Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2016/05931

 

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2016/05931

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол, 22 дугаар байрны 21 тоотод оршин суух, Баянбожир овогт Шаравдоржийн Мягмардорж /РД-ЧС78020874/,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, БХТН байрны 24 тоотод оршин суух, Олхонуд овогт Зэвэгийн Азжаргал /РД-ПК79111018/,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Баянхошууны 32 дугаар гудамж, 28 тоот, Утаа овогт Шаравын Даваадорж /РД-ПЮ64020677/,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүннарангийн 18 дугаар гудамжны 24 тоотод оршин суух, Ноён цорос овогт Нямаагийн Мөнхтөр /РД-ПЮ73121871/ нарын,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Нарны зам 29/1, Алтандөл байранд оршин байгаа Журмак ХХК-д холбогдуулан гаргасан

Тээвэрлэлтийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, мөн сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнай, хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунхишиг, өмгөөлөгч Э.Уянгасайхан /шүүхэд төлөөлөх эрх-0173/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ш.Мягмардорж, З.Азжаргал, Ш.Даваадорж, М.Мөнхтөр нар 2015 оны 8 дугаар сарын 04-нөөс 12-ны хооронд БНХАУлсын Эрээн хотын гаалийн хашаанаас Журмак ХХК-ийн газрын тосны хайгуулын тоног төхөөрөмжийг том оврын машинаар тээвэрлэхээр тохирч дээрх ачааг ачсан бөгөөд тухайн ачааг мөн сарын 22-ны өдөр тээвэрүүлэгчийн заасан газар буюу Увс аймгийн Малчин сумын нутагт буулгасан.

Анх тээвэр хийх үед нэг машины тээврийн хөлсийг 7,300,000 төгрөгөөр тохирсон бөгөөд ачаа ачих үед Журмак ХХК-ийн Эрээн хот дахь төлөөлөгч Өвөр Монгол Улсын иргэн н.Мэндээ болон захирал Т.Мяндагмаагийн нөхөр хоёр урьдчилгаа 4 сая төгрөгийг жолооч тус бүрт бэлнээр өгч, үлдэгдэл 3,300,000 төгрөгийг ачаа буулгасны дараа авахаар тохиролцсон.

Ингээд ачааг тогтоосон газар нь хүлээлгэн өгч дагалдах бичгийг Журмак ХХК-ийн оффис дээр аваачиж өгсөн ба Журмак ХХК-иас үлдэгдэл хөлсөө нэхэхэд та нар үлдэгдэл төлбөрөө н.Баярбилэгээс ав. Бид түүнд өгсөн гэсэн тайлбарыг хэлдэг. Жолооч нар н.Баярбилэгтэй уулзаад үлдэгдэл төлбөрөө нэхэхэд тус компаниас мөнгө аваагүй, өмнө нь битум зарах гээд авсан мөнгийг нь дутуу өгсөн байгаа, та нарын тээвэрлэлтийн хөлсийг миний авсан битумын мөнгөнөөс суутгасан юм байлгүй гэж хэлсэн.

н.Баярбилэг нь зөвхөн жолоооч нарт Журмак ХХК Увс аймгийн Малчин сум руу ачаа ачуулна гэж байна гэдгийг хэлж хариуцагч компанитай холбон өгч, ачаа олж өгсөн хүн болохоос жолооч нарыг төлөөлөх эрхтэй хүн биш.

Нэхэмжлэгч нар Журмак ХХК-ийн ачааг ачсан учраас тээвэрлэлтийн үлдэгдэл төлбөрийг тус компаниас нэхэмжилж байгаа.

Мөн Эрээн хотын гаалийн хашаанаас ачаа ачаад гаргахад зогсоолын төлбөрт нэг жолоочоос 500 юань буюу ойролцоогоор 150,000 төгрөг авсан. Ингээд нийт 4 жолоочоос 600,000 төгрөгийн төлбөр авсан байдаг.

Иймд тээвэрлэлтийн хөлсний үлдэгдэл 13,200,000 төгрөг, зогсоолын төлбөр 600,000 төгрөг, нийт 13,800,000 төгрөгийг Журмак ХХК-иас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч Ш.Мягмардорж, З.Азжаргал, Ш.Даваадорж, М.Мөнхтөр нарт тус бүр 3,450,000 төгрөг болж байгаа гэв.

Хариуцагч Журмак ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунхишиг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани 2015 оны 8 дугаар сард БНХАУ-ын Эрээн хотоос Увс аймгийн Малчин сум руу тоног төхөөрөмжийн тээврийг иргэн н.Баярбилэгтэй үнэ тохиролцон хийлгэсэн.

Тээврийн хөлсний урьдчилгааг бэлэн мөнгөөр төлж, үлдэгдлийг н.Баярбилэг урд өмнө нь манай компаниас авч төлбөрийг нь хийгээгүй басан 54.8 тонн битумны үнэд шилжүүлэн тооцож зөрүүг тохирсон.

Тэгэхэд н.Баярбилэг нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд манай компаниас 68 сая төгрөг мөн битумны мөнгө авсан.

Бид жолооч нарыг танихгүй, тухайн тээвэрт явсан жолооч нар мөн эсэхийг ч мэдэхгүй байгаа бөгөөд манай компани нэхэмжлэгч нарын хэнтэй нь ч ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгээгүй.

Нэхэмжлэгч нар н.Баярбилэгээс захиалга авч, ачаа ачсан. Мөн түүнээс урьдчилгаа мөнгөө авсан. Манай компаниас урьдчилгаа төлбөр аваагүй. 2015 оны өвөл манай компани дээр хэдэн жолооч нар ирээд н.Баярбилэгээс авлагатай, түүнтэй холбоо барьж чадахгүй байна, бид танай компанийн ачааг тээвэрлэсэн гэж байсан. Үүнээс өөрөөр нэхэмжлэгч нарыг танихгүй гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Мягмардорж, З.Азжаргал, Ш.Даваадорж, М.Мөнхтөр нар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан Журмак ХХК-иас тээвэрлэлтийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,800,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжилжээ.

Хариуцагч тал уг шаардлагыг зөвшөөрөхгүй гэж марган, үндэслэлээ ... манай компани н.Баярбилэгтэй аман гэрээ байгуулсан, түүнд хөлсийг төлсөн, жолооч нартай гэрээ байгуулаагүй гэж тайлбарладаг.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргаж буй тайлбараар Журмак ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 04-нөөс 12-ны хооронд БНХАУлсын Жэнтун интернэйшнл тээвэр зуучлалын компанийн захиалгаар Эрээн хотоос Увс аймгийн Малчин сумд үйл ажиллагаа явуулж буй Жентун Увс технологи ХХК-д газрын тосны тоног төхөөрөмж хүргүүлж, уг тээвэрлэлтийн гэрээний хөлсийг 7,300,000 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаа төлбөрт 4,000,000 төгрөг бэлнээр өгсөн, мөн уг ажлыг н.Баярбилэгээр уламжлан жолооч нарыг тээврийн хэрэгслийг ашиглан ачуулсан үйл явдал болсон нь нотлогдож байна. /хх-1-2, 21, ....

Хариуцагч тал уг тээвэрлэлтийн гэрээг н.Баярбилэгтэй аман хэлцлээр байгуулж, түүнд гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн, урьдчилгаа төлбөрийг бэлнээр өгсөн гэх хэдий ч уг үйл баримтаа баримтаар нотолж чадаагүйн гадна нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан ... жолооч нар Эрээн хотод эдний компанийн Журмак нэртэй оффис дээр төлөөлөгч Өвөрмонголын иргэн н.Мэндээ, тус компанийн захирал н.Мяндагмаагийн нөхөр нараас урьдчилгаа төлбөр 4,000,000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл төлбөрийг ачаа буулгасны дараа авахаар тохиролцсон гэсэн тайлбарыг няцаан, үгүйсгэхгүй байна. /хх-...

Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-д ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна, мөн зүйлийн 386.2-т дагалдах бичгийг гурван хувь үйлдэж, талууд гарын үсгээ зурж эхний хувийг ачаа илгээгчид үлдээж, хоёр дахь хувийг ачаанд хавсаргаж, гурав дахь хувийг тээвэрлэгчид төлнө гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нар ачааны дагалдах бичгийг ачаа хүлээн авагчид үлдээж, нөгөө хувийг нь Журмак ХХК-д аваачиж өгсөн гэж тайлбарлан хариуцагч компаниас шүүхийн журмаар гаргуулах гэсэн боловч хариуцагч тал уг дагалдах бичиг байхгүй гэсэн хариуг шүүхэд албан бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагч тал Увс аймгийн Малчин суманд газрын тосны тоног төхөөрөмжийг тээвэрлүүлэхээр н.Баярбилэгтэй аман гэрээ байгуулж, ачааг хүргүүлсэн, жолооч нартай н.Баярбилэг тооцоо хийх ёстой, нэхэмжлэгч нартай гэрээний үүргийн харилцаа үүсээгүй гэж маргадаг.

Шүүх хариуцагч талыг Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.2-т заасан үүргээ биелээгүй гэж үзлээ.

Учир нь хариуцагч нь ачааны дагалдах бичгийг 3 хувь үйлдэж тээвэрлэгчид өгөөгүй гэм буруутай байна.

Иргэний хуулийн 388 дугаар зүйлийн 388.8-д зааснаар тээвэрлэгч энэ хуулийн 388.7-д заасан баримт бичиг, мэдээллийн үнэн зөв болон хангалттай эсэхийг шалгах үүрэггүй тул дагалдах бичиг үйлдээгүй ачааг хүргүүлсэнд тээвэрлэгч буруугүй юм.

Түүнчлэн хариуцагч компани нь тухайн үед жолооч нараар ачаа тээвэрлүүлж, урьдчилгаа хөлсөнд 4 сая төгрөг өгсөн гэх үйл баримтын хувьд маргаагүй.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байна.

Хариуцагч Журмак ХХК нь н.Баярбилэгтэй тээвэрлэлтийн гэрээ байгуулж, түүнтэй тооцоо хийж дууссан гэдгээ бичгийн баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ нотлох баримтаа өөрөө цуглуулж, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч нарыг хариуцагчаас тээвэрлэлтийн гэрээний хөлсөө шаардах эрхтэй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч нарын Эрээн хотын гаалийн хашаанаас зогсоолын төлбөр төлсөн гэх үндэслэлээр 600,000 төгрөг хариуцагчаас гаргуулах гэж буй шаардлагаа баримтаар нотлоогүй учир энэ шаардлагад холбогдох хэсгийг хангах боломжгүй юм.

Нэхэмжлэгч нар нь 2015 оны 8 дугаар сарын 22-нд ачааг хүргэснээс хойш нэг жилийн дотор буюу 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан учир Иргэний хуулийн 385 дугаар зүйлийн 385.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ.

Иймд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасныг баримтлан хариуцагч Журмак ХХК-иас 13,200,000 /арван гурван сая хоёр зуун мянган/ төгрөг буюу гаргуулан нэхэмжлэгч Ш.Мягмардорж, З.Азжаргал, Ш.Даваадорж, М.Мөнхтөр нарт /тус бүр 3,300,000 төгрөг/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Журмак ХХК-иас 223,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 386 дугаар зүйлийн 386.1-д заасныг баримтлан хариуцагч Журмак ХХК-иас тээвэрлэлтийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,200,000 /арван гурван сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Мягмардорж, З.Азжаргал, Ш.Даваадорж, М.Мөнхтөр нарт /тус бүр 3,300,000 төгрөг/ олгон, нэхэмжлэлээс үлдэх 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Журмак ХХК-иас 223,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД