Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00042

 

Ш.М, З.А , Ш.Д , Н.М  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын  06-ны өдрийн 102/ШШ2017/02012 дугаар шийдвэртэй, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1958 дугаар магадлалтай

Ш.М, З.А , Ш.Д , Н.М   нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б гийн  нэхэмжлэлтэй,

Ж ХХК-д холбогдох,

Тээвэрлэлтийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б гийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ш.М, З.А , Ш.Д , Н.М  нар нь 2015 оны 8 сарын 04-нөөс 12-ны хооронд БНХАУ-ын Эрээн хотын гаалийн хашаанаас Ж ХХК-ийн газрын тосны хайгуулын тоног төхөөрөмжийг том оврын авто машинаар тээвэрлэхээр тохирч дээрх ачааг ачсан бөгөөд тухайн ачааг 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр тээвэрлүүлэгчийн заасан газар буюу Увс аймгийн Малчин суманд буулгасан. Анх тээвэр хийх үед нэг машины тээврийн хөлсийг 7.300.000 төгрөгөөр тохирсон бөгөөд ачаа ачих үед урьдчилгаа 4.000.000 төгрөгийг жолооч тус бүрт өгсөн. Одоо нэг жолоочид өгөх тээврийн хөлсний үлдэгдэл төлбөр 3.000.000 төгрөг байна. Ингээд ачааг тогтоосон газар нь хүлээлгэн өгч дагалдах бичгийг Ж ХХК-ийн оффис дээр аваачиж өгсөн. Ачаа тээвэрлэх ажлыг Л.Баярбилэг  нь Ж ХХК-нд Увс аймгийн Малчин сум руу тээвэрлүүлэх ачаа байна гэж хэлээд тус компанийн ажилтнуудтай нэхэмжлэгч нарыг уулзуулсан. Нэхэмжлэгч нар Ж ХХК-иас тээврийн хөлсний үлдэгдэл төлбөрөө нэхэхэд Л.Баярбилэг манай компанид өртэй, та нар үлдэгдэл төлбөрөө Л.Баярбилгээс гаргуулж ав гэдэг. Мөн Эрээнд гаалийн хашаанд орж ачаа ачихад жолооч нараас гаалийн хашааны төлбөр гэж машин тус бүрээс 500 юань авсан бөгөөд энэ мөнгийг жолооч нар өөрсдөө төлсөн. Юаны ханш 300 төгрөг байсан тул тээврийн хөлсний үлдэгдэл төлбөр 3.300.000 төгрөг, нэг жолоочид ногдох төлбөр дээр гаалийн хашааны төлбөр 150.000 төгрөг нийт нэг нэхэмжлэгчид 3.450.000 төгрөг болно. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дахь хэсэгт зааснаар Ж ХХК-иас 13.800.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгоно уу гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани 2015 оны 8 дугаар сард БНХАУ-ын Эрээн хотоос Увс аймгийн Малчин сум руу тоног төхөөрөмжийн тээврийг иргэн Л.Баярбилэгтэй үнэ тохиролцон хийлгэсэн. Тээврийн хөлсний урьдчилгааг бэлэн мөнгөөр төлж, үлдэгдлийг Л.Баярбилэг урд өмнө нь манай компаниас авч төлбөрийг нь хийгээгүй байсан 54.8 тонн битумны үнэд шилжүүлэн тооцож зөрүүг тохирсон. Мөн Л.Баярбилэг нь манай компаниас 68.000.000 төгрөг авсан бөгөөд жолооч нартай хэдэн төгрөгөөр тохирсныг мэдэхгүй. Бид Л.Баярбилэгтэй тооцоогоо 100 хувь дууссан гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын  06-ны өдрийн 102/ШШ2017/02012 дугаар шийдвэрээр, Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Ж ХХК-иас 6.000.000 /зургаан сая/ төгрөг гаргуулж Ш.М, З.А , Ш.Д , Н.М  нарт тус бүрт 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг буюу 7.800.000 /долоон сая найман зуун мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК-иас 110.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1958 дугаар магадлалаар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02012 дугаар  шийдвэрийг  хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130.150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б  хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж хяналтын шатны шүүх хуралдаанд дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Ш.М. З.А . Ш.Д . Н.М  нар 13.800.000 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 7.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож хариуцагчаас 6.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалд 44, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэл болох бөгөөд гэрч Л.Баярбилэг нь гэрээний хөлсийг нэг автомашинд 5.500.000 төгрөг байхаар тохиролцсон талаар мэдүүлсэн байх тул анхан шатны шүүх тээврийн хөлсийг уг үнийн дүнгээр  талууд тохиролцсон гэж дүгнэж, тээврийн хөлсний үлдэгдэлд жолооч тус бүрт 1.500.000 төгрөг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн” гэж дүгнэсэн.

Хариуцагч байгууллагын зүгээс тээвэрлэлтийн хөлсийг 7.300.000 төгрөгөөр тохирсон асуудалд маргаж байгаагүй. Тэд зөвхөн Л.Баярбилэг гэдэг хүнтэй үлдэгдэл тооцоог хийж дуусгасан талаар тайлбар хийдэг. Гэхдээ 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд /169 дахь талын арын нүүрэнд/ хариуцагчийн төлөөлөгч мэдүүлэхдээ нийт 126.000.000 төгрөгийн хөлстэй хийхээр тохирсон гэж мөн тэмдэглэлийн 170 дугаар хуудсанд хариуцагчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үгэнд, нийт 126.000.000 төгрөгнөөс 68.000.000 төгрөгийг Л.Баябилэгт бэлнээр нь хүлээлгэн өгсөн талаар мэдүүлдэг. Мөн гэрч Л.Баярбилэгийн мэдүүлэгт 44 нийт 17 машин тухайн ачааг тээвэрлэсэн, нэг машинд 4.000.000 төгрөгөөр бодож нийт 68.000.000 төгрөгийг урьдчилгаа хөлсөнд бэлнээр өгсөн талаар мэдүүлдэг. Энэ мэдүүлэг нь нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбартай тохирч байгаа. Тэгэхээр нийт 126.000.000 төгрөгийн хөлстэй ажлыг 17 машинд хуваахад нэг машинд  7.400.000 төгрөг орчим төгрөгийн хөлс ногдож байгаа. Энэ нь нэхэмжлэгч нарын 1 машины хөлсийг 7.300.000 төгрөгөөр тохирсон гэдэг тайлбартай тохирч байгаа учир ажлын хөлсийг хэдэн төгрөгөөр тохирсон талаар үйл баримтыг нотлогдсон гэж үзэх боломжтой.

Л.Баярбилэгийн гэрчийн мэдүүлэгт жолооч нар Ж ХХК-тай тээврийн хөлсийг 5.500.000 төгрөг болгон тохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг ерөөсөө байхгүй. Л.Баярбилэг гэрчийн мэдүүлэг авч байхад нэхэмжлэгч болон хариуцагч талын хүмүүс хамт байсан бөгөөд гэрчийн энэхүү мэдүүлгийн агуулга нь 41 жолооч нар Ж ХХК-тай тохирч 2015 оны 8 дугаар сард тухайн газрын тосны хайгуулын тоног төхөөрөмжийг 7.000.000 төгрөгөөр тээвэрлэснийхээ дараа дахин Эрээн хотод очиж хятадуудтай үлдсэн ачааг 5.500.000 төгрөгөөр тохирч ачааны ханш буулгасан талаар мэдүүлж байсан. Үүнийг шүүх Ж ХХК-тай хөлсөө 5.500.000 болгон буулган тохирсон байна гэж буруу ойлгож дүгнэлт гаргасан байна.

Ж ХХК болон жолооч нар тээврийн хөлсийг 5.500.000 болгон бууруулсан талаар өнгөрсөн 1 жилийн хугацаанд энэхүү хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд тайлбар гаргаж байгаагүй бөгөөд үүнийг гэрч Л.Баярбилэг хөндлөнгөөс нотлох ямарч боломж байхгүй. Нэхэмжлэгч, хариуцагч нар тээвэрлэлтийн хөлсийг 5.500.000 болгон бууруулсан талаар мэдэхгүй байхад гэрч хаанаас мэдэж энэ асуудлыг ярьж байгааг шүүх анхаарахыг хүсэж байна. Жолооч нар 2016 оны хавар Ж ХХК-ийн захиралтай 1 удаа л биечлэн уулзаж байсан бөгөөд тухайн үед Л.Баярбилэгтэй тооцоо дууссан. Та нар Л.Баярбилэгээс үлдэгдэл төлбөрөө олж ав гэж хэлээд гаргаад явуулсан байдаг. Ер нь тээврийн хөлсийг 5.500.000 болгон бууруулсан талаар нэхэмжлэгч хариуцагч нар тайлбар өгч байгаагүй байхад хөндлөнгийн гэрчийн мэдүүлгийг буруу ойлгон түүнийг тээвэрлэлтийн хөлсний хэмжээг тогтооход гол нотлох баримт болгох ямарч үндэслэл байхгүй. Энэ талаар хариуцагчийн өмгөөлөгч, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс тодруулсан асуултад тухайн үед өгч байсан хариулт 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 169 дахь хуудсанд тусгагдсан байгаа.

Иймд, шүүх нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн хөлснөөс 7.200.000 төгрөг буюу нэг жолоочийн хөлснөөс 1.800.000 төгрөг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд, анхан шатны шүүхийн Ж ХХК-иас 6.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Ж ХХК-иас 7.200.000 төгрөг нэмж гаргуулан нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

             Ж ХХК-д холбогдуулж Ш.М, З.А , Ш.Д , Н.М  нарыг төлөөлж П.Б  тээврийн хөлс, гаалийн хашаанд төлсөн зардалд нийт 13.800.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...компани нэхэмжлэгч нартай бус Л.Баярбилэгтэй тохиролцож ачаа тээвэрлүүлсэн, тээврийн хөлсний урьдчилгааг өгсөн, үлдэгдэл төлбөрийг Л.Баярбилэг компанид төлөх битумын үнээс төлөх үүрэгтэй байсан...”  гэж маргасан байна.

            Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгч нарын гомдол үндэслэлгүй гэж үзлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үүргээ нэхэмжлэгч нар биелүүлж ачааг тогтоосон газар хүргэсэн, тээврийн хөлснөөс нэхэмжлэгч тус бүр 4.000.000 төгрөг   авсан нь тогтоогдсон гэж үзсэн хоёр шатны дүгнэлт хуульд нийцсэн байна.

Ш.М, З.А , Ш.Д , Н.М  нар тээврийн хөлсийг тус бүрдээ 7.300.000 төгрөг байхаар тохирсон гэх боловч энэ үндэслэлээ нотлож чадаагүй байна.

Анх Ж ХХК-д ачаа тээвэрлүүлэх ажил байгааг  нэхэмжлэгч нар Л.Баярбилэгээс  мэдснийг зохигч маргаагүй ба  “тухайн үед тээврийн хөлсийг 7.300.000 төгрөг байхаар ярилцсан боловч  нэхэмжлэгч нар хөлсөө 5.500.000 төгрөг болгож компанитай тохирч бууруулсан ” гэх гэрч Л.Баярбилэгийн мэдүүлгийг  шүүх үндэслэж, тээврийн хөлсний үлдэгдэлд нэхэмжлэгч тус бүрт 1.500.000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргаагүй тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын  06-ны өдрийн 102/ШШ2017/02012 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1958 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  П.Б н гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                               Г.АЛТАНЧИМЭГ