Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 78

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: Э.Гантулга

Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж  шүүгдэгч Б.Ут холбогдох эрүүгийн 1814005570052 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.              

                                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Б.У

                                                     Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б.У нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг Баруун бүсийн худалдааны төвийн ард байрлах иргэн Ц.Батмөнхийн үйл ажиллагаа явуулах ” Оюун “ нэртэй үсчингийн газарт 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 10 цагийн үед хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагт хулгайлан авч 240000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

...2018 оны  09 дүгээр сарын 30-ны өдөр 10-11 цагийн үед Баруун бүс худалдааны төвөөр явж байгаад худалдааны төвийн ард байрлах ард үсчний газар руу ортол хүн байхгүй байсан. Хүлээгээд хүн орж ирэхгүй байхаар нь зурагтыг аваад гарсан. Зурагтыг хүнсний дэлгүүрийн хүнд 90.000 төгрөгөөр зарсан. Дэлгүүрээс нэг шил архи авч уусан. Тэгээд цагдаад баригдсан гэв.

Шүүгдэгч Б.Уын мөрдөн байцаалтад өгсөн

... би Эрдэнэт хотоос 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ирсэн. 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр би баруун бүсийн худалдааны төвийн хойд талд Маралжин эмийн сан орж эм авахаар ороод 1ш Витемин авсан. Эмийн сангийн хажуу талд байсан үсчиний өрөөний хаалга онгорхой өрөөнд цонхон дээр Наiег маркийн 32 инчийн өнгөт зурагт байхаар нь авч гарч Наранбулаг гэх хүнсний дэлгүүрт 90,000 төгрөгөөр зарсан. Би тэр үед ганцаараа явж байсан архи уух зорилгоор зурагт хулгайлсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 51-54 /

Хохирогч Ц.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2018 оны 09 сарын 30-ны өглөө 10 цагт төрсөн эгч Б.Оюунчимэг залгаад ажлын өрөөнд байсан телевизор чинь алга болчихсон байна гэж хэлэхэд нь ирж үзэхэд цонхон дээр байсан Наiег маркийн 32 инчийн өнгөт телевизор алга болчихсон байна. Тэгээд би хажуу талын эмийн сангийн камерыг орж шүүсэн тэр өдрийн 2018 оны 09 сарын 30 өдөр өглөө 09-10 цаг үед эгчийг очихоос өмнө нэг эрэгтэй эмийн санд орсон бичлэг байсан тэгээд тэр эмийн сангаас нэг хайрцагтай зүйл аваад гарч байсан бичлэг байхаар нь цагдаагийн байгуулага дуудлага өгсөн. Тэр өдрийнхөө Цагдаагийн байгуулага хүнийг олсон гээд телевизорыг хүлээн авсан. Уг телевизорыг 2016 онд 399.000 төгрөгөөр худалдан авч байсан. Үнэлгээчин 240000 төгрөгөөр үнэлсэн байсан би үнэлгээтэй танилцсан. Алдсан зурагтаа буцааж авсан болохоор гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 15-17/

            ...тухайн үед манай үсчингийн газрын хаалга цоожтой байсан, Б.Оюунчимэг эгч бид хоёр ажилдаа ирээгүй байсан,.. зурагт алдагдах үед цоожны цүү ордог хаалганы хэсэг гадагшаа сэтрээд хагарсан байсан,.. хаалгаа цоожлоод явсан... гэх мэдүүлэг / хх-ийн 202-203/

Иргэний нэхэмжлэгч П.Пирмаагийн мөдөн байцаалтанд өгсөн

... 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Цэрэнпалжир надруу залгаад энд зурагт байна  100.000 төгрөгөөр зарна гэхээр нь би үзэхэд нэг залуу зурагт тэвэрчихсэн байсан. Би тэр залуугаас чи яагаад хямд зарах гээд байгаа юм гэхэд миний гэрийн зурагт байгаа надад мөнгөний хэрэг болоод зарах гэж байгаа гэхээр нь 91,000  төгрөгөөр худалдан авсан. Би Б.Уаас 91000 төгрөгөө буцаан авсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй ...  гэх мэдүүлэг / хх-ийн 19-20 /

Гэрч А.Ариунбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн

... манай Маралжин эмийн сангийн хажуу өрөөнд Оюунчимэг эгч үсчин, түүний дүү нь компьютерийн засвар үйлчилгээ хийдэг. 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө 09-10 цагийн орчимд эмийн санд ирсэн эмийн сангийн үүдний хаалга цоожгүй байдаг болохоор санаанд ороогүй эмийг санд цэвэрлэгээ хийж байсан хажуу талын үсчиний газрын хаалга дуугарахаар нь үсчин эгч ирсэн гэж бодсон. Тэгээд би хогоо асгах гэж гарахад надтай зөрөөд хар куртиктэй өндөр залуу үсчиний газар луу орсон. Тэр залуу эмийн санд орж ирээд Вигар гэж эм аваад энэ талын үсчин ирээгүй юмуу гэхэд нь ирээгүй гэж хэлсэн. Тэгээд удаагүй байтал манай хажуу талын үсчин телевизор алга гээд цагдаад дуудлага өгөөд эмийн сангийн камер үзэхэд нэг хар куртиктэй залуу телевизор авсан олоод телевизор буцааж авсан гэж ярьсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 27-30 /

            ...манай хоёр тус тусдаа хаалга цоожтой, үсчингийн газар цоожтой байсан, би хамгийн түрүүд ажил дээрээ ирсэн манай ирэхэд үсчингийн газрын хүмүүс  ирээгүй, хаалга цоожтой  байсан, ... зурагт алдагдсаны дараа хаалга нь эвдэрсэн байсан гэсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 204-205/

Гэрч Б.Оюунчимэгийн мөдөн байцаалтын шатанд өгсөн

... би баруун бүсийн худалдааны төвийн хойд талд Маралжин эмийн сангийн хажуу өрөөнд Оюун нэртэй газарт үсчинээр ажилладаг. Миний төрсөн дүү компьютерийн засвар үйлчилгээ хийдэг. 2018 оны 09 дүгээр сарын 30- ны өдөр 11 цагт ажилдаа ирэхэд үүдний цоож онгорхой байхаар нь орсон чинь Наiег маркийн 32 инчийн өнгөт зурагт алга байсан. Хажуу талын эмийн санд ороод асуухад сая нэг хүн хайрцагтай зүйл авч гарсан гэж хэлэхээр нь эмийн сангийн камер шүүж үзээд цагдаад мэдэгдсэн. Тэгээд тухайн өдрөө зурагтаа буцаан олж авсан ....  гэх мэдүүлэг / хх-ийн 31-33 /

            ...манай хаалга цоожтой байсан,.. зурагт алдагдах үед вакум хаалга цоожлогддог хэсгээрээ гадагшаа сэтэрч, хагарч онгойсон байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 205-206/

Энх нахиа ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №237 дугаар  “... эд зүйлсийг ... зурагтыг 240000 төгрөгөөр...” үнэлсэн  үнэлгээ /хх-ийн 42-43/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № 669 дугаар шинжээчийн...

1. 80х210см хэмжээтэй вакуман хаалга  цоожлогдох хэсэг нь хагарсан 40000 төгрөгийн үнэлгээтэй / хх-ийн 207-208/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 1-2/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 198-201/ шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгч Б.Уыг иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 58/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 58/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 57/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан сэхийг шалгах хуудас/ хх-ийн 65/ нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, арван зургаан насанд хүргээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.    

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд

шүүгдэгч Б.У нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг Баруун бүсийн худалдааны төвийн ард байрлах иргэн Ц.Батмөнхийн байнгын үйл ажиллагаа явуулах “Оюун” нэртэй үсчингийн газарт 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 09-10 цагийн үед хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагт хулгайлан авч 240000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

хохирогч Ц.Батмөнхийн ... эгч Б.Оюунчимэг залгаад ажлын өрөөнд байсан телевизор чинь алга болчихсон байна гэж хэлэхэд нь ирж үзэхэд цонхон дээр байсан Наiег маркийн 32 инчийн өнгөт телевизор алга болчихсон байна,... ...тухайн үед манай үсчингийн газрын хаалга цоожтой байсан,.. зурагт алдагдах үед цоожны цүү ордог хаалганы хэсэг гадагшаа сэтрээд хагарсан байсан,... гэх мэдүүлэг / хх-ийн 15-17, 202-203/

Иргэний нэхэмжлэгч П.Пирмаагийн ...миний гэрийн зурагт байгаа надад мөнгөний хэрэг болоод  гэхээр нь 91000 төгрөгөөр худалдан авсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

гэрч А.Ариунбилэгийн ... би хогоо асгах гэж гарахад надтай зөрөөд хар куртиктэй өндөр залуу үсчингийн газар луу орсон. Тэр залуу эмийн санд орж ирээд Вигар гэж эм аваад энэ талын үсчин ирээгүй юмуу гэхэд нь ирээгүй гэж хэлсэн. Тэгээд удаагүй байтал манай хажуу талын үсчин телевизор алга гээд цагдаад дуудлага өгсөн,...манай хоёр тус тусдаа хаалга цоожтой, үсчингийн газар цоожтой байсан, ... зурагт алдагдсаны дараа хаалга нь эвдэрсэн байсан гэсэн ...гэх мэдүүлэг / хх-ийн 27-30, 204-205 /

гэрч Б.Оюунчимэгийн ... би хогоо асгах гэж гарахад надтай зөрөөд хар куртиктэй өндөр залуу үсчний газар луу орсон удаагүй байтал манай хажуу талын үсчин телевизор алга гээд цагдаад дуудлага өгсөн,...манай хаалга цоожтой байсан,.. зурагт алдагдах үед вакум хаалга цоожлогддог хэсгээрээ гадагшаа сэтэрч, хагарч онгойсон байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 27-30, 205-206 /

гэрч Б.Оюунчимэгийн ... 2018 оны 09 дүгээр сарын 30- ны өдөр 11 цагт ажилдаа ирэхэд үүдний цоож онгорхой байхаар нь орсон чинь Наiг маркийн 32 инчийн өнгөт зурагт алга байсан ...  гэх мэдүүлэг /хх-ийн 31-33/

Энх нахиа ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №237 дугаар  “... эд зүйлсийг... зурагтыг  240000 төгрөгөөр...” үнэлсэн  үнэлгээ /хх-ийн 42-43/ зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.У нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг Баруун бүсийн худалдааны төвийн ард байрлах иргэн Ц.Батмөнхийн үйл ажиллагаа явуулах Оюун нэртэй үсчингийн газарт 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 09-10 цагийн үед хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагт хулгайлан авч 240000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь  шууд санаатай, шунахай сэдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Уг гэмт хэргийн хохирогч Ц.Батмөнх хулгайд алдсан эд зүйлийг 240000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, шүүгдэгч Б.У нь  бусдын эд зүйлийг хулгайлж авсан өөрийн үйлдэл болон авсан эд зүйл болон  хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.У нь хохирогч Ц.Батмөнхийн хулгайлсан эд зүйлийг буцааж өгч / хх-ийн 53-54/, иргэний нэхэмжлэгч П.Пирмаад 90000 төгрөг буцааж өгч хохирлыг барагдуулсан,  хохирогч Ц.Батмөнх, иргэний нэхэмжлэгч П.Пирмаа нар нь нэхэмжлэх зүйлгүй  талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Уыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр  нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм бурутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.У нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 шүүгдэгч Б. Ууганбаяр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн  зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан хорих ялын  доод хэмжээгээр ял оногдуулж,  эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Уг хэрэгт шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн  3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б.Уыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр  нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Уыг 1 / нэг/  жил 3 / гурван / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.Ут оногдуулсан 1 / нэг/  жил 3 / гурван / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Уын цагдан хоригдсон 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 14-нй өдрийг хүртэл 55 хоног, 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 35 хоног нийт 90 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Б.У нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Б.Ут  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ут хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.