Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00922

 

“Д” СӨХны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 97 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар магадлалтай,

“Д” СӨХны нэхэмжлэлтэй

Я.Ж, А.Снарт холбогдох

Төлбөр 348 120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Дийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.С, Я.Ж нар нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг хэвийн ажиллагаатай байлгахад шаардагдах засвар үйлчилгээний хөлсөө цаг тухайд нь төлөхгүй байгаа нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, СӨХны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь заалтуудыг ноцтой зөрчиж байна. Иймээс А.С, Я.Ж нараас “Д” СӨХ-д төлсөн байвал зохих 348.120 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх СӨХ-ны төлбөрийг цахилгааны мөнгөтэй хамт авдаг байх үед 2012 он хүртэл тогтмол төлдөг байсан. Тухайн үед СӨХ-ны гүйцэтгэх захирал Х.Дтөлбөрөө тогтмол сайн төлдөг айл тул танайд баяр хүргэж байна гээд хаалган дээр ок тэмдэг нааж өгч байсан юм. Гэтэл Х.Дбаахан өр зохион бичээд нэхэмжилсэн байгаа юм. Жишээ нь 2004 оноос 2007 он дуустал СӨХ-ны мөнгийг СӨХ-ны байцаагчаар ажиллаж байсан Түмэнжаргалд гэрээр орж авдаг байхад өгсөн. 2007 оноос 2012 оныг дуустал цахилгааны мөнгөтэй хамт өгч байсан. Мөн түүнчлэн СӨХ байгуулагдсан цагаас хойш СӨХ-ны гэрээт ажилчин үйлчлэгчид өнөөг хүртэл сар бүр 3.500 төгрөг өгч байна. СӨХ-ны мөнгө төлсөн баримт байсаар атал 2004-2012 он хүртэлх өр гэж гүтгэн зохион бичсэн байгаа нь Х.Дийн ямарч хамаагүй аргаар хүнийг гүтгэн хэлмэгдүүлэлтийн тод жишээ юм. Х.Дөнөөг хүртэл манайхаас СӨХ-ны өр гэж нэхэж байгаагүй, шүүхэд ч нэхэмжлэл гаргаж өгөөгүй юм. Иймд Иргэний хуулийн 75.2.3 дахь заалтыг үндэслэн 2015 оноос өмнөх СӨХ-ны өрийн асуудлыг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж бодож байна. Сүүлийн 3 жилийн буюу 2015 оноос өнөөг хүртэл сарын 3.290 төгрөгөөр бодвол 36 сарын 118.440 төгрөгийн өрийн асуудлыг хүлээн зөвшөөрөх боловч ажил хийдэг оршин суугчдын төлөө сэтгэл гарган ажиллах хүнд өгөх байр суурь хэвээрээ болно. 2012 оноос хойш СӨХ-ны төлбөр төлж байгаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Х.Днь ямар ч үндэслэлгүй гүтгэж СӨХ-нд 348.120 төгрөгийг төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож маргаантай асуудлыг шүүх шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 97 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, СӨХны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар хариуцагч А.С, Я.Ж нараас 128.310 төгрөгийг гаргуулан “Д” СӨХ-нд олгож, 219.810 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11.099 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 4.550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар магадлалаар Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 97 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтад ...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар... гэж нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10 110 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Дхяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. А.С, Я.Ж нар нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг хэвийн ажиллагаатай байлгахад шаардагдах засвар үйлчилгээний хөлсөө цаг тухайд нь төлөхгүй байгаа нь Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1, 148-р зүйлийн 148.2.3, “СӨХны эрхзүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн 13-р зүйлийн 13.2.3-дахь заалтуудыг ноцтой зөрчиж байна. Энэ зөрчлөөс үүдэн СӨХ-ноос хийвэл зохих засвар үйлчилгээ цаг хугацаандаа хийгдэх боломжгүй болж, мөнгөө төлсөн бусад оршин суугчдын эрх ашиг хохирч, тэдний зүгээс тус СӨХ-нд удаа дараа шахалт шаардлага ирж байгаа бөгөөд энэ нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ болон инженерийн шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангахад саад болж байна. Хэдийгээр Иргэний хуулийн 149-р зүйлд 6 сараас дээш хугацаагаар СӨХ-ны төлбөрөө төлөөгүй сууц өмчлөгчийг шүүхэд өгч албадан гаргуулахаар заасан байдаг боловч энэ нь амьдрал дээр хэрэгжих боломжгүй байдаг. Учир нь манай Дарханд л гэхэд 10143 сууц өмчлөгч байдаг. Үүний 8000 орчим нь СӨХ-ны мөнгөө 1-19 жил төлөөгүй хүмүүс байдаг бөгөөд эдгээр хүмүүсийг бүгдийг нь шүүхэд өгвөл шүүх ачааллаа дийлэхгүй болно. Зургаан сар тутамд нь шүүхэд өгөх гэхээр мөн л шүүх ачааллаа дийлэхгүйгээс гадна мөнгөө төлдөггүй хүмүүс чинь удахгүй төлнө, санаа зоволтгүй гэх мэтээр арга саам хийгээд байдаг тул бас шууд шүүхэд өгчихөж болдоггүй. Энэ мэтээр олон жил мөнгөө өгөхгүй явчихдаг, ганц СӨХ-ны гүйцэтгэх захирал тэр олон хүмүүстэй өдөр бүр хөөцөлдөөд шүүхдээд яваад байх ч боломж байдаггүй. Бодит байдал ийм байхад Дарханы 2 шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны 3 жилийн төлбөрийг нь төл, бусдыг нь төлөх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргаад эхэлж байгаа нь СӨХ-нд мөнгөө төлөхгүй байх, одоо төлж байгаа цөөн хүмүүс нь ч төлөхөө болих нөхцөл боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундаа хамтран ашигладаг орц, дээвэр, шат, хаалга, цонх, зоорийн давхар дахь сантехник- инженерийн шугам сүлжээний засвар хийгдэхгүй болж хувьчлахаас өмнөх байдал руугаа эргэж орно. Үүнээс үүдээд эргээд төрийн ачаалал нэмэгдэнэ, оршин суугчдын хариуцлага ч байхгүй болно. Одоо ч тэгж эхэлж байна. Манай Дарханд л гэхэд 2008-2012 онд төсвийн хөрөнгөөр/4-5 тэрбум төгрөгөөр/ бүх орон сууцныхаа дээврийг бүрэн зассан ч одоо түрүүчээсээ бас л бороо цасны ус гоожиж эхэлж байна. Оршин суугчдын зүгээс манай дээврээс өмнөх шигээ ус гоожоод эхэллээ, аймаг сумаас хэзээ засч өгөх юм бол? Та нар яагаад хөөцөлдөж засуулахгүй байна? гэж СӨХ-нд шаардлага тавьдаг. Гэтэл “СӨХны эрхзүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн 16-р зүйлийн 16.6-д дээвэр, цахилгаан шат зэрэгт улс орон нутгийн төсвөөс нэг удаа санхүүжүүлэхээр заасан байдаг бөгөөд түүнийгээ ашиглачихсан тул одоо тэр дээврийн дор амьдарч байгаа сууц өмчлөгчид буюу үл хөдлөх хөрөнгийн эзэд өөрсдөө л дээврээ засна, өөр хэн ч засч өгөхгүй гэсэн үг. Ганц дээвэр цахилгаан шат ч биш зоорийн давхарт байдаг сантехник-инженерийн шугам сүлжээний 70 гаруй хувийг нь СӨХ хариуцаж байдаг. Түүний элэгдэл хорогдол сар жилээр биш цаг минутаар хэмжигдэж, зардал мөнгө нь өдөр бүр шахам өсч байна. Магадгүй өвлийн ид хүйтэнд осол аваар гарч, байшин хөлдөх аюул нүүрлэж, айл бүрээс их хэмжээний мөнгө гаргахаар болвол өмнө нь мөнгөө төлж байсан хүмүүс төлсөн мөнгөө бид хасуулна, одоо мөнгөө төлөөгүй хүмүүс нь мөнгөө төлөх ёстой гэсэн зүй ёсны шаардлага тавьбал СӨХ-ны зүгээс ямар хариулт өгөх болж байна?... 20-иод жил мөнгөө төлөөгүй айлаас 2-3 жилийн мөнгийг нь л төл гэсэн шийдвэрийг бүх шатны шүүх гаргаж өгсөн шүү дээ гэх болж байна уу? Энэ чинь нөгөө шударга ёс, тэгш эрх мөн үү? “СӨХны эрхзүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 21-р зүйлийн 21.1.2-т мөнгөө төлөөгүй иргэнийг 40000-50000 төгрөгөөр торгохоор заасан байдгийг хэрэгжүүлэх биш харин олон жилийн төлбөрийг нь төлөхгүй байхаар “урамшуулсан” шийдвэрийг Дарханы шүүх гаргаж байгааг гайхаж байна. Ер нь хууль журмын дагуу төлбөр хураамжаа цаг хугацаанд нь төлөөгүй иргэн, аж ахуйн нэгжийг торгодог, нэмж хүү алданги тооцдог систем аль ч улс оронд үйлчилдгээс биш төлөөгүйнхээ төлөө хөнгөлөлт эдэлж, төлсөн шударга хүмүүсийг хохироодог систем байдаггүй гэсэн. Өмнө нь манай ““Д”” СӨХ-ны зүгээс Дарханы анхан шатны шүүхэд зөндөө л нэхэмжлэл гаргаж байсан, нэгэн дээр нь ч хөөн хэлэлцэх хугацаа энэ тэр гэлгүйгээр нэхэмжилсэн төлбөр хураамжийг нь гаргуулах шийдвэр гаргаад л өгдөг байсан, давж заалдаад байх ч шаардлага гардаггүй байсан, одоо яагаад болохгүй байгаа юм бол? Холбогдох хуулиуд нь хэвээрээ л байх юм... Тэгээд ч Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.3-дахь заалт нь СӨХ-ны өр төлбөрт хамаарахгүй гэж бид үзэж байгаа юм. Учир нь СӨХ-ны үйл ажиллагаа өдөр шөнөгүй, өглөө оройгүй орцны гэрлээс авахуулаад явагдаж л байдаг, үүнтэйгээ уялдаад төлбөр хураамж нь тасралтгүй үргэлжилж л байдаг бөгөөд ямар нэг тогтсон хугацаа заах боломжгүй юм. Энэ асуудал бол ганц манай ““Д”” СӨХ-той ч холбоотой зүйл биш, наад зах нь Дарханы 39 СӨХ, цаашилбал одоо улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 1000 шахам СӨХ-той хамаатай, олон тэрбум төгрөгийн өр авлагыг хүчингүй болгох эсэх, олон тэрбум төгрөгөө төлж, нийтийн орон сууцыг өнөөг хүртэл нуруун дээрээ үүрч яваа шударга сууц өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалах эсэх тухай асуудал тул шийдвэр, магадлалыг хянан үзэж, шударга ёс, тэгш байдлыг хангасан, хуулийг дээдэлж, түүнийг зөв хэрэглэсэн шийдвэр гаргаж өгөхийг хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Д” СӨХ нь хариуцагч А.С, Я.Ж нарт холбогдуулж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний 2012 оны 07 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарыг дуусталх хугацаанд төлбөл зохих зардал 348 120 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг  хариуцагч нар эс зөвшөөрч, дундын өмчлөлийн эд хөрөнгийг засах, сайжруулах үүргээ зохих ёсоор биелүүлдэггүй, төлбөрийн хэмжээг үндэслэл муутай байна гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч нараас 128 310 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 75.2.3-т заасан зохицуулалтыг нэмж, бусад заалтыг хэвээр үлдээсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалтыг хэрэглэж, зөвтгөсөн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчийн хооронд үүссэн харилцаанд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75 дугаар зүйлийн 75.2.3, СӨХны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч А.С, Я.Ж нарын хуулиар хүлээх үүргийн эрх зүйн үндэслэлийг оновчтой тодорхойлсон байна. Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг зөвшөөрч, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй байв.

Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болдоггүй тул нэхэмжлэлийн зарим шаардлагын талаар хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн гомдлын агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлд хамаарахгүй байх тул гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА