Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00979

 

С.Жын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Б Ө А А С Х Цаймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 746 дугаар шийдвэр,

Б Ө А А С Х Цаймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2018/00018 дугаар магадлалтай,

С.Жын нэхэмжлэлтэй

Б Ө А А С Х Ц-т холбогдох

Б Ө А А С Х Ц-ийн эрхлэгчийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нярвын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Гуравдагчийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Алтай сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/30 дугаар бүхий тушаалаар тус цэцэрлэгийн нярваар томилогдсон. Гэтэл тус цэцэрлэгийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/31 дугаар бүхий тушаалаар намайг үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлж, миний оронд өөр хүнийг томилон миний хөдөлмөрийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтойгоор зөрчсөн. Уг тушаалыг надтай тохиролцсон гэх үндэслэлээр гаргасан байх боловч надтай тохиролцсон асуудал байхгүй бөгөөд шууд тушаал гаргаж намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн болно. Ажил олгогч миний ажлын байр болох нярвын ажлын байр хэвээр байсаар байтал намайг үндэслэлгүй үүрэгт ажлаас чөлөөлсөн тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах асуудал ажил олгогчид хуулиар ногдсон үүрэг боловч ажил олгогч надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан ба ажил олгогч энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй явдалд ажилтан би буруугүй болно. Иймд Б Ө А А С Х Ц ийн эрхлэгчийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/30 дугаар тушаалыг хүчингүй болгож, нярвын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алтай сумын хүүхдийн цэцэрлэгийн нярвын /эд хариуцагчийн/ ажилтай байсан Б.Баярхүү 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан тул нярвын сул орон тоонд Алтай сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Ажилд томилох тухай Б/30 тоот тушаалаар С.Жыг томилсон. С.Ж нь томилогдох үед Рысжан ХХК-ны ШТС-д эд хариуцагч, түгээгчээр давхар ажиллаж байсныг хожим мэдэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасантай нийцэхгүй, хоёр өөр байгууллагад адил чанарын эд хариуцагчийн албан тушаалд зэрэг ажиллах боломжгүй байдлыг харгалзаж ажлаас чөлөөлөгдөхийг санал болгож, өөрийн зөвшөөрснөөр ажлаас чөлөөлсөн. С.Жыг Алтай сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/31 тоот тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, уг чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалд хуулийн хүрээнд тэнцэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Энэ нь эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм (2000 оны)-ийн холбогдох заалт, хүүхдийн цэцэрлэгийн нярвын (эд хариуцагч) ажлын байрны тодорхойлолтын В хэсэгт заасан тавигдах шаардлагыг хангахгүй болох нь нотлогдсон учир цааш нь ажиллуулах боломжгүй болсон тул ажлаас чөлөөлсөн. С.Жыг Алтай сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/30 тоот тушаалаар эд хариуцагчийн албан тушаалд томилох тухай тушаал гаргаса болохоос биш С.Жт ажил хүлээлгэж өгөөгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болно. С.Ж нь Алтай сумын хүүхдийн цэцэрлэгт огт ажил хөдөлмөр эрхлээгүй учраас түүнийг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэх боломжгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэнэ гэж тодорхой заасан. С.Ж нь Рысжан ХХК-ийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаалаар бэлэн мөнгө удаа дараа ашиглан шамшигдуулсан зөрчил гаргаж ажлаас сахилгын шийтгэлийн журмаар халагдсан тул түүнийг дахин хөрөнгө мөнгө хариуцах албан тушаалд эргүүлэн томилох боломжгүй. С.Ж нь тухайн албан тушаалаас чөлөөлөгдөхийг өөрөө зөвшөөрч, хүсэлт гаргасан учраас түүний хүсэлтийг тайлбарт хавсаргав. Иймд С С.Жын гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд шүүхэд гаргасан гомдол нь үндэслэл муутай байна. Холбогдох нотлох баримтуудыг үндэслэж С.Жын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 746 шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б Ө А А С Х Ц ийн эрхлэгчийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/31 дугаартай тушаалыг хүчингүй болгож, С.Жыг тус цэцэрлэгийн нярвын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2018/00018 дугаар магадлалаар Баян-Өлгий  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 746 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 1. Нэхэмжлэгч С.Жыг ажил олгогч нь 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдөр Б\30 тоот тушаалаар тус цэцэрлэгийн няравын ажилд томилсон боловч С.Ж нь ажлаа бодит байдлаар хүлээн аваагүй буюу тус байгууллагад нэг ч өдөр ажлаагүй, цалин хөлс бодогдоогүй, ажилласан тухай цагийн бүртгэлгүй, ажил олгогчтой ажлын байранд хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй, тухайн ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага болох бакалаврын дээд боловсролтой, эдийн засагчийн мэргэжилтэй байх шаардлагыг хангахгүй байгаа, тэрээр бага боловсролтой байсан, тухайн үед “Рысжан" ХХК-ний Аптай сум дахь Шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байгаад 2017 оны 09 дүгээр сард шатахууны орлогын мөнгө дутагдуулан завшсан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас халагдсан зэрэг тогтоогдсон юм. Гэтэл анхан шатны шүүх С.Жыг Аптай сумын Хүүхдийн цэцэрлэгийн нярвын ажилд эгүүлэн томилох шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1. Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг тохирно: 21.1.1. ажлын байрны буюу албан тушаалын нэр, 21.1.2. ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, 21.1.3. үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ: 21.1.4. хөдөлмөрийн нөхцөл, 21.7. Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно. 23 дугаар зүйлийн 23.1. Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна. 23.2. Хөдөлмөрийн гэрээг дор дурдсан хугацаагаар байгуулна: 23.2.1. байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, 28 дугаар зүйл. Хэд хэдэн ажил олгогчид нэгэн зэрэг ажиллахыг хориглох. 28.1. Хуулийн этгээдэд эд хөрөнгө захиран зарцуулах эрх мэдэл хэрэгжүүлэх ажил, албан тушаалд ажилладаг ажилтан адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өмчийн бусад төрөл, хэлбэрийн өмчлөгчтэй эрхэлж байгаа ажил, албан тушаалтайгаа ижил, эсхүл удирдах, хяналт тавих шинжтэй ажил, албан тушаалд ажиллахаар зэрэгцсэн гэрээ буюу контракт байгуулахыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэж байна. 2. Тус хүүхдийн цэцэрлэгийн няравын албан тушаалд хууль ёсоор ажиллаж байсан нярав Б.Баярхүү нь 2017 оны 07 дугаар сарын үед буюу ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн үед ээлжийн амралт эдлэж байсан, 60 нас хүрээгүй байсан, өндөр насны тэтгэвэрт гарахад байгууллагаас олгох тэтгэмжийг гардан аваагүй байсан, тэрээр 2017 оны 08, 09 дүгээр саруудад тус хүүхдийн цэцэрлэгт няравын ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэн цалин хөлсөө бүрэн авч байсан нь Алтай сумын Хүүхдийн цэцэрлэгийн багш, ажилчдын 2017 оны 8 ба 9 дүгээр сарын цалин олгосон санхүүгийн бичиг баримтууд, өндөр насны тэтгэвэрт гарахад байгууллагаас олгох тэтгэмжийн 5 365 100 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 144 тоот төлбөрийн хүсэлтээр түүний Хаан банк дахь 5181103127 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлсэн баримт, тэрээр ажлаа ажил олгогчийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б\49 тоот тушаалын 4 дэхь заалт буюу ажил хүлээлцүүлэх комиссын дарга С.Гулбадан \багш\, гишүүд: К.Кадирбек \нябо\, А.Досан\ манаач\, Д.Хараторгай \ багш\, С.Балжан \багш\ нарыг батлан Х.Нургүлд албан ёсоор хүлээлгэж өгч байсан комиссын дарга, гишүүдийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үйлдсэн хурлын протокол зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйл. Ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах. 35.1. Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална. 35.1.2. ээлжийн амралттай байгаа, 38 дугаар зүйлийн 38.1. Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр цуцална, 38.1.1 ажилтан санаачилсан, 40.1. Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар цуцалж болно, 40.1.3. ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн, 40.3 Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно, 42 дугаар зүйлийн 42.1 Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно, 43.1. Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана. 43.2. Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ. 43.3. Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй” гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. 3. Гэтэл давж заалдах шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Ажил олгогч С.Жыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-т заасан “талууд харилцан тохирсон” гэх үндэслэлээр С.Жын гарын үсэгтэй баримтыг гаргаж өгсөн боловч нэхэмжлэгч тал уг баримтыг зөвшөөрөхгүй байгаа, ажил олгогчийн шахалт, зүй бус нөлөөлөл байгаагүй ажилтан сайн дурын үндсэн дээр бичсэн эсэх нь уг баримтын агуулгаас харахад тохиролцсон гэж үзэх боломжгүй...” гэж дүгнэсэн учир дутагдалтай гэж үзэж байна. С.Жаас тус Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчид хандаж бичгээр үйлдэн сумын нотариатчаар батлуулсан хүсэлтийн агуулгаас үзэхэд тэрээр тухайн ажлын байранд ажиллах боломжгүй болсныг мэдэж, цаашид ажиллахаас татгалзсан, иргэний үнэмлэхийн хуулбарлан хавсаргасан, сумын ЗДТГ-ын нотариатчаар албан ёсоор гэрчлүүлсэн хүчин төгөлдөр баримт гэж үзэж байна. Хэрвээ уг бичиг баримтыг ажил олгогчийн зүгээс хүчээр дарамтлан бичүүлсэн бол С.Ж яагаад сумын ЗДТГ-ын нотариатч өөрийн биеэр очиж гэрчлүүлж байгаа зэрэг нөхцөл байдлыг шүүхүүд анхаараагүй явдалд гомдолтой байна. С.Жын өөрийн гараар үйлдсэн, нотариатын байгууллагаар гэрчлүүлсэн баримт нь хууль ёсны буюу “Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1, Хөдөлмөрийн гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно, 37.1.1. талууд харилцан тохиролцсон” гэсэн заалтад нийцэж байгаа анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна. 4. Магадлалын үндэслэх хэсэгт “...Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөр, үйлчилгээний газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б\31 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Жыг Алтай сумын хүүхдийн цэцэрлэгийн няравын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ” гэж дүгнэлт хийсэн байна. С.Жын нэхэмжлэлтэй Б Ө А А С Х Ц-т холбогдох иргэний хэрэгт Баян- Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг шүүх хариуцагчаар татаагүй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б\31 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал гэгч баримт иргэний хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, нэхэмжлэгч С.Ж нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын тушаалыг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б\31 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэсэн гэсэн хууль зүйн дүгнэлт өгч байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 37.2, 40.1, 40.2, 40.3 дах заалтыг ноцтой зөрчсөнийг харуулж байна. 5. Х.Нургүлийг Б Ө А А С Х Ц -ийн эрхлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн “Ажилд томилох тухай” Б\49 дүгээр тушаалаар тус цэцэрлэгийн няравын орон тооны ажилд хууль ёсоор томилон ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан тэрээр одоо хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байна. Х.Нургүл нь бакалаврын дээд боловсролтой, эдийн засагчийн мэргэжилтэй, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг бүрэн хангаж байна. Х.Нургүл нь тус цэцэрлэгийн няраваар ажиллаж байсан Б.Баярхүү нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажил олгогчийн шийдвэрээр өндөр насны тэтгэвэрт гарч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх үед цэцэрлэгийн няравын сул орон тооны ажилд томилж өгөхийг хүсэж цэцэрлэгийн захиргаанд хүсэлт гаргасан ба тус цэцэрлэгийн хамт олны хурлаар түүний өргөдлийг хэлэлцэн няравын ажилд томилон ажлыг албан ёсоор хүлээлцүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Х.Нургүл нь урьд ажиллаж байсан нярав Б.Баярхүүгээс 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авсан ба Б.Баярхүү нь 2017 оны 07, 08, 09-р сарын цалин хөлсийг бүрэн аваад 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үүрэгт ажлаас чөлөөлөгдөн ажлаа Х.Нургүлд хүлээлгэн өгчээ. Х.Нургүл нь одоо 6 сартай Ерасыл гэдэг хүүхэдтэй ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-д зааснаар түүнийг ажлаас халахыг хориглосон байгаа юм. 6. Ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан хэдий ч ажилтны урьд эрхэлж байсан тушаалыг эгүүлэн тогтоох асуудал хэрэгт цугларсан нотлох баримтууд, үйл баримтаар нэгэнт эргэлзээтэй байвал шүүх түүнийг нэхэмжлэлийг заавал ханган шийдвэрлэх нь зохимжгүй гэж үзэж байна. Ингэхээр С.Жыг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр, магадлал нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн судлаж үзээгүй, нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн зарчимтай нийцэхгүй байна гэж үзэж байна. Энэхүү хөдөлмөрийн маргаан нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх юм. Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүйд тооцож С.Жын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Нургулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд миний давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх “нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан шаардлагын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ. “Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах”-ыг хүссэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

С.Ж нь Б Ө А А С Х Ц-т холбогдуулан Алтай сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, тус цэцэрлэгийн няравын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Ажил олгогч нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/31 дүгээр тушаалаар С.Жыг тус цэцэрлэгийн нярвын ажилд авсан ба 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар  ажлаас нь халжээ. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан заалтыг баримталсан байна. Хариуцагч нь тушаалын үндэслэлээ тайлбарлахдаа “нэхэмжлэгч нь давхар, өөр байгууллагад ажиллаж байсан бөгөөд уг ажлын байранд тэнцэхгүй учраас өөрөө хүсэлтээ гаргасан” гэж, С.Жын гарын үсэг бүхий баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч нэхэмжлэгч уг баримтыг зөвшөөрөөгүй бөгөөд шүүх нэхэмжлэгч сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлсэн нь нотлогдоогүй гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсгийг зөрчөөгүй байна. 

Нэхэмжлэгч С.Ж нь ажилд орох үедээ Рысжан ХХК-ийн шатахуун түгээх газарт түгээгчийн ажил хийж байсан нь тогтоогдсон боловч Алтай сумын хүүхдийн цэцэрлэгт ажилд орох өргөдөл өгч, ажил олгогчийн тушаалын дагуу 2 хоног ажилласан, хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн үйл баримт хэрэгт байгаа баримтын хэмжээнд тогтоогдсон байна.

Ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг баримтлаагүй, тушаалын үндэслэл тогтоогдоогүй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхив. Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасан зохицуулалт гуравдагч этгээдэд хамаарахгүй талаар хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 746 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2018/00018 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

                  ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА