Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 130/ШШ2017/00746

 

     Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн А сумын ** дугаар багт оршин суух, Ж овогт Сын Жын нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Баян-Өлгий аймгийн А сумын Х цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч Е, хариуцагч Б, хариуцагчийн өмгөөлөгч З, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн А сумын Х цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 8 дугаар сарын 08-ний өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нярвын ажилд эгүүлэн тогтоолгохыг шаарджээ.

     Нэхэмжлэгч Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний  бие А сумын Х цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/30 дугаар бүхий тушаалаар тус цэцэрлэгийн нярваар томилогдсон билээ.

     Гэтэл тус цэцэрлэгийн 2017 оны 8 дугаар сарын 08-ний өдрийн Б/31 дугаар бүхий тушаалаар намайг үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлж, миний оронд өөр хүнийг томилон миний хөдөлмөрийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтойгоор зөрчсөн шийдвэр гаргаад байна. Уг тушаалыг надтай тохиролцсон гэх үндэслэлээр гаргасан байх боловч надтай тохиролцсон асуудал байхгүй бөгөөд шууд тушаал гаргаж намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн болно.

     Ажил олгогч миний ажлын байр болох нярвын ажлын байр хэвээр байсаар байтал намайг үндэслэлгүй үүрэгт ажлаас чөлөөлсөн тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах асуудал ажил олгогчид хуулиар ногдсон үүрэг боловч ажил олгогч надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан ба ажил олгогч энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй явдалд ажилтан би буруугүй болно.

     Иймд Баян-Өлгий аймгийн А сумын Х цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/30 дугаар тушаалыг хүчингүй болгож, нярвын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч Е шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ж нь Баян-Өлгий аймгийн А сумын Х цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/30 дугаар бүхий тушаалаар тухайн цэцэрлэгт нярваар томилогдсон.

     Гэтэл Жыг 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/30 дугаар бүхий тушаалаар ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн. Үүнээс болж эрх ашиг нь зөрчигдөж байгаа учраас тухайн цэцэрлэгийн нярвын ажилд эгүүлэн тогтоож, тус цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалыг хүчингүй болгох тухай гомдол гаргасан. Энэ гомдлыг дэмжиж байна. Ж-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Энэ талаар хариуцагч тал нэхэмжлэлдээ тодорхой тусгаж өгсөн. Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан асуудал байхгүй. Ерөөсөө ажил олгогч шууд өөрийн эрх хэмжээний хүрээнд ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн. Тус нярвын ажилд гуравдагч этгээд Н ажиллаж байгаа. Гуравдагч этгээдийн тайлбар дээр Н-ийг 2017 оны 10 дугаар сард томилсон гэсэн тайлбар явж байгаа. Гэтэл Ж-ыг 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр чөлөөлөөд тухайн өдөр түүний оронд шууд Нийг томилсонд гомдолтой байгаа. Ийм учраас энэ тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Ж-ын эрх ашиг зөрчигдсөн эрхийг хамгаалж нярвын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.  

     Хариуцагч Баян-Өлгий аймгийн А сумын Х цэцэрлэгийн эрхлэгч Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баян-Өлгий аймгийн А сумын Х цэцэрлэгийн эрхлэгч ажилтай Б миний бие тус сумын 3 дугаар багт оршин суух Ж-ын “А сумын Х цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/31 тоот тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн нярвын ажилд эргүүлэн тогтоолгох тухай гомдлыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч тайлбар гаргаж байна Үүнд:

     1. А сумын Х цэцэрлэгийн нярав (эд хариуцагч) ажилтай байсан Р 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан тул “эд хариуцагч”-ийн (нярав) сул орон тоонд А сумын Х цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Ажилд томилох тухай” Б/30 тоот тушаалаар Ж-ыг томилсон юм.

     Ж нь А сумын Х цэцэрлэгийн эрхлэгч Б миний 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/30 тоот тушаалаар А сумын Х цэцэрлэгийн “эд хариуцагч (нярав)”-ын албан тушаалд томилогдох үед “Р” ХХК-ны ШТС-д “эд хариуцагч, түгээгч”-ээр давхар ажиллаж байсныг хожим мэдэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасантай нийцэхгүй, хоёр өөр байгууллагад адил чанарын “эд хариуцагч”-ын албан тушаалд зэрэг ажиллах боломжгүй байдлыг харгалзаж ажлаас чөлөөлөгдөхийг санал болгож, өөрийн зевшөөрсөнөөр ажлаас чөлөөлсөн юм.

     2. Ж-ыг А сумын Х цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” Б/31 тоот тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасан “ажилтан мэргэжил, уг чадвар”-ын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалд хуулийн хүрээнд тэнцэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн юм.

     Энэ нь Эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм (2000 оны)-ийн холбогдох заалт, Х цэцэрлэгийн нярвын (эд хариуцагч) ажлын байрны тодорхойлолтын В хэсэгт заасан тавигдах шаардлагыг хангахгүй болох нь нотлогдсон учир цааш нь ажиллуулах боломжгүй болсон тул ажлаас чөлөөлсөн юм.

     3. Ж-ыг А сумын Х цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/30 тоот тушаалаар “эд хариуцагчийн албан тушаалд томилох” тухай тушаал гаргасан  болохоос бус  Ж-д ажил хүлээлгэж өгөөгүй, хөдөлмөрийн  гэрээ байгуулаагүй  болно. Ж  нь  А  сумын  Х   цэцэрлэгт  огт  ажил хөдөлмөр эрхлээгүй учраас “түүнийг ажлаас үндэслэлгүй халагдсан” гэж үзэх боломжгүй юм.

     Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д “ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэнэ” гэж тодорхой заасан байгаа юм.

     Ж нь “Р” ХХК-ны захирлын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар “бэлэн мөнгө удаа дараа ашиглан шамшигдуулсан” зөрчил гаргаж ажлаас сахилгын шийтгэлийн журмаар халагдсан тул түүнийг дахин хөрөнгө мөнгө хариуцах албан тушаалд эргүүлэн томилох боломжгүй юм.

     5. Ж нь тухайн албан тушаалаас чөлөөлөгдөхийг өөрөө зөвшөөрч, хүсэлт гаргасан учраас түүний хүсэлтийг тайлбарт хавсаргав.

     Иймд Ж-ын гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд шүүхэд гаргасан гомдол нь үндэслэл муутай байна. Холбогдох нотлох баримтуудыг үндэслэж Ж-ын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

     Хариуцагч Баян-Өлгий аймгийн А сумын Х цэцэрлэгийн эрхлэгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр манай байгууллагад нярваар ажилладаг Баярхүү нь өндөр насны тэтгэвэрт гарахдаа холбоотой өөрөө хүсэлт гаргасан. Уг нь энэ хүн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гарах ёстой байсан. Гэхдээ өөрөө би амралт авах үед өндөр насны тэтгэвэрт нэгмөсөн гармаар байна. Миний тэтгэмж ирсэн байвал миний дансанд шилжүүлж өгвөл 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр бүр мөсөн гараад ажлаа хүлээлгэж өгөөд явмаар байна гэсэн санал гаргасан. Урьд нь ажилд орох тухай хүсэлтийг ганцхан Ж өгсөн байсан болохоор би тэр хүнийг өргөдлийн дагуу дуудаж аваад одоо нярав маань ажлаас чөлөөлөгдөх боллоо гээд түүнийг тушаалаа гаргаад ажилд авсан. Тухайн үед Баярхүүг ажлаас нь гаргах тушаал гаргасан, Ж-д ажилд орох тушаал гаргасан. Ж нь Р ХХК-ийн шатахуун түгээх станцад түгээгч ажиллаж байсан, одоо энэ ажлаасаа гараад 14 хоног болж байна гэсэн аман тайлбар өгсөн.

     Би тэр үгэнд итгээд урьд нь өргөдөл өгсөн байсан болохоор, ганц бие, хүүхэдтэй болохоор хүний амьдралыг дэмжих үүднээс ажилд авсан. Тэр хүнийг ажилд авснаас хойш 2 өдрийн дараа Ж нь Р ХХК-д хэвээрээ түгээгчээр ажиллаж байна гэж сонсоод би өөрийн биеэр очиж шалгахад Р ХХК-д түгээгчээр ажиллаж байсан. Тэгээд би Р ХХК-ийн хяналтын албаны Д гэдэг хүн рүү залгаад танайд ажилладаг Ж гэдэг хүн ажиллаж байгаа юм уу, уг нь надад ажлаасаа гарсан гэх зүйл хэлсэн гэхэд ажлаасаа гараагүй, наад хүн чинь хариуцлага алдаад хэд хэдэн удаа мөнгө дутаасан болохоор хариуцлага хүлээлгэх гээд хугацаатай ажиллуулж байгаа. Гэхдээ ажлаас нь чөлөөлөөгүй гэж хэлсэн. Би тэр даруй Жыг өрөөндөө дуудаж аваад Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасны дагуу тухайн иргэн маань хоёр өөр байгууллагад ижил мэргэжлээр ажиллаж болохгүй гэсэн хориглосон заалт байгаа. Та яагаад надад худлаа хэлсэн юм бэ, та эсвэл тэр ажлаа сонго, эсвэл энэ ажлыг сонго гэж хэлсэн. Тэгэхэд ямар ч гомдол байхгүй, би өөрийн хүсэлтээр ажлаасаа гаръя гээд бичгээр хүсэлтээ гаргаж өгсөн. Тэр хүсэлтийг нотариатаар батлуулж хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Тэгээд тэр хүнтэй зөвшилцсөний үр дүнд 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Ж-ыг ажлаас чөлөөлсөн Б/30 тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр гаргасан. Цэцэрлэгийн нярвын ажлын байрны тодорхойлолтын Б хэсэгт заасны дагуу тухайн Ж-т ямар ч мэргэжил байхгүй, ядахдаа 10 дугаар анги төгссөн мэргэжлийн үнэмлэх ч байхгүй хүн байсан. Надад зөвхөн өргөдөл өгсөн. Би тушаал гаргах өдөр та ямар мэргэжилтэй вэ гэхэд би угаасаа нярвын мэргэжилтэй, 10 дугаар ангийг төгссөн, нярвын сургалтад суусан учраас түгээгчээр ажиллаж байгаа гэж хэлсэн. Түгээгч гэдэг албан тушаал нь эд хариуцдаг, адилхан мөнгөтэй харьцдаг хүн гэж бодоод тухайн хүний үгэнд итгэсэн.

     Тухайн үед та материалаа авчирч өг гэхэд ямар ч материал авчирч өгөөгүй, зөвхөн иргэний үнэмлэхээ хуулбарлаж өгсөн. Гуравдугаарт Ж нь намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэсэн. Энэ гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасны дагуу Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж заасан. Бид нар Жт ямар ч ажил хүлээлгэж өгөөгүй, зөвхөн тушаал гаргасан гэхээс биш хөдөлмөрийн гэрээ ч хийгээгүй. Ажлын байрны тодорхойлолтод ч гэсэн гарын үсэг зурж өгөөгүй учраас үндэслэлгүй ажлаас халагдсан гэдэг тайлбарыг зөвшөөрөхгүй байна. Ж нь Р ХХК-д ажиллаж байх үед удаа дараа мөнгөний асуудалд холбогдон тухай байгууллагын мөнгийг өөрийн мэдлээр удаа дараа шамшигдуулж зарцуулж байсан. Сахилгын шийтгэлээр удаа дараа орж сүүлд нь ажлаасаа халагдсан учраас тэр хүнийг нярвын ажилд авах боломж байхгүй гэж үзэж байна гэв.

     Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баян-Өлгий аймгийн А сумын 4 дүгээр багт оршин суудаг,  Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С би нэхэмжлэгч Ж-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.     

     Нэхэмжлэгч  Ж-ын нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.                                    

     1. Н нь Баян-Өлгий аймгийн А сумын Х цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б\49 дугаар тушаалаар тус цэцэрлэгийн нярвын бүр орон тооны ажилд хууль ёсоор томилогдон тухайн ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан одоо 2 сар гаруй ажиллаж байна.  Н нь бакалаврын дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байна. Н нь тус цэцэрлэгийн нярваар ажиллаж байсан Д нь өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул цэцэрлэгийн нярвын ажилд томилж өгөхийг хүсэж цэцэрлэгийн захиргаанд хүсэлт гаргасан ба тус цэцэрлэгийн хамт олны хурлаар түүний өргөдлийг хэлэлцэн нярвын ажилд томилжээ.  Н нь урьд ажиллаж байсан нярав Д-гээс 2017 оны 10 дугаар сарын 02-нд ажлаа албан ёсоор хүлээн авсан ба Д нь 2017 оны 7, 8, 9 дүгээр сарын цалин хөлсийг бүрэн аваад 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үүрэгт ажлаас  чөлөөлөгдөн ажлаа  Н-д хүлээлгэн өгчээ.                                        

     2. Н   нь   одоо   6   сартай   Л   гэдэг  хүүхэдтэй  ба   энэ  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг ажлаас халахыг хориглосон байгаа юм.

     3. Нэхэмжлэгч Ж нь тус байгууллагад нэг ч өдөр ажиллаагүй, Д-ийн гүйцэтгэж байсан нярвын ажлыг хүлээн аваагүй, тухайн үед ажлын байранд хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй, тэрээр “Р” ХХК-ны А сум дахь Шатахуун түгээх станцад ажиллаж байгаад орлогын мөнгө дутагдуулсан гэсэн үндэслэлээр 2017 оны 9 дүгээр сард ажлаас халагдаж байсан, бакалаврын зэрэггүй буюу тухайн ажлын байранд тавигдах тусгай шаардлагыг хангахгүй байгаа, тус цэцэрлэгийн эрхлэгч Б-д 2017 оны 8 дугаар сарын эхээр тухайн маргаан бүхий албан тушаалд ажиллахаас татгалзсан тухай бичгээр хүсэлт гаргаж байсан байна. Иймд нэхэмжлэгч Ж-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

     Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Маргаан бүхий албан тушаалд томилогдсон Н бол дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар тус цэцэрлэгийн бүр орон тоонд томилогдсон. Энэ ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ хийгдсэн. Ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан. Ажлыг хүлээж авах талаар ажлын хэсэг гаргаад Баярхүүгийн ажлыг хүлээж авсан. Баярхүү нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тэтгэмжээ аваад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар өмнөх ажлаас чөлөөлөгдсөн. Н нь одоо 6 сартай хүүхэдтэй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар ажлаас халахыг хориглосон учраас түүнийг ажлаас гаргах боломжгүй. Харин Ж бол тухайн байгууллагад нэг ч өдөр, нэг ч цаг ажиллаагүй. Баярхүүгийн ажлыг хүлээж аваагүй. Хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй. Тухайн үед ажилд томилогдох үед Р ХХК-д ажиллаж байсан. Нөгөө талаар хамгийн гол зүйл бол ажлаас татгалзсан хүсэлт гаргасан. Гэтэл өнөөдөр би энэ хүнийг шүүхэд нэхэмжлэл гаргасныг гайхаж байна. Энэ хүсэлтийг хэн ч хүчээр бичүүлж аваагүй. Өөрөө байдлыг ойлгосон. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/32 тушаалыг анх удаа өнөөдөр харж байна. Бид нар ийм тушаал аваагүй. Н бол ганцхан тушаал авсан.

     Ийм учраас Ж-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Н бол 8, 9 дүгээр сард ажиллаагүй. 7, 8, 9 дүгээр сарын цалин бүгд Баярхүүгийн нэр дээр гарсан. Хоёрдугаарт Баярхүү бол ээлжийн амралттай байсан учраас ажлын байр нь хэвээр хадгалагдах ёстой. Төрөөс олгох нэг удаагийн тэтгэмжийг 9 дүгээр сарын сүүлээр авсан. Мөн тухайн үед 55 нас хүрээгүй байсан. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

      Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж,

 

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмлжгэичийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

     Нэхэмжлэгч Ж нь Баян-Өлгий аймгийн А сумын Х цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/31 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн нярвын ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүссэн байна.

     Баян-Өлгий аймгийн А сумын Х цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/31 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг тус тус үндэслэн  Ж-ыг цэцэрлэгийн нярваар томилсон 30 дугаартай тушаалыг 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн хүчингүй болгож, ажлаас нь чөлөөлсөн байна.

     Дээрх тушаалаас үзэхэд нэхэмжлэгч Ж-ыг ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар буюу талууд харилцан тохирсон гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэхээр байна.

     Ажил олгогчоос Ж-ын хувьд тухайн үед өөр газар ажил хөдөлмөр эрхэлж байсан, тухайн ажил, албан тушаалд тэнцэхгүй байсан, өөрөө хүсэлтээ гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж маргажээ.

     Хариуцагч талаас гаргаж өгсөн талууд харилцан тохиролцсоныг нотлох баримт гэх гарчиггүй, хэнд хаягласан нь тодорхойгүй баримт болох “намайг цэцэрлэгийн няравт тушаал гаргаж авсан. Гэхдээ намайг ажилд авахгүй байсан ч гомдолгүй, өөрөө татгалзсан. Хэлсэн үг, сэтгэлд нь баярлалаа. Би гэхдээ ийшээ, тийшээ маргалдах хүсэлгүй байна” гэх Жын гарын баримтыг гаргаж өгсөн боловч уг баримтыг сайн дурын үндсэн дээр бичсэн гэдгийг нэхэмжлэгч тал зөвшөөрөхгүй байгаа, мөн тухайн баримтанд бичигдсэн байдлууд нь агуулгын хувьд гэрээний талууд болох ажил олгогч болон ажилтан нар харилцан тохиролцсон гэсэн утга агуулахгүй байгаа тул талууд харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэж үзэх боломжгүй байна.

     Хариуцагчийн өөр байгууллагад эд хариуцагчаар ажиллаж байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан нийцэхгүй байгаа гэж тайлбарлаж байгаа боловч Үндсэн хуульд зааснаар иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Ж нь сайн дурын үндсэн дээр Р компаний ШТС-ын түгээгчийн ажлыг хийхээр өөрөө сонгосон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй гэж үзлээ.

     Р компаний 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн тушаал нь үйл явдал болсноос хойшхи буюу 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс дараах байдлыг нотлох ба ажилтныг энэхүү үндэслэлээр чөлөөлөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

     Мөн ажил олгогчоос Ж нь Эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм болон ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байсан тул тухайн ажил албан тушаалд тэнцэхгүй гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлажээ.

     Хэрэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдэг үндэслэл ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэрээр тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд хариуцагчаас энэхүү татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

     Мөн дээрх үндэслэлээр ажилтны ажлаас чөлөөлөхдөө ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү журмыг зөрчсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

     Хариуцагчаас Ж-д ажил хүлээлгэж өгөөгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж тайлбарлаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй тул хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байдалд ажилтныг буруутгах боломжгүй болно.

     Иймд  Баян-Өлгий аймгийн А сумын Х цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/31 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Жыг тус цэцэрлэгийн нярвын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

     1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн А сумын Х цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/31 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Ж-ыг тус цэцэрлэгийн нярвын ажилд эгүүлэн тогтоосугай.

     2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Баян-Өлгий аймгийн А сумын Х цэцэрлэгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.    

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         М