Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2021/0409

 

П.Ц-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч П.Ц нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 215 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн заалдах гомдлын дагуу П.Ц-н нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 215 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан П.Ц-с Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны А/272 дугаар захирамжийн Х.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Х.Б давж заалдах гомдолдоо: “... шийдвэрийг гардаж аваад гуравдагч этгээд талаас бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдан бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгчид Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 131 дүгээр захирамжаар тус дүүргийн 15 дугаар хороо 400 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар олгосон захирамж байдаг.

Харин 400 м.кв газрын байршил буюу кадастрын зураг, газрын хувийн хэрэг хавтаст хэрэгт авагдаагүй, шүүхийн журмаар нотлох баримт цуглуулахаар Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын хэлтэст албан бичиг явуулсан боловч байхгүй гэсэн хариуг өгсөн байдаг, мөн тус дүүргийн газрын хувийн хэрэг, газар эзэмших эрх олгосон захирамж зэрэгт үзлэг хийсэн боловч газрын хувийн хэрэг олдоогүй байдаг.

Гэтэл шүүхээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 131 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид олгосон газар нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны А/272 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд олгосон газартай давхцаж байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Гуравдагч этгээдийн зүгээс холбогдох бичиг баримт, хүсэлтийг гаргаж бусдын эзэмшилд байгаагүй газрыг өмчилж авсан бөгөөд газар өмчлөх хүсэлт гаргах үед бусдын эзэмшил, өмчлөлд байгаа талаар ямар нэгэн мэдээлэл авагдаагүй байсны үндсэн дээр хууль ёсны дагуу шударгаар өмчилж авсан байдаг.

Мөн нэхэмжлэгчид олгосон газрын эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2021/0215 дугаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/272 дугаар захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьтод зуслангийн зориулалтаар 189 м.кв газрыг Х.Б-д эзэмшүүлэхдээ тухайн газар нь бусдын эзэмшил, ашиглалтад байгаа эсэх, дээр нь байрлаж байгаа зуслангийн байшин газар эзэмших хүсэлт гаргасан этгээдийнх мөн эсэх зэргийг нягтлан шалгаж тогтоолгүйгээр бусдын байшин байрлаж байгаа газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Тухайн газар дээр байрлаж байгаа байшин нь нэхэмжлэгч П.Ц, түүний эцэг, эх 1986 оноос эзэмшиж амьдарч байсан болохыг гуравдагч этгээд үгүйсгээгүйн дээр хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0104 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2003 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 131 дүгээр захирамжаар /Хавсралтын 148-д/ П-н Ц-д Шаргаморьтод 400 м.кв газрыг эзэмшүүлсэн байх тул П.Ц-д тухайн газар эзэмших эрх Х.Б-с өмнө үүссэн гэж үзэхээр байна.

Газрын албанд дээрх газар эзэмшихтэй холбоотой хувийн хэрэг, кадастрын зураг байхгүй байх боловч тухайн захирамж, гэрчилгээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр бөгөөд П.Ц-н эзэмшиж, ашиглаж, амьдарч байсан байшин тухайн газар дээр байрлаж байх тул “... хувийн хэрэг, кадастрын зураг олдоогүй байхад гуравдагч этгээдэд олгосон газар давхцаж байна ... гэж шүүх дүгнэсэн нь нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Дээрх гэрчилгээ, газар эзэмшүүлсэн захирамжид газар эзэмших хугацааг 5 жил гэж заасан боловч Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжид 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно” гэж заасан тул уг хуульд заасан хугацааг баримтлалгүй, 15 жилээс бага хугацаагаар иргэнд газар эзэмшүүлснийг үндэслэн газар эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэхгүй. Иймд гуравдагч этгээдийн “газар эзэмших хугацаа дууссан байхад нэхэмжлэлийг хангасанд нь гомдолтой” гэх давж заалдах гомдлыг мөн хангах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2021/0215 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Х.Б-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ