Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 212/МА2018/00018

 

    С.Ж-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 746 дугаар шийдвэртэй, С.Ж-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн А сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Жанерке, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Ержан, хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн А сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нярвын ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: “Миний бие А сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/30 дугаар бүхий тушаалаар тус цэцэрлэгийн нярваар томилогдсон. Гэтэл тус цэцэрлэгийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/31 дугаар бүхий тушаалаар намайг үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлж, миний оронд өөр хүнийг томилон миний хөдөлмөрийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтойгоор зөрчсөн. Уг тушаалыг надтай тохиролцсон гэх үндэслэлээр гаргасан байх боловч надтай тохиролцсон асуудал байхгүй бөгөөд шууд тушаал гаргаж намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн болно.          

Ажил олгогч миний ажлын байр болох нярвын ажлын байр хэвээр байсаар байтал намайг үндэслэлгүй үүрэгт ажлаас чөлөөлсөн тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах асуудал ажил олгогчид хуулиар ногдсон үүрэг боловч ажил олгогч надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан ба ажил олгогч энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй явдалд ажилтан би буруугүй болно.    

Иймд Баян-Өлгий аймгийн А сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/30 дугаар тушаалыг хүчингүй болгож, нярвын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ

 

            Хариуцагчийн тайлбарын агуулга: “А сумын хүүхдийн цэцэрлэгийн нярвын /эд хариуцагчийн/ ажилтай байсан Б.Б 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан тул нярвын сул орон тоонд А сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Ажилд томилох тухай” Б/30 тоот тушаалаар С.Ж-ыг томилсон. С.Ж нь томилогдох үед Р ХХК-ны ШТС-д эд хариуцагч, түгээгчээр давхар ажиллаж байсныг хожим мэдэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасантай нийцэхгүй, хоёр өөр байгууллагад адил чанарын эд хариуцагчийн албан тушаалд зэрэг ажиллах боломжгүй байдлыг харгалзаж ажлаас чөлөөлөгдөхийг санал болгож, өөрийн зөвшөөрснөөр ажлаас чөлөөлсөн.

С.Ж-ыг А сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/31 тоот тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, уг чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалд хуулийн хүрээнд тэнцэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Энэ нь эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм (2000 оны)-ийн холбогдох заалт, хүүхдийн цэцэрлэгийн нярвын (эд хариуцагч) ажлын байрны тодорхойлолтын В хэсэгт заасан тавигдах шаардлагыг хангахгүй болох нь нотлогдсон учир цааш нь ажиллуулах боломжгүй болсон тул ажлаас чөлөөлсөн.

С.Ж-ыг А сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/30 тоот тушаалаар эд хариуцагчийн албан тушаалд томилох тухай тушаал гаргасан болохоос биш С.Ж-т ажил хүлээлгэж өгөөгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болно. С.Ж нь А сумын хүүхдийн цэцэрлэгт огт ажил хөдөлмөр эрхлээгүй учраас түүнийг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэх боломжгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2- т “ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэнэ” гэж тодорхой заасан. С.Ж нь “Р” ХХК-ийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаалаар бэлэн мөнгө удаа дараа ашиглан шамшигдуулсан зөрчил гаргаж ажлаас сахилгын шийтгэлийн журмаар халагдсан тул түүнийг дахин хөрөнгө мөнгө хариуцах албан тушаалд эргүүлэн томилох боломжгүй. С.Ж нь тухайн албан тушаалаас чөлөөлөгдөхийг өөрөө зөвшөөрч, хүсэлт гаргасан учраас түүний хүсэлтийг тайлбарт хавсаргав.

Иймд С Ж-ын гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд шүүхэд гаргасан гомдол нь үндэслэл муутай байна. Холбогдох нотлох баримтуудыг үндэслэж С.Ж-ын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 746 шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн А сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/31 дугаартай тушаалыг хүчингүй болгож, С.Ж-ыг тус цэцэрлэгийн нярвын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 746 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь С.Ж-ын нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн А сумын хүүхдийн цэцэрлэгт холбогдох хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар иргэний хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хэрэгт хамаарА, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэ зөв талаас нь үнэлээгүй нь хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргахад хүргэсэн гэж үзэж байна. 

Нэхэмжлэгч С.Ж-ыг ажил олгогч нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Б\30 тоот тушаалаар тус цэцэрлэгийн нярвын ажилд томилсон боловч маргаан бүхий тушаал цаашид бодит байдлаар хэрэгжих ямар ч боломжгүй байсан. С.Ж нь тус байгууллагад нэг ч өдөр ажиллаагүй, Б.Б-гийн гүйцэтгэж байсан нярвын ажлыг огт хүлээн аваагүй, нярвын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй, тэрээр ”Р” ХХК-ны А сум дахь Шатахуун түгээх станцад ажиллаж байгаад орлогын мөнгө дутагдуулсан гэсэн үндэслэлээр 2017 оны 9 дүгээр сард ажлаас халагдаж байсан, бакалаврын зэрэггүй буюу тухайн ажлын байранд тавигдах тусгай шаардлагыг хангахгүй, тус цэцэрлэгийн эрхлэгч Х.Ж-д 2017 оны 8 дугаар сарын эхээр тухайн маргаан бүхий албан тушаалд ажиллахаас татгалзсан тухай бичгээр хүсэлт гаргаж байсан зэрэг нөхцөл байдлуудыг  нь анхан шатны шүүх бодитой үнэлээгүй явдалд гомдолтой байна. Нөгөө талаас маргаан бүхий албан тушаалд ажиллаж байсан нярав Б.Б нь 2017 оны 7 дугаар сарын үед ээлжийн амралттай байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35, 35.1, 35.1.2.-т заасныг ноцтой зөрчсөн бөгөөд тэрээр 2017 оны 7, 8, 9 дүгээр саруудад үүрэгт ажлаа гүйцэтгэж цалингаа бүрэн авсан, өндөр насны тэтгэвэрт гарахад байгууллагаас нь олгох нэг удаагийн тэтгэмжийн мөнгө болох 5,365,100 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авсан, ажилтан Б.Бг ажил олгогчийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б\48 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул ажлаас чөлөөлөгдсөн байдал зэрэг нь тухайн үед тус цэцэрлэгт нярвын сул орон тоо гараагүй болохыг нотолж байгаа.

Х.Н-ийг Баян-Өлгий аймгийн А сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б\49 дүгээр тушаалаар тус цэцэрлэгийн нярвын орон тооны ажилд хууль ёсоор томилж тухайн ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан тэрээр одоо хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байна. Х.Н нь бакалаврын дээд боловсролтой, эдийн засагчийн мэргэжилтэй, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг бүрэн хангаж байна. Х.Н нь тус цэцэрлэгийн нярваар ажиллаж байсан Б.Б нь өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул цэцэрлэгийн нярвын ажилд томилж өгөхийг хүсэж цэцэрлэгийн захиргаанд хүсэлт гаргасан ба тус цэцэрлэгийн хамт олны хурлаар түүний өргөдлийг хэлэлцэн нярвын ажилд томилон ажлыг албан ёсоор хүлээлцсэн байна. Өөрөөр хэлбэл Х.Н нь урьд ажиллаж байсан нярав Б.Б-гээс 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авсан ба Б.Б нь 2017 оны 7, 8, 9 дүгээр сарын цалин хөлсийг бүрэн аваад 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үүрэгт ажлаас чөлөөлөгдөн ажлаа Х.Нд хүлээлгэн өгчээ. Х.Н нь одоо 6 сартай Н.Е гэх хүүхэдтэй ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг ажлаас халахыг хориглосон байгаа.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 746 тоот шийдвэрийг хүчингүйд тооцож, С.Ж-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд миний давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн “давж заалдах гомдол” үндэслэлтэй гэж үзээд хариуцагчийн хувьд дэмжиж байна. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 746 тоот шийдвэр дараах үндэслэлээр “хууль ёсны болон үндэслэлтэй”  болж чадаагүй гэж үзэж байна.

1. А сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/31 тоот тушаалаар тус цэцэрлэгт “нярав” -ын (эд хариуцагчийн) албан тушаалд томилогдсон С.Ж нь тухайн үед “Р” ХХК-ны А сум дахь “Шатахуун түгээх станц”-д “нярав”-ын (эд хариуцагчийн) ажилтай байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 -т заасан “хэд хэдэн ажил олгогчид нэгэн зэрэг ажиллахыг хориглох” тухай заалтыг ажилтан С.Ж нь зөрчиж “Р” ХХК -нд ажиллаж байгаагаа нуун дарагдуулсан нь илэрсэн. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 -т зааснаар “Хавсран ажиллуулахыг" хуулиар хориглосон учир С.Ж-т танилцуулахад тэр өөрөө “Р" ХХК-нд эд хариуцагчаар ажилладаг болохыг зөвшөөрч, цэцэрлэгийн нярвын албан тушаалыг эрхлэхээс сайн дураар татгалзсан.

2. Мөн С.Ж-ыг А сумын хүүхдийн цэцэрлэгийн нярвын албан тушаалаас чөлөөлсөн тухай 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/31 тоот тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримталсан. Учир нь нярвын ажлын байрны стандарт нөхцөл болох ажлын байрны тодорхойлолтын “В” хэсэгт заасан “боловсрол, мэргэжлийн” хувьд тавигдсан тусгай шаардлагыг С.Ж хангахгүй байсан тул хуулийн дээрх заалтыг баримталсаныг буруутгах боломжгүй.

3. С.Ж-тай ганцаарчлан уулзаж, түүний “Р” ХХК-нд эд хариуцагчаар давхар ажиллаж байгаа байдал Хөдөлмөрийн хуулийн 28 дугаар зүйлд нийцэхгүй, боловсрол, мэргэжлийн хувьд ажлын байрны тодорхойлолтын “В” хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байгаа тул “Р” ХХК-иас ажлаас чөлөөлөгдөх, мэргэжил, боловсролын талаарх бичиг баримтыг авч ирж, Хөдөлмөрийн гэрээнд суухыг зөвлөсөн үед С.Ж нь “Р” ХХК-аас ажлаас чөлөөлөгдөхгүй гээд, харин цэцэрлэгийн эд хариуцагчийн албан тушаалаас чөлөөлөхөд татгалзах зүйлгүй гэсэн “хүсэлтийг” бичгээр гаргасан. С.Ж-ын энэхүү хүсэлт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасан “талууд харилцан тохирсон” гэсэн үндэслэлд бүрэн нийцэж байгаа тул ажлаас чөлөөлсөн болно. Энэ талаарх С.Ж-ын “бичгээр гаргасан хүсэлт” байсаар байтал анхан шатны шүүхээс дээрх нотлох баримтыг “хэрэгт хамаарал ач холбогдолтой” талаас нь үнэлж чадаагүйгээс үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзнэ.

4. С.Ж нь А сумын хүүхдийн цэцэрлэгтэй “Хөдөлмөрийн гэрээ” байгуулаагүй, ажил хүлээж аваагүй, нэг ч хоног хөдөлмөрлөөгүй тул “ажлаас үндэслэлгүй халагдсан” гэж үзэх боломжгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 -д “Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно” гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэж заасан тул С.Ж-ыг ажилд томилогдсон гэж үзэх боломжгүй байна.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж заасан байдаг. Тэгвэл урьд ажиллаж байсан эд хариуцагч Б.Б нь С.Ж-т ажил хүлээлгэж өгч байгаагүй тул өмнөх эд хариуцагч (нярав) Б.Б ажлаас халагдаагүй байсан болно. Б.Б нь С.Ж-т ажил хүлээлгэж өгөөгүй тул С.Ж-ыг урд ажиллаж байсан Б.Б-гийн оронд ажилд томилогдсон гэж үзэх боломжгүй.

6. Гуравдагч этгээд болох Х.Н нь 2017 оны 10 дугаар сарын 02-нд тухайн албан тушаалд томилогдсон, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй тул ерөнхий болон тусгай шаардлагыг бүрэн хангаж байна. Өмнөх нярав Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажлаа Х.Н-д хүлээлгэн өгсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 43  дугаар зүйлийн 43.2-т зааснаар  өмнөх нярав Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 02-нд “ажлаас халагдсан” гэж үзэх учраас энэ талаарх нотлох баримтыг анхан шатны шүүхээс “хэрэгт хамааралтай” талаас үнэлж, дүгнээгүй байна.

7. С.Ж нь “Р” ХХК -нд эд хариуцагчаар ажиллаж байхад мөнгө ашиглан шамшигдуулж, Хөдөлмөрийн сахилгын журмаар халагдсан болох нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаар нотлогдсон байхад анхан шатны шүүх С.Ж-ын энэхүү байдалд дүгнэлт өгөөгүй, байж түүнийг дахин “эд хариуцагчаар” томилж байгаа нь (сахилгын шийтгэлтэй хугацаанд) бодит үнэнд нийцэхгүй байна. Энэ нь хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх нэг талыг баримталсан гэж үзэж байна.

8. Анхан шатны шүүхээс гуравдагч этгээдийн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасан “ажлаас халахыг хориглосон” заалтад хамаарах нөхцөлийн талаар үнэлэлт өгөөгүй явдал нь хэргийг “нэг талыг барьж” шийдвэрлэснийг давхар нотолж байна.

Иймд Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 746 тоот шийдвэрийг хүчингүй болгож С.Ж-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

             Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “Бодит байдал дээр ажил олгогч С.Ж-ыг 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/31 дугаар бүхий тушаалаар ажлаас чөлөөлөн мөн өдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/32 дугаар бүхий тушаалаар Х.Н-ийг С.Ж-ын оронд тус цэцэрлэгийн нярвын ажилд томилсноор С.Ж-ын эрх ашиг зөрчигдсөн. Ер нь ажил олгогч энэхүү хууль бус үйлдлээ баллан Х.Н-ийг хамгаалж үлдэхийн тулд Х.Н 2017 оны 10-сарын 02-ны өдөр томилогдон өмнөх нярав Б.Б-гээс ажлаа хүлээж авсан мэтээр харагдуулах оролдлого хийсэн нь түүний гаргасан учир нь олдохгүй хэд хэдэн хууль бус тушаалаас тодорхой харагдаж байгаа болно. Ажил олгогч С.Ж-ыг тухайн үед өөр газар ажил хөдөлмөр эрхэлж байсан, гүйцэтгэж буй тухайн ажил албан тушаалд мэргэжлийн хувьд тэнцэхгүй, өөрөө хүсэлт гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөн шүүхэд энэ талаар тайлбар гаргасан боловч анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн С.Ж-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин үндэслэлгүй ажлаас чөлөөлсөнийг тогтоон оновчтой үндэслэл бүхий шийдвэр гаргасан бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэг бүрчлэн тусгаж өгсөн тул дахин энд тайлбарлах шаардлагагүй гэж үзлээ. Мөн гуравдагч этгээд нь бага насны хүүхэдтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дүгээр 100.1-т зааснаар ажлаас чөлөөлөхийг хориглосон гэж маргаж байгаа нь С.Ж-ыг чөлөөлж оронд нь гуравдагч этгээд Х.Н-ийг томилсноор С.Ж-ын эрх ашиг зөрчигдөн шүүхээс эгүүлэн тогтоосон байдалд хамаарахгүй зүйл заалт тул ийнхүү маргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байх тул түүний давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 746 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

            С.Ж нь Баян-Өлгий аймгийн А сумын хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан А сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн “2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/31 дугаартай “Ажлаас чөлөөлөх” тухай тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч “С.Ж-ын хувьд тухайн үед өөр газар ажил хөдөлмөр эрхэлж байсан, тухайн ажил, албан тушаалд тэнцэхгүй байсан, өөрөө хүсэлтээ гаргасан тул ажлаас чөлөөлсөн”  гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/31 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Ж-ыг А сумын хүүхдийн цэцэрлэгийн нярвын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

 

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, С.Ж нь А сумын хүүхдийн цэцэрлэгийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/31 дугаартай тушаалаар тус цэцэрлэгийн нярвын ажилд анх томилогдсон ба 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар нярвын ажлаас чөлөөлжээ.

            Ажил олгогч ажилтан С.Ж-ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасан “талууд харилцан тохирсон” гэх үндэслэлээр С.Ж-ын гарын үсэгтэй баримтыг гаргаж өгсөн боловч нэхэмжлэгч тал уг баримтыг зөвшөөрөхгүй байгаа, ажил олгогчийн шахалт, зүй бус нөлөөлөл байгаагүй ажилтан сайн дурын үндсэн дээр бичсэн эсэх нь уг баримтын агуулгаас харахад тохиролцсон гэж үзэх боломжгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээ ажил олгогч нотолж чадаагүй, дээрх үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг ажил олгогч зөрчсөн байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Ажилтныг ажилд эгүүлэн тогтоохдоо шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурласан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан зохицуулалтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй тайлбарлаж хэрэглэжээ.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн “С.Ж Р ХХК-ний шатахуун түгээх станцад ажиллаж байхдаа мөнгө дутагдуулсан гэсэн үндэслэлээр 2017 оны 9 дүгээр сард ажлаас халагдсан, 6 сартай хүүхэдтэй Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар ажлаас халахыг хориглосон байгаа” гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, Р ХХК-ний 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн тушаал нь С.Ж-ын ажлаас чөлөөлөгдсөнөөс хойших үйл баримтыг нотолсон тул ажилтныг энэ үндэслэлээр чөлөөлөөгүй, гуравдагч этгээдийн 6 сартай хүүхэдтэй тул ажлаас халахыг хориглосон байгаа гэх гомдол нь ажилтныг шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалт хамаарахгүй.

 

Ажилтныг ажилд эгүүлэн тогтоохдоо анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 746 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

           

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

 

Д.КӨБЕШ