Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/00057

 

ХХААХҮЯ-ны

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2017 оны 6 дугаар сарын 21-ний  өдрийн 102//ШШ2017/01835 дугаар шийдвэртэй,  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2017/01923 дугаар магадлалтай,

ХХААХҮЯ-ны нэхэмжлэлтэй,

М Н  ХХК, Б Ү  ХХК, Э  ХХК, Ө М  ХХК, Ш З  ХХК, Т Х  ХХК-д тус тус холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 11.662.549.353,9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Т Х  ХХК-ийн төлөөлөгч Д.Э-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, Н.Н, С.Рэгзэдмаа, хариуцагч  М Н  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, түүний өмгөөлөгч Л.Х, Б Ү  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан оёдол, нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхэд зээлийн бодлогоор дэмжиж, борлуулалтад нь дэмжлэг үзүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголын оёдлын нэгдсэн холбоо, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос санаачлан сурагчийн дүрэмт хувцасыг кластераар үйлдвэрлэх, монгол ноосон даавуу үйлдвэрлэх төслүүдийг дэмжихийг хүсч төслөө ирүүлсэн. Үүний дагуу эдгээр төсөл нь хэрэгжих боломжтой, дотоодын захиалагч, зах зээл нь баталгаатай гэж үзэн дэмжих зорилгоор Монгол улсын Засгийн газар 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдөр сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай  250 дугаар тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17.0 тэрбум төгрөг, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд байршиж байгаа ноос, ноолуурын зээлийн эргэн төлөлтөөр хуримтлагдсан хөрөнгийн эх үүсвэрээс 6.0 тэрбум төгрөг нийт 23.0 тэрбум төгрөгийг сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгчдэд 2013 онд багтаан эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан бөгөөд сурагчийн дүрэмт хувцасны захиалга, үйлдвэрлэл, нийлүүлэх, зээлийг ашиглах болон эргэн төлөх зэрэг арга хэмжээг Засгийн газрыг төлөөлж гэрээ байгуулан зохион байгуулж хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд, Хөдөлмөрийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт даалгасан.

Ийнхүү дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам хооронд байгуулсан ҮХААЯ-20130716-001, ХЯ-9/2013/02 тоот дамжуулан зээлдэх гэрээг үндэслэн Үйлдвэр хөдөө аж ахуйн яам нь М Н  ХХК-тай дараах 2 төрлийн зээлийн гэрээг байгуулсан. Тус компанитай 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх оёдлын компаниудад нийлүүлэх даавуу үйлдвэрлэхэд шаардагдах санхүүжилтэд зориулж 12.000.000.000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг аливаа хөрөнгийн барьцаагүйгээр 2013 оны 7 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй олгох үндсэн нөхцөлтэй ХҮГСДХ-1/8 тоот зээлийн гэрээг байгуулсан. Мөн компанитай 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр сурагчийн дүрэмт хувцасны нэмэлт иж бүрдэл болох сүлжмэл майк, кардиган үйлдвэрлэх зориулалттай хонины ноосон ээрмэл утас үйлдвэрлэхэд шаардагдах санхүүжилтэд зориулж 183.000.000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг, барьцаагүйгээр 2013 оны 7 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй олгох үндсэн нөхцөлтэй ХҮГСДХ-1/9 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээнүүдийн дагуу Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр тус компанийн худалдаа хөгжлийн банкны 405008308 дансанд эхний удаа 3.454.923.764 төгрөгийг, 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 7.728.076.236 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 440.000.000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 438.170.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.01 хувиар тооцож алданги төлөх үүрэг хүлээсэн. Зээлдэгч зээлийн төлбөрт 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 1.057.257.475 төгрөг төлсөн. 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ХҮГСДХ-1/9 тоот зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлд тусдаа иргэний хэрэг үүсгэсэн. 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн дамжуулан зээлдүүлэх гэрээ-ний 2.4, 3.6-д заасны дагуу төсөвт төвлөрүүлэх 23.0 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг тус яам хариуцсан бөгөөд гэрээнд заасны дагуу зээлийн хүү, алдангийг төлөгдөөгүй хоног тутамд төлөхөөр тусгагдсан байна. Зээлийн гэрээ байгуулагдсан өдрөөс талууд гэрээний хугацаа сунгаагүй даавуу зээлээр авсан компаниуд нь үндсэн нийлүүлэгч компанид зээлийн гэрээний хугацааг сунгах, гэрээнд харилцан тохиролцож ямар нэгэн нэмэлт өөрчлөлт оруулаагүй, гэрээг дүгнэж акт үйлдээгүй. Иймд, гэрээний 1.3-т заасны дагуу 11.622.549.353, 9 төгрөгийг хариуцагч нарт ногдуулж нэхэмжилсэн.

Сурагчийн дүрэмт хувцасны даавууг зээлээр авах итгэмжлэл авсан үйлдвэрүүд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын өрөөнд 9 хүний бүрэлдэхүүнтэй 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хуралдаад үйлдвэрүүд М Н  ХХК-иас олгож өгсөн даавууны зээл, зээлийн хүү, алдангийг шилжүүлж авахаар амалж төвлөрсөн нэг дансыг хүчингүй болгуулах тухай хурлын тэмдэглэл үйлдэж, бичлэг хийгдсэн. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д зааснаар яамтай эрх зүйн харилцаанд орсон. Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.4 дэх хэсэгт заасны дагуу оёдлын үйлдвэрүүд яамнаас олгосон мөнгөний дагуу М Н  ХХК-ийн нэхсэн даавууг Ө М  ХХК-иар дамжуулж дүрэмт хувцас үйлдвэрлэж, зах зээлд борлуулж төлбөрийг авсан учир зээлийн харилцаанд орсон байна. Засгийн газрын 250 дугаар тогтоол, дамжуулан зээлдүүлэх гэрээ, гурван талт ажил гүйцэтгэх гэрээнүүд нь зээлийн гэрээтэй салшгүй холбоотой. Оёдлын 7 үйлдвэрээс  2 нь гэрээ байгуулж, 5 компани байгуулаагүй. М Н  ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний 2.1.5-д зааснаар оёдлын үйлдвэрүүд оёсон хувцасаа зараад зээлээр авсан даавууны үнийг нэгдсэн дансаар буцаан төлөх үүрэг хүлээсэн.

Хариуцагч М Н  ХХК-иас үндсэн зээл 252.977.494,8 төгрөг, хүү 93.597.970 төгрөг, алданги 8.004.187,6 төгрөг нийт 354.579.652,4 төгрөг, Ш З  ХХК-иас үндсэн зээл 1.535.922.824 төгрөг, хүү 405.244.465,2 төгрөг, алданги 195.824.567,7 төгрөг нийт 2.136.991.847,9 төгрөг, Ө М  ХХК-иас үндсэн зээл 2.768.000.000 төгрөг, хүү 738.675.750 төгрөг, алданги 356.828.253,5 төгрөг нийт 3.863.504.003,5 төгрөг, Эрд сүлж ХХК-иас үндсэн зээл 968.936.291,2 төгрөг, хүү 243.023.790,6 төгрөг, алданги 118.015.526,1 төгрөг нийт 1.329.975.604,9 төгрөг, Т Х  ХХК-иас үндсэн зээл 1.444.045.890 төгрөг, хүү 366.859.298,3 төгрөг, алданги 177.843.934,3 төгрөг нийт 1.988.749.122,6 төгрөг, Б Ү  ХХК-иас үндсэн зээл 1.444.045.890 төгрөг, хүү 366.859.298,3 төгрөг, алданги 177.843.934,3 төгрөг нийт 1.988.749.122,6 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М Н  ХХК-ийн төлөөлөгч  Ч.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн УИХ-ын 30 дугаар тогтоолоор баталгаажсан Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 103 дугаар тогтоол, 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 250 дугаар тогтоол болон Иргэний хуулийн 343 дугаар зүйл заалтыг үндэслэн эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас кластераар үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх үүднээс мал ах ахуйн гаралтай түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар гаргасан зохих шийдвэр дүрэм, журам удирдамжийн хүрээ, хяналтанд дараах гэрээ, хэлцлүүд хийгдэж явагдсан. 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр дамжуулан зээлдүүлэх гэрээг зохих яамдын хооронд улсын хэмжээнд зохион байгуулахад зориулан хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийг үйлдвэрлэгчдэд дамжуулан зээлдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад зориулж байгуулсан. 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр сурагчдын дүрэмт хувцасны зориулалттай даавуу бэлтгэн нийлүүлэх гэрээгээр М Н  ХХК болон Ө М  ХХК хооронд материалыг зээлээр шилжүүлэн авч ерөнхий боловсролын сургуулиудад борлуулах тухай харилцан тохиролцсон гэрээ байгуулагдсан. 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хамтын ажиллагааны 6 тоот гэрээгээр зохион байгуулагч оёдлын нэгдсэн холбоо болон кластерийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч 7 аж ахуйн нэгжүүд байгуулсан байдаг. 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ажил гүйцэтгэх гурван талт гэрээ  байгуулагдаж оёдлын үйлдвэрүүд иж бүрдэл болгон нэг төвлөрсөн дансанд төвлөрүүлэх зохицуулалтыг баталгаажуулсан. 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Үйлдвэр хөдөө аж ахуйн яам болон оёдлын нэгдсэн холбооны хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд сурагчийн дүрэмт хувцасны эргэлтийн хөрөнгийн зээлийг дамжуулан аж ахуйн нэгжүүдэд олгох, бүтээгдэхүүний орлогыг төвлөрүүлж түүнээс үндсэн зээл, хүүг холбогдох сангуудын дансанд шилжүүлэх, буцаан төлөлтийн харилцааг зохицуулсан байдаг.

Эдгээр 5 гэрээ, хэлцэл байгуулагдаж дууссаны дараа 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Үйлдвэр хөдөө аж ахуйн яам болон М Н  ХХК хооронд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхэд шаардагдах даавууны санхүүжилтэнд зориулж 12.000.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан. Сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэх 850700 метр даавууг хуваарийн дагуу яамнаас сонгон шалгаруулсан оёдлын нэгдсэн холбооны оёдлын үйлдвэрүүдээс яаманд даавууг авахаар итгэмжлэл гаргаж Ө М  ХХК-д бэлтгэн нийлүүлсэн боловч 2013 оны 8 дугаар сарын 18-нд төслийг хамтран хэрэгжүүлсэн оёдлын үйлдвэрүүдийн санаачилага, үзэмж хүсэлтээр төслийн удирдагч хяналтын зөвлөлийн дарга гишүүд хамтран хуралдаж төвлөрсөн дансаа хүчингүй болгож, төвлөрсөн нэгдсэн нэг дансанд шилжүүлэх ёстой байсан борлуулалтын орлого тус компаниудын хувийн данснуудад шилжснээр төслийн эргэн төлөлт удааширч, зээлийн санхүүжилт эргэн төлөгдөхгүй байх боломж бүрдсэн. Оёдлын үйлдвэрүүд хэн нь хэдэн метр даавуу авсан талаар хүлээлгэж өгсөн бүх баримт хэрэгт байна. Даавууг зээлээр худалдаж авсан. Манай компанийн хувьд дамжуулан зээлдэх гэрээ гэж 3 яамны хамтарсан гэрээ байдаг бөгөөд энэ гэрээний дагуу төвлөрсөн дансаар явж дансны дугаарыг зааж, даавуу нийлүүлэх гэрээг энэ компаниудтай хий гэсэн заалт 3.3-т байна. Гэрээний 5.5-д энэхүү гэрээний хугацаа дууссанаар гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл харгалзах төлбөрүүдийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж заасан байдаг. Иймд, манай компанийн хувьд гэрээгээр заасан үүрэгт ажлаа бүрэн биелүүлсэн учир энэ заалтын дагуу үүргээс чөлөөлөгдөх үндэслэлтэй.

Хамтын ажиллагааны гэрээнд оёдлын үйлдвэрүүд 7 дугаар сарын 19-нд гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 1.5-д даавуу материалын татан авалт, хадгалах, хуваарлахыг Ө М  ХХК хариуцах бөгөөд хуваарлагдсан хуваарийн дагуу толгой компаниуд татан авалт хийнэ гэж заасан байдаг бөгөөд энэ байгууллагууд бүгд гэрээ байгуулж, тамга дарсан мөн даавуугаа авч сурагчдын дүрэмт хувцасыг борлуулахдаа боловсролын газраас сургуулиудтай гурвалсан гэрээ хийсэн. Энэ нь дамжуулан зээлдүүлэх гэрээнд тусгасан байна. Яам үүнийг оёдлын үйлдвэрүүдтэй байгуулсан гэрээний дагуу оёдлын үйлдвэрүүд энэ төвлөрсөн дансаар эцсийн борлуулалт хийнэ гэсэн. Яам хамтран ажиллах гэрээг үйлдвэрүүдтэй байгуулсан бөгөөд энэ гэрээний дагуу сурагчдын дүрэмт хувцсыг Хаан банкны дансаар явуулна. Эргэж төвлөрлөөс бүх зээлийг татан авна гэдгийг тусгасан бөгөөд энэ бүх гэрээ нь хоорондоо уялдаа холбоотой гэрээнүүд байсан.

Манай компанид 12.000.000.000 төгрөг шилжүүлэх байсан ч 120.000.000 төгрөгийг хяналтын зардал гэж суутгаж авсан. Хамтран хариуцагчаар татагдсан 5 компани хурлын тэмдэглэлийн дагуу яамтай гэрээ байгуулаагүй. Зээлийн гэрээний дагуу 132.000.000 төгрөгийг төлөх үндэслэлтэй, нэмж алданги 8.000.000 төгрөг нэхэмжилсэн ч манайх гэрээгээр заасан цаг тухай бүрт нь үүрэгт ажлаа хийсэн тул зөвшөөрөхгүй. Мөн хүү 93.000.000 төгрөг ногдуулсан нь 12.000.000.000 төгрөгт ногдуулсан байна. Иймд, 132.000.000 төгрөгт 3.000.000 төгрөгийн хүү төлөх ёстой гэж үзэж нийт 136.165.311 төгрөг төлөх үндэслэлтэй бөгөөд үлдэгдэл даавууг борлуулаад төлнө гэжээ.

Хариуцагч Б Ү  ХХК-ийн төлөөлөгч  М.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжилсэн дүнг зөвшөөрөхгүй. ХХААХҮЯ-тай эрх зүйн харилцаанд ороогүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч  Т Х   ХХК-ийн төлөөлөгч  Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар ижил. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Ө М ХХК-ийн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  М Н  ХХК-иас даавуу авсан тул даавууны төлбөрийг  М Н   ХХК-д  төлнө. Яамтай байгуулсан ямар нэгэн гэрээ байхгүй, зээл аваагүй гэжээ.

Хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н шүүх хуралдаанд  гаргасан  тайлбартаа: Бидний хувьд нөхцөл байдал өөр. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай Э  ХХК нь 1.8 гаруй тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. 2013 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Э  ХХК-ийн дансанд орж ирсэн. 3 хоногийн дараа энэ дансанд орж ирсэн төлбөрийг П  ХХК руу шилжүүлсэн. Энэ гэрээний хэрэгжилт П  ХХК-тай холбогдож яаманд П  ХХК-иас 148.9 сая төгрөг төлсөн. Үлдэгдэл үндсэн зээл 759.000.000 төгрөг, алданги 18.000.000 төгрөг, зээлийн хүү 33.000.000 төгрөг 812.300.000 төгрөг төлөгдөөгүй байсныг шүүхээс шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Үүнээс өөрөөр яамтай холбоотой эрх зүйн харилцаанд ороогүй. Э ХХК-тай холбоотой гуравдагч этгээд П  ХХК-иас тайлбар гаргасан. П  ХХК нь яам болон М Н  ХХК-тай харьцаж байгаа. П  ХХК төлбөрийг авсны дараа шилжүүлж Э ХХК-тай туслан гүйцэтгэгчээр ажиллахаар гэрээ байгуулсан. Э  ХХК-ийн өмнөөс хувцас оёхоор болсон бөгөөд энэ асуудлыг Орхон аймгийн Сум дундын шүүх 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1253 тоот шүүхийн шийдвэрээр туслан гүйцэтгэгчийн гэрээг хүчингүйд тооцсон. Ингээд П  ХХК нь Э ХХК-тай байгуулсан харилцаа хууль бус гэдэг нь тогтоогдож байгаа.

Мөн М Н  ХХК-иас даавуу авсан гэж байгаа боловч энэ хэрэгт Э  ХХК нь М Н  ХХК-тай гэрээ байгуулж даавуу авсан талаар баримт, гэрээ байхгүй. Харин П  ХХК даавуу авсан хэд хэдэн баримт байдаг. П  ХХК-ийн захирал н.Ундармаа, М Н  ХХК-ийн нягтлан н.Сүнжидмаа хоёр 1.046.000.000 төгрөгийн даавууны өглөг, авлага байгаа талаар тооцоо нийлсэн акт байна. Мөн П  ХХК нь М Н  ХХК-иас даавуу авсан 10 ширхэг падаан, П  ХХК-иас төлбөр төлнө гэсэн бичгээс өөр Э  ХХК нь даавуу хүлээж авсан гэх баримтгүй. 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хамтран ажиллах гэрээнд Э  ХХК гэж гарын үсэг зурсан боловч энэ гарын үсгийг н.Сарантуяагаас охин н.Төгсөөд  Э  ХХК-ийг төлөөлж оёдлын нэгдсэн холбоотой гэрээ хийж, гарын үсэг зурах итгэмжлэл олгосон. Энэ итгэмжлэлийг Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1253 дугаар шийдвэрээр мөн адил хүчингүй болгосон. Энэ хэргийн талаар 3 гэрч мэдүүлэг өгсөн бөгөөд гэрч Д.Жаргалмаа өмнөх шүүх хуралдаанд Э ХХК нь сурагчийн дүрэмт хувцас оёх боломжгүй, чадваргүй компани, үүнийг өөр компани хэрэгжүүлсэн гэж хэлсэн. Тэрээр  06 тоот гэрээг зохион байгуулсан. Хуулийн этгээдийн хооронд бараа хүлээж авсан, орлого, зарлага гарсан, үүргийн харилцаа үүссэн талаар анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт, санхүүгийн тайлангаар өглөг, авлага үүссэн нь батлагдах бөгөөд гэрч нарын мэдүүлгээр нэг аж ахуйн нэгж, төрийн үйлчилгээг шилжүүлсэн тул хариуцлага хүлээлгэх  асуудалд  Э ХХК  хамааралгүй, иргэний эрх зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухай үед Үйлдвэр, хөдөө аж ахуйн төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд уг үйл ажиллагааг удирдаж байсан. Засгийн газрын 250 дугаар тогтоолоор 23.000.000.000 төгрөгийн  хөнгөлөлттэй зээл гаргаж 2.000.000.000 төгрөгийг сүлжмэлд, 12.000.000.000 төгрөгийг даавуунд, 9.000.000.000 төгрөгийг  оёдлын компанид хуваарилагдсан эх үүсвэр байсан. Анх энэ асуудлыг М Н  ХХК нь яамтай гэрээ байгуулж зээлээр авсан. 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр нийт 7 компани хүсэлт гаргаж миний өрөөнд хуралдаанд үйл ажиллагаа явуулж байсан нэгдсэн нэг дансыг үгүйсгээд М Н  ХХК-ийн нэр дээр бичигдсэн байгаа зээлийн өрнөөс өөрсдийн хүлээж авсан даавууны үнийн хэмжээгээр бүх зээлийг тооцож үүнтэй холбогдох хүү, алдангийг өөрсдөө хариуцна гэсэн бөгөөд яамтай шууд гэрээ байгуулна гэсэн бөгөөд энэ талаар нотлох баримт болон аудио бичлэг байгаа. Үүнээс 7 компаниас 2 компани нь яамтай гэрээ байгуулсан бөгөөд үлдсэн 5 компани гэрээ байгуулаагүй. Засгийн газар болоод аж ахуйн нэгжид ямар нэгэн зардалгүй зүйл гэж байдаггүй тул хүү, алданги заавал тооцох ёстой гэж бодож байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 102//ШШ2017/01835 дугаар шийдвэрээр, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч М Н  ХХК-иас 354.579.652,4 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд олгож, хариуцагч Ш З  ХХК, Ө М  ХХК, Б Ү  ХХК, Т Х  ХХК, Э  ХХК-д холбогдох 11.307.969.701,5 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М Н  ХХК-иас 1.930.848 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2017/01923 дугаар магадлалаар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  6 дугаар  сарын  21-ний өдрийн 102/ШШ2017/01835 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М Н  ХХК-иас 354.579.652,4 төгрөг, Ш З  ХХК-иас 1.535.922.824 төгрөг, Ө М  ХХК-иас 2.768.000.000 төгрөг, Т Х  ХХК-иас 1.444.045.890 төгрөг, Б Ү  ХХК-иас 1.444.045.890 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.785.979.492,6 төгрөгт холбогдох хэсэг болон Э  ХХК-иас 1.329.975.604,9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтад 1.930.848 төгрөг гэсний дараа хариуцагч Ш З  ХХК-иас 7.837.564 төгрөг, Ө М  ХХК-иас 13.997.950 төгрөг, Т Х  ХХК-иас 7.378.179 төгрөг, Б Ү  ХХК-иас 7.378.179 төгрөгийг тус тус гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Т Х ХХК-ийн төлөөлөгч Д.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрөн иргэний хэргийн хамтран хариуцагч Т Х  ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт манай Т Х  ХХК-иас нэхэмжлэгчид буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд 1.444.045.890 төгрөгийг төлүүлэхээр өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн.

Ийнхүү шийдвэрлэхдээ 1.444.045.890 төгрөгний үнийн дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан 10 хувь буюу 131.276.899 төгрөгийн үнийн дүнг хасаж тооцоогүй байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, манай компани М Н  ХХК-иас тодорхой үнийн дүн, хэмжээ бүхий даавуу хүлээн авсан бөгөөд Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль тогтоомжоор 1.444.045.890 төгрөгнөөс түүний 10 хувь буюу 131.276.899 төгрөгийг хасаж тооцоход 1.312.768.990 төгрөгийг манай компаниас нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй юм.

Давж заалдах шатны шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийж НӨАТ-ыг хасаж тооцоогүй байгаа нь эдийн засгийн хүнд хэцүү цаг үед манай компанид алдагдалтай хүндээр тусч байгаа юм.

Иймд, магадлалыг хянан үзэж, НӨАТ-ыг хасч 1.312.768.900 төгрөгийг нэхэмжлэгчид  төлүүлэх тухай өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

АҮЯ- анх М Н  ХХК-д холбогдуулж 2 удаагийн зээлийн   гэрээний үүргийн биелэлтэд зээл 12.681.513.374 төгрөг, хүү, алданги 209.537.005 төгрөг, нийт 12.891.050.379 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч татаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилжээ. М Н  ХХК-иас зээл 252.977.494,8 төгрөг, хүү 93.597.970 төгрөг, алданги 8.004.187,6 төгрөг, нийт 354.579.652,4 төгрөг,  Ш З  ХХК-иас зээл 1.535.922 824 төгрөг, хүү 405.244.465,2 төгрөг, алданги 195.824.567,7 төгрөг, нийт 2.136.991.847,9 төгрөг, Ө М  ХХК-иас зээл 2.768.000.000 төгрөг, хүү 738.675.750 төгрөг, алданги 356.828.253,5 төгрөг, нийт 3.863.504.003,5 төгрөг, Э  ХХК-иас зээл 968.936.291,2 төгрөг, хүү 243.023.790,6 төгрөг, алданги 118.015.526,1 төгрөг, нийт 1.329.975.604,9 төгрөг, Т Х  ХХК-иас зээл 1.444.045.890 төгрөг, хүү 366.859.298,3 төгрөг, алданги 177.843.934,3 төгрөг, нийт 1.988.749.122,6 төгрөг, Б Ү  ХХК-иас зээл 1.444.045.890 төгрөг, хүү 366.859.298,3 төгрөг, алданги 177.843.934,3 төгрөг, нийт 1.988.749.122,6 төгрөг, бүгд  11.662.549.353.9 төгрөг гаргуулахаар болсон байна.

Хэргийн баримтаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нь АҮЯ-, тус яам нь одоо Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон өөрчлөгдснийг зохигч маргаагүй байна.

Анхан шатны шүүх М Н  ХХК-иас 354.579.652,4 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, бусад хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх хариуцагч Ш З  ХХК, Ө М  ХХК, Т Х  ХХК, Б Ү  ХХК-д холбогдох нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн  талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Тус шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэргийн үйл баримтыг тогтоож, зохигчдын хооронд үүссэн маргаанд   хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоол, дотооддоо үйлдвэрлэсэн сурагчдын дүрэмт хувцсыг тэргүүн ээлжинд худалдан авах Засгийн газрын 2011 оны 103 дугаар тогтоол, сурагчдын дүрэмт хувцсыг үйлдвэрлэлийг дэмжихэд 23 тэрбум төгрөгийн зээлийг үйлдвэрлэгчдэд олгохоор шийдвэрлэсэн Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоол зэргийг үндэслэн 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуй, Хөдөлмөрийн яамны хооронд дамжуулан зээлүүлэх гэрээ, 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, М Н  ХХК-ийн хооронд ХҮГСДХ-1/8 тоот зээлийн гэрээ тус тус байгуулагджээ. Энэхүү гэрээгээр М Н  ХХК-д сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхэд шаардагдах 905.000 метр ноосон даавууг бэлтгэн нийлүүлэх  санхүүжилтэд 12 тэрбум төгрөгийн зээлийг  жилийн 7 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор болж, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас дөрвөн удаагийн шилжүүлгээр 11.941.169.996 төгрөгийг М Н  ХХК-д  шилжүүлж, 120 сая төгрөгийг хяналтын зардалд суутган авсан нь тогтоогдсон байна.

М Н  ХХК нь нийт 798.866 метр даавууг зээлийн хөрөнгөөр бэлтгэсэн,  энэхүү даавуунаас сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэх  оёдлын компаниуд зээлээр авсан, ийнхүү авахдаа  тэднийг Монголын оёдлын нэгдсэн холбооноос итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Ө М  ХХК төлөөлж М Н  ХХК-тай  2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулсныг зохигч маргаагүй боловч хариуцагч Ш З  ХХК, Ө М  ХХК, Т Х  ХХК, Б Ү  ХХК, Э  ХХК-иуд Үйлдвэр, хөдөө, аж ахуйн яамтай зээлийн гэрээ байгуулж зээл аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Тухайн компаниуд сурагчдын дүрэмт хувцасны борлуулалтын орлогоос нэгдсэн дансанд төвлөрүүлэх замаар даавууны үнийг төлөхөөр тохиролцсон, М Н  ХХК болон Ш З  ХХК, Ө М  ХХК, Т Х  ХХК, Б Ү  ХХК-иудын хооронд тооцоо нийлсэн актыг үндэслэн эдгээр компаниудаас М Н  ХХК нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар төлбөрийг нэхэмжлэх эрхтэй  боловч, тус компани Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар шаардах эрхээ шилжүүлсэн гэж үзэх нөхцөл тогтоогдсон байна.

Ш З  ХХК, Ө М  ХХК, Т Х  ХХК, Б Ү  ХХК-иуд яамтай тусдаа гэрээ байгуулан зээлээр авсан даавууны үнийг тус бүрдээ төлөхөөр тохиролцож байсан  2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэл хэрэгт  авагдсан байх тул  нэхэмжлэгч, хариуцагч нараас төлбөрийг шаардах эрхтэй гэж  давж заалдах шатны шүүх үзснийг буруутгах үндэслэлгүй.

Харин нэхэмжлэгч ХХААХҮЯ М Н  ХХК-иас шаардах эрх шилжүүлэн авахдаа хариуцагч компаниудтай гэрээг бичгэн хэлбэрээр байгуулаагүйгээс  хүү, алданги авах эрх үүсэх боломжгүйг шүүх Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт нийцүүлэн дүгнэж, үндсэн үүргийн хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Зээлийн гэрээний дагуу М Н  ХХК-д холбогдох хэсэг буюу 252.977.494,8 төгрөг, хүү 93.597.970 төгрөг, алданги 8.004.187,6 төгрөг, нийт 354.579.652,4 төгрөг, гаргуулах нэхэмжлэлийг Хүнс, хөдөө аж  ахуй, хөнгөн үйлдвэрийн яам гаргасныг хангаж, Эрд Сүлд ХХК-иас 1.329.975.604,9 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцсэн байна. 

Хариуцагч Т Х  ХХК магадлалыг эс зөвшөөрч  “...шүүх  тус компаниас 1.444.045.890 төгрөг гаргуулахдаа НӨАТ-ын 131.276.899 төгрөгийг хасч  тооцоогүй” гэх гомдлыг  хангах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч даавууны үнээс НӨАТ суутган тооцох эсэх асуудлаар мэтгэлцээгүйгээс гадна оёдлын үйлдвэрүүд зээлийн бүтээгдэхүүнээр сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэн хэрэглэгчдэд НӨАТ шингэсэн үнээр борлуулж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу тус тусдаа татвараа хариуцан төлөхөөр тохиролцсон нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

Харин давж заалдах шатны шүүх хариуцагч Ш З  ХХК, Ө М  ХХК, Т Х  ХХК, Б Ү  ХХК-иас даавууны үнэ гаргуулж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам М Н  ХХК-иас шаардах эрхийг шилжүүлсэн авсан гэж дүгнэсэн атлаа магадлалын тогтоох хэсэгт энэ талаар заагаагүй, мөн шийдвэрийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулахдаа найруулгын  алдаа гаргасан байх тул эдгээр үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2017/01923 дугаар магадлалын 1 дэх заалтад ”...281 дүгээр зүйлийн 281.1...” гэсний дараа “...123 дугаар зүйлийн 123.2...” гэж нэмж, магадлалын 1 дэх заалтын 2 дахь догол мөрөнд  “ ...гэж өөрчлөлт оруулж” гэснийг “...гэж нэмж” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Т Х  ХХК-ийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Т Х  ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 814.335 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                Г.АЛТАНЧИМЭГ