тренд 1 дахин өсгөөд 115 сая гэж дүгнэлт гаргасан. Мөн би түрүү хэлээд байсан урьдчилж төлөөд байсан мөнгөн дүнг хасаагүй. 2003 оноос хойш нөхөн сэргээлтэнд хэдэн төгрөг төлсөн гэдэг баримттай мөнгөн дүнгүүдийг хасаагүй. Энэ талаар баримт шаардаж аваагүй учир сум орон нутгаас та нар хэдэн төгрөг авсан байна гэж асуугаагүй. Адил-оч компаниас анхан шатны баримтууд аваагүй болохоор одоо 115 сая төгрөг гарлаа гэж бодоход тэрнээсээ тэдийг нь төлсөн байна шүү, одоо тэд үлдсэн байна шүү гэдгийг үнэлж байж шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гарах ёстой. Энэ баримтуудыг аваагүй байж шинжээчийн дүгнэлт гаргасан.

Мөн 22 дугаар хуудаст шинжээч томилохоос өмнө 2014 оны 11 дүгээр сард дээж авч байсан тухай бичээтэй байгаа. Тэгэхээр шинжээч одоо удахгүй Адил-Оч дээр хэрэг үүсгэнэ тэгэхээр би энэ талбайгаас дээж аваад явж байна гэх юм уу?. Ойролцоох талбайгаас нь дээж авсан зүйл харагдаад байгаа. Өөрөөр хэлбэл шинжээч нь энэ дүгнэлийг гаргах тухайгаа урьдчилан 2 сарын өмнө мэдчихсэн хайгуул хийгээд яваад байна гэсэн үг. Эко трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон мөрдөн байцаагчийн тогтоол нь 2015 оны 01-р сарын 26-ний өдөр гарч,  шинжээч дүгнэлтээ 2015 оны 02-р сарын 08-ний өдөр буюу 13 хоногийн дараа Цагдаагийн байгууллагад хүргүүлсэн. Энэ цаг хугацааны болон хэрэгт авагдсан зөрүүтэй цэгүүдтэй зургуудаар маргаан бүхий газарт очиж бодитой шинжилгээ хийсэн гэдэгт эргэлзээ төрж байгаа. Шинжээч маргаан бүхий талбай дээр үзлэг хийсэн. Үзлэг хийхдээ хуучин 2014 оныхоо материалыг ашигласан нь нотлогдоод байгаа. Тэгэхэд шинээр үзлэг хийсэн гэж яриад үзлэг хийхдээ Адил Оч, Билэгт хайрхан уул ХХК-уудийн төлөөлөгч нарыг оролцуулаагүй. Аль нь манай талбай аль нь танай талбай хэдэн метр хэтэрч үйл ажиллагаа явуулсан гэдгийг газар дээр нь тогтоох ажиллагаа ерөөсөө хийгээгүй. Тэгэхээр шинжээчийн дүгнэлт нь бодитой эсэхэд эргэлзээ төрөөд байгаа. Шинжээчийн дүгнэлтэнд лабораторийн шинжилгээний нэг ч дүгнэлт авагдаагүй байна. Гэтэл дүгнэлтийн 28-р хуудсанд Хөрсний үе давхаргын ялзмагын нөөцийг тооцсон арга гэх тооцоолол байгаа. Энэ шинжээчийн дүгнэлтэнд нэг ч лабораторын дүгнэлт байхгүй. Шинжээчийн дүгнэлтийн 2011 оны инфляцийн индекс 1,0 хувь байв гэсэн мөртлөө 2013 оны инфляцийн түвшинг 10,4 хувь гэж дүгнээд эдийн засгийн тооцоог бодсон нь үндэслэлгүй байна. Дүгнэлтийн 30 дугаар хуудсанд 2013 оны инфляцийн индекс 10,4 /Монгол улсын статистикийн хороо 2013/ гэж үг бичсэн болохоос тэр статистикийн хорооны баталсан нотолсон нотолгоо  авагдаагүй. Энэ бол үндэслэлгүй. Юуг нотолсон юм бэ?, Яахаараа 1,0  байсан зүйл 10 дахин өсдөг юм бэ?, Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх нөхцөл байдлуудаас харахад шинжээч яг газар дээр нь очиж шинжилгээ хийгээгүй.

Иймээс би энэ асуудлыг анхан шатны шүүх хуралдаан дээр ярьж урьдчилсан хуралдаан хийж байж энэ асуудлыг шийдүүлж байж хурал хийе гэхэд хүлээж аваагүй. Шинжээч А.Цэнд-Аюуш нь газар зүйч мэргэжилтэй бөгөөд байршил тодорхойлогч JPS бариад зургийн аппарат ашиглан дүгнэлт гаргасан болох нь хавтаст хэрэгт байгаа шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Улсын төсвийн хөрөнгөөр болон Адил-Оч компаний хайгуулын үр дүнд ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд нийт 2 ширхэг жоншны биет байгаа. Үүний бодит хэмжээ нь 100 000 000 тонн боломжтой нөөц нь 204.1 мянган тонн гээд улсын эрдэс баялагынхаа санд авчихаад байхад маргаан бүхий талбайд байсан улсын нөөцөөс хэдэн тонн үлдсэнийг нь шинжээчийн дүгнэлтэнд огт дурьдаагүй. Тиймээс 10 дугаартай шинжээчийн дүгнэлт нь хуулийн шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам зөрчих гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй талаар яръя. Адил-Оч ХХК-ийн Уурхай дээр болон Чойр хэсэгт осол гарсаны дараа тухайн компанийн бүх ажилчид  мэдүүлэг өгөхдөө би дарга биш, ерөнхий инженер биш, ажил дээрээ байгаагүй, хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгдөггүй, хувцас өгдөггүй байсан гэх мэт мэдүүлэг өгдөг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Цегельник нь ажлын байранд мөрдөх дүрэм журмыг боловсруулж, ажлын хэсэг, байр бүрт ажил удирдагчийг томилж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан материал хэрэгт авагдсан. Шийтгэх тогтоолд дурьдсан 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/53 дугаартай Хөдөлмөрийн сайдын тушаал гарсаны дараа  2013 оны 5 дугаар сард сургалт зохион байгуулж ажиллагсадыг хамруулсан тухай баримтууд  хэрэгт  хоёр удаа авагдсан байж байгаа.

Хавтаст хэрэгт тухайн осол болох үед хэн ямар ажил үүргийг хэний ямар тушаал шийдвэрээр хэрхэн гүйцэтгэж байсан, хэзээ сургалт явуулсан, хэн ямар зааварчилгаа өгсөн  талаар хангалттай нотлох баримт  авагдсан.  Шүүхээс нотлох баримтыг нэг бүрчлэн үнэлж үзээгүйд гомдолтой байна. Норслойбаяр гэж хүн Трасюк, Цегельник нарыг хоёуланг нь буруутгасан. Норслойбаяр өөрөө засварын бригадын дарга. Засварын бригадын дарга өөрөө засвар хийж байсан техник дээр очоод гардаггүй талаас нь овоолсон жоншны чулуун дээгүүр авирч очоод гинжин дунд хуруугаа хийчихсэн байж байсан. Гэтэл үл үзэгдэх орчинд ажиллаж байсан өөрийнх нь доор ажилладаг 2 хүн асаасан. Энэ хүний 4 хуруу нь тайрагдсан осол болсон. Золгүй явдал болсон. Шинжээчийн дүгнэлтээр өөрийнх нь буруутай ажиллаагаанаас болоод ийм осол гарсан гэдгийг хэлээд байгаа. Үүнд шүүх дүгнэлт өгөөгүй. Үүнийг няцаах ёстой. Гэтэл энэ хэрэгт Цегельник Валерий Петровичийг буруутгаад байгаа гол үндэслэл нь гинжний хаалт хийгээгүй гэж яриад байгаа. Цегельник Валерий Петрович гинжний хаалт хийгээгүй буруутайн улмаас энэ хүний хуруу тасарсан гэж үзээд байгаа. Засвар хийж байхад осолдогч өөрөө засварын бригадаа ахалж байсан. Ийм бодид байдлуудыг дүгнэж үзэхгүй байгаа.

Мөн Дундговь аймагт болсон пад пад трактор дээр хүн сууж яваад амь нас нь эрсэдсэн асуудал байгаа. Энэ хэрэг улсын Дээд шүүхээр орсон. Улсын Дээд шүүхийн тогтоолд юу гэж заасан бэ гэхээр Улсын Дээд шүүхийн 2015 оны 12-р сарын 16-ний өдрийн 364 дүгээр тогтоолд Хөтөл-Ус 2 жоншны ил уурхай руу нэвтэрхэд аюулгүй ажиллагааны ямар дүрэм зөрчигдсөн болон ямар албан тушаалтан гэм буруутай болохыг нарийвчилан тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь нэг талыг барьсан буюу гүйцэт биш хийсэн гэж дүгнээд хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан. Дундговьд хэрэг нь байсан, хот руу шилжсэн. Харъяалал гээд нааш цаашаа явсаар байгаад хотод очоод хотын мөрдөн байцаах дээр 2 удаа байцаагдаад шүүхэд шилжсэн гэхээр нь очоод үзэхэд наашаа шилжүүлсэн байсан. Өөр юу ч хийгээгүй. Улсын дээд шүүхээс уурхайд нэвтрэх аюулгүй ажиллагааны журам зөрчсөнийг тогтоо гээд байхад амралтаа аваад ирж байсан хүн зөрчсөн байж таарах уу?, Хэргийн гол учрыг Улсын Дээд шүүх тэгж үзээд байгаа. Гэтэл уурхайн дүрэм журмыг хариуцдаг уурхайн дарга Энхбат гэдэг хүн байсан. Тэр хүнийг харж байхад нь жижигхэн ковшны ард талд нь 2 хүн суучихсан, шанаган дотор нь бас хүмүүс суучихсан хажуугаар нь уурхайн зам руу орох гээд явж байсан. Түүнийг харсан уурхайн дарга нь больцгоо наадах чинь аюултай гэж хэлдэггүй. Ингэж яваад пад падны тормоз барихгүй онхолдоод хүний амь нас хохирсон. Үүн дээр Цегельникийг буруутгаад байгаа нь буруу гэж үзэж байна. Тиймээс Шийтгэх тогтоол бүхэлдээ хуулийн шаардлага хангаагүй. Шүүгдэгч Цегельник Валерий Петрович 2014 оноос хойш гэртээ хариагүй байгаа. Энэ хугацаанд 2 ч удаа хүндээр өвчилж, нэг удаа бүр зүрхний инфакт гэж өвчин тусч Интермэд, Монголын 3 дугаар эмнэлгүүдэд эмчлүүлж байж амь нас нь аврагдсан. Шийтгэх тогтоолд хилийн хориг тавьсан асуудлыг тусгаагүй байгаа. Тиймээс эрхэм шүүх бүрэлдэхүүн үүн дээр шийдвэр гаргаж өгөөч гэсэн саналыг гаргаж байна. “Адил-Оч” компани Орос захиралтай л болохоос 50 хувийг нь Цегельник эзэмшээд, 50 хувийг нь Адилбиш гэдэг хүн эзэмшдэг Монголын компани. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн гаргасан гомдлын шаардлагыг хангаж өгөөч гэж хүсч байна гэжээ.

Билэгт хайрхан уул ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгалан давж заалдах шатны шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс компаний бүх мэргэжлийн хүмүүсийг оруулаад хамтраад газар дээр нь хэмжилт хийгээд мэргэжлийн дүгнэлт гаргаад Адил-Оч компани хууль бусаар Билэгт хайрхайн уул компаний эзэмшлийн талбайд орж жонш олборлож байсныг тогтоосон байдаг. Өнгөрсөн шүүх хуралдаан дээр Адил-Оч ХХК-ийн захирал шүүгдэгчээс өөрөөс нь танай эзэмшилд ямар компаниуд байдаг вэ гэж асуухад миний мэдэхийн Флюрит Стар гэж хэлж байсан. Эдгээр нь бүгд жоншны охин компаниуд нь. Флюрит Стар нь манай талбай дээр очиж хууль бусаар жонш олборлосон нь баригдаад, түүнийг шүүгдэгчийн өмгөөлөгч Говь флюрит гэж мушгиж бичсэн байна. Уг нь бол флюрит стар гэж шүүгдэгчийн өөрийнх нь компани байдаг. Мөн хилийн маргаантай гээд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх дээр очоод хэрэгсэхгүй болж шийдэгдсэн.

Тэр нь шүүхэд авагдсан нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн захирамж болон захиргааны давж заалдах шатны шүүхийн тогтоолоор бүрэн тогтоогдсон. Хавтаст хэрэгт авагдсан хохирлын талаар гаргасан байгаль орчны үнэлгээг үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2017/ШЦТ/51 тогтоол нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий гарсан байх тул хэвээр үлдээж өгнө үү гэж хүсч байна гэв.    

Дундговь аймгийн Өлзийт сумын ЗДТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 11 дүгээр сарын 27-ноос 2017 оны 10 дугаар сарын 18-ныг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргаар ажилласан. Энэ хугацаанд Адил-Оч компаний үйл ажиллагааг бага сага мэднэ. 2014 онд Адил-Оч ХХК-ын талбай биш гэсэн маргаан үүсээд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг нь зогсоогоод түүнээс хойш үйл ажиллагаа явагдаагүй. 2016 оны 09 дүгээр сарын 12-нд байгаль орчны барьцаа хөрөнгө гэсэн мөнгө хийсэн байна. 2014, 2015 онуудад хийж байгаагүй. Адил-Оч компаниас сум орон нутгийн хамтын ажиллагаатай хөрөнгө оруулалт хийсэн мөнгөөр юу хийсэн, юу бүтээснийг ард түмэнд ил тод тайлагнадаг хэдэн сарын хэдэнд ямар данс руу хэдэн төгрөг шилжүүлсэн, тэр мөнгөөр сум орон нутаг ямар бүтээн байгуулалт, юу хийсэн талаараа тайлагнадаг болохоор би 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 7 000 000 төгрөгийг сайн мэдэж байна. Сумын ой болон бүтээн байгуулалтын томоохон арга хэмжээнд хөрөнгө оруулж хамтран ажиллана гэсэн гэрээ байдаг. Энэ гэрээнийхээ дагуу 10 000 000 төгрөгийг өгсөн. Жоншоо өндөр үнээр буюу 70 000 төгрөгөөр үнэлээд тэрбум гаран төгрөг гэж байх шиг байна. Эдний үйл ажиллагааг хааснаас хойш нинжа гэдэг хулгайч ороод нилээн зовоосон. Ялангуяа өвлийн улиралд их ордог. Сүүлдээ өвөл зунгүй ороод сумаас байнга түүнийг хөөж тууж, нураад хүн амины хэрэг гарах вий гээд санаа зовоод байдаг. Би сүүлдээ Билэгт хайрхан уул компанид өргөдөл өгсөний дагуу өнгөрсөн зунаас эхлээд Билэгт хайрхан уул компани хамгаалалт тавьсан байгаа. 2-хон хоногт хулгай хийсэн хэсэг бүлэг хүмүүсийн жоншны хэмжээ гэхэд 200-300 тонн гардаг байсан талаар мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт байдаг. Тэгэхээр тэр хэмжээний жонш гарсан байх магадлалтай байх. Бичил уурхай өөрсдийнхөө хөдөлмөр хөлсийг, бүх юмаа шингээгээд гаргаж ирсэн жоншоо зарахад манай тэнд 70 000 төгрөг байдаг. Тэр жонш Бор-Өндөрт юм уу Чойрт ирэхэд 150 000 төгрөгнөөс дээш үнэтэй байдаг юм шиг байгаа юм. Манай Хулдын жонш бол 300 000 гардаг гэж сураг сонссон. Тэгэхээр үнэлгээний хувьд болсон байх гэж бодож байна. Хэрэв тэр харуул хамгаалалт буугаад явах юм бол тэнд мал ч, хүн ч унаж үхэхээр аймшигтай дүр зураг бий. Тиймээс энэ талаар хурдан арга хэмжээ авч шүүхээр хурдан шийдмээр байна гэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй болж чадаагүй бөгөөд эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Шүүгдэгч В.П.Цегельникийг “Адил-Оч” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байх хугацаанд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөний улмаас 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажилчин О.Энхбаатар нь жижиг оврын тракторт дарагдаж нас барсан, мөн 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр уг компаний бригадын даргаар ажиллаж байсан М.Норслойбаярын зүүн гарын сарвуу шигшүүрийн гинжинд хавчуулагдан зүүн гарын 2,3,4,5 дугаар хурууны тасрал бүхий хүнд хор уршиг учирсан, мөн Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Хөтөл-Ус гэх газар MY-006399 дугаартай ашиглалтын талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахдаа “Билэгт Хайрхан Уул” ХХК-ний ХҮ-013544 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайруу нэвтэрч хууль бусаар жонш олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас онц их хэмжээий хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Н.Тарасюк нь “Адил-Оч” ХХК-ийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд жонш бутлах, ангилах, ялгах үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт хэсгийн орлогч даргаар ажиллаж байх хугацаандаа аюулгүй ажиллагааг ажлын онцлогт тааруулж өгөөгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн зөрчиж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах үүргээ биелүүлээгүйн улмаас 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр уг компанийн бригадын даргаар ажиллаж байсан М.Норслойбаярын зүүн гарын сарвуу шигшүүрийн гинжинд хавчуулагдан зүүн гарын 2,3,4,5 дугаар хурууны тасрал бүхий хүнд хор уршиг учирсан гэмт хэргүүдэд тус тус холбогдсон ба Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Цегельник Валерий Петрович, Тарасюк Григорий Николаевич нарыг /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2, шүүгдэгч Цегельник Валерий Петровичийг /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1, /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч В.П.Цегельник,  Г.Н. Трасюк нар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан, мөн бусдын ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайруу нэвтэрч хууль бус олборлолт явуулсны улмаас онц их хэмжээий хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хууль журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт холбогдох 2002 оны эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь /Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам, Аюулгүй ажиллагааны журам зөрчих/ 2015 оны шинэ Эрүүгийн хуулинд хуульчлагдаагүй, уг үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй болсон гэж үзэж, эрүүгийн хуулийг төсөөтөй хэрэглэхгүй гэсэн үндэслэлээр хэргийг  хэрэгсэхгүй болгосон нь буруу  байна.

 Харин шүүгдэгч нарын холбогдсон хэргийг шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн /Хүний амь насыг болгоомжгүй хохироох/, 11.3 дугаар зүйлийн /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах/ гэсэн гэмт хэрэгтэй дүйцүүлэн үзэх боломжтой байсан бөгөөд ингэж дүйцүүлж байгаа нь эрүүгийн хуулийг төсөөтөй хэрэглэж байгаа ойлголт биш юм.

Шүүгдэгч нарын үйлдэлд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, хүний биед хүнд гэмтэл учирсан байгаа тул тэдний үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 Харин шинэ, хуучин хуулиар оногдуулж болох ялыг нь харьцуулан үзэхэд  шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуучин хуулийг хэрэглэх нь зөв байх тул Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2, 183 дугаар зүйлийн 183.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байжээ.

Түүнчлэн Анхан шатны шүүхээс В.П.Цегельникиийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь зөв байх боловч

2002 оны /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай  хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн нь буруу байх бөгөөд харин Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байсан байна.

Мөн анхан шатны шүүх нь хууль бусаар олборлолт явуулж олсон ашигт малтмалын үнэ болох 1 169 294 000 төгрөгийг гаргуулж Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт, байгаль орчны нөхөн сэргээлтийн төлбөр болох 105 913 328 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Билэгт хайрхан–Уул” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бусаар олборлолт явуулж олсон ашигт малтмалын үнэ болох 1 169 294 000 төгрөгийг улсын төсвийн орлогод, байгаль орчны нөхөн сэргээлтийн төлбөр болох 105 913 328 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн 4-д заасны дагуу Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт олгож, харуул хамгаалалт болон шатахууны зардал болох 27 866 400 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс В.П.Цегельникт хилийн хорио тавьсан асуудлыг шүүх  шийдвэрлээгүй орхигдуулсан гэсэн гомдол гаргасан боловч хилийн хориог таслан сэргийлэх арга хэмжээ гэж үзэх учир шийтгэх тогтоолд таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр заасан нь хууль зөрчөөгүй байна.

         Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн “Адил-Оч” ХХК-ны 2012, 2013, 2014 онуудын ашигт малтмалын нөөц ашигласны татварын тайлан болон бусад баримтууд нь анхан шатны шүүхээр хэлцэгдээгүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна. Харин өмгөөлөгчийн хүсэлтээр тус баримтуудыг хавтас хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

         Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын давж заалдсан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.Улаанхүүгийн өмгөөлөгч Ц.Монголын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4,  2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2017/ШЦТ/51 дугаар шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Шүүгдэгч Цегельник Валерий Петрович, Тарасюк Григорий Николаевич нарыг /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2, шүүгдэгч Цегельник Валерий Петровичийг /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэг, 214 дүгээр зүйлийн 214.2 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцсугай” гэж,

 

2. Шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Цегельник Валерий Петрович, Тарасюк Григорий Николаевич нарыг /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2, шүүгдэгч Цегельник Валерий Петровичийг /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэснийг,

“Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Цегельник Валерий Петрович, Тарасюк Григорий Николаевич нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2, шүүгдэгч Цегельник Валерий Петровичийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэг, 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлснийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дугаар заалт болгож,

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дугаар заалтын “Шүүгдэгч Цегельник Валерий Петровичоос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар олборлолт явуулж олсон ашигт малтмалын үнэ болох 1 169 294 000 төгрөгийг гаргуулж Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгийн газарт, мөн байгаль орчны нөхөн сэргээлтийн төлбөр болох 105 913 328 төгрөг, харуул хамгаалалт болон шатахууны зардал болох 27 866 400 төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч “Билэгт хайрхан–Уул” ХХК-д олгосугай” гэснийг,

                 “Шүүгдэгч Цегельник Валерий Петрович болон Адил-Оч ХХК-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,3 дах хэсэг, 510 дугаар зүйлд зааснаар хууль бусаар олборлолт явуулж олсон ашигт малтмалын үнэ болох 1 169 294 000 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод, байгаль орчны нөхөн сэргээлтийн төлбөр болох 105 913 328 төгрөгийг гаргуулж Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газарт тус тус олгож, харуул хамгаалалт болон шатахууны зардал болох 27 866 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай’’ гэж тус тус өөрчилсүгэй.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4, 5 дахь заалтыг хассугай.

5. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ТЭГШСУУРЬ

                                               ШҮҮГЧИД                                   Н.БАТЧИМЭГ

                                                                                                   О.ОДНЯМАА