Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 282

 

   “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар   

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/01164 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийсэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох        

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 24194 дүгээр шүүгчийн захирамжийг биелүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч “Эрэл” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Хаан банк” ХХК-д холбогдох иргэний хэрэгт 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 24194 дүгээр шүүгчийн захирамжаар “Шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Уг шүүгчийн захирамжаар Сангийн сайдын тушаалаар Актив ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журмын дагуу 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №11/163 тоот зээлийн гэрээ, 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №11/165 тоот зээлийн гэрээг банкны зээлийн мэдээллийн санд “муу” ангилалд бүртгүүлсэн бүртгэл мөн 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №ЗШГ-13/109 тоот зээлийн шугамын гэрээг “эргэлзээтэй” ангилалд бүртгэсэн бүртгэлүүдийг түр зогсоохыг даалгах захирамж гарч, хүчин төгөлдөр болсон. Дээрх шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд улмаар уг захирамжийг албадан биелүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хаан банк, Монгол банкинд 1/43964 албан тоотоор мэдэгдсэн боловч дээрх мэдэгдэлийг Хаан банк биелүүлээгүй өнөөдрийг хүрлээ. Шүүгчийн захирамжаар гүйцэтгэх ажиллагаа нь дээрх зээлүүдийг муу, эргэлзээтэй ангилалд бүртгэсэн бүртгэлүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал нь бүртгэлээс хасах арга хэмжээ авсан байтал “Хаан банк” ХХК нь өөрт ашигтайгаар захирамжийг тайлбарлаж Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоосон. Хаан банкны тайлбараар дээрх зээлүүдийг муу, эргэлзээтэй ангилалд бүртгэсэн бүртгэлүүдийг захирамж гарснаас хойш дахин нэмж бүртгэх ажиллагааг зогсоосон гэж тайлбарлаж шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй байна.

"Актив ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журамд зааснаар Хэвийн, хугацаа хэтэрсэн, хэвийн бус, эргэлзээтэй, муу гэсэн ангилал байдаг. Гэтэл “Хаан банк” муу, ангилалыг дахин бууруулж өөрчилж бүртгэх боломж тухайн журмаар байхгүй цаашид муу ангилалыг өөрчлөх нэмж санг ангилах боломж байхгүй гэдгийг мэдсээр байж илт үндэслэлгүй санаатай худал тайлбар хийж байгаа юм. Манай компани Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр №108 тоот албан тоотоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу яаралтай явуулах тухай гомдол гаргасан боловч ямар нэгэн тайлбар ирүүлээгүй тул 2016 оны 4 дүгээр сарыи 01-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандсан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 5/821 албан тоотод, хариуцагч Хаан банкинд захирамжийг биелүүлэхийг мэдэгдэн, бүртгэлүүдийг түр зогсоох ажиллагааг гүйцэтгэсэн байна, гэсэн тайлбар ирүүлсэн. Энэ нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан арга хэмжээг нэг мөр ойлгоогүй эсхүл хариуцагч “Хаан банк” ХХК-ийн талд илт үйлчилж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг санаатайгаар явуулахгүй байгаа нь тодорхой харагдаж байна. Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.3 дахь хэсэгт заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 24194 тоот захирамжийг биелүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгуулах нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Хаан банк” ХХК-д холбогдох иргэний хэрэгт шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан захирамжийг яаралтай биелүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 24194 дүгээр захирамжаар “Эрэл” ХХК-ийн Хаан банктай байгуулсан 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №11/163 тоот зээлийн гэрээ, 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №11/165 тоот зээлийн гэрээг банкны зээлийн мэдээллийн санд “муу” ангилалд бүртгэсэн бүртгэл мөн 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр №ЗШГ-13/109 тоот зээлийн шугамын гэрээг “эргэлзээтэй” ангилалд бүртгэсэн бүртгэлүүдийг түр зогсоохыг хариуцагчид даалган захирамжилснийг тус шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 878 дугаар тогтоолоор шүүгчийн 24194 дүгээр захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Дээрх захирамжийн дагуу хариуцагч Хаан банкинд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 3/41489 дүгээр, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/43181 дүгээр албан бичиг хүргүүлэхэд шүүгчийн захирамжийн дагуу зээлүүдийг ангилах, эрсдэлийн санг нэмж байгуулах ажиллагааг түр зогсоосон талаар хариу ирүүлсэн. Мөн Монгол банкинд шүүгчийн захирамжийг биелүүлэх тухай 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/43964 дүгээр албан бичгээр хандахад Монгол банкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй Хаан банкнаас “Эрэл” ХХК-д олгосон зээлүүдийн ангилал нь 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс хойш өөрчлөлт ороогүй, түр зогссон байдалтай байгаа талаар хариу ирүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх захирамжид заасан бүртгэлийг түр зогсоох гэдэг нь Монгол банкны зээлийн мэдээллийн санд уг бүртгэл нь харагдахгүй байх буюу бүртгэлийг хасч бүртгэснээр уг захирамжийг биелэгдсэнд тооцох талаар удаа дараа гомдол гаргаж байна. Дээрх захирамжаар бүртгэлүүдийг түр зогсоохыг хариуцагчид даалгасныг хэрхэн ойлгох талаар тус шүүхээс тодруулахад Эргэлзээтэй зээлийг Муу ангилалд бүртгэж өөрчлөхгүй байх, Муу зээлийг тэр хэвээр нь байлгаж зогсоох гэж ойлгох, харин банкны зээлийн мэдээллийн сангаас ямар нэгэн бүртгэлийг хасах, өөрчлөх ажиллагааг танай алба хийх эрхгүй талаар хариу өгсөн. Иймд тус алба нь шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг гүйцэтгэсэн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” арга хэмжээ авсан 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 24194 дүгээр шүүгчийн захирамж биелүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс бүрэн бодитой судлалгүй, бодит байдалд дүн шинжилгээг зөв хийгээгүйгээс үүдэн эрх зүйн дүгнэлтийг буруу хийж, шүүх хэрэглэх ёсгүй хэмжээг хэрэглэсэнээр шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. Учир нь: Дээрх шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шүүгчийн захирамжийн агуулга нь хариуцагч “Хаан банк” ХХК-д "Эрэл" ХХК-тай байгуулсан 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №11/163 тоот зээлийн гэрээ, 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №11/165 тоот зээлийн гэрээг банкны зээлийн мэдээллийн санд “муу” ангилалд бүртгүүлсэн бүртгэл мөн 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №зшг-13/109 тоот зээлийн шугамын гэрээг “эргэлзээтэй” ангилалд бүртгэсэп бүртгэлүүдийг түр зогсоохыг даалгаж, банкны зээлийн мэдээллийн сангаас дээрх бүртгэлүүдийг бүрэн арилгаж, нэхэмжлэгч “Эрэл” ХХК-ийн зөрчигдсөн эрх ашиг сонирхлыг түр сэргээх зорилгоор шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан юм. Гэтэл хариуцагч дээрх шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй байсаар эцэст нь өөрт ашигтайгаар захирамжийг тайлбарлаж, дээрх муу, эргэлзээтэй ангилалд бүртгэсэн бүртгэлүүдийг захирамж гарснаас хойш дахин нэмж бүртгэх ажиллагааг зогсоосон гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл “Хаан банк” ХХК муу ангилалыг өөрчлөх, нэмж санг байгуулах боломжгүй гэдгийг мэдсээр байж илт үндэслэлгүй худал тайлбар хийж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “Хаан банк” ХХК-ийн дээрх тайлбарын дагуу, Хаан банк нь шүүгчийн захирамжийг "бүрэн биелүүлсэн байна” гэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон. Тухайлбал: Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг шүүгч тайлбарлахдаа: ...Дээрх бүртгэлүүдийг түр зогсоох гэдэгт...бүртгэлүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал, банкны мэдээллийн сангаас арилгаж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг түр сэргээж, өмнөх байдалд нь оруулахыг ойлгоно гэж нарийн тайлбарлаж өгсөн төдий уг захирамж болоод захирамжийн тайлбарын дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба нэг ч ажиллагаа хийгээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Эрэл” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” 24194 дүгээр захирамжаар “Эрэл” ХХК-ийн “ХААН банк” ХХК-тай байгуулсан 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №11/163 тоот зээлийн гэрээ, 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №11/165 тоот зээлийн гэрээг банкны зээлийн мэдээллийн санд “муу” ангилалд бүртгэсэн бүртгэл, 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр №ЗШГ-13/109 тоот зээлийн шугаман гэрээг ”эргэлзээтэй” ангилалд бүртгэсэн бүртгэлүүдийг түр зогсоохыг хариуцагчид даалгасан байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 3/43181 албан бичгээр ХААН банкинд “2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 24194 дүгээр шүүгчийн захирамжийг хүргүүлсэн /хх-10/ ба “ХААН банк” ХХК нь “шүүгчийн захирамжийн дагуу зээлүүдийг ангилах, эрсдлийн санг нэмж байгуулах ажиллагааг түр зогсоосон болохыг мэдэгдсэн” албан бичиг ирүүлсэн /хх-11/.

Түүнчлэн Монгол банкны 216 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А-6/31 тоот албан бичигт “ХААН банкнаас “Эрэл” ХХК-д олгосон зээлүүдийн ангилал нь 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс хойш өөрчлөлт ороогүй түр зогссон байдалтай байна” гэж дурдсан ба дээрх захирамжаар “Эрэл” ХХК-ийн зээлийг “муу, эргэлзээтэй” ангилалд бүртгэсэн бүртгэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал бүртгэлээс хасах агуулга байхгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй юм.

Иймд хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүгчийн захирамжид заасан ажиллагааг гүйцэтгэж, захирамж биелсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцнэ.  

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/01164 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Эрэл” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

                                                                      ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                                             Д.БАЙГАЛМАА