Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00773

 

“Н Ө” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/03898 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 311 дүгээр магадлалтай,

“Н Ө” ХХК-ний нэхэмжлэлтэй

БХЯны харьяа Б Х А Ү НТӨААТҮГ-т холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 161 166 171 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбатын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хишигсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр БХЯ-ны харьяа Б Х А Ү НТӨААТҮГ-тай барилга засварын ажил гүйцэтгэх БЗ-2016 тоот гэрээ байгуулан БХЯны Энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалт, ёслолын өргөө-г тохижуулах, интерьер дизайны зураг, гүйцэтгэл, модон урлал, заслын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 48 тоот актаар хүлээлгэж өгсөн. Гэвч хариуцагч талаас гэрээний 7 дугаар зүйлд заасан төлбөрийг одоог хүртэл гүйцээж төлөхгүй, бидний бизнесийн үйл ажиллагааг ноцтой хүндрүүлж, үйл ажиллагаагаа зогсоох байдалд хүрээд байна. Энэ хугацаанд хүүтэй зээл удаа дараа аван ажилчдынхаа цалинг тавьж өр төлбөр, хүүгийн дарамтад орж, татвар, нийгмийн даатгалын өглөг хуримтлагдан шүүхээр шийдвэрлүүлэх шатанд хүрээд байна. Хариуцагч талд удаа дараа албан бичиг өгсөн боловч одоог хүртэл нэг ч хариу аваагүй. Гэрээний дагуу 268 000 000 төгрөгийн санхүүжилтийг хийхээс хариуцагч нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 100 000 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 10 916 229 төгрөгийг тус тус шилжүүлж, үлдэгдэл 157 083 771 төгрөгийг төлөөгүй. Алдангийг тооцохдоо 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 168 000 000 төгрөгөөс 0.01 хувиар тооцсон. Иймд хариуцагч талаас гэрээний 7.1-д заасан нийт ажлын төлбөрөөс төлөөгүй 157 083 771 төгрөг, гэрээний 9.1-д зааснаар алданги болох 4 082 400 төгрөг, нийт 161 166 171 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: БХЯны барилга захиалагчийн алба /захиалагч/, Б Х А Ү НТӨААТҮГ /гүйцэтгэгч/ нар харилцан тохиролцож 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Энхийг сахиулах ажиллагааны хүлээн авалтын өрөөнд засварын ажил гүйцэтгэх ИЗ-02/2016 дугаартай гэрээг байгуулсан. Ажил гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ Монгол Улсын Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт заасны дагуу “Н Ө” ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр оролцуулж, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр БЗ-2016 дугаартай гэрээг байгуулсан. Ажил гүйцэтгэгч ИЗ-02/2016 дугаар гэрээний 7-д заасны дагуу захиалагчийн төлөх төлбөрийг үндэслэн туслан гүйцэтгэгчид ажлын хөлсийг төлж байсан. Ажил гүйцэтгэж байх хугацаандАвилгатай тэмцэх газраас БХЯны угтах хэсэг, ёслол хүндэтгэлийн танхим, шат, энхийг сахиулах хүчний хүлээн авалтын заалны засварын ажлыг “Н Ө” ХХК-д давуу байдал олгож шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн Б.Батсайхан ... /захиалагч/ нарт 201601000140 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгахдаа 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Авилгалтай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, комиссар Б.Ганхуяг Шинжилгээ хийх, шинжээч томилох тогтоол гаргаж, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дүгнэлт гарсан бөгөөд засварын ажлыг төсөвт өртгийг 333 057 358 төгрөгөөр хянасан. Дүгнэлтээс үндэслэн захиалагч гэрээнд заасан төлбөр төлөх үйл ажиллагаагаа зогсоосон. Манайх нэхэмжлэгчид 100 000 000 төгрөг, 10 916 229 төгрөгийн санхүүжилтийг тус тус хийсэн бөгөөд эрүүгийн хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор Сангийн яамнаас шилжүүлэх санхүүжилтийг зогсоосон болно. Гэрээний дагуу “Н Ө” ХХК-иас ажлыг 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/03898 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч БХЯ-ны харьяа Б Х А Ү НТӨААТҮГ-аас үлдэгдэл төлбөр 157 083 771 төгрөг, алданги 4 082 400 төгрөг, нийт 161 166 171 /нэг зуун жаран нэгэн сая нэг зуун жаран зургаан мянга нэг зуун далан нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Н Ө” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 963 781 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БХЯ-ны харьяа Б Х А Ү НТӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 963 781 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Н Ө” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 311 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/03898 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 963 781 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ““Н Ө”” ХХК-ний гүйцэтгэсэн дараах ажил төсвийн мөнгөөр санхүүжигдсэн. Захиалагч БХЯ “Угтах хэсэг, ёслол хүндэтгэлийн танхим, шат, энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалтын өрөө”-ний засварын ажлыг 500 000 000 төгрөгөөр төсөвлөсөн. “Угтах хэсэг, ёслол хүндэтгэлийн танхим’’-ын засварын ажлыг БХЯ /захиалагч/ 200 000 000 төгрөгөөр ““Н Ө”” ХХК-р хийлгэсэн. “Энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалтын өрөө”-ний засварын ажилд гүйцэтгэгчээр “БХАҮН” ТӨААТҮГ-тай №143-02/2016 дугаар гэрээг байгуулсан. Ажил гүйцэтгэгч 268 000 000 төгрөгөөр тохирч ““Н Ө”” ХХК-тай №БЗ-2016 дугаар гэрээ байгуулсан. “Угтах хэсэг, ёслол хүндэтгэлийн танхим, шат. энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалтын өрөө”-ний засварын ажлын төсөвт өртгийг АТГ-аас хийлгэсэн шинжээчийн дүгнэлтээр 333 057 358 төгрөгөөр хянасан. Сангийн яамнаас “Угтах хэсэг, ёслол хүндэтгэлийн танхим, шат, энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалтын өрөө"-ний засварын нийт ажилд 333 057 358 төгрөгийн санхүүжилтын эрхийг нээж өгсөн бөгөөд захиалагч БХЯ-аас 310 916 229 төгрөгийг ажлын төлбөрт “БХАҮН” ТӨААТҮГ-ын дансанд шилжүүлж туслан гүйцэтгэгч ““Н Ө”” ХХК-д төлсөн. “БХАҮН” ТӨААТҮГ /ерөнхий гүйцэтгэгч/ Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт заасны дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Төрийн сангаас Энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалтын өрөөний засварын ажилд 110 916 229 төгрөг, Угтах хэсэг, ёслол хүндэтгэлийн танхимын засварын ажилд ““Н Ө”” ХХК-ний дансанд 200 000 000 төгрөг шилжүүлж өгсөн. Энэ бүхэн Сангийн яамнаас БЗДИХАШ-ны шүүхэд гаргаж өгсөн болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. МУ-ын Иргэний хуулийн 207 дугаар зүйлийн 207.2 дах хэсэгт “Энэ хуулийн 207.1.3-т заасан тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газрын хаягаар мөнгийг илгээхээр банк, түүнтэй адилтгах бусад байгууллагад шилжүүлсэнээр үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэнд тооцно.” гэж заасан байна. Дээрхи Сангийн яамны санхүүжилтын эрх нээгдсэн 333 057 358 төгрөгийг захиалагч БХЯ ажлын төлбөрт төлсөн гэж үзэж “БХАҮН” ТӨААТҮГ хийсэн гэрээнд заасан санхүүжилтийг зогсоосон тул анхан шатны шүүхийн шийдвэрт дурьдсан гэрээний үлдэгдэл төлбөр 157 083 771 төгрөг захиалагч БХЯ-ны дансаас ажил гүйцэтгэгч “БХАҮН” ТӨААТҮГ-ын дансанд орж ирээгүй. БХЯ/захиалагч/, ажил гүйцэтгэгчтэй байгуулсан дугаар №ИЗ-02/2016 гэрээний 8-д заасны дагуу ажлын төлбөр төлөх үүргийг биелүүлж байсан. “БХАҮН” ТӨААТҮГ НБ БХЯ-тай байгуулсан гэрээний дагуу БХЯ-ны санхүүжилтээр төлбөр төлөх үүргээ биелүүлж байсныг нотлож байсан нотлох баримтыг давж заалдах шатны шүүх үнэлж үзээгүй бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн тул магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Н Ө” ХХК нь хариуцагч БХЯны харьяа Б Х А Ү НТӨААТҮГ-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 161 166 171 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хэрэгт хоёр гэрээ авагдсан байна.

1.БХЯ болон Б Х А Ү НТӨААТҮГ нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, Б Х А Ү НТӨААТҮГ нь “Н Ө” ХХК-тай уг ажлыг гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, “Н Ө” ХХК гэрээний дагуу ажлын хөлсөө авсан тул уг гэрээний дагуу шаардлага гаргаагүй гэжээ. Иймд дээрх гэрээ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.

2.Үүнээс гадна “Н Ө” ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр БХЯны харьяа Б Х А Ү НТӨААТҮГ-тай гэрээ байгуулж, уг гэрээгээр “Н Ө” ХХК нь БХЯны Энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалт, ёслолын өргөөг засварлах, тохижуулах, интерьер дизайны зураг, гүйцэтгэл, модон урлал, заслын ажлыг гүйцэтгэх, захиалагч Б Х А Ү НТӨААТҮГ ажлын хөлс 268 000 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээжээ.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, ажлын үр дүн, гэрээний үүргийн талаарх шүүхийн хууль зүйн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасан зохицуулалтад нийцжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.5-д ажил гүйцэтгэх зарим төрлийн гэрээг тусгай хуулиар зохицуулж болохыг заасан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д зааснаар БХЯны зүгээс хязгаарлагдмал тендер зарлаж, гэрээ байгуулсан талаар зохигч талууд маргаагүй байна. Батлах хамгаалах яам 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 07/1113 тоот албан бичгээр Сангийн яамны Төрийн сангийн даргад хандаж 540 393 696 төгрөгийн санхүүжилтийн эрхийг нээхийг хүссэн, үүнд “Н Ө” ХХКомпанийн гүйцэтгэх ажлын хөлс 500 000 000 төгрөг гэж тусгагдсан, гүйцэтгэгчээр “Н Ө” ХХКомпанийг ажиллуулах талаар Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт гарсан, Дуулга студийн шинэчлэл, Энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалтын өрөө тохижуулах ажлыг гүйцэтгэх компанийг сонгох тухай 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэл зэрэг баримтаар “Н Ө” ХХКомпанитай гэрээ байгуулсан үйл баримт тогтоогджээ. 

Хариуцагч Б Х А Ү НТӨААТҮГ нь нэхэмжлэлийг татгалзахдаа холбогдох албан тушаалтныг Авилгалтай тэмцэх газраас шалгаж, хоёр гэрээний ажлын төсөвт өртөгийг шинжээч 333 057 358 төгрөг гэж үнэлсэн, Сангийн яам санхүүжилтийг зогсоосон, гүйцэтгэсэн ажилд тохирсон хөлсийг төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн байна.

“Н Ө” ХХК нь Энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалт, ёслолын өргөөг засварлаж, тохижуулан, гүйцэтгэсэн ажлыг 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар хүлээлгэн өгсөн, хариуцагч 110 916 229 төгрөг төлсөн байна. Талууд тооцоо нийлж, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 168 000 000 төгрөгийн өртэй болохыг баталгаажуулсан ба 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 10 916 229 төгрөгийг төлсөн, 157 083 771 төгрөг үлдсэн байна

Хариуцагч ажлын үр дүнг хүлээн авсан тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар тохиролцсон хөлсийг төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд шударгаар гүйцэтгэх учиртай. Талууд гэрээг байгуулахдаа ажлыг 268 000 000 төгрөгийн хэмжээнд гүйцэтгүүлэхээр тохирсон, ийнхүү ажлын төсөвт өртөг, хэмжээг тохирч, гэрээний нөхцлийг талууд өөрсдөө тогтоосон учир хэн аль нь гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй болно. Харин гэрээгээр тохирсон нөхцлийг өөрчлөх  эрх зөвхөн талуудад байдаг.

Ажлын хөлсний хэмжээг гэрээгээр тохирсноор өөрөөр буюу 2 гэрээний ажлын нийт төсөвт өртөг 333 057 358 төгрөг гэж маргаж байгаа хариуцагчийн татгалзал гэрээний нөхцлийг өөрчлөх агуулгатай эсвэл ноцтой төөрөгдсний улмаас гэрээний энэ хэсгийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн шинжтэй боловч хариуцагч татгалзлаа баримтаар нотолж чадаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

Шүүхийн шийдвэр магадлалд дараах өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

1. Хариуцагч ажлын төсөвт өртөг, ажлын хөлсийг зөвшөөрөхгүй мэтгэлцэхдээ  шүүхэд баримт гаргаж өгөөгүй боловч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхийг дүгнэж үзвэл ажлын төсөвт өртөгт зээлийн хүү алданги гэж 19 759 902 ....төгрөг төсөвлөсөн нь гэрээний агуулга, бодит зардал, хохирол гэх ойлголтод нийцээгүй тул уг зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй юм.  

2. Ажил гүйцэтгэх гэрээний 9.1-т захиалагч хөлс төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол алданги төлүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийг зөрчөөгүй хэдий ч ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй, хугацаа хэтрүүлсэн болохыг хоёр шатны шүүх анхаараагүй нь буруу байна. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу ажлын үр дүнг 35 хоногт буюу 2016 оны 8 дугаар сарын 12-ны дотор хүлээлгэн өгөх байтал ажлыг 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актаар хүлээлгэн өгчээ.

“Н Ө” ХХК нь ажил гүйцэтгэх үүрэг хүлээсний хувьд үүрэг гүйцэтгэгч, харин ажлын хөлс шаардах эрхийн хувьд үүрэг гүйцэтгүүлэгч болно. Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран ...анз авахаа алдах үр дагавартай болохыг Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасан тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй байна.

Иймд хариуцагчаас 133 240 927 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж хяналтын шатны шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр  сарын 26-ны өдрийн 311 дүгээр магадлал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/03898 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...157 083 771 төгрөг, алданги 4 082 400 төгрөг, нийт 161 166 171/ нэг зуун жаран нэгэн сая нэг зуун жаран зургаан мянга нэг зуун далан нэг/ гэснийг 133 240 927 ...гэж, ..заалтад ...963 781 төгрөгийг гаргуулж гэснийг 824 154 төгрөгийг гаргуулж гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 963 781төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА