Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 1835

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

            Хариуцагч: Баянгол дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, Н Ди Н төвийн 4 давхар, 401 тоотод байрлах “Могол ноос” ХХК /РД:2649373/

Хариуцагч: Налайх дүүрэг 2 дугаар хороо 29 тоотод байрлах “Бүтээлч Үйлс” ХХК /РД:2025779/

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан 13 дугаар баг “Эрдсүлж” ХХК /РД:5090504/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо Москва хороолол Сүлжээ ХХК-ийн байрны 3 давхарт байрлах “Өүлэн менч” ХХК /РД:5165245/

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө 32 А Голомт хотхонд байрлах, “Шилмэл загвар” ХХК /РД:2056984/

 Хариуцагч: Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо 50 мянгатын 28 тоотод байрлах “Торгон хийц” ХХК /РД:5414482/

Гуравдагч этгээд: Орхон аймаг Баян-Өндөр Зэст ДТП-1-4 тоотод байрлах “Подиум” ХХК.

Гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хороо 21а байр 19 тоотод оршин суух, 1965 онд төрсөн 52 настай Долоод овогт Хадбаатарын Золжаргал.

 Зээлийн гэрээний үүрэгт 11.662.549.353.90 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхцоож, Н.Нарангэрэл, С.Рэгзэдмаа, Ү.Алтаншагай, хариуцагч “Могол ноос” ХХК-ийн захирал Ч.Эрдэнэбат, өмгөөлөгч Б.Цогням /үнэмлэх 1906/, Л.Хатанбаатар,  хариуцагч “Бүтээлч Үйлс” ХХК-ийн захирал М.Нэргүй, Өүлэн менч ХХК-ийн захирал Ч.Буянбаатар, Торгон хийц ХХК-ийн захирал Д.Эрдэнэбилэг, хариуцагч “Эрд сүлж” ХХК-ийн төлөөлөгч Р.Нямцэрэн, “Шилмэл загвар” ХХК, “Бүтээлч Үйлс” ХХК, “Торгон хийц” ХХК-ийн өмгөөлөгч Б.Баясгалан, Г.Оюунцэцэг, гуравдагч этгээд Х.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл  ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан Оёдол, нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхэд зээлийн бодлогоор дэмжиж, борлуулалтад нь дэмжлэг үзүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголын Оёдлын нэгдсэн холбоо, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос санаачлан Сурагчийн дүрэмт хувцасыг кластераар үйлдвэрлэх, монгол ноосон даавуу үйлдвэрлэх төслүүдийг дэмжихийг хүсч төслөө ирүүлсэн. Үүний дагуу эдгээр төсөл нь хэрэгжих боломжтой, дотоодын захиалагч, зах зээл нь баталгаатай гэж үзэн дэмжих зорилгоор Монгол улсын Засгийн газар 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай 250 дугаар тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17.0 тэрбум төгрөг, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд байршиж байгаа ноос, ноолуурын зээлийн эргэн төлөлтөөр хуримтлагдсан хөрөнгийн эх үүсвэрээс 6.0 тэрбум төгрөг нийт 23.0 тэрбум төгрөгийг сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгчдэд 2013 онд багтаан эргэн төлөгдөх нөхцөлтэй хөнгөлөлтэй зээл олгох шийдвэр гаргасан бөгөөд сурагчийн дүрэмт хувцасны захиалга, үйлдвэрлэл, нийлүүлэх, зээлийг ашиглах болон эргэн төлөх зэрэг арга хэмжээг Засгийн газрыг төлөөлж гэрээ байгуулан зохион байгуулж хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд, Хөдөлмөрийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт даалгасан. Ийнхүү дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам хооронд байгуулсан ҮХААЯ-20130716-001, ХЯ-9/2013/02 тоот Дамжуулан зээлдэх гэрээг үндэслэн Үйлдвэр хөдөө аж ахуйн яам нь Могол ноос ХХК-тай дараах хоёр төрлийн зээлийн гэрээг байгуулсан. Үүнд тус компанитай 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх оёдлын компаниудад нийлүүлэх даавуу үйлдвэрлэхэд шаардагдах санхүүжилтэнд нь зориулж 12.000.000.000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг аливаа хөрөнгийн барьцаагүйгээр 2013 оны 07 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй олгох үндсэн нөхцөлтэй ХҮГСДХ-1/8 тоот зээлийн гэрээг байгуулсан. Мөн компанитай 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр сурагчийн дүрэмт хувцасны нэмэлт иж бүрдэл болох сүлжмэл майк, кардиган үйлдвэрлэх зориулалттай хонины ноосон ээрмэл утас үйлдвэрлэхэд шаардагдах санхүүжилтэнд нь зориулж 183.000.000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг аливаа хөрөнгийн барьцаагүйгээр 2013 оны 07 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаата, жилийн 7 хувийн хүүтэй олгох үндсэн нөхцөлтэй ХҮГСДХ-1/9 тоот зээлийн гэрээг байгуулсан. Дээрх гэрээнүүдийн дагуу Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр тус компанийн худалдаа хөгжлийн банкны 405008308 дансанд эхний удаа 3.454.923.764 төгрөгийг, 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 7.728.076.236 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 440.000.000 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 438.170.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад зааснаар хуваарийн дагуу эргэн төлөх, зээлийн эрсдэлийг бүрэн хариуцах, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.01 хувиар тооцож алданги төлөх үүрэг хүлээсэн. Зээлдэгч зээлийн төлбөрт 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 1.057.257.475 төгрөгийг төлсөн. 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ХҮГСДХ-1/9 тоот зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэл тусдаа иргэний хэрэг үүсгэгдсэн.  2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Үйлдвэр хөдөө аж ахуйн яам Хөдөлмөрийн яам хооронд байгуулсан Дамжуулан зээлдүүлэх гэрээний 2.4, 3.6-д заасны дагуу төсөвт төвлөрүүлэх 23 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг тус яам хариуцаж байгаа бөгөөд гэрээнд заасны дагуу зээлийн хүү, алдангийг төлөгдөөгүй хоног тутамд тооцоолж төлөхөөр тусгагдсан байна. Зээлийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд талууд гэрээний хугацаа сунгаагүй даавуу зээлээр авсан компаниуд нь үндсэн нийлүүлэгч компанид зээлийн гэрээний хугацааг сунгах, гэрээнд харилцан тохиролцож ямар нэгэн нэмэлт өөрчлөлт оруулаагүй, гэрээг дүгнэж акт үйлдээгүй. Иймд гэрээний 1.3-т заасан зээлийн хүү жилийн 7%, хугацаа хэтэрсэн алданги 1%-иар тооцож алданги төлнө гэж заасны дагуу тус бүр хариуцагч нарт ногдуулж нийт 11.622.549.353.9 төгрөг нэхэмжилсэн. Сурагчийн дүрэмт хувцасны даавууг зээлээр авах итгэмжлэл авсан үйлдвэрүүд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн даргын өрөөнд 9 хүний бүрэлдэхүүнтэй 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хуралдаад үйлдвэрүүд “Могол ноос” ХХК-иас олгож өгсөн даавууны зээл, зээлийн хүү, алдангийг шилжүүлж авахаар амлаж төвлөрсөн нэг дансыг хүчингүй болгуулах тухай хурлын тэмдэглэл үйлдэж, бичлэг хийгдсэн. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д зааснаар нүүр тулан амаар гаргасан саналд даруй зөвшөөрсөн хариу өгсний дагуу яамтай эрх зүйн харилцаанд орсон. Иргэний хуулийн 284.4-т зааснаар зээлийн гэрээг мөнгөн болон эд хөрөнгийг зээлдэгчид шижлүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцоно гэж заасны дагуу оёдлын үйлдвэрүүд яамнаас олгосон мөнгөний дагуу “Могол ноос” ХХК-ийн нэхсэн даавууг Өүлэн менч ХХК-иар дамжуулж дүрэмт хувцас үйлдвэрлэж, зах зээлд борлуулж төлбөрийг авсан учир зээлийн харилцаанд орсон нь харагдаж байна. Засгийн газрын 250 дугаар тогтоол, Дамжуулан зээлдүүлэх гэрээ, Гурван талт ажил гүйцэтгэх гэрээнүүд нь зээлийн гэрээтэй салшгүй холбоотой. Оёдлын 7 үйлдвэрээс хоёр нь ирж манайтай гэрээ байгуулсан. Дээрх 5 компани гэрээ ирж хийгээгүй. “Могол ноос” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний 2.1.5-д зааснаар оёдлын үйлдвэрүүд оёсон хувцасаа зараад зээлээр авсан даавууны үнийг нэгдсэн дансаар буцаан төлөх үүрэг хүлээсэн.  Иймд хариуцагч Могол ноос ХХК-иас үндсэн зээл 252.977.494.8 төгрөг, хүү 93.597.970 төгрөг алданги 8.004.187.6 төгрөг нийт 354.579.652.4 төгрөг, Шилмэл загвар ХХК-наас үндсэн зээл 1.535.922.824 төгрөг хүү 405.244.465.2 төгрөг алданги 195.824.567.7 төгрөг нийт 2.136.991.847.9 төгрөг, Өүлэн менч ХХК-иас үндсэн зээл 2.768.000.000 төгрөг, хүү 738.675.750 төгрөг, алданги 356.828.253.5 төгрөг нийт 3.863.504.003.5 төгрөг, Эрдсүлж ХХК-иас үндсэн зээл 968.936.291.2 төгрөг, хүү 243.023.790.6 төгрөг, алданги 118.015.526.1 төгрөг нийт 1.329.975.604.9 төгрөг, Торгон хийц ХХК-наас үндсэн зээл 1.444.045.890 төгрөг, хүү 366.859.298.3 төгрөг, алданги 177843.934.3 төгрөг нийт 1.988.749.122.6 төгрөг, Бүтээлч үйлс ХХК-иас үндсэн зээл 1.444.045.890 төгрөг, хүү 366.859.298.3 төгрөг, алданги 177.843.934.3 төгрөг нийт 1.988.749.122.6 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Могол ноос” ХХК-ийн захирал Ч.Эрдэнэбат шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн УИХ-ын 30 дугаар тогтоолоор баталгаажсан Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 103 дугаар тогтоол, 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 250 дугаартай тогтоол болон Иргэний хуулийн 343 дугаар зүйл заалтыг үндэслэн эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас кластераар үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх үүднээс мал ах ахуйн гаралтай түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар гаргасан зохих шийдвэр дүрэм, журам удирдамжийн хүрээ, хяналтанд дараахи гэрээ, хэлцлүүд хийгдэж явагдсан. 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Дамжуулан зээлдүүлэх гэрээг зохих яамдын хооронд улсын хэмжээнд зохион байгуулахад зориулан хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийг үйлдвэрлэгчдэд дамжуулан зээлдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад зориулж байгуулсан. 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сурагчдын дүрэмт хувцасны зориулалттай даавуу бэлтгэн нийлүүлэх гэрээгээр “Могол ноос” ХХК болон Өүлэн менч ХХК хооронд материалыг зээлээр шилжүүлэн авч ерөнхий боловсролын сургуулиудад борлуулах тухай харилцан тохиролцсон гэрээ байгуулагдсан. 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хамтын ажиллагааны 6 тоот гэрээгээр зохион байгуулагч Оёдлын нэгдсэн холбоо болон кластерийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч 7 аж ахуйн нэгжүүд байгуулсан байдаг. 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Ажил гүйцэтгэх гурван талт гэрээ байгуулагдаж оёдлын үйлдвэрүүд иж бүрдэл болгон нэг төвлөрсөн дансанд төвлөрүүлэх зохицуулалтыг баталгаажуулсан. 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Үйлдвэр хөдөө аж ахуйн яам болон Оёдлын нэгдсэн холбооны хооронд Хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд сурагчийн дүрэмт хувцасны эргэлтийн хөрөнгийн зээлийг дамжуулан аж ахуйн нэгжүүдэд олгох, бүтээгдэхүүний орлогыг төвлөрүүлж түүнээс үндсэн зээл, хүүг холбогдох сангуудын дансанд шилжүүлэх, буцаан төлөлтийн харилцааг зохицуулсан байдаг. Эдгээр 5 гэрээ, хэлцэл байгуулагдаж дууссаны дараа 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Үйлдвэр хөдөө аж ахуйн яам болон “Могол ноос” ХХК хооронд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхэд шаардагдах даавууны санхүүжилтэнд зориулж 12.000.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан. Сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэх 850.700 метр хэмжээний даавууг хуваарийн дагуу яамнаас сонгон шалгаруулсан Оёдлын нэгдсэн холбооны оёдлын үйлдвэрүүдээс яаманд даавууг авахаар итгэмжлэл гаргаж Өүлэн менч ХХК-нд бэлтгэн нийлүүлсэн боловч 2013 оны 08 дугаар сарын 18-нд төслийг хамтран хэрэгжүүлсэн Оёдлын үйлдвэрүүдийн санаачлага, үзэмж хүсэлтээр төслийн удирдагч хяналтын зөвлөлийн дарга гишүүд хамтран хуралдаж төвлөрсөн дансаа хүчингүй болгож, төвлөрсөн нэгдсэн нэг дансанд шилжүүлэх ёстой байсан борлуулалтын орлого тус компаниудын хувийн данснуудад шилжсэнээр төслийн эргэн төлөлт удааширч, эцэстээ гацаж зээлийн санхүүжилт эргэн төлөгдөхгүй байх боломж бүрдсэн. Оёдлын үйлдвэрүүд хэн нь хэдэн метр даавуу авсан талаарх хүлээлгэж өгсөн бүх баримт хэрэгт байна. Даавууг зээлээр худалдаж авсан. Өнөөдөр манай компанийн хувьд дамжуулан зээлдэх гэрээ гэж 3 яамны хамтарсан гэрээ байдаг бөгөөд энэ гэрээний дагуу төвлөрсөн дансаар явж дансны дугаарыг зааж, даавуу нийлүүлэх гэрээг энэ компаниудтай хий гэсэн заалт 3.3-т байна. Гэрээний 5.5-д энэхүү гэрээний хугацаа дууссанаар гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл харгалзах төлбөрүүдийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж заасан байдаг. Иймд манай компанийн хувьд гэрээгээр заасан үүрэгт ажлаа бүрэн биелүүлсэн учир энэ заалтын дагуу үүргээс чөлөөлөгдөх үндэслэлтэй. Хавтас хэрэгт байгаа хамтын ажиллагаа гэрээнд оёдлын үйлдвэрүүд 07 сарын 19-нд гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 1.5-д даавуу материалын татан авалт, хадгалах, хуваарлахыг Өүлэн менч ХХК хариуцах бөгөөд хуваарлагдсан хуваарийн дагуу толгой компаниуд татан авалт хийнэ гэж заасан байдаг бөгөөд энэ байгууллагууд бүгд гэрээ байгуулж, тамга дарсан байдаг. Мөн даавуугаа авч сурагчдын дүрэмт хувцасыг борлуулахдаа боловсролын газраас сургуулиудтай гурвалсан гэрээ хийсэн. Энэ нь Дамжуулан зээлдүүлэх гэрээнд ч тусгасан байдаг. Үүнд сургуулиудтай байгуулсан гэрээнд дүрэмт хувцасны захиалгыг төвлөрсөн дансаар явуулна гэж заасан учир энэ бүхэн төвлөрсөн дансаар явсан. Мөн яам үүнийг оёдлын үйлдвэрүүдтэй байгуулсан гэрээний дагуу оёдлын үйлдвэрүүд энэ төвлөрсөн дансаар эцсийн борлуулалт хийнэ гэсэн. Яам хамтран ажиллах гэрээ гэж 07 дугаар сарын 23-ны өдөр үйлдвэрүүдтэй байгуулсан бөгөөд энэ гэрээний дагуу сурагчдын дүрэмт хувцсыг Хаан банкны тоот дансаар явуулна. Эргэж төвлөрлөөс бүх зээлийг татан авна гэдгийг тусгасан бөгөөд энэ бүх гэрээ нь хоорондоо уялдаа холбоотой гэрээнүүд байсан. Иймд эцсийн байдлаар манай компаниас 354,579,652.4 төгрөг нэхэмжилж байгаа. Бид энэ нэхэмжилж байгаа төлбөрийг төлөх үндэслэлгүй. Учир нь нэгт 252,000,000 төгрөгийн даавууны үлдэгдэл төлөх ёстой гэж нэхэмжилж байгаа. Үүнд бид 252,000,000 төгрөгийн үлдэгдэлд манайх 120,000,000 төгрөгийг аваагүй. Гэрээгээр 12,000,000,000 төгрөг шилжүүлэх ёстой байсан ч 120,000,000 төгрөгийг суутгаж авсан. Үүнийг авч үлдсэн шалтгаан нь хяналтын зардал гэсэн. Энд хамтран хариуцагчаар татагдсан 5 компани хурлын тэмдэглэлийн дагуу яамтай очиж гэрээ хийгээгүй. Зээлийн  252,000,000 төгрөгөөс 132,000,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэсэн байр суурьтай байгаа. Үүнд нэмж алданги 8,000,000 төгрөг нэхэмжилж байгаа ч манайх гэрээгээр заасан цаг тухай бүрт нь үүрэгт ажлаа хийсэн тул зөвшөөрөхгүй. Мөн хүү 93,000,000 төгрөг ногдуулж байгаа нь 12,000,000,000 төгрөгт ногдуулсан байна. Манайх 132,000,000 төгрөгт 3,000,000 төгрөгний хүү төлөх ёстой гэж үзэж байгаа. Ингээд нийт 136,165,311 төгрөгийг төлөх үндэслэлтэй бөгөөд үлдэгдэл даавуу байгаа учир энэ даавуугаа борлуулаад төлнө гэв.

 

Хариуцагч “Бүтээлч Үйлс” ХХК-ийн захирал М.Нэргүй шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжилсэн дүнг зөвшөөрөхгүй. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай эрх зүйн харилцаанд ороогүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Торгон хийц ХХК-ийн захирал Д.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тайлбар ижил. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Өүлэн менч ХХК-ийн захирал Ч.Буянбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Могол ноос ХХК-наас даавуу авсан тул даавууны төлбөрийг Могол ноос ХХК-нд төлнө. Яамтай байгуулсан ямар нэгэн гэрээ байхгүй, зээл аваагүй гэв.

 

Хариуцагч Эрдсүлж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бидний хувьд нөхцөл байдал өөр. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай “Эрдсүлж” ХХК нь 1,8 гаруй тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. 2013 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Эрдсүлж” ХХК-ийн дансанд орж ирсэн. 3 хоногийн дараа энэ дансанд орж ирсэн төлбөрийг “Подиум” ХХК-руу шилжүүлж авсан. Энэ гэрээний хэрэгжилт нь “Подиум” ХХК-тай холбогдож яаманд “Подиум” ХХК-иас 148.9 сая төгрөг төлсөн. Үлдэгдэл нь үндсэн зээл 759,000,000 төгрөг, алданги 18,000,000 төгрөг, зээлийн хүү 33,000,000 төгрөг гэж 812,300,000 төгрөг төлөгдөөгүй явж байсныг шүүхээс шийдсэн хүчин төгөлдөр шийдвэртэй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байна. Үүнээс өөрөөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай холбоотойгоор эрх зүйн харилцаанд ороогүй. “Эрдсүлж” ХХК-тай холбоотойгоор Подиум ХХК гэж бие даасан гуравдагч этгээд тайлбар гаргасан. Подиум ХХК нь яам болон Могол ноос ХХК-тай харьцаж байгаа. Подиум ХХК нь төлбөрийг авсны дараа төлбөрийг шилжүүлж Эрдсүлж ХХК-тай туслан гүйцэтгэгчээр ажлахаар гэрээ байгуулсан. Эрдсүлж ХХК-ийн өмнөөс хувцас оёхоор болсон бөгөөд энэ асуудлыг Орхон аймгийн сум дундын шүүх 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1253 тоот шүүхийн шийдвэрээр туслан гүйцэтгэгчийн гэрээг хүчингүйд тооцсон. Ингээд Подиум ХХК-нь Эрдсүлж ХХК-тай байгуулсан харилцаа нь хууль бус гэдэг нь тогтоогдож байгаа. Мөн “Могол ноос” ХХК-иас даавуу авсан гэж байгаа боловч энэ хэрэгт Эрдсүлж ХХК нь            “Могол ноос” ХХК-тай гэрээ байгуулж даавуу авсан талаар баримт, гэрээ огт байдаггүй. Харин Подиум ХХК даавуу авсан хэд хэдэн баримт байдаг. Подиум ХХК-ийн захирал н.Ундармаа, “Могол ноос” ХХК-ийн нягтлан н.Сүнжидмаа гэж хоёр хүн 1,046,000,000 төгрөгийн даавууны өглөг, авлага байгаа талаар тооцоо нийлсэн акт байна. Мөн Подиум ХХК нь Могол ноос ХХК-иас даавуу авсан 10 ширхэг падан, Подиум ХХК-иас төлбөр төлнө гэсэн бичиг байгаа. Үүнээс өөр Эрдсүлж ХХК нь даавуу хүлээж авсан гэх баримт байдаггүй. 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Оёдлын нэгдсэн холбоотой хамтран ажиллах гэрээ хийсэн энэ гэрээнд Эрдсүлж ХХК гэж гарын үсэг зурсан боловч энэ гарын үсгийг н.Сарантуяа гэж хүн өөрийн охин н.Төгсөө гэж хүнд Эрдсүлж ХХК-ийг төлөөлж Оёдлын нэгдсэн холбоотой гэрээ хийж, гарын үсэг зурах итгэмжлэл олгосон. Энэ олгосон итгэмжлэлийг Орхон аймгийн сум дундын шүүх 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1253 тоот шүүхийн шийдвэрээр мөн адил хүчингүй болгосон. Энэ хэргийн талаар 3 гэрч мэдүүлэг өгсөн бөгөөд н.Сүнжидмаа гэж “Могол ноос” ХХК-ийн нягтлан. н.Баярмаа гэж яамны хүн. Өмнөх шүүх хуралд Д.Жаргалмаа гэж хүн мэдүүлэг өгсөн. Сүнжидмаа, Баярмаа гэж хүмүүсийн мэдүүлэг нь ойролцоо бөгөөд мэдүүлэгтээ даавууг Эрдсүлж ХХК эхэлж авч байгаад Подиум ХХК-иас авч тооцоог Подиум ХХК хийж байгаа гэсэн утгатай мэдүүлэг өгсөн. Д.Жаргалмаа гэж хүн өмнөх хуралд ирсэн бөгөөд би асуулт тавьсан. Тэр хүн Эрдсүлж ХХК нь сурагчийн дүрэмт хувцас оёх боломжгүй, чадваргүй компани үүнийг өөр компани хэрэгжүүлсэн гэдгийг хэлсэн. Энэ хүн 06 тоот гэрээг зохион байгуулсан хүн. Энэ 3 гэрчийн мэдүүлэг байгаа бөгөөд хуулийн этгээдийн хооронд бараа хүлээж авсан, орлого, зарлага гарсан, үүргийн харилцаа үүссэн талаар анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлийн баримт, санхүүгийн тайлангаар өглөг, авлага үүссэн зүйл батлагдах ёстой байхад энэ гэрч нарын мэдүүлгээр нэг аж ахуйн нэгж төрийн үйлчилгээг шилжүүлсэн байхад 1,329,975,604 төгрөгийн хариуцлага хүлээлгэж болохгүй. Энэ асуудал нь Эрдсүлж ХХК-тай хамааралгүй. Иймд Иргэний эрх зүйн хариуцлага хүлээлгэх ямар ч үндэслэл байхгүй гэв.

 

Гуравдагч этгээд Х.Золжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би тухай үед Үйлдвэр, хөдөө аж ахуйн төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Энэ болсон үйл ажиллагааг би өөрөө удирдаж байсан. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангах нь зөв гэж бодож байна. Учир нь 23,000,000,000 төгрөгийн хөнгөлттэй зээлийг Засгийн газар 250 дугаар тогтоолоор гаргасан байдаг. Энэ 23,000,000,000 төгрөгнөөс 2,000,000,000 төгрөгийг Сүлжмэлд, 12,000,000,000 төгрөг нь даавуунд, 9,000,000,000 төгрөг нь оёдлын компанид гэж хуваарлагдсан эх үүсвэр байсан. Энэ шүүх хурал дээр 12,000,000,000 төгрөгийн зээлийн өр асуудлыг ярьж байна. Анх энэ асуудлыг “Могол ноос” ХХК яамтай гэрээ байгуулж зээлээр авсан. Одоо нэр бүхий оёдлын 5 компани өнгөрсөн хоёр жилд явсан шүүхийн явцын дагуу өөрсдөд холбогдох зээлийн төлбөрөөс зугтаж явж байгаа. Хариуцагч нарын гол хэлж байгаа үндэслэл нь яамтай 12,000,000,000 төгрөгийн зээлийн асуудлаар ямар нэгэн эрх зүйн асуудал байхгүй учраас бид яаманд ямар ч төлбөр төлөхгүй. Харин “Могол ноос” ХХК-тай тооцоо бодох ёстой гэсэн үндэслэл ярьдаг боловч энэ нь байж болшгүй зүйл. 2013 оны 08 дугаар  сарын 23-ны өдөр нийт 7 компани өөрсдөө хүсэлт гаргаж миний өрөөнд хуралдаанд үйл ажиллагаа явуулж байсан нэгдсэн нэг дансыг үгүйсгээд “Могол ноос” ХХК-ны нэр дээр бичигдсэн байгаа зээлийн өрнөөс өөрсдийн хүлээж авсан даавууны үнийн хэмжээгээр бүх зээлийг тооцож үүнтэй холбогдох хүү, алдангийн асуудлыг өөрсдөө хариуцна гэсэн бөгөөд яамтай шууд гэрээ байгуулна гэсэн. Энэ талаар нотлох баримт нь хавтас хэрэгт байгаа бөгөөд аудио бичлэг ч байгаа. Үүнээс нийт 7 компаниас 2 компани нь яамтай гэрээ байгуулсан бөгөөд үлдсэн энэ 5 компани нь яамтай гэрээ байгуулна гэж хэлээд зугтсан. Одоо яамтай ямар ч эрх зүйн харилцаанд ороогүй бид хариуцахгүй гэж хэлж байна. Шүүхээр яваад 2 жил боллоо. Энэ асуудал үүссэнээс хойш 4 жил болж байна. Миний зүгээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гаргах ёстой гэж бодож байна. Ер нь Засгийн газар болоод аж ахуйн нэгжид ямар нэгэн зардалгүй зүйл гэж байдаггүй. Хүү, алданги заавал тооцох ёстой гэж бодож байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагч “Могол ноос” ХХК-иас 354.579.652.4 төгрөг, Бүтээлч үйлс ХХК-иас 1.988.749.122.6 төгрөг, Эрдсүлж ХХК-наас 1.329.975.604.9 төгрөг, Өүлэн менч ХХК-наас 3.863.504.003.5 төгрөг, Шилмэл загвар ХХК-наас 2.136.991.847.9 төгрөг, Торгон хийц ХХК-иас 1.988.749.122.6 төгрөг нийт 11.662.549.353.9  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.  

Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам хооронд 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрийг дэмжих тухай Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 250 дугаар тогтоолыг үндэслэн Сурагчийн дүрэмт хувцасыг үндэсний үйлдвэрүүдээр үйлдвэрлүүлэх /төсөл/ зорилгоор байгуулагдсан Дамжуулан зээлдүүлэх гэрээг үндэслэн Хөдөлмөрийн сайдын 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/155 тушаалаар дээрх үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилт болох 23.0 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулах тухай тушаал гарчээ.

Дамжуулан зээлдүүлэх гэрээг үндэслэн Үйлдвэр хөдөө аж ахуйн яам нь “Могол ноос” ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 12.000.000.000 төгрөгийг жилийн 7%-ийн хүүтэй, 4 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.01%-ийн алданги тооцохоор тохирч зээлийн гэрээ байгуулан, зээлийн гэрээний дагуу тус компанийн Худалдаа хөгжлийн банк дахь 405008308 тоот дансанд 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 3.454.923.760 төгрөг, 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 7.728.076.236 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 440.000.000 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 438.170.000 төгрөг тус тус шилжүүлж зээлдүүлэгч нь хяналтын зардалд 120.000.000 төгрөгийг суутган авсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна .

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтөй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцоно” гэж заажээ.

            Зээлдүүлэгч Үйлдвэр хөдөө аж ахуйн яам нь зээлдэгч Могол ноос ХХК-нд гэрээний дагуу зээлийг шилжүүлсэн боловч, зээлдэгч гэрээгээр тохирсон хугацаанд зээлийн хуваарьт заасан төлбөрийг төлөөгүй байна.

            Зээлийн гэрээгээр зээлдэгч “Могол ноос” ХХК нь оёдлын нэгдсэн холбоо болон ерөнхий чиг үүргийг хариуцсан компаниудтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, даавуу нийлүүлэлтийн хуваарийг хавсаргах, зээлийн зарцуулалт, эргэн төлөлтийн тайлан, мэдээ мэдээллийг зээлдүүлэгчид шаардсан хугацаанд гаргаж өгөх, зээлийг зориулалтын дагуу ашиглах, буцаан төлөхөд зориулсан даатгалд хамрагдаж зээлийн эрсдлийг бүрэн хариуцах, зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги төлөх үүргийг тус тус хүлээжээ.

            Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Өүлэн менч” ХХК, “Бүтээлч Үйлс” ХХК, “Эрдсүлж” ХХК, “Шилмэл загвар” ХХК, “Торгон хийц” ХХК-иас тус тус зээлийн гэрээний үүргийг шаардсан боловч эдгээр хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулаагүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг шилжүүлээгүй, “Могол ноос” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээх үүрэг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар хариуцагч нарт шилжээгүй тул Зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй байна.

            Мөн нэхэмжлэгч нь “Могол ноос” ХХК-иас бусад 5 хариуцагч компанитай Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д зааснаар гэрээ байгуулагдсан тул зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй, Иргэний хуулийн 282.4-т зааснаар даавууг шилжүүлж өгсөн гэж тайлбарладаг боловч энэ талаар хурлын тэмдэглэлийг баталгаажуулж гэрээ байгуулагдаагүй, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй, зээлийн гэрээгээр нэхэмжлэгч үйлдвэрлэсэн даавууг нэр бүхий 5 компанид хүлээлгэж өгөх үүрэг хүлээгээгүй байна.

            Хэдийгээр зээлдэгч “Могол ноос” ХХК нь зээлийн гэрээнд зааснаар оёдлын компаниудтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж даавууг нийлүүлж, оёдлын компаниуд борлуулалтын орлогыг нэгдсэн нэг дансанд шилжүүлж түүнээс зээл, зээлийн хүүг холбогдох сангуудын дансанд шилжүүлэх нөхцөлтэй гэрээ хийгдсэн боловч гэрээний 2.2.5-д зааснаар Ажил гүйцэтгэх гурван талт гэрээний заалтууд зөрчсөний улмаас учирсан хохиролыг “Могол ноос” ХХК борлуулалтын орлогоос нөхөн төлөх үүрэгтэй байхаар гэрээг байгуулсан, Зээлийн гэрээ болон Ажил гүйцэтгэх гурван талт гэрээгээр “Могол ноос” ХХК нь 12.000.000.000 төгрөгөөр сурагчийн дүрэмт хувцас хийх ноосон даавуу үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зээлдэгчид хүлээлгэн өгөхөөр тохироогүй тул гэрээний үүргийг тус тусд нь шаардах нь зүйтэй байна.

            Иймд зохигч талуудаас ирүүлсэн Ажил гүйцэтгэх гурван талт гэрээтэй холбоотой болон даавуу хүлээлцсэн баримтууд, Хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээ, үүнтэй холбоотой тооцооны үлдэгдлийн баталгаа, “Могол ноос” ХХК-иас Өүлэн менч ХХК-тай байгуулсан даавуу бэлтгэн нийлүүлэх гэрээ гэсэн баримтууд зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлсэн гэрч нарын мэдүүлэг нь “Могол ноос” ХХК-иас аж ахуйн нэгжүүд зээлээр даавуу худалдан авсан, даавууны үнийг хэрхэн төлөхтэй холбоотойгоор мэдүүлэг гаргасан боловч энэ нь Могол ноос ХХК нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

            Нэхэмжлэгч нь “Бүтээлч үйлс” ХХК, “Эрдсүлж” ХХК, “Өүлэн менч” ХХК, “Шилмэл загвар” ХХК, “Торгон хийц” ХХК-иас тус тус зээлийн гэрээний үүргийг шаардсан боловч эдгээр компаниуд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлд зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид биш тул хариуцагч “Могол ноос” ХХК-иас гэрээний үүргийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.

            Хуульд зааснаар нэхэмжлэгч хариуцагчийг өөрөө тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан тул хариуцагч “Могол ноос” ХХК-иас нэхэмжилсэн үнийн дүнгээр буюу 354.579.652.4 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд олгож бусад хариуцагч нарт холбогдох 11.307.969.701.5 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурьдаж, хариуцагч “Могол ноос” ХХК-иас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэв.

           

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон                         

                                                                                                     

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Могол ноос” ХХК-иас 354.579.652.4 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд олгож, хариуцагч “Шилмэл загвар” ХХК, “Өүлэн менч” ХХК, “Бүтээлч Үйлс” ХХК, “Торгон хийц” ХХК, “Эрдсүлд” ХХК-д холбогдох 11.307.969.701.5 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Могол ноос ХХК-иас 1.930.848 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд оруулсугай.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.КУЛЬДАНА