Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 1923

 

     Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны

    нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/01835 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны нэхэмжлэлтэй

Хариуцагч “Могол ноос” ХХК, “Бүтээлч Үйлс” ХХК, “Эрдсүлж” ХХК, “Өүлэн менч” ХХК, “Шилмэл загвар” ХХК, “Торгон хийц” ХХК-д тус тус холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 11 662 549 353.9 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхцоож, С.Рэгзэдмаа, Н.Нарангэрэл нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангэрэл, Ш.Мөнхцоож, С.Рэгзэдмаа, 

Хариуцагч “Могол ноос” ХХК-ийн төлөөлөгч Ч.Эрдэнэбат,

Хариуцагч “Могол ноос” ХХК-ийн өмгөөлөгч Б.Цогням

Хариуцагч “Шилмэл загвар” ХХК, “Бүтээлч Үйлс” ХХК, “Торгон хийц” ХХК-иудын өмгөөлөгч Б.Баясгалан, Г.Оюунцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангэрэл, Ш.Мөнхцоож, С.Рэгзэдмаа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан Оёдол, нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхэд зээлийн бодлогоор дэмжиж, борлуулалтад нь дэмжлэг үзүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголын Оёдлын нэгдсэн холбоо, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос санаачлан Сурагчийн дүрэмт хувцасыг кластераар үйлдвэрлэх, монгол ноосон даавуу үйлдвэрлэх төслүүдийг дэмжихийг хүсч төслөө ирүүлсэн. Үүний дагуу эдгээр төсөл нь хэрэгжих боломжтой, дотоодын захиалагч, зах зээл нь баталгаатай гэж үзэн дэмжих зорилгоор Монгол улсын Засгийн газар 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай” 250 дугаар тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17,0 тэрбум төгрөг, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд байршиж байгаа ноос, ноолуурын зээлийн эргэн төлөлтөөр хуримтлагдсан хөрөнгийн эх үүсвэрээс 6,0 тэрбум төгрөг нийт 23,0 тэрбум төгрөгийг сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгчдэд 2013 онд багтаан эргэн төлөгдөх нөхцөлтэй хөнгөлөлтэй зээл олгох шийдвэр гаргасан бөгөөд сурагчийн дүрэмт хувцасны захиалга, үйлдвэрлэл, нийлүүлэх, зээлийг ашиглах болон эргэн төлөх зэрэг арга хэмжээг Засгийн газрыг төлөөлж гэрээ байгуулан зохион байгуулж хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд, Хөдөлмөрийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт даалгасан.

Ийнхүү дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам хооронд байгуулсан ҮХААЯ-20130716-001, ХЯ-9/2013/02 тоот “Дамжуулан зээлдэх гэрээ”-г үндэслэн Үйлдвэр хөдөө аж ахуйн яам нь “Могол ноос” ХХК-тай дараах 2 төрлийн зээлийн гэрээг байгуулсан. Тус компанитай 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх оёдлын компаниудад нийлүүлэх даавуу үйлдвэрлэхэд шаардагдах санхүүжилтэд зориулж 12 000 000 000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг аливаа хөрөнгийн барьцаагүйгээр 2013 оны 7 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй олгох үндсэн нөхцөлтэй ХҮГСДХ-1/8 тоот зээлийн гэрээг байгуулсан. Мөн компанитай 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр сурагчийн дүрэмт хувцасны нэмэлт иж бүрдэл болох сүлжмэл майк, кардиган үйлдвэрлэх зориулалттай хонины ноосон ээрмэл утас үйлдвэрлэхэд шаардагдах санхүүжилтэд зориулж 183 000 000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг, барьцаагүйгээр 2013 оны 7 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй олгох үндсэн нөхцөлтэй ХҮГСДХ-1/9 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээнүүдийн дагуу Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр тус компанийн худалдаа хөгжлийн банкны 405008308 дансанд эхний удаа 3 454 923 764 төгрөгийг, 2013 оны  7 дугаар сарын 31-ний өдөр 7 728 076 236 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 440 000 000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 438 170 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад зааснаар ххугацаа хэтэрсэн хоног тутамд 0.01 хувиар тооцож алданги төлөх үүрэг хүлээсэн. Зээлдэгч зээлийн төлбөрт 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 1 057 257 475 төгрөг төлсөн. 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ХҮГСДХ-1/9 тоот зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлд тусдаа иргэний хэрэг үүсгэсэн. 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”-ний 2.4, 3.6-д заасны дагуу төсөвт төвлөрүүлэх 23,0 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг тус яам хариуцсан бөгөөд гэрээнд заасны дагуу зээлийн хүү, алдангийг төлөгдөөгүй хоног тутамд төлөхөөр тусгагдсан байна. Зээлийн гэрээ байгуулагдсан өдрөөс талууд гэрээний хугацаа сунгаагүй даавуу зээлээр авсан компаниуд нь үндсэн нийлүүлэгч компанид зээлийн гэрээний хугацааг сунгах, гэрээнд харилцан тохиролцож ямар нэгэн нэмэлт өөрчлөлт оруулаагүй, гэрээг дүгнэж акт үйлдээгүй. Иймд гэрээний 1.3-т заасны дагуу 11 622 549 353, 9 төгрөгийг хариуцагч нарт ногдуулж нэхэмжилсэн.

Сурагчийн дүрэмт хувцасны даавууг зээлээр авах итгэмжлэл авсан үйлдвэрүүд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын өрөөнд 9 хүний бүрэлдэхүүнтэй 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хуралдаад үйлдвэрүүд “Могол ноос” ХХК-иас олгож өгсөн даавууны зээл, зээлийн хүү, алдангийг шилжүүлж авахаар амалж төвлөрсөн нэг дансыг хүчингүй болгуулах тухай хурлын тэмдэглэл үйлдэж, бичлэг хийгдсэн. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д зааснаар яамтай эрх зүйн харилцаанд орсон. Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.4 дэх хэсэгт заасны дагуу оёдлын үйлдвэрүүд яамнаас олгосон мөнгөний дагуу “Могол ноос” ХХК-ийн нэхсэн даавууг “Өүлэн менч” ХХК-иар дамжуулж дүрэмт хувцас үйлдвэрлэж, зах зээлд борлуулж төлбөрийг авсан учир зээлийн харилцаанд орсон байна. Засгийн газрын 250 дугаар тогтоол, Дамжуулан зээлдүүлэх гэрээ, Гурван талт ажил гүйцэтгэх гэрээнүүд нь зээлийн гэрээтэй салшгүй холбоотой. Оёдлын 7 үйлдвэрээс 2 нь гэрээ байгуулж, 5 компани байгуулаагүй. “Могол ноос” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний 2.1.5-д зааснаар оёдлын үйлдвэрүүд оёсон хувцасаа зараад зээлээр авсан даавууны үнийг нэгдсэн дансаар буцаан төлөх үүрэг хүлээсэн.

Хариуцагч “Могол ноос” ХХК-иас үндсэн зээл 252 977 494,8 төгрөг, хүү 93 597 970 төгрөг, алданги 8 004 187,6 төгрөг нийт 354 579 652,4 төгрөг, “Шилмэл загвар” ХХК-иас үндсэн зээл 1 535 922 824 төгрөг, хүү 405 244 465,2 төгрөг, алданги 195 824 567,7 төгрөг нийт 2 136 991 847,9 төгрөг, “Өүлэн менч” ХХК-иас үндсэн зээл 2 768 000 000 төгрөг, хүү 738 675 750 төгрөг, алданги 356 828 253,5 төгрөг нийт 3 863 504 003,5 төгрөг, “Эрдсүлж” ХХК-иас үндсэн зээл 968 936 291,2 төгрөг, хүү 243 023 790,6 төгрөг, алданги 118 015 526,1 төгрөг нийт 1 329 975 604,9 төгрөг, “Торгон хийц” ХХК-иас үндсэн зээл 1 444 045 890 төгрөг, хүү 366 859 298,3 төгрөг, алданги 177 843 934,3 төгрөг нийт 1 988 749 122,6 төгрөг, “Бүтээлч үйлс” ХХК-иас үндсэн зээл 1 444 045 890 төгрөг, хүү 366 859 298,3 төгрөг, алданги 177 843 934,3 төгрөг нийт 1 988 749 122,6 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Могол ноос” ХХК-ийн төлөөлөгч Ч.Эрдэнэбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн УИХ-ын 30 дугаар тогтоолоор баталгаажсан Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 103 дугаар тогтоол, 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 250 дугаар тогтоол болон Иргэний хуулийн 343 дугаар зүйл заалтыг үндэслэн эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас кластераар үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх үүднээс мал ах ахуйн гаралтай түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар гаргасан зохих шийдвэр дүрэм, журам удирдамжийн хүрээ, хяналтанд дараахи гэрээ, хэлцлүүд хийгдэж явагдсан. 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”-г зохих яамдын хооронд улсын хэмжээнд зохион байгуулахад зориулан хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийг үйлдвэрлэгчдэд дамжуулан зээлдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад зориулж байгуулсан. 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Сурагчдын дүрэмт хувцасны зориулалттай даавуу бэлтгэн нийлүүлэх гэрээ”-гээр “Могол ноос” ХХК болон “Өүлэн менч” ХХК хооронд материалыг зээлээр шилжүүлэн авч ерөнхий боловсролын сургуулиудад борлуулах тухай харилцан тохиролцсон гэрээ байгуулагдсан. 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Хамтын ажиллагааны 6 тоот гэрээгээр зохион байгуулагч Оёдлын нэгдсэн холбоо болон кластерийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч 7 аж ахуйн нэгжүүд байгуулсан байдаг. 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Ажил гүйцэтгэх гурван талт гэрээ” байгуулагдаж оёдлын үйлдвэрүүд иж бүрдэл болгон нэг төвлөрсөн дансанд төвлөрүүлэх зохицуулалтыг баталгаажуулсан. 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Үйлдвэр хөдөө аж ахуйн яам болон Оёдлын нэгдсэн холбооны хооронд Хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд сурагчийн дүрэмт хувцасны эргэлтийн хөрөнгийн зээлийг дамжуулан аж ахуйн нэгжүүдэд олгох, бүтээгдэхүүний орлогыг төвлөрүүлж түүнээс үндсэн зээл, хүүг холбогдох сангуудын дансанд шилжүүлэх, буцаан төлөлтийн харилцааг зохицуулсан байдаг.

Эдгээр 5 гэрээ, хэлцэл байгуулагдаж дууссаны дараа 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Үйлдвэр хөдөө аж ахуйн яам болон “Могол ноос” ХХК хооронд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхэд шаардагдах даавууны санхүүжилтэнд зориулж 12 000 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан. Сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэх 850 700 метр даавууг хуваарийн дагуу яамнаас сонгон шалгаруулсан Оёдлын нэгдсэн холбооны оёдлын үйлдвэрүүдээс яаманд даавууг авахаар итгэмжлэл гаргаж “Өүлэн менч” ХХК-д бэлтгэн нийлүүлсэн боловч 2013 оны 8 дугаар сарын 18-нд төслийг хамтран хэрэгжүүлсэн Оёдлын үйлдвэрүүдийн санаачилага, үзэмж хүсэлтээр төслийн удирдагч хяналтын зөвлөлийн дарга гишүүд хамтран хуралдаж төвлөрсөн дансаа хүчингүй болгож, төвлөрсөн нэгдсэн нэг дансанд шилжүүлэх ёстой байсан борлуулалтын орлого тус компаниудын хувийн данснуудад шилжсэнээр төслийн эргэн төлөлт удааширч, зээлийн санхүүжилт эргэн төлөгдөхгүй байх боломж бүрдсэн. Оёдлын үйлдвэрүүд хэн нь хэдэн метр даавуу авсан талаар хүлээлгэж өгсөн бүх баримт хэрэгт байна. Даавууг зээлээр худалдаж авсан. Манай компанийн хувьд дамжуулан зээлдэх гэрээ гэж 3 яамны хамтарсан гэрээ байдаг бөгөөд энэ гэрээний дагуу төвлөрсөн дансаар явж дансны дугаарыг зааж, даавуу нийлүүлэх гэрээг энэ компаниудтай хий гэсэн заалт 3.3-т байна. Гэрээний 5.5-д энэхүү гэрээний хугацаа дууссанаар гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл харгалзах төлбөрүүдийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж заасан байдаг. Иймд манай компанийн хувьд гэрээгээр заасан үүрэгт ажлаа бүрэн биелүүлсэн учир энэ заалтын дагуу үүргээс чөлөөлөгдөх үндэслэлтэй.

Хамтын ажиллагааны гэрээнд оёдлын үйлдвэрүүд 7 дугаар сарын 19-нд гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 1.5-д даавуу материалын татан авалт, хадгалах, хуваарлахыг “Өүлэн менч” ХХК хариуцах бөгөөд хуваарлагдсан хуваарийн дагуу толгой компаниуд татан авалт хийнэ гэж заасан байдаг бөгөөд энэ байгууллагууд бүгд гэрээ байгуулж, тамга дарсан мөн даавуугаа авч сурагчдын дүрэмт хувцасыг борлуулахдаа боловсролын газраас сургуулиудтай гурвалсан гэрээ хийсэн. Энэ нь Дамжуулан зээлдүүлэх гэрээнд тусгасан байна. Яам үүнийг оёдлын үйлдвэрүүдтэй байгуулсан гэрээний дагуу оёдлын үйлдвэрүүд энэ төвлөрсөн дансаар эцсийн борлуулалт хийнэ гэсэн. Яам Хамтран ажиллах гэрээг үйлдвэрүүдтэй байгуулсан бөгөөд энэ гэрээний дагуу сурагчдын дүрэмт хувцсыг Хаан банкны дансаар явуулна. Эргэж төвлөрлөөс бүх зээлийг татан авна гэдгийг тусгасан бөгөөд энэ бүх гэрээ нь хоорондоо уялдаа холбоотой гэрээнүүд байсан.

Манай компанид 12 000 000 000 төгрөг шилжүүлэх байсан ч 120 000 000 төгрөгийг хяналтын зардал гэж суутгаж авсан. Хамтран хариуцагчаар татагдсан 5 компани хурлын тэмдэглэлийн дагуу яамтай гэрээ байгуулаагүй. Зээлийн гэрээний дагуу 132 000 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй,  нэмж алданги 8 000 000 төгрөг нэхэмжилсэн ч манайх гэрээгээр заасан цаг тухай бүрт нь үүрэгт ажлаа хийсэн тул зөвшөөрөхгүй. Мөн хүү 93 000 000 төгрөг ногдуулсан нь 12 000 000 000 төгрөгт ногдуулсан байна. Иймд 132 000 000 төгрөгт 3 000 000 төгрөгийн хүү төлөх ёстой гэж үзэж нийт 136 165 311 төгрөг төлөх үндэслэлтэй бөгөөд үлдэгдэл даавууг борлуулаад төлнө гэжээ.

Хариуцагч “Бүтээлч Үйлс” ХХК-ийн төлөөлөгч М.Нэргүй шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжилсэн дүнг зөвшөөрөхгүй. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай эрх зүйн харилцаанд ороогүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “Торгон хийц” ХХК-ийн төлөөлөгч Д.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар ижил. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “Өүлэн менч” ХХК-ийн төлөөлөгч Ч.Буянбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Могол ноос” ХХК-иас даавуу авсан тул даавууны төлбөрийг “Могол ноос” ХХК-д төлнө. Яамтай байгуулсан ямар нэгэн гэрээ байхгүй, зээл аваагүй гэжээ.

Хариуцагч “Эрдсүлж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний хувьд нөхцөл байдал өөр. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай “Эрдсүлж” ХХК нь 1,8 гаруй тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. 2013 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Эрдсүлж” ХХК-ийн дансанд орж ирсэн. 3 хоногийн дараа энэ дансанд орж ирсэн төлбөрийг “Подиум” ХХК-руу шилжүүлсэн. Энэ гэрээний хэрэгжилт “Подиум” ХХК-тай холбогдож яаманд “Подиум” ХХК-иас 148,9 сая төгрөг төлсөн. Үлдэгдэл үндсэн зээл 759 000 000 төгрөг, алданги 18 000 000 төгрөг, зээлийн хүү 33 000 000 төгрөг 812 300 000 төгрөг төлөгдөөгүй байсныг шүүхээс шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Үүнээс өөрөөр яамтай холбоотой эрх зүйн харилцаанд ороогүй. “Эрдсүлж” ХХК-тай холбоотой гуравдагч этгээд “Подиум” ХХК-иас тайлбар гаргасан. “Подиум” ХХК нь яам болон “Могол ноос” ХХК-тай харьцаж байгаа. “Подиум” ХХК төлбөрийг авсны дараа шилжүүлж “Эрдсүлж” ХХК-тай туслан гүйцэтгэгчээр ажиллахаар гэрээ байгуулсан. “Эрдсүлж” ХХК-ийн өмнөөс хувцас оёохоор болсон бөгөөд энэ асуудлыг Орхон аймгийн сум дундын шүүх 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1253 тоот шүүхийн шийдвэрээр туслан гүйцэтгэгчийн гэрээг хүчингүйд тооцсон. Ингээд “Подиум” ХХК нь “Эрдсүлж” ХХК-тай байгуулсан харилцаа хууль бус гэдэг нь тогтоогдож байгаа. Мөн “Могол ноос” ХХК-иас даавуу авсан гэж байгаа боловч энэ хэрэгт “Эрдсүлж” ХХК нь “Могол ноос” ХХК-тай гэрээ байгуулж даавуу авсан талаар баримт, гэрээ байхгүй. Харин “Подиум” ХХК даавуу авсан хэд хэдэн баримт байдаг. “Подиум” ХХК-ийн захирал н.Ундармаа, “Могол ноос” ХХК-ийн нягтлан н.Сүнжидмаа хоёр 1 046 000 000 төгрөгийн даавууны өглөг, авлага байгаа талаар тооцоо нийлсэн акт байна. Мөн “Подиум” ХХК нь “Могол ноос” ХХК-иас даавуу авсан 10 ширхэг падаан, “Подиум” ХХК-иас төлбөр төлнө гэсэн бичгээс өөр “Эрдсүлж” ХХК нь даавуу хүлээж авсан гэх баримтгүй. 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Хамтран ажиллах гэрээнд “Эрдсүлж” ХХК гэж гарын үсэг зурсан боловч энэ гарын үсгийг н.Сарантуяагаас охин н.Төгсөөд “Эрдсүлж” ХХК-ийг төлөөлж Оёдлын нэгдсэн холбоотой гэрээ хийж, гарын үсэг зурах итгэмжлэл олгосон. Энэ итгэмжлэлийг Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1253 дугаар шийдвэрээр мөн адил хүчингүй болгосон. Энэ хэргийн талаар 3 гэрч мэдүүлэг өгсөн бөгөөд гэрч Д.Жаргалмаа өмнөх шүүх хуралдаанд “Эрдсүлж ХХК нь сурагчийн дүрэмт хувцас оёх боломжгүй, чадваргүй компани, үүнийг өөр компани хэрэгжүүлсэн” гэж хэлсэн. Тэрээр 06 тоот гэрээг зохион байгуулсан. Хуулийн этгээдийн хооронд бараа хүлээж авсан, орлого, зарлага гарсан, үүргийн харилцаа үүссэн талаар анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт, санхүүгийн тайлангаар өглөг, авлага үүссэн нь батлагдах бөгөөд гэрч нарын мэдүүлгээр нэг аж ахуйн нэгж, төрийн үйлчилгээг шилжүүлсэн тул хариуцлага хүлээлгэх асуудалд “Эрдсүлж” ХХК хамааралгүй, иргэний эрх зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухай үед Үйлдвэр, хөдөө аж ахуйн төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд уг үйл ажиллагааг удирдаж байсан. Засгийн газрын 250 дугаар тогтоолоор 23 000 000 000 төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргаж 2 000 000 000 төгрөгийг Сүлжмэлд, 12 000 000 000 төгрөгийг даавуунд, 9 000 000 000 төгрөгийг оёдлын компанид хуваарилагдсан эх үүсвэр байсан. Анх энэ асуудлыг “Могол ноос” ХХК нь яамтай гэрээ байгуулж зээлээр авсан. 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр нийт 7 компани хүсэлт гаргаж миний өрөөнд хуралдаанд үйл ажиллагаа явуулж байсан нэгдсэн нэг дансыг үгүйсгээд “Могол ноос” ХХК-ийн нэр дээр бичигдсэн байгаа зээлийн өрнөөс өөрсдийн хүлээж авсан даавууны үнийн хэмжээгээр бүх зээлийг тооцож үүнтэй холбогдох хүү, алдангийг өөрсдөө хариуцна гэсэн бөгөөд яамтай шууд гэрээ байгуулна гэсэн бөгөөд энэ талаар нотлох баримт болон аудио бичлэг байгаа. Үүнээс 7 компаниас 2 компани нь яамтай гэрээ байгуулсан бөгөөд үлдсэн 5 компани гэрээ байгуулаагүй. Засгийн газар болоод аж ахуйн нэгжид ямар нэгэн зардалгүй зүйл гэж байдахгүй тул хүү, алданги заавал тооцох ёстой гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Могол ноос” ХХК-иас 354 579 652,4 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд олгож, хариуцагч “Шилмэл загвар” ХХК, “Өүлэн менч” ХХК, “Бүтээлч Үйлс” ХХК, “Торгон хийц” ХХК, “Эрдсүлд” ХХК-д холбогдох 11 307 969 701,5 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Могол ноос” ХХК-иас 1 930 848 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Оёдолын үйлдвэрүүдийг хамтран хариуцагчаар татах үндэслэл нь Сурагчиин дүрэмт оёмол хувцасны үндсэн түүхий эд болох ноосон даавуу үйлдвэрлэж оёдолын үйлдвэрт нийлүүлэх зориулалтаар зээлийн гэрээ байгуулж, зээл олгохоос өмнө харилцан уялдаатай хэрэгжих кластер төслөөр 1. 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Хамтын ажиллагааны гэрээ Монголын оёдлын нэгдсэн холбоо кластерийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч 7 оёдлын үйлдвэртэй байгуулсан, 2. 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Сурагчийн дүрэмт хувцасны зориулалттай  даавуу бэлтгэн нийлүүлэх гэрээ “Могол ноос” ХХК оёдолын “Өүлэн менч” ХХК-тай, 3. 2013 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд гаргаж өгсөн оёдлын үйлдвэрүүдийн "Итгэмжлэл", "Батлан даалт", 4. 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Ажил гүйцэтгэх 3 талт гэрээ оёдлын үйлдвэрүүд боловсролын газар, Ерөнхий боловсролын сургуулиудтай хийсэн гэрээнүүд, 5. 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хамтран ажиллах гэрээг Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Монголын оёдлын нэгдсэн холбоотой болон 7 оёдлын үйлдвэртэй байгуулсан. Дээрх 5 гэрээнд тулгуурлаж сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх кластерийн төслийг эхлүүлэх боломж нөхцөл бүрдсэн тул тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам "Могол ноос" ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, ноосон даавуу үйлдвэрлэж оёдолын үйлдвэрт нийлүүлэх гэрээнд заасны дагуу 11 800 000 000 төгрөг шилжүүлснээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хүсэл зориг эдгээр гэрээнүүдийг салшгүй байлгаж, кластер үйлдвэрлэлийг дэмжиж байсан ба эдгээр зохицуулалтыг харилцан хамааралтай бүх гэрээний үндэслэл болгосон. 2011 оны 7 дугаар сарын 16-ны өдөр тухайн үеийн Хөдөлмөрийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны хооронд байгуулсан Дамжуулан зээлдүүлэх гэрээний 3.3, 3.4-т заасныг харгалзан үзсэнгүй. Уг гэрээгээр сурагчийн дүрэмт хувцас борлуулах үүрэг зээлээр даавуу авсан оёдлын үйлдвэрүүдэд хамаарах ба харин эргэн төлөлтийг нэг дансанд төвлөрүүлэхээр зохицуулсан. Дамжуулан зээлдүүлэх гэрээ болон "Могол ноос" ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний 2.1.5, "Могол ноос" ХК-иас "Оёдлын нэгдсэн холбоо"-тай байгуулсан "Сурагчийн дүрэмт хувцасны зориулалттай даавуу бэлтгэн нийлүүлэх гэрээ"-ний 3.10, 4.6 дахь заалтаар нотлогдож байна. Үүнээс үзвэл хариуцагчаар татагдсан 5 оёдлын үйлдвэр болон “Могол ноос” ХХК нь зээлийн зориулалт, эргэн төлөлтийг төвлөрүүлэх үүргээ хангалттай ухамсарлаж, үр дагаврыг мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй юм.

2. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын өрөөнд 9 хүний бүрэлдэхүүнтэй 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хуралдаад оёдлын нэр бүхий үйлдвэрүүд "Могол ноос" ХХК-иас олгосон даавууны  зээл,  зээлийн хүү, алдангийг шилжүүлж авахаар, төвлөрсөн нэг дансыг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлүүлсэн хурлын протокол, бичлэг хэрэгт авагдсан нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д заасны дагуу тус яамны өмнө үүрэг хүлээж, эрх зүйн харилцаанд орсныг нотолж байна.

Гэвч оёдолын компаниуд тохиролцооныхоо хүрээнд гэрээгээ байгуулаагүй ба 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх талаар урилга хүргүүлсэн. Энэ нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр гэрээ байгуулах санал юм. Уг урилгын дагуу "Төмөр трейд" ХХК, "Шүтэн-Уул" ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр "Өр барагдуулах" гэрээ байгуулсан. Гэтэл "Шилмэл загвар" ХХК, "Бүтээлч үйлс" ХХК, "Торгон хийц" ХХК, "Эрдсүлж" ХХК-иуд хурлаар хэлэлцэн тохиролцсоны дагуу "Могол ноос" ХХК-тай "Төлбөр барагдуулах гэрээ" байгуулаагүйг гэрээ байгуулахаас санаатайгаар зайлсхийсэн гэж байна. Өөрөөр хэлбэл, хамтран хариуцагч компаниуд "өр барагдуулах гэрээ" байгуулсан 2 компанитай ижил нөхцөлтэй зээлээр даавуу хэрэглэсэн, зээлийг эргэн төлөх үүрэг ижил гэдгээ мэдэж байсан нь 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хуралдсан хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байгааг анхаарч үзээгүй. “Шилмэл загвар" ХХК, "Бүтээлч үйлс" ХХК, "Торгон хийц" ХХК, "Эрдсүлж" ХХК-иуд "Могол ноос" ХХК-иас сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх зорилгоор авсан даавуу нь Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд яамны санхүүжилтээр хийгдсэн даавууг авсан ба "Сурагчийн дүрэмт хувцасны зориулалттай даавуу бэлтгэн нийлүүлэх гэрээ"-ний оролцогч талыг буюу оёдлын нэгдсэн холбооны 7 компанийг яамны зүгээс шалгаруулж, “Могол ноос” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний 2.2.1-т тусгайлан оёдолын үйлдвэрийг нэрлэн зааж өгсөн нь даавууны зориулалтаар авсан зээлийг шаардах эрх үүсч байгааг анхаарч үзээгүй. Үүнээс үзвэл хамтран хариуцагч 5 компани Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч мөн бөгөөд зөвхөн яамтай гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр хамтран хариуцагчаар татахгүй байх үндэслэлгүй юм. Зээлийн гэрээг “Могол ноос” ХХК-тай байгуулсан боловч Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоол, Иргэний хуулийн 343 дугаар зүйл болон бусад холбогдох заалт, Дамжуулан зээлдэх гэрээ, Ажил гүйцэтгэх 3 талт гэрээ, Зээлийн гэрээ нь хоорондоо салшгүй холбоотой бөгөөд эдгээр гэрээгээр зохицуулах үйл ажиллагаа нь кластерийн төслийг дэмжсэн зохицуулалттай холимог гэрээ гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна.Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дэх хэсэгт заасны дагуу даавууны зээлийг төлөх харилцаа нь хувцасыг зарж борлуулах үүрэг хүлээсэн тал болох оёдлын үйлдвэрүүдэд “Өүлэн менч” ХХК-тай гэрээ хийж ажиллахыг “Могол ноос” ХХК-тай байгуулсан гэрээний 2.2.8-д зааж өгснийг анхаараагүй. Эдгээр оёдлын 7 үйлдвэр ХҮГСДХ-1/8 тоот зээлийн гэрээний 2.1.5-д зааснаар зөвхөн нэгдсэн дансаар оёдлын үйлдвэрүүд өөрсдөө оёсон хувцасаа зарсан орлогоосоо зээлээр авсан даавууныхаа үнийг буцаан төлөх үүрэг хүлээснийг анхаараагүй.

3. Хамтран хариуцагчаар татагдсан оёдлын үйлдвэрүүдийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд "Могол ноос" ХК-ийн үүргийн гүйцэтгэлийн талаар болон тус компаниас авсан материалын үнийн дүнгийн талаар маргаагүй нь хариуцагч нарын үүргийн гүйцэтгэл харилцан уялдаатайг хүлээн зөвшөөрч байгааг нотолж байна.

Иймд хэргийг тал бүрээс бодитойгоор хянан үзэж, шүүхийн шийдвэрээс “Могол ноос” ХХК-иас 354 579 652,4 төгрөг гаргуулах хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн үнийн дүнгээс хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, хамтран хариуцагч "Шилмэл загвар" ХХК-иас 2 136 991 847,9 төгрөг, ”Өүлэн менч" ХХК-иас 3 863 504 003,5 төгрөг, 'Бүтээлч үйлс" ХХК-иас 1 998 749 122,6 төгрөг; "Торгон хийц" ХХК-иас 1 988 749 122,6 төгрөг; "Эрдсүлж" ХХК-иас 1 329 975 604,9 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар хэргийн баримтад үндэслэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүйн улмаас, шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий  болоогүй боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргасан тайлбар болон бичгийн нотлох баримт зэрэг нотолгооны хэрэгслээр маргааны үйл баримт тогтоогддог тул хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарт үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч “Могол ноос” ХХК-иас 354 579 652.4 төгрөг, “Шилмэл загвар” ХХК-иас 2 136 991 847,9 төгрөг, “Өүлэн менч” ХХК-иас 3 863 504 003.5 төгрөг, “Бүтээлч үйлс” ХХК-иас 1 988 749 122.6 төгрөг, “Торгон хийц” ХХК-иас 1 988 749 122.6 төгрөг, “Эрдсүлж” ХХК-иас 1 329 975 604.9 төгрөг нийт 11 662 549 353,9 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, “Могол ноос” ХХК-ийн хооронд 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ХҮГСДХ-1/8 тоот зээлийн гэрээгээр 12 000 000 000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,01 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулагджээ.

Зээлдүүлэгч дээрхи гэрээний дагуу “Могол ноос” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь дансанд 2013 оны 7 дугаар сарын 29, 31-ний өдөр мөн оны 8 дугаар сарын 02, 26-нд нийт 4 удаагийн үйлдлээр 12 061 163 996 төгрөг шилжүүлж, гэрээгээр тохиролцсны дагуу хяналтын зардалд зориулан 120 000 000 төгрөг суутган авч 11 941 169 996 төгрөг үлдсэн үйл баримт тогтоогдсон талууд энэ талаар маргаагүй бөгөөд хариуцагч “Могол ноос” ХХК-иас хяналтын зардал 120 000 000 төгрөгийг хасч тооцуулахаар маргажээ.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, “Могол ноос” ХХК-ийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болон талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний үлдэгдэл дүнгийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйдлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ. Дээрхи зээлийн гэрээнд талууд зээлийн хүүг жилийн 7 хувь, алдангийг  0,01 хувиар тооцохоор тодорхой заасан бөгөөд хариуцагч “Могол ноос” ХХК-иас энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй.

Тиймээс анхан шатны шүүх хариуцагч “Могол ноос” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хамтран хариуцагчаар оёдлын “Шилмэл загвар” ХХК, “Өүлэн менч” ХХК, “Бүтээлч үйлс” ХХК, “Торгон хийц” ХХК, “Эрдсүлж” ХХК-иудыг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч ханган шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нь оёдлын үйлдвэрлэл эрхэлдэг “Шилмэл загвар” ХХК, “Өүлэн менч” ХХК, “Бүтээлч үйлс” ХХК, “Торгон хийц” ХХК, “Эрдсүлж” ХХК-иас нийт 11 307 969 701,5 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн биелэлтэд шаардсаныг  хариуцагч нар талуудын хооронд гэрээ байгуулаагүй, мөнгөн хөрөнгө болон шаардах эрх шилжээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж маргажээ.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах- худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан бөгөөд “Могол ноос” ХХК нь “Шилмэл загвар” ХХК, “Өүлэн менч” ХХК, “Торгон хийц” ХХК, “Бүтээлч-Үйлс” ХХК-тай оёдлын үйлдвэрлэл эрхлэх даавуу нийлүүлэх талаар бичгээр гэрээ байгуулж, уг гэрээний үнийн дүнгийн хэмжээг тодорхой заасан боловч нийлүүлсэн даавуу нь уг гэрээнд заагдсанаас илүү хэмжээтэй гарсан байгаа тул талуудын хооронд нийт нийлүүлэгдсэн даавууны хэмжээгээр аман хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулах шаардлагыг нэхэмжлэгч биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн дээр Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт зааснаар хүү, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар алданги тооцож нэхэмжилэх эрхгүй гэж үзнэ.

Харин хэрэгт нотлох баримтаар “Могол ноос” ХХК нь “Шилмэл загвар” ХХК, “Өүлэн менч” ХХК, “Торгон хийц” ХХК, “Бүтээлч Үйлс” ХХК-иудын хооронд нийлүүлсэн барааны үлдэгдлийн талаар талуудын тооцоо нийлсэн баримтыг үндэслэн барааг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй. Харин хүлээж авсан барааныхаа төлбөрийг буцаан төлсөн талаар хариуцагч дээрх компаниуд Иргэний хуулийн 25 мдугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй.

Талуудын тооцоо нийлсэн баримтаас өөр тэдгээрийн хооронд барааны үнийг төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй учраас талуудын сүүлд тооцоо нийлсэн баримтад үндэслэж, худалдаж авсан бараа буюу даавууны үнийг тодорхойлох боломжтой. Иймд талуудын тайлбар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотолгооны хэрэгсэл болох тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон хариуцагч “Могол ноос” ХХК-ийн тайлбаруудыг үндэслэж “Могол ноос” ХХК нь “Шилмэл загвар” ХХК, “Өүлэн менч” ХХК, “Торгон хийц” ХХК, “Бүтээлч-Үйлс” ХХК-иудад нийлүүлсэн барааныхаа үнийг шаардах эрхийг нэхэмжлэгч байгууллагад шилжүүлсэн гэж үзнэ.

Талуудын хооронд бичгээр хэлцэл байгуулаагүй учраас шаардах эрхийг шилжүүлэхдээ аман хэлцлээр шилжүүлэх боломжтой. Түүнчлэн Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхийг шилжүүлэхдээ эдгээр компаниудаас заавал зөвшөөрөл авах шаардлагагүй юм. Иймд нэхэмжлэгч нь дээрх “Шилмэл загвар” ХХК, “Өүлэн менч” ХХК, “Бүтээлч үйлс” ХХК, “Торгон хийц” ХХК-иудаас даавууны үнийг шаардах эрхтэй.

Түүнчлэн талуудын хооронд даавуу нийлүүлсэн үнийн дүн дээр хүү, алданги тооцохоор бичгээр байгуулсан гэрээ байхгүй тул эдгээр компаниудаас хүү, алданги шаардах эрх Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар үгүйсгэгдэнэ.

Иймд хариуцагч “Шилмэл загвар” ХХК-иас 1 535 922 824 төгрөг,Өүлэн менч” ХХК-иас  2 768 000 000 төгрөг,Торгон хийц” ХХК-иас 1 444 045 890 төгрөг, “Бүтээлч Үйлс” ХХК-иас 1 444 045 890 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Мөн хэрэгт “Могол ноос” ХХК-иас “Эрдсүлж” ХХК-д 968 936 291 төгрөгийн үнийн дүн бүхий даавуу нийлүүлсэн гэж талбарласан боловч энэ талаар баримт байхгүй, зөвхөн “Подиум” ХХК-д нийлүүлсэн баримт байгаа талаар маргаагүй байх тул “Эрдсүлж” ХХК-ийг “Могол ноос” ХХК-иас даавуу хүлээж авсан, даавууны үнийг хариуцах ёстой гэж дүгнэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас “Эрдсүлж” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Эрдсүлж” ХХК-иас хамтран хариуцагчаар “Подиум” ХХК-ийг татан оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хүлээн авахаас татгалзсныг давж заалдах шатны шүүх өөрчилөх боломжгүй. Хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг хүлээн авахаас таталзсан нь “Подиумд” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон асуудал биш тул нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон хариуцагч “Могол ноос” ХХК-иуд нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох “Подиум” ХХК-д холбогдуулан даавууны үнэ шаардах эрхийг энэ шүүхийн шийдвэрээр хязгаарлаагүй болохыг дурдав.

        Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “Подиум” ХХК-ийг оролцуулсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэх боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/01835 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Могол ноос” ХХК-иас 354 579 652,4 төгрөг, “Шилмэл загвар” ХХК-иас 1 535 922 824 төгрөг,Өүлэн менч” ХХК-иас  2 768 000 000 төгрөг, “Торгон хийц” ХХК-иас 1 444 045 890 төгрөг, “Бүтээлч Үйлс” ХХК-иас 1 444 045 890 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 785 979 492,6 төгрөгт холбогдох хэсэг  болон “Эрдсүлж” ХХК-иас 1 329 975 604,9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтад “1 930 848 төгрөг” гэсний дараа хариуцагч “Шилмэл загвар” ХХК-иас 7 837 564 төгрөг,Өүлэн менч” ХХК-иас 13 997 950 төгрөг, “Торгон хийц” ХХК-иас 7 378 179 төгрөг, “Бүтээлч Үйлс” ХХК-иас 7 378 179 төгрөгийг тус тус” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                              ШҮҮГЧИД                                            Ч.ЦЭНД

                                                                                                           Д.БАЙГАЛМАА