Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 102/2014/06246/И |
Дугаар | 001/ХТ2018/00344 |
Огноо | 2018-03-02 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2018/00344
Н-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/01250 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2017/02133 дугаар магадлалтай,
Н-гийн нэхэмжлэлтэй,
“Ц” ХХК, “Ц интернэшнл” ХХК, Ч.С нарт холбогдох,
2004 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Хөрөнгө шилжүүлсэн тухай батламж”-ийн холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Ц интернэшнл” ХХК-ийн нийт хувьцааны 49.3 хувийн эзэмшигч болохыг тогтоолгон, компаний статусыг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгон өөрчлөхөд шаардагдах бичиг баримт гаргуулах, “Ц хаус” барилгын 100 хувийн хөрөнгө оруулагч болохыг тогтоолгох, уг барилгын хууль ёсны өмчлөгч нь “Ц интернэшнл” ХХК болохыг тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахад шаардагдах баримт бичиг гаргуулах, “Ц” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоож, шаардагдах бичиг баримт гаргуулах, Ц интернэшнл” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болгон өөрчлөхөд шаардагдах бичиг баримт гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюу-Эрдэнэ, С.Эрдэнэбат, Б.Баднайсүрэн, өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Баднайсүрэн, С.Эрдэнэбат, М.Алтанцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч К.Бауржан, М.Баасанбат, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Саранчимэгтэй хамтран ажиллахаар тохиролцож улмаар төлөөлөгчөөр томилж 30.000 ам.долларыг өгч, 1 сарын дотор холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн компани байгуулах, компани байгуулсан үед Монгол улсад ирж, хөрөнгө оруулан хамтран ажиллахаар тохиролцсон. Ч.С нь 12.480.000 төгрөгөөр “Ц” ХХК-ийн дүрмийн санг бүрдүүлж, 2 гишүүнтэйгээр С.Мөнхбаттай хамтран 1997 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тус компанийг байгуулсан бөгөөд Н-д тус компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээг үзүүлэхдээ гэрчилгээн дээрх 2 гишүүнтэй гэх хэсгийг “энэ 2 гишүүн нь чи бид 2” хэмээн тайлбарлаж, анхнаасаа түүний итгэлийг эвдэж, залилж эхэлсэн. Уг “Ц” ХХК-ийн 100 хувийн эзэмшигч анхнаасаа нэхэмжлэгч Н- мөн болохыг 2004 оны 11 дүгээр сарын 29-нд Н-, Ч.С нар байгуулж гарын үсэг зурсан “Ц” ХХК-ийн амлалтын тохиролцоо бичгээр үүсгэн байгуулагч гэдэг нь тогтоогддог. Ч.С 2004 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Ц” ХХК-ийн амлалт тохиролцоо бичиг”-ийн дагуу Ч.Саранчимэгт холбогдох 20935528 дугаартай эрүүгийн хэрэгт өгсөн гэрч Ч.Одончмэг, З.Бат-Амгалан, Г.Батмөнх, Л.Сарангэрэл, А.Сонинхүү, Т.Гэрэлмаа нарын мэдүүлэг тодорхойлолтоор “Ц” ХХК болон “Ц Интернэшнл” ХХК, хариуцагч Ч.Саранчимэгтэй байгуулсан “Гэрээ болон Зөвшилцлийн бичигт бүх зардлыг хөрөнгө оруулагч тал гаргана” гэж заасныг аль аль тал нь хүлээн зөвшөөрч буйгаа баталж тамга, гарын үсгээ зуралцсан байдаг. Ийнхүү 1997 онд тус компанийг үүсгэн байгуулаад Н- бүх зардал болон хөрөнгө оруулалтаа хийлгэж байх хугацаанд 50 хувийн хувьцаа эзэмшигч байсан С.Мөнхбатын хувьцааг 2004 онд өөр дээрээ шилжүүлэн авсан байдаг. Мөн компанийн ажилчдаас 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хуурамч хурлын протокол, бэлэглэлийн гэрээ зэргийг үйлдэж, “Ц” ХХК болон “Ц интернэшнл” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болж Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Түүний Монгол улс дахь төлөөлөгч Ч.Саранчимэг, Ч.Одончимэг, Ч.Идэрбаяр нар нь түүний нэрийн өмнөөс дээрх компаниудын хувьцааг тус бүр 33 хувиар эзэмшиж, түүнээс цалин авч буй ажилтан гэдгээр байгуулсан бөгөөд компанийн үйл ажиллагаанд харилцан хяналт тавих зорилгоор хариуцагч Ч.Саранчимэгийн төрсөн эгч, дүү болох Ч.Одончимэг, Ч.Идэрбаяр нарыг хамтран хувьцаа эзэмшигчээр томилсон. 2004 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Ц” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурал болж, Ч.С нь өөрийн хүсэлтээр 33.3 хувиудыг Ч.Одончимэг, Ч.Идэрбаяр нарт шилжүүлсэн хурлын протокол гарч УБЕГ өөрчлөлтийг бүртгүүлэхийг Ч.Саранчимэгт даалгасан. Гэтэл дахин хөрөнгө оруулагч талыг хууран мэхлэж гэрээнд тусгасан эрх мэдлээ хэтрүүлэн үүргээ зөрчин дур мэдэн “Ц” ХХК-ийн 20 хувийн хувьцааг З.Бат-Амгаланд шилжүүлсэн бөгөөд үүнийг Нишимо Ёошимид хурлын дагуу, зөвшилцлийн бичгийн дагуу өөрчлөлтийг оруулсан гэж мэдэгдсэн.
“Ц интернэшнл” ХХК-ийг анх 2000 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Н- 49 хувь, Ч.С 33 хувь, С.Мөнхбат 17 хувийг тус тус эзэмшихээр тохиролцож, байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл Ч.С 2004 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хуурамч “Хөрөнгө шилжүүлэх тухай батламж”, Монгол-Японы хамтарсан “Ц интернэшнл” ХХК-ийн зөвлөлийн гишүүдийн ээлжит бус хурлын протокол” зэрэг хуурамч бичиг баримт бүрдүүлэн, хуурамч гарын үсэг зурж, “Ц интернэшнл” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Уг хурлын протокол, батламж бичиг дээрх гарын үсгийг Н-гийн гарын үсэгтэй харьцуулсан 2009 оны 4 дугаар сарын 15-ны өдрийн 915 дугаартай “Криминалстикийн шинжээчийн дүгнэлт”-д тус гарын үсгүүдийг хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон. Үүний дагуу 2004 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Ц интернэшнл” ХХК-ийн хурал болж, Ч.С нь өөрийн хүсэлтээр 33.3 хувийг Ч.Одончимэг, Ч.Идэрбаяр нарт шилжүүлсэн хурлын протокол гарч, УБЕГ өөрчлөлтийг бүртгүүлэхийг Ч.Саранчимэгт даалгасны дагуу хурлыг дуусгасан бөгөөд үүний дагуу өөрчлөлтийг оруулж, “Ц интернэшнл” ХХК нь 3 хувьцаа эзэмшигчтэй болсон байдаг.
Гэтэл Ч.С гэрээгээр тохиролцсоны дагуу дээрх 2 этгээдийг компанид оруулдаг боловч “Ц” ХХК-ийн 20 хувийн хувьцааг З.Бат-Амгалангаас авах үедээ Ч.Одончимэг, Ч.Идэрбаяр нараас тус тусын 33.3 хувийн хувьцааг хууль бусаар буцаан авсан байдаг. Гэтэл дээр дурдсан “Ц” ХХК дээр байгуулсан “Гэрээ болон зөвшилцлийн бичиг”-ийг зөрчсөн үйлдлээрээ мөн “Ц интернэшнл” ХХК дээр байгуулсан “Гэрээ болон зөвшилцлийн бичиг”-ийг мөн зөрчиж гэрээний үүргээ биелүүлэхгүй, хууль бус үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Хөрөнгө оруулагч Н-д Ч.С “Ц хаус” төвийн барилгын газар авахад мөнгө шаардлагатай гэсний дагуу Япон улсаас буцаж байсан бүжигчингээр дамжуулан 306000 ам.долларыг явуулсны дагуу Ч.С нь одоогийн “Ц хаус” барилгын баригдсан газрыг авсан байсан. Уг барилгын барилга, газар, тоног төхөөрөмжийн хөлс нийт 126.000.000 иенг зарцуулсан. Гэтэл Ч.С “Ц интернэшнл” ХХК-д бүртгэлтэй барилгыг ямар нэгэн үндэслэлгүйгээр “Ц” ХХК-ийн нэрээр гэрчилгээг авсан байдаг.
Хариуцагч Ч.С 2004 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “Ц интернэшнл” ХХК-ийн хөрөнгө оруулагчид Н-гийн өмчлөх 49 хувийг, хөрөнгө оруулагч С.Мөнхбатын 17.3 хувийг өөрийн нэр дээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн шилжүүлэн авсан байдаг. Дээрх хуурамч баримтыг үндэслэн 2004 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Ч.С Монгол улсын Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт буюу Гадаадын хөрөнгө оруулалтын газарт “Япон улсын иргэн Н-, Монгол улсын иргэн С.Мөнхбат нарыг хөрөнгө оруулагчаас хасаж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн 00-130 тоот гэрчилгээг хүчингүй болгох” тухай хүсэлт гаргасан байдаг. Энэхүү хүсэлтийг Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг хүлээн авч 2004 оны 8 дугаар сарын 12-ны өдөр тус агентлагийн даргын А-1460 тоот тушаалаар Монгол Японы хамтарсан “Ц интернейшнл” ХХК-ийг татан буулгаж, Монголын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгон өөрчлөлт оруулсан байна. Хариуцагч Ч.С 2004 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хуурамч “Хөрөнгө шилжүүлэх тухай батламж”, Монгол-Японы хамтарсан “Ц интернэшнл” ХХК-нийн зөвлөлийн гишүүдийн ээлжит бус хурлын протокол зэрэг хуурамч бичиг баримт бүрдүүлэн, хуурамч гарын үсэг зурж, “Ц интернэшнл” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон байдаг. Үүнээс харахад “Ц интернейшнэл” ХХК-ийн хувьцаа Ч.Саранчимэгт хууль бусаар шилжсэн тул 2004 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Хөрөнгө шилжүүлсэн тухай батламж”-ийг хүуль бус болохыг тогтоох, “Ц интернэшнл” ХХК-ийг 2004 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс өмнөх Н-гийн өмчлөх 49.3 хувийг, хөрөнгө оруулагч С.Мөнхбатын 17.3 хувийг, Ч.С 33.3 хувийг тус тус эзэмшиж байсан Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байсныг холбогдох төрийн захиргааны байгууллагуудад өөрчлөлт оруулан, анх үүсгэн байгуулахад байсан хөрөнгө оруулагч нарыг оруулах, компаний статусыг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгож, хэвээр хадгалахтай холбоотой өөрчлөлт оруулахыг Ч.Саранчимэгт даалгахаар шаардлагаа нэмэгдүүлсэн болно.
Нэхэмжлэгчээс дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж багасган, 2004 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Хөрөнгө шилжүүлсэн тухай батламж”ийн холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Ц интернэшнл” ХХК-ийн нийт хувьцааны 49.3 хувийн эзэмшигч болохыг тогтоолгон, компаний статусыг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгон өөрчлөхөд шаардагдах бичиг баримт гаргуулах, “Ц хаус” барилгын 100 хувийн хөрөнгө оруулагч болохыг тогтоолгох, уг барилгын хууль ёсны өмчлөгч нь “Ц интернэшнл” ХХК болохыг тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахад шаардагдах баримт бичиг гаргуулах, “Ц” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоож, шаардагдах бичиг баримт гаргуулах, Ц интернэшнл” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болгон өөрчлөхөд шаардагдах бичиг баримт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Ц” ХХК, “Ц интернэшнл” ХХК, Ч.С нар шүүхэд гаргасан тайлбартаа: Н-тэй хийсэн гэх Гэрээ зөвшилцлийн бичгийн 7 дугаар зүйлд заасны дагуу “Ц” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Н- болгон өөрчлөх үндэслэлгүй. Учир нь тус компанийг тэрээр үүсгэн байгуулаагүй, хөрөнгө оруулаагүй нь компанийн үүсгэн байгуулах баримт бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлээр нотлогдоно. Н- нь “Ц” ХХК-ийг үүсгэн байгуулахад 30.000 ам.долларын хөрөнгө оруулсан гэх боловч С.Мөнхбат болон Ч.С нарын хувьд “Ц” ХХК-ийг үүсгэн байгуулахад 12.840.000 төгрөгийн үнэ бүхий тавилга эд хогшлоор компаний дүрмийн санг бүрдүүлж байснаас гадна тус компаний үүсгэн байгуулагч С.Мөнхбат цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Н- 30.000 ам.доллар өгч байгаагүй” талаар мэдүүлснээр үгүйсэгддэг. Нэхэмжлэгч Н-гийн хувьд “Ц интернэшнл” ХХК-ийг дангаараа үүсгэн байгуулсан, хөрөнгө оруулсан гэдгээ нотолж, баримт гаргаж өгөх ёстой.
“Ц хаус” төвийн барилгыг нэхэмжлэгч Н- 100 хувийн хөрөнгөөр бариулсан гэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ч.С би 1996 оноос хойш Япон улсад ажиллаж олсон орлого болон “Ц” ХХК-ийн олсон орлогоор “Ц хаус” төвийн барилгыг бүрэн санхүүжүүлж бариулсан ба ингэхдээ өөрийн Ц ХХК-ийн нэрээр газрын зөвшөөрөл болон барилга эхлүүлэх, барих бүхий л зөвшөөрлийг төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас авч, улмаар “Азийн суварга” ХХК, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай И Жа ХХК-тай гэрээ байгуулан бариулж ашиглалтад оруулсан. Япон улсын иргэн Н- нь “Ц интэрнэшнл” ХХК-ийн нэр дээр байдаг, тус компанид оруулсан хөрөнгөөр барьсан мэтээр Арбитр болон цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж, мэдүүлснээр уг барилгатай холбоотой асуудлыг огт мэдэхгүй нь нотлогдоно.
“Ц хаус” барилгын өмчлөгчөөр “Ц интернэшнл” ХХК-ийг тогтоох боломжгүй. Ц хаус төвийн барилгыг “Ц” ХХК-ийн нэрээр бариулж, “Ц” ХХК-ийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байсныг манай компани холбогдох албан тушаалтан татварын байгууллагад буруу мэдүүлснээс “Ц интернэшнл” ХХК-ийн тайлан балансад бүртгэгдэж явсныг залруулж, “Ц” ХХК-ийн үндсэн хөрөнгөнд бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан. Нэхэмжлэгчийн хувьд “Ц интернэшнл” ХХК-ийн өмнөөс нэхэмжлэл гаргах замаар “Ц хаус” төвийн барилгыг “Ц интернэшнл” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх шаардлага гаргах эрх байхгүй, “Ц интернэшнл” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд юм. 2004 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Хөрөнгө шилжүүлэх тухай” батламжийг хууль бус болохыг тогтоолгох шаардсан бөгөөд Ц интернэшнл ХХК-ийг анх үүсгэн байгуулахад Н- оролцоогүй, үүсгэн байгуулах гэрээ дүрэмд гарын үсэг зураагүй хүний хувьд компанийн хувьцааг бусдад шилжүүлэх асуудалд ач холбогдол өгөх шаардлагагүй.
“Ц интернэшнл” ХХК-ийг 2004 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс өмнөх Япон улсын иргэн Н-гийн өмчлөх 49.3 хувь, Монгол талын хөрөнгө оруулагч С.Мөнхбатын 17.3 хувь, Ч.Саранчимэгийн 33.3 хувийг тус тус эзэмшиж байсан Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байсныг холбогдох төрийн захиргааны байгууллагад өөрчлөлт оруулан, анх үүсгэн байгуулахад байсан хөрөнгө оруулагч нарыг оруулах, компаний статусыг Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгож, хэвээр хадгалахтай холбоотой өөрчлөлт оруулахыг Ч.Саранчимэгт даалгах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд уг өөрчлөлтийг хуулийн дагуу зохих баримт бүрдүүлсний үндсэн дээр хийсэн болно. Н- нь “Ц интернэшнл” ХХК-д хөрөнгө оруулаагүй, хамааралгүй тул Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгон өөрчлөх шаардлага гаргах эрхгүй, түүний хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх үндэслэл байхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Ч.Идэрбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: би “Ц интернэшнл” ХХК-ийн 33 хувийн хувьцаа эзэмшигчээр өнөөдрийг хүртэл бүртгэлтэй. “Ц интернэшнл” ХХК-ийг байгуулахад болон “Ц хаус” төвийн барилгыг барихад Н- нь ямар нэг байдлаар хөрөнгө оруулаагүй, түүнд огт хамааралгүй юм. Нишиногийн нэхэмжлэл нь Ч.Саранчимэгтэй хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй гэж үзэж байна. Мөн “Ц интернэшнл” ХХК-ийн хувьцааг миний зөвшөөрөлгүйгээр Нишинод шилжүүлэх үндэслэлгүй. Миний бие Япон улсад байнга оршин суудаг учир дахин ирэх боломжгүй бөгөөд намайг байлцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.
Гуравдагч этгээд Ч.Одончимэг шүүхэд гаргасан тайлбартаа: би “Ц интернэшнл” ХХК-ийн 33,3 хувийн хувьцаа эзэмшдэг. “Ц интернэшнл” ХХК болон “Ц хаус” төвийн барилга барихад би Монголд байгаагүй. Намайг 2004 онд “Ц интернэшнл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон гэдгийг Нишино маш сайн мэдэж байсан. Намайг байлцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/01250 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Саранчимэг, Н- нарын хооронд 2004 оны 7 дугаар сарын 16 өдрийн хөрөнгө шилжүүлсэн тухай батламж хууль бус болохыг тогтоож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дэх хэсэгт зааснаар /1999 оны/ хариуцагч Ч.Саранчимэг, “Ц” ХХК нарт холбогдох “Ц” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, Н- болгон өөрчлөхөд шаардагдах бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах, “Ц Хаус” барилгын 100 хувийн хөрөнгө оруулагч болохыг тогтоолгох нэхэмжлэгч Н-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар “Ц Интернэшнл” ХХК-ийн нийт хувьцааны 49.3 хувийн хувьцааны хууль ёсны эзэмшигч болохыг тогтоож, уг өөрчлөлттэй холбоотойгоор тус компанийн статусыг “Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд” болгож өөрчлөх, гэрчилгээг гаргуулахад шаардагдах бичиг баримтыг гаргуулах”, “Ц Интернэшнл” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Н-г тогтоолгох, өөрчлөхөд шаардагдах бичиг баримтыг гаргуулах, “Ц Хаус” барилгын хууль ёсны өмчлөгч нь “Ц Интернэшнл” ХХК болохыг тогтоож, уг барилгын өмчлөх эрхийн үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд дээрх өөрчлөлт оруулахад шаардагдах бичиг баримтыг гаргуулахыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.070.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1.039.626 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж, хариуцагч Ч.Саранчимэгээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2017/02133 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/01250 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Нишино Еошими, хариуцагч Ч.С нарын хооронд байгуулагдсан 2006 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Хөрөнгө шилжүүлэх тухай” батламжийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул “Ц интернэшнл” ХХК-ийн нийт хувьцааны 49.3 хувийн хувьцааны хууль ёсны эзэмшигч Нишин Ёошими болохыг тогтоолгох, компанийн хувьцааг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгож өөрчлөх, гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасан үндэслэлгүй тул “Ц интернэшнл” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Н-г тогтоолгох, өөрчлөхөд шаардлагатай баримт бичгийг гаргуулах, “Ц хаус” барилгын хууль ёсны өмчлөгч “Ц интернэшнл” ХХК болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэнгээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.109.826 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюу-Эрдэнэ, С.Эрдэнэбат, Б.Баднайсүрэн тэдгээрийн өмгөөлөгч М.Алтанцэцэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2017/02133 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн 6 шаардлагаас нэгийг хангаж, үлдсэн 5 шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх нь хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж шийдвэрийн агуулгыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Үүнд дараах гомдлыг гаргаж, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Нэхэмжлэгч нь шүүгчийн тодорхойлсон шиг зөвхөн “100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй “гэрээний эрх зүйн” дагуу өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа “Ц” ХХК-ийн “Гэрээ болон Зөвшилцлийн бичиг”-ийн 7 дугаар зүйлийг үндэслэн “Ц” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Н- болгон өөрчлөхөд шаардагдах бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах” /3 хавтаст хэргийн 736 нүүрний 24-27 мөр, Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах болон багасгах тухай/ нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу шаардлага гаргасан байхад гэрээг дүгнэхгүйгээр, нэхэмжлэгч тал нь үндэслэлээ хангалттай нотолсонгүй гээд ерөнхий дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг хангалгүй орхисон. Тухайн “Ц” ХХК-д Н-г хөрөнгө оруулж байсан нь хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогддог бөгөөд яг хэдий хэмжээний хөрөнгө оруулсан болохыг хөрөнгө оруулалтыг оруулсан болон тухай бүрт нь бусдаар дамжигдан хүлээн авч байсан Ч.С 2 нийт хэмжээг тодорхойлно. Тиймдээ ч хоёр талаас ийнхүү нийт хөрөнгө оруулалтынхаа хэмжээг “Ц” ХХК-ийн хувьд 5.600.000 иен болохыг дүгнээд сайн дураараа гарын үсэг зурцгааж, хоорондоо хэрхэн ажиллах тухай журмаа тогтоосон гэрээг байгуулсан бөгөөд энэхүү гэрээнд хариуцагч Ч.С нь өөрөө аливаа нэгэн албадлага болон дарамт шахалтгүйгээр, сайн дураараа хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байдаг. Хариуцагч талаас гэрээний 7 дугаар зүйлд заасны дагуу “100 хувийн хувьцаа” нэхэмжлэгчид шилжигдэх ёсгүй гэдэг атлаа өнөөдрийг болтол тухайн гэрээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаагүй, дүр үзүүлэн, тодорхой нэг ажиллагаанд хэрэглэх зорилгоор чин санаасаа хийгээгүй гэдгээ нотлоогүй байхад анхан шатны шүүх нь үндэслэлгүйгээр гэрээний маргааныг гэрээний бус шаардлагаар тодруулаад үүнийгээ нотолсонгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй орхисон нь илт үндэслэл муутай байна. XX-1 хавтас 70-98, 191-207, мөн 1 хавтас 18, 22, 23, 24, 25, 26, 27, 28 авагдсан тодорхойлолтууд нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй гэх тайлбарын хувьд ИХШХШТХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “бичмэл нотлох баримтын хуульд заасан шаардлагыг дурдсан байдаг. Үүнд: “эх хувиараа буюу нотариатчаар гэрчлүүлэх шаардлага” тавигдсан бөгөөд нэхэмжлэгчийн өгсөн баримтууд нь мөрдөн байцаалтын явцад хууль сануулан цуглуулсан, эрүүгийн хавтаст хэргээс “Хуулбар үнэн” даруулж, давхар нотариатчаар гэрчлүүлсэн баримтуудыг өгсөн болно. Тэгэхээр тухайн баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангасан бөгөөд энэхүү баримтууд нь “нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд тогтмол хөрөнгө оруулалтын харилцаа байсныг нотлох “баримт болохоос “нийт хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоох” утга бүхий нотлох баримт биш болно. Хариуцагч Ч.Саранчимэгийн зүгээс нэхэмжлэгчийг “Ц Хаус” барилгын хөрөнгө оруулагч болохыг хүлээн зөвшөөрөөд ийнхүү хөрөнгө оруулахдаа нийт 126.000.000 иенийн хөрөнгө оруулалт хийсэн болохыг хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах журмыг тогтоосон гэрээг сайн дураараа байгуулж өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэрээ өнөөдрийг болтол хүчин төгөлдөр үйлчилж байна. Учир нь хариуцагч нь тухайн “Ц Хаус” барилгыг 100 хувь өөрийн хөрөнгөөр барьсан гэж, тухайн гэрээ болон, хөрөнгө оруулж байсныг нотолсон баримтыг үгүйсгэдэг атлаа өөрийн хөрөнгийн эх үүсвэрээ нотолсон баримтыг шүүхэд нэгээхэн ч гаргаж өгч байгаагүй. Анх хариуцагч Ч.Саранчимэгийн хөрөнгө үүсэх үеийн 1994-1997 оны хооронд буюу нийт 3 жилийн хугацаанд Ч.Саранчимэгийн хөрөнгө санхүүгийн байдал болон санхүүгийн чадавхийг тодорхойлох нь энэхүү иргэний хэрэгт маш чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа билээ. Ч.Саранчимэгийн эзэмшилд дараах үнэ бүхий зүйлтэй гэнэт болсон байдаг. Үүнд: 2-р хх 107 буюу 357, 117 буюу 367 дугаар нүүрт: 2010 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Ч.Саранчимэгийн өмчлөлийн хөрөнгүүдэд авагдсан “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол" болон “Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэлд”, Авто Тээврийн Газраас гаргаж өгсөн “Тээврийн хэрэгсэлийн лавлагаа”-нд тодорхой дурдагдсан байдаг. Уг эд хөрөнгөнүүд үүсэх эхлэлийн үед Ч.Саранчимэгийн өдөр тутмын хувийн амьдралын зарлагыг хасалгүйгээр 1994-1997 оны хооронд буюу 3 жилийн хугацаанд Ч.С нийтдээ 407.444 төгрөгийн цалинтай байж байгаад хэрхэн 1.132.924.900 төгрөг, 71.000 ам.доллар болон БГД-ийн 06 дугаар хороо, 10 дугаар хороолол 23Б байр 19 тоотын үнэлэгдээгүй 1 ширхэг орон сууц, 57-51 УБХ улсын дугаартай Хонда Аккорд маркийн үнэлэгдээгүй суудлын автомашин 1 ширхэг нийт үнэлгээ бүхий эд хөрөнгөнүүдтэй болсон нь ойлгомжгүй. Японы хөрөнгө оруулагч Нишиногоос хөрөнгө оруулалт орж ирж байсан гэдэг нь хавтаст хэрэгт байгаа бүхий л нотлох баримт болон Ч.Саранчимэгийн өөрийн мэдүүлэг, тайлбар зэргээс харагдаж байгаа. Харин энэ олон жилийн хугацаанд нийт хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болохыг гэрчүүд бас гэрчилдэг. Энэ нь хөрөнгө оруулалтыг оруулж байсан, болон хүлээн авсан этгээдүүд болох Япон улсын иргэн Нишино, Ч.С хоёр юм. Давж заалдах шатны шүүх нь талуудын хэн аль нь арбитраар шийдвэрлэх ёстой гэж маргаагүй, шүүхэд хариу тайлбаруудаа өгөөд явсан тул анхан шатны шүүх нь хэргийн харьяаллаар хэргийг хэрэгсэхгүй болгохгүй гэж үзээд харьяаллаар хэргийг хэрэгсэхгүй болгосон асуудлыг өөрчилсөн боловч Магадлалын 15 дугаар нүүрний 16-26 дугаар мөрөнд “Ц Интернэшнл” ХХК нь улсын бүртгэлд байхгүй, татан буугдсан" гээд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Хэргийн харьяаллын хувьд шийдвэрлэсэн асуудалд нэхэмжлэгч талаас санал нийлж байгаа бөгөөд харин “Ц Интернэшнл” ХХк-г татан буугдсан гэж дүгнээд хэргийг хэрэгсэхгүй болгосон асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Учир нь хамгийн сүүлийн буюу 4 дүгээр хавтаст хэргийн 768 болон давхар 26 дугаар нүүрээр дугаарласан улсын бүртгэлээс ирүүлсэн “Ц Интернэшнл” ХХК-ийн лавлагаанд тус компани нь татан буугдаагүй болохыг харж болно. “Ц Хаус” барилгын хууль ёсны өмчлөгч нь “Ц Интернэшнл” ХХК болохыг тогтоож, уг барилгын өмчлөх эрхийн үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд дээрх өөрчлөлт оруулахад шаардагдах бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэх үндэслэлээр хангахгүй орхисон. Нэхэмжлэгч нь нэг нь нэгнээсээ уялдсан нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлгүйгээр 49.3 хувийн хувьцаа хариуцагч руу шилжсэнийг тогтоолгоод ийнхүү тогтоосны дараа бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардсан бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд Н- нь "Ц Интернэшнл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болно. Гэтэл Н-гийн хувьцаа хууль бусаар шилжсэн тогтоосон атлаа хэвэнд оруулах шаардлагыг үндэслэлгүйгээр харьяалал зөрчсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор сүүлийн хувьцаа эзэмшигчийн шаардах эрх нь байхгүй болно. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ 8 дугаар нүүрний 1-11 хуудсанд “Ц Хаус” барилгыг “Ц Интернэшнл” ХХК-ийн өмчлөлд байсныг хүлээн зөвшөөрч, бүртгэлтэйг тогтоосон атлаа энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн нэхэмжлэл гаргах эрхгүй гэх үндэслэлгүй тайлбараар хангахгүй орхисон. Учир нь анхнаасаа тус үл хөдлөх хөрөнгө нь “Ц Интернэшнл” ХХК-ийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн бүртгэхээр бүртгэгдэж, ашиглалтад оруулах комисс нь тус компаний нэр хүлээн авсан үйл баримтуудыг хангалттай тогтоосон атлаа ийнхүү энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон нь үндэслэлгүй болно. “Ц Интернэшнл” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Нишино Ёошимог тогтоолгох, өөрчлөхөд шаардагдах бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх нь үндэслэлгүйгээр өөрчилж гэрээний дагуух шаардлагыг гэрээний бус болгож, үүнийгээ мөн харьяалал зөрчсөн гэх үндэслэлгүй дүгнэлтийг өгсөн. Нэхэмжлэгч нь 3 дугаар хавтас хэрэгт 736 дугаар нүүрний хамгийн сүүлийн 6 дугаар хэсэгт энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа Гэрээ болон Зөвшилцлийн гэрээний 8 дугаар зүйлийг үндэслэж, 100 хувийн хувьцааны хууль ёсны эзэмшигчээр бүртгүүлэх шаардлагыг гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон шүүгчийн үндэслэлд “Ц” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр гаргасан шаардлагыг хангаагүй орхисон үндэслэлд өгсөн тайлбартай ижил билээ. Хариуцагчаас өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрч байгаа гэрээний дагуу гаргасан шаардлагыг гэрээний бус зүйлээр хүчингүй болгосон үндэслэл нь өөрөө хууль бус болно. Мөн Саранчимэг Япон улсын иргэн Н- нар 2000 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Монгол-Японы хамтарсан “Ц интернэшнл” ХХК байгуулах тухай гэрээг тайлбарлах, түүнийг зөрчсөн гэх мэт тухайн гэрээтэй холбоотой асуудлаар маргаагүй өөр гэрээний үндэслэлээр маргасан тул тухайн маргаан нь шүүхийн харьяалал зөрчигдөөгүй болно.
Иймд 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2017/02133 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Нэхэмжлэгч Н нь хариуцагч “Ц” ХХК, “Ц интернэшнл” ХХК, Ч.С нарт холбогдуулан 2004 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Хөрөнгө шилжүүлсэн тухай батламж”-ийн холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Ц интернэшнл” ХХК-ийн нийт хувьцааны 49.3 хувийн эзэмшигч болохыг тогтоолгон, компаний статусыг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгон өөрчлөхөд шаардагдах бичиг баримт гаргуулах, “Ц хаус” барилгын 100 хувийн хөрөнгө оруулагч болохыг тогтоолгох, уг барилгын хууль ёсны өмчлөгч нь “Ц интернэшнл” ХХК болохыг тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахад шаардагдах баримт бичиг гаргуулах, “Ц” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоож, шаардагдах бичиг баримт гаргуулах, Ц интернэшнл” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болгон өөрчлөхөд шаардагдах бичиг баримт гаргуулах тухай шаардлага гаргажээ /хэргийн 3 дугаар хавтас 735-736 тал/. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.
Ч.С нь 1997 оны 7 дугаар сарын 7-ний өдөр 12.840.000 төгрөгийн дүрмийн сантай “Ц” ХХК-г үүсгэн байгуулж улсын бүртгэлд бүртгүүлжээ /хэргийн 1 дүгээр хавтас 67, 226 дугаар тал/.
Монгол улсын иргэн Ч.Саранчимэг, С.Мөнхбат, Япон улсын иргэн Н- нар нь 2000 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Гадаадын хөрөнгө оруулалттай “Ц интернэшнл” ХХК-ийг үүсгэн байгуулсан ба Н- нь компанийн хувьцааны 49 хувийг эзэмшиж байсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.
2004 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Хөрөнгө шилжүүлсэн тухай батламжид “...Ц интернэшнл ХХК-ийн үүсгэн байгуулагч Япон улсын иргэн Н- нь тус компанид оруулсан өөрийн 49 хувь буюу 5940 ам долларын хөрөнгийг өмчлөгч мөн тул өөрийн энэхүү хөрөнгийг ерөнхий захирал Ч.Саранчимэгт шилжүүлэн өгч байна...” гэжээ. Ч.С нь нэхэмжлэгчийг хөрөнгө оруулагчаас хасаж гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээг хүчингүй болгох хүсэлт гаргасныг үндэслэн Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн даргын 2008 оны 8 дугаар сарын 12-ний өдрийн А/1460 дугаар тушаалаар дээр дурдсан баримтаар тус компанийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн бүртгэлээс хассан талаар нэхэмжлэгч тайлбар гаргажээ.
Гэвч уг баримтад зурсан гарын үсэг нэхэмжлэгч Н-гийнх биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хариуцагч үгүйсгэж чадаагүй байна /хэргийн 1 дүгээр хавтас 114-122 дугаар тал/.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь маргааны зүйл болох Хөрөнгө шилжүүлэх баримтад гарын үсэг зураагүй гэж үзсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлоогүй, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Хөрөнгө шилжүүлсэн тухай” батламжийн холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах гэж шаардлагаа тодорхойлсон хэдий ч түүний тайлбар нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд уг батламж гэх хөрөнгө шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох агуулгатай байна.
Нэхэмжлэгч нь “Ц интернэшнл” ХХК-д оруулсан 49 хувь буюу 5940 ам долларын хөрөнгөө хариуцагч Ч.Саранчимэгт шилжүүлсэн тухай дээрх баримтад гарын үсэг зураагүй, энэ тохиолдолд Хөрөнгө шилжүүлсэн тухай батламжийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзнэ.
Хэлцэл хүчин төгөлдөр бус тохиолдолд талууд Иргэний хуулийн 56.5-т зааснаар уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.
Давж заалдах шатны шүүх уг баримтыг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн атлаа хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг, мөн “Ц” ХХК-ийн 100 хувийн хувьцааны эзэмшигч болохыг тогтоолгох шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-т нийцээгүй байна.
Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар компанийг үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэрээр үүсгэн байгуулах ба мөн зүйлийн 13.3-т “компанийг нэгээс дээш этгээд үүсгэн байгуулах тохиолдолд үүсгэн байгуулагчид нь компани үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж болох бөгөөд уг гэрээнд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах журам, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа болон бусад үнэт цаасны ангилал, төрөл тус бүрийн тоо, үнэ, худалдан авах хугацаа зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгана” гэж заажээ.
“Ц” ХХК-г Ч.С үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч эдгээрийг үгүйсгэж чадаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь “Ц хаус” барилгын 100 хувийн хөрөнгө оруулагч, мөн “Ц” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохоо нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд нэхэмжлэлийн эдгээр шаардлагуудыг хэрэгсэхгүй болгохдоо давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу үнэлж, дүгнэлтээ магадлалд тодорхой дурдсан нь хэргийн нотлох баримт үнэлэх хуульд заасан журамд нийцжээ.
Харин нэхэмжлэгч нь “Ц хаус” барилгыг барихад оруулсан хөрөнгөө хариуцагчаас шаардахад энэхүү тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2017/02133 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н-, хариуцагч Ч.С нарын хооронд байгуулагдсан 2006 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Хөрөнгө шилжүүлэх тухай” батламжийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосугай” гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасныг баримтлан 2004 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Хөрөнгө шилжүүлэх тухай” батламжийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, нэхэмжлэгч Н-гийн “Ц интернэшнл” ХХК-ийн 49 хувийн хувьцааг эзэмших эрхийг сэргээсүгэй” гэж өөрчлөн, 2 дах хэсгийн “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул “Ц интернэшнл” ХХК-ийн нийт хувьцааны 49.3 хувийн хувьцааны хууль ёсны эзэмшигч Нишин Ёошими болохыг тогтоолгох, компанийн хувьцааг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгож өөрчлөх, гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлээс “Ц” ХХК-ийн 100 хувийн хувьцааны эзэмшигч болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 3.110.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ