Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 181/2017/02614/И |
Дугаар | 001/ХТ2018/00900 |
Огноо | 2018-05-31 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 001/ХТ2018/00900
Д.Аийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/03219 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 480 дугаар магадлалтай,
Д.Аийн нэхэмжлэлтэй
“К” ХХК-д холбогдох
Гаражийн төлбөрт шилжүүлсэн 2 700 ам.доллар буюу 6 560 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэнгийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.А, түүний өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн төлөөлөгч Д.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “К” ХХК-ийн барьсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 10/3 дугаар байрны подваль дахь авто зогсоолоос 2005 оны 12 дугаар сарын 30-нд тус компаний санал болгосны дагуу 18 м.кв талбай бүхий автомашины зогсоолыг 2 700 ам.доллароор худалдан авч, мөн 14 жил уг зогсоолыг эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд бид 2016 оны 9 дүгээр сард компанид хандан уг зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг шаардсан боловч хариу өгөөгүй. 2017 оны 3 дугаар сараас эхлэн миний эзэмшдэг зогсоолын өмчлөгч гэх Эм Эй Эф ББСБ ХХК зогсоолыг суллахыг шаардсан тул би 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр “К” ХХК-д хандан энэ талаар тайлбар өгөхийг хүсч уулзахад тус байрны 2 тоот айл тухайн үед зогсоолоо худалдаж аваагүй, та нар Эм Эй Эф ББСБ ХХК-тай шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл, санаа зоволтгүй гэж хэлээд надад ямар ч материал үзүүлээгүй. Ингээд Эм Эй Эф ББСБХХК-ийн ажилтнуудаас ямар үндэслэлээр зогсоол чөлөөл гээд байгаа тухай асуухад тус байрны подвал дахь автомашины зогсоолын бүдүүвч зургийг үзүүлсэн бөгөөд энэ зураг нь анх тус байрны СӨХ-д “К” ХХК-иас айл бүрт гаргаж өгсөн бүдүүвч зургаас өөр зураг байсан. Иймд би дахин “К” ХХК-д хандахад миний асуудлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн агуулга бүхий хариуг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн бөгөөд үүнээс үзэхэд “К” ХХК анхнаасаа хууль бусаар надад гаражийг давхардуулан борлуулж, намайг олон жил хуурч мэхэлсэн болох нь тодорхой болсон. Би зогсож байгаа зогсоолоо өөрчлөхгүй яг энэ зогсоолдоо хэвээр байна худалдаж авья гэсэн боловч таны зогсоол өөрчлөгдөхгүй гэж хэлсэн. Уг зогсоолоо худалдан авах болж тэр өдөр нь 2700 ам.доллар бүрдүүлж өгсөн. Ингээд 2004 оноос хойш уг зогсоолдоо тохирсон ёсоороо зогсож байгаа. Зогсоолын дэс дугаар гэж урьд нь байгаагүй одоо ч байхгүй хэвээр. Бид уг гэрчилгээн дээрх зогсоолыг худалдах-худалдан авах гэрээ хийгээгүй. Зогсоолуудын СӨХ-д өгсөн бүдүүвч зурган дээрх 8, 8 тоот гэсэн 2 зогсоолын тухай ярихаас 14, 15 тоотыг шилжүүлж авах ямар ч үндэслэлгүй. Эм-Эй-Эф ББСБ нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас уг байрны автозогсоолын схем зургийг авч надад үзүүлсэнээр би СӨХ-д н.Чинбатын хийж өгч тараасан схем зураг нь худал болохыг мэдсэн. Иймд миний бие уг зогсоолыг тухайн үедээ худалдан авсан 2 700 ам.доллар буюу 6 560 000 төгрөгийг “К” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К” ХХК Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөөний 10/3 байрыг барьж ашиглалтад оруулан зоорийн давхарт байрлах автомашины 15 дулаан зогсоолыг гэрээний дагуу авсан айлуудад нь эзэмшүүлэхээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн газарт 2005 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 05/99 тоот албан бичиг, зогсоолыг дугаарлан үзүүлсэн схем зургийг хүргүүлснээр айлууд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч эзэмшиж эхэлсэн. Д.Аийн давхардуулан олгосон гээд байгаа 12 тоот зогсоол нь 2 тоотод оршин суугч Н.Бын нэр дээр гарсан байсан. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Д.А нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөөний 10/3 байрны зоорийн давхарт байрлах өөрийн түрээслэж байсан 14 тоот дулаан зогсоолоо худалдаж авах хүсэлт тавихад нь иргэн Л.Ариунтунгалагийн нэр дээр улсын бүртгэлийн Ү-2203013743 дугаарт бүртгэгдсэн 14, 15 тоот дулаан зогсоолын гэрчилгээнээс 14 тоотыг салгаж авахаар тохирч Л.Ариунтунгалагтай худалдах-худалдан авах гэрээ хийхээр болж 2 700 ам.доллар тушааж авч явсан. Үүний дараагаас 12 тоот дулаан зогсоолыг эзэмшигч Н.Бтай зогсоолоо сольж тавьдаг байсан бөгөөд энэ талаар Н.Бнь гэрчийн тайлбараар шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн. Н.Бнь байр болон дулаан зогсоолоо ЭМ ЭЙ ЭФ ББСБ ХХК-ийн өмчлөлд 2006 оны 5 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн тул ЭМ ЭЙ ЭФ ББСБ ХХК нь гэрчилгээнд байгаа зогсоолоо Д.Аээс чөлөөлж өгөхийг шаардсан. ”К” ХХК нь Д.Ат 12 тоот зогсоолыг худалдахаар ямар нэгэн аман болон бичгээр хэзээ ч гэрээ байгуулж байгаагүй. ЭМ ЭЙ ЭФ ББСБ ХХК-ийн ажилтнуудын үзүүлсэн байрны подвол дахь автомашины зогсоолын бүдүүвч зураг нь анх тус байрны СӨХ-д ”К” ХХК-иас айл бүрт гаргаж өгсөн бүдүүвч зургаас өөр байсан гэж огт үндэслэлгүй гүжирдэж Д.А өөрийн хийсэн схем зургийг шүүхэд нотлох баримтаар өгсөн байна. Д.Аийн нотлох баримтад дурдснаар 1 сарын 90 000 төгрөгөөр түрээслэж байсан гэвэл өнөөдрийг хүртэл 140 сар ашигласан гэж үзвэл 12 600 000 төгрөг түрээсэнд төлөхөөр болж байна. Гэтэл Д.А нь тухайн үеийн ханшаар 2 970 000 төлж зогсоолоо аваад 12 жилийн турш ашиглаж байснаа шүүхээр мөнгөө өсгүүлж 6 560 000 төгрөг болгон авч ЭМ ЭЙ ЭФ ББСБ ХХК-иас дулаан зогсоолын мөнгийг төлөөд худалдаж авч болно гэсний дагуу мөнгө босгох гэсэн заль байна. Тухайн үед Д.А зогсоолоо худалдаж аваагүй байсан бол Н.Бзогсоолоо сольж тавихгүй байсан гэдгээс харахад Д.Ат мөнгө нэхэмжлэх ямар ч үндэслэл байхгүй. Иймд”К” ХХК-ийн тайлбар, нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэрэг нь Д.Аийн 12 жилийн өмнө 14 тоот зогсоолыг аваад хүний зогсоолд сольж тавьж байснаа өөрт нь худалдсан мэтээр шүүхийг төөрөгдүүлж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад одоо мэдэж байгаа мэт увайгүй залилан мэхэлсэн үйлдлийг хангалттай бүрэн нотолж байгаа тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн75.1, 75.2.2-т заасныг үндэслэн Д.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/03219 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ”К” ХХК-иас 3 296 700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ат олгож, нэхэмжлэлээс үлдэх 3 263 300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 67 697 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 480 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/03219 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “К” ХХК-иас 6 560 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ат олгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 67 697 гэснийг 119 910 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “К” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 997 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Аээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 168 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 1. Нэхэмжлэгч Д.Аийн “өөр өмчлөгч гарч ирсэн. Тиймээс мөнгөө буцааж авъяа” гэж тайлбарласныг шийдвэр, магадлалынхаа үндэслэл болгож улмаар нэхэмжлэл, гомдлыг хангаж шийдвэрлэж байгаа нь үнэн бодит байдалтай нийцэхгүй байна. “К” ХХК Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөөний 10/3 байрыг барьж ашиглалтанд оруулан зоорийн давхарт байрлах машины 15 ширхэг дулаан зогсоолыг гэрээний дагуу авсан айлуудад нь өмчлүүлэхээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн газарт 2005 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 05/99 тоот албан бичиг, зогсоолыг дугаарлан үзүүлсэн схем зургийг хүргүүлснээр айлууд үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан. Дээрх албан бичгийн дагуу гараж худалдан авсан эзэмшигч нар улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ авсан. Д.А нь 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргаж авах тухай хүсэлтээ гаргаж аль хэдийнээ өмчлөх эрхийн гэрчилгээ нь Л.Ариунтунгалагийн нэр дээр улсын бүртгэлийн Ү-2203013743 дугаарт бүртгэгдчихсэн байсан 14, 15 тоот дулаан зогсоолын гэрчилгээг салгаж өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулахаар тохиролцож, өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь авч явсан ба уг зогсоолоо саадгүй эзэмшиж, ашиглаж байсан. Д.Аийн давхардуулан олгосон гээд байгаа 12 тоот зогсоол нь 2 тоотод оршин суугч Н.Бын авто зогсоол, Н.Бын зогсоол гэдгийг ч Д.А ч сайн мэдэж байгаа Л.Ариунтунгалаг гэрчилгээгээ салгая гэж удаа дараа шаардахад Би завгүй байна. Танай 15 тоот зогсоолыг зарчихгүй. Би мөнгөө тушаасан учир та нарт айх шалтгаан байхгүй гэсээр өнөөдрийг хүрсэн. Үүний дараагаас 12 тоот дулаан зогсоолыг эзэмшигч Н.Бтай зогсоолоо сольж тавьдаг байсан бөгөөд энэ талаар Н.Бнь гэрчийн тайлбараар шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн. Н.Бнь байр болон дулаан зогсоолоо ЭМ ЭЙ ЭФ ББСБ ХХК-ийн өмчлөлд 2006 оны 5 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн тул ЭМ ЭЙ ЭФ ББСБ ХХК нь гэрчилгээнд байгаа зогсоолоо Д.Аээс чөлөөлж өгөхийг шаардсан. Энэ үеэс эхлэн Д.А нь 13 тоотыг солиод авчихмаар байна. Танай компани надад анхнаасаа зарсан гэж тус болооч гээд байхаар нь манай компаний зүгээс “2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 2017/15 тоотоор”... та анхнаасаа 14 тоотыг авсан. Ямар нэгэн залилан хийх хэрэггүй...” гэсэн тодорхой хариу өгснийг нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна. “К” ХХК нь Д.Ат 12 тоот зогсоолыг зарахаар ямар нэгэн аман болон бичгээр хэзээ ч гэрээ байгуулж байгаагүй. Хэрэв Д.Аийн нэхэмжлэлд дурьдснаар манай компани анхнаасаа энэ хүнийг хууран мэхэлж 12 тоот зогсоолыг давхардуулан олгосон бол Д.Атэй гэрээ байгуулж үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн газарт албан тоот болон, схем зургийг хүргүүлж тэр дороо л давхардуулан залилан хийсэн нь тодорхой болж цагдаагаар шалгуулах, хуульд заасан хугацаанд ямар нэгэн арга хэмжээ авч зөрчигдсөн гэж үзэж байгаа бол эрхээ сэргээлгэх байсан. Тухайн үед Д.А зогсоолоо худалдаж аваагүй байсан бол Н.Бзогсоолоо сольж тавихгүй байсан гэдгээс харахад Д.Ат мөнгө нэхэмжлэх ямар ч үндэс байхгүй. 2. 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Д.А нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөөний 10/3 байрны зоорийн давхарт байрлах өөрийн түрээслэж байсан 14 тоот дулаан зогсоолоо худалдаж авах хүсэлт тавихад нь иргэн Л.Ариунтунгалагийн нэр дээр улсын бүртгэлийн Ү- 2203013743 дугаарт бүртгэгдчихсэн байсан. 14, 15 тоот дулаан зогсоолын гэрчилгээнээс 14 тоотыг салгаж авахаар тохирч нотариат дээр Л.Ариунтунгалагтай уулзаж худалдах худалдан авах гэрээ хийхээр болж 2700 ам.доллар тушааж гэрчилгээг эх хувиар нь авч яваад, гэрчилгээ Д.Ат байгаа учраас зогсоолд 2005 оны 12 сарын 30-ны өдрөөсөө эхлэн автомашинаа байрлуулж, зогсоолыг ашиглаж, эзэмшиж байсан ба өмчлөх эрхээ баталгаажуулахаас Д.А өөрөө зугтаж, хойш тавьсаар ирсэн. Анхан шатны шүүх эрх нь зөрчигдсөн үеэс эрх ашиг нь хөндөгдсөн байна гэж үзсэн нь үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. Д.А нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөөний 10/3 байрны Сууц өмчлөгчдийн холбооны дарга учраас нийт оршин суугчид тэр дундаа авто зогсоол эзэмшигч, өмчлөгч нараас дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалтын зардал, цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалтыг хариуцан ажиллаж байсан хүний хувьд аль нь хэний зогсоол гэдгийг хамгийн сайн мэдэж байгаа. Хэрвээ 12 тоот Батбаярын зогсоолыг Д.А худалдан авсан юм бол сүүлд Эм Эй Эф ББСБ-аас дахин худалдан авах шаардлага байхгүйн дээр уг орон сууцанд ашиглалтанд орсон үеэс амьдарч байгааг шүүх анхаарч үзэлгүй, эрх нь зөрчигдсөн үеэс, эсвэл мэдсэн үеэс хугацаа тоолно гэж буруу дүгнэлт хийсэн. 3. Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шаардлагын үндэслэлээ 2017 оны 11 сарын 17-ны өдөр /хх-ийн 76 дугаар тал/ “2015 оны 12 сарын 30-ны өдрийн буюу зогсоол худалдан авах аман хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж...” гэж тодруулсан нь хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага уу, эсвэл хэлцлээсээ татгалзаж харилцан өгсөн авснаа буцаахыг шаардаж байна уу гэдгийг тодруулахгүйгээр “К” ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн нь тодорхойгүй гэж үзэж байна. Нэгэнт Л.Ариунтунгалагийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарчихсан байсан, Л.Ариунтунгалаас өмчлөх эрхийг гэрчилгээг Д.А нь эх хувиар нь аваад, өмчлөх эрхээ шилжүүлэн аваагүй нь 2016 оны 11 сарын 8-ны өдрийн шүүх хуралдаан дээр өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь гаргаж өгч байгаа нь 2015 оны 12 сарын 30-ны өдөр гараж худалдах, худалдан авахаар тохиролцсон нь нотлогдож байгаа юм. Д.Аийн тухайн үед худалдан авсан авто зогсоол нь биед байдлаараа байсаар байхад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа нь бодит үнэнтэй нийцэхгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Д.А хариуцагч “К” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 2 700 ам.доллар буюу 6 560 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.
Анхан шатны шүүх хариуцагчаас 3 296 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх 6 560 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болсон тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Зохигч талуудын хооронд 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гараж худалдах-худалдан авах гэрээ амаар байгуулагдсан, нэхэмжлэгч гаражийн үнэд 2 700 ам.долларыг төлсөн, гаражийг эзэмшиж, ашиглаж байгаа боловч өмчлөх эрхээ шилжүүлж аваагүй үйл баримт тогтоогдсон байна.
Гэрээний зүйл буюу гараж нь нэхэмжлэгчийн эзэмшиж буй гараж мөн эсэх асуудал зохигчийн хооронд маргааны зүйл болжээ. Нэхэмжлэгч Д.А нь 2006 оноос хойш худалдах-худалдан авах гэрээний дагуу 12 тоот гаражийг эзэмшиж байгаа гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэгчийг 14 тоот гаражийг худалдан авсан, 12 тоот гаражийг өмчлөгч Н.Бтай харилцан тохиролцоод сольж эзэмшиж байсан, 14 тоот гараж бол түүний худалдан авсан эд хөрөнгө гэж мэтгэлцсэн байна.
Маргаж буй 12 тоот гаражийн өмчлөгч нь Н.Ббайх ба Н.Бнь уг гаражийг Эм Эй Эф ББСБ-ын өмчлөлд 2006 оны 5 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлжээ. 2017 оны 3 дугаар сараас эхлэн Эм Эй Эф ББСБ-аас гаражийг чөлөөлөхийг мэдэгдснээр нэхэмжлэгч нь өмчлөх эрхээ олж авч чадахгүй болсноо мэдэж, шүүхэд хандсан гэжээ.
Хариуцагчийн хүсэлтээр асуугдсан гэрч Н.Б“2005 онд өглөө 7 цаг 20 гээд гардаг байсан, гарахад амар байсан тул Д.А эгчийн гуйснаар машинаа түүний гаражид сольж тавьдаг байсан. Д.А нь миний зогсоол дээр машинаа тавьдаг байсан...” гэж мэдүүлсэн байна. Нэхэмжлэгч Д.А нь Н.Бтай гараж солих талаар ярьж тохиролцож байгаагүй, түүний мэдүүлэг үндэслэлгүй гэсэн тайлбарыг өгсөн байна.
Дээрх тохиолдолд шүүх гэрээг байгуулсан талууд, тэдгээрийн хоорондох тохиролцоог хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэж, “К” ХХК-ийг гэрээгээр тохирсон гараж, түүний өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй гэсэн үндэслэлээр гэрээнээс татгалзсан нэхэмжлэлийн үндэслэлийг тогтоогдсон гэж үзэж талуудын өгсөн авсныг буцаах үр дагаврыг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдолд заасан “...шүүх нотлох баримтыг бодитой үнэлж чадаагүй, ...12 тоот зогсоолыг давхардуулан худалдаагүй, анхнаасаа нэхэмжлэгч 14 тоот зогсоолыг авсан, ...өмчлөх эрх шилжүүлэх баримтыг түүнд гэрээ байгуулахдаа өгсөн...” гэсэн гомдлыг хангах боломжгүй байна.
Хоёр шатны шүүх нэхэмжлэгч 2700 ам.долларыг хариуцагчаас буцааж шаардах эрхтэй гэж үндсэндээ адил дүгнэлт хийсэн боловч анхан шатны шүүх ам.долларын ханшийг гэрээ байгуулсан үеийн ханшаар, давж заалдах шатны шүүх нэхэмжлэл гаргасан үеийн байдлаар тооцсноос өөр өөр шийдвэр гаргажээ. Гэрээний зүйл гадаад валют буюу ам.доллар тул уг мөнгийг буцааж өгөх үр дагавартай бөгөөд нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар тооцсон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуульд нийцсэн байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 480 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА