Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 12

 

“Дөл” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/01289/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 97 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Дөл” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Я.Ж-,

Хариуцагч А.С- нарт холбогдох

          “СӨХ-ны төлбөр 348.120 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дагвадоржийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дагвадорж, хариуцагч А.С-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дагвадоржоос:

А.С-, Я.Ж- нар нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг хэвийн ажиллагаатай байлгахад шаардагдах засвар үйлчилгээний хөлсөө цаг тухайд нь төлөхгүй байгаа нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь заалтуудыг ноцтой зөрчиж байна. Иймээс А.С-, Я.Ж- нараас “Дөл” СӨХ-д төлсөн байвал зохих 348.120 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.С-, Я.Ж- нараас:

Манайх СӨХ-ны төлбөрийг цахилгааны мөнгөтэй хамт авдаг байх үед 2012 он хүртэл тогтмол төлдөг байсан. Тухайн үед СӨХ-ны гүйцэтгэх захирал Х.Дагвадорж төлбөрөө тогтмол сайн төлдөг айл тул танайд баяр хүргэж байна гээд хаалган дээр ок тэмдэг нааж өгч байсан юм. Гэтэл Х.Дагвадорж баахан өр зохион бичээд нэхэмжилсэн байгаа юм. Жишээ нь 2004 оноос 2007 он дуустал СӨХ-ны мөнгийг СӨХ-ны байцаагчаар ажиллаж байсан Түмэнжаргалд гэрээр орж авдаг байхад өгсөн. 2007 оноос 2012 оныг дуустал цахилгааны мөнгөтэй хамт өгч байсан. Мөн түүнчлэн СӨХ байгуулагдсан цагаас хойш СӨХ-ны гэрээт ажилчин үйлчлэгчид өнөөг хүртэл сар бүр 3.500 төгрөг өгч байна. СӨХ-ны мөнгө төлсөн баримт байсаар атал 2004-2012 он хүртэлх өр гэж гүтгэн зохион бичсэн байгаа нь Х.Дагвадоржийн ямарч хамаагүй аргаар хүнийг гүтгэн хэлмэгдүүлэлтийн тод жишээ юм. Х.Дагвадорж өнөөг хүртэл манайхаас СӨХ-ны өр гэж нэхэж байгаагүй, шүүхэд ч нэхэмжлэл гаргаж өгөөгүй юм. Иймд Иргэний хуулийн 75.2.3 дахь заалтыг үндэслэн 2015 оноос өмнөх СӨХ-ны өрийн асуудлыг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж бодож байна. Сүүлийн 3 жилийн буюу 2015 оноос өнөөг хүртэл сарын 3.290 төгрөгөөр бодвол 36 сарын 118.440 төгрөгийн өрийн асуудлыг хүлээн зөвшөөрөх боловч ажил хийдэг оршин суугчдын төлөө сэтгэл гарган ажиллах хүнд өгөх байр суурь хэвээрээ болно. 2012 оноос хойш СӨХ-ны төлбөр төлж байгаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Х.Дагвадорж нь ямар ч үндэслэлгүй гүтгэж СӨХ-нд 348.120 төгрөгийг төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож маргаантай асуудлыг шүүх шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 97 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар хариуцагч А.С-, Я.Ж- нараас 128.310 төгрөгийг гаргуулан “Дөл” СӨХ-нд олгож, 219.810 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11.099 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 4.550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дагвадорж давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. СӨХ-ны мөнгөний нэхэмжлэл дээр хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёсгүй гэж үзэж байна. СӨХ-той холбоотой өмнөх маргаанууд дээр ч хөөн хэлэлцэх хугацаа харгалзаж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэдэг байсан. Хэрэв СӨХ-той энэ мэтчилэн шийдвэр гарах юм бол буруу жишиг тогтож, СӨХ үйл ажиллагааны доголдолд орно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:         

            Нэхэмжлэгч “Дөл” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч А.С-, Я.Ж- нарт холбогдуулж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг хэвийн ажиллагаатай байлгахад шаардагдах засвар үйлчилгээний хөлс 348.120 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар “...Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг огт хэрэгжүүлдэггүй засвар үйлчилгээ хийдэггүй…”  гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

           Анхан шатны шүүх “Дөл” Сууц өмчлөгчдийн холбооны 2012 оны 07 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарыг дуусталх хугацаанд төлбөл зохих нийт 324.138 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 2014 оны 10 дугаар сараас 2017 оны 12 дугаар сар хүртэлх 39 сарын зардлыг тооцож орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 128.310 төгрөгийг хариуцагчаас гаргуулан “Дөл” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 219.810 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

           Зохигчид нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг хэвийн ажиллагаатай байлгахад шаардагдах засвар үйлчилгээний нэг сард төлөх хөлсний хэмжээний талаар маргаагүй байна.

           Нэхэмжлэгч “Дөл” Сууц өмчлөгчдийн холбооноос 2012 оны 07 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарыг дуусталх хугацаанд төлбөл зохих нийт зардал 324.138 төгрөг нэхэмжилснээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т “Тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасны дагуу 2012 оны 07 сараас 2014 оны 10 сар хүртэл хугацаанд төлөгдөх байсан 219.810 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

           Учир нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг хэвийн ажиллагаатай байлгахад шаардагдах засвар үйлчилгээний хөлс нь дээрх хуульд зааснаар тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэг болно.       

           Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

           Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нь нэхэмжлэлийг бүрэн хангахад саад болохгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзээд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 97 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтад “...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар...” гэж нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10.110 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

          4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.АМАРСАНАА

                                   ШҮҮГЧИД                                                 С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                     С.ОЮУНЦЭЦЭГ