Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/00993

 

“ХБДЭХ”

 авагчийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 19 дүгээр шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар магадлалтай,

“ХБДЭХ” авагчийн нэхэмжлэлтэй

Т.От холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 9 641 353 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч А.Отгонбаярын аргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од, хариуцагчийн өмгөөлөгч А.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “ХБДЭХ” авагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Э.Сүхбаатар, Т.О нар нь Хадгаламж банктай 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 470 дугаартай барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/-г байгуулан 5 460 000.00 /таван сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан. Үндсэн зээлдэгч Э.Сүхбаатар нь 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нас барсан. Зээлдэгч нь зээл авсан өдрөөс хойш 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 871 992.36 төгрөг, зээлийн хүүнд 534 349.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 43 074.74 төгрөг, нийт 1 449 416.52 /нэг сая дөрвөн зуун дөчин есөн мянга дөрвөн зуун арван зургаан төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийг төлсөн. Барьцаат зээлийн гэрээний 3.3 дахь хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээхээр тохиролцсон. Иймд зээлдэгч Т.От холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан зээлийн гэрээний үүрэгт нийт 9.111.728,98 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан боловч тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1084 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Банкны эрх хүлээн авагчаас 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Т.Оийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргасан. Хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байх үед Т.Оийн хаяг тодорхой болсон байх тул дахин нэхэмжлэл гаргаж байгаа болно. Зээлдэгчийн үндсэн зээл болон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар...нийт зээл, хүүний үлдэгдэл 9 641 353.50 /есөн сая зургаан зуун дөчин нэгэн мянга гурван зуун тавин гурван мянган төгрөг тавин төгрөг/ төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 9 641 353.50 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.О нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг зээлийг 2011 онд аваад хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан боловч зээлж авсан мөнгөнөөс миний бие нэг ч төгрөг авч ашиглаагүй. Зээл авснаас хойш банкны зүгээс над руу нэг ч удаа зээл төлөх талаар мэдэгдээгүй. 2011 оны 11 дүгээр сарын 02-нд нөхөр маань нас барсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийг гаргах буюу өөрөөр хэлбэл шаардлага гаргах хугацааг Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасан байх бөгөөд 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацааг 3 жил байхаар хуульчилсан байна. Нэхэмжлэлд дурдсанаар Сэлэнгэ аймаг дахь Хадгаламж банкнаас авсан зээлийг 2011 онд нас барсан Э.Сүхбаатар гэдэг хүн 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 470 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 5.460.000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар цалингийн зээл авсан бөгөөд гэрээний хугацаа 2014 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дуусгавар болсон. Нөгөө талаас зээлдэгч Э.Сүхбаатар нь нас барсан, мөн Хадгаламж банк татан буугдсантай холбогдож уг зээлийг чанаргүй зээлийн ангилалд хамааруулсан байдаг. Нэхэмжлэгч гэх тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргажээ. Гэтэл уг зээлийн гэрээний тухайд хөөн хэлэлцэх хугацаа нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дуусгавар болсон байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг болон хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд 19 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламжийн төлбөр, тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар Т.Оээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 4.588.00764 төгрөгийг гаргуулан “ХБДЭХ” авагчид олгож, үлдэх 5.053.345 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Оээс 88.359 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 12-ны өдрийн 19 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.359 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Отгонбаяр хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Магадлалд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсгийн заалтууд илт зөрүүтэй болсон үүнээс үүдэн шийдвэр нь үндэслэлгүй болсон талаарх гомдолд давж заалдах шатны шүүхээс “хуулийн үндэслэл муутай” гэж дүгнэлт хийсэн атлаа анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулаагүй, хүчингүй болгоогүйд гомдолтой байна. Хариуцагч тал анхан болон давж заалдах шүүх хурал дээр талийгаач үндсэн зээлдэгч Э.Сүхбаатар нь 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр цалингийн зээлийг авснаас хойш 3 сарын дараа буюу 2011 оны 12 дугаар 03-нд нас барсан тул зээлдүүлэгч нь буюу банк нь зээлийн гэрээний зээлийн буцаан төлөлтийн хуваарийн дагуу 2012 оны 01-р сарын зээл буцаан төлөлтийн үеэс эхлэн хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрх нь зээлийн гэрээний дагуу үүсэж байгаа юм. Иймд хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно. /Иргэний хуулийн 76-р зүйлийн 76.1/ Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно. /Иргэний хуулийн 76.4/ гэж хуульчилсан заалтыг баримтлан шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл зээлдүүлэгчийн шаардах эрх 2015 оны 01-о сард дууссан байх тул хариуцагч талд мөн хуулийн 82.1-д заасан үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрх үүссэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь зээлдэгч Э.Сүхбаатарыг нас барсан өдрөөс хойш..., зээлийн гэрээний 3.1.4 дэх хэсэгт заасан..., эрхээ хэрэгжүүлээгүй, буруутай гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэсэн байсныг давж заалдах шатны шүүх “хуулийн үндэслэл муутай гэж дүгнэсэн атлаа анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тодорхойлсон нь үндэслэлтэй боловч Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.2-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөж чадаагүйгээс гадна хэрэглэх ёсгүй хуулийг буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь оновчгүй болжээ.

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, “ХБДЭХ” авагчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Нэхэмжлэгч “ХБДЭХ” авагч нь хариуцагч Т.От холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 641 353 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч маргаж, “...зээлийн мөнгийг аваагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн ...” гэсэн үндэслэлээр татгалзжээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болох 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн цалингийн барьцаат зээлийн гэрээг Х Б, нөгөө талаас зээлдэгч Э.Сүхбаатар,хамтран үүрэг гүйцэтгэгч Т.О нар байгуулсан, гэрээнд 5 460 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй зээлэх, зээлийн эргэн төлөлтийг зээлдэгчийн цалингаас суутган төлөх нөхцлийг заасан байх ба зээлдүүлэгч нь мөнгийг Э.Сүхбаатарын дансанд шилжүүлсэн байна. Э.Сүхбаатар нь 2011 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нас баржээ./хх-17/

Зээлийн гэрээнд Т.О нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан хэдий ч  Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2-т заасан эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй тул зээлийн үүргийг хариуцах үндэслэлгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т зааснаар хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсвэл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотойгоор  үүсдэг бөгөөд зээлийн гэрээнд хариуцагч Т.О хамтран зээлдэгчийн хувьд гарын үсэг зурсан боловч зээлийн үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэг үүссэн гэх байдал гэрээний агуулга, зээлийн мөнгийг нэг зээлдэгчид хүлээлгэн өгсөн үйл баримтаар үгүйсгэгдсэн байна. Гэрээний 1.1, 4.1-д зааснаас үзвэл зээлдэгч Э.Сүхбаатар нь цалингаа барьцаалснаас гадна гэрээ хүчин төгөлдөр болсноор зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийг авч, захиран зарцуулах эрхтэй болохыг гэрээний 3.2.1-д заасан байхад зээлдүүлэгч нь зөвхөн Э.Сүхбаатарын дансанд зээлийн мөнгийг шилжүүлжээ. Зээлийн мөнгийг Э.Сүхбаатарын дансанд шилжүүлэхийг гэрээний талууд зөвшөөрсөн гэх баримт хэрэгт байхгүй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.” гэж заажээ. Үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдэгч нь үүргийг шаардахын тулд  хамтран үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нарт үүрэг үүссэн болохыг нотлох ёстой байна.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө.” гэж заасан тул үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгөөгүй бол түүний заасан эрх бүхий этгээдэд үүргийг хүлээлгэн өгснөөр үүрэг гүйцэтгэгчийн хариу үүрэг үүснэ. Хариуцагч Т.О нь зээлийн мөнгөөс нэг ч төгрөг авч ашиглаагүй, зээлийг буцааж төлөх талаар банкнаас огт мэдэгдэж байгаагүй гэсэн тайлбар гаргасан нь зээлийн гэрээний дагуу мөнгийг хүлээн аваагүй учраас үүрэг үүсээгүй гэх агуулгатай татгалзал болохыг шүүх тайлбарлаж чадаагүй байна. Нөгөө талаар, нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрт нийт 1 449 416 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 14 хүртэл төлсөн гэж үзэхдээ уг төлбөрийн хэн төлсөн, зээлдэгч Э.Сүхбаатар нь 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан байхад түүнээс хойш хэн төлөлт хийсэн болохыг баримтаар нотлоогүй байна.

Хариуцагч Т.О нь зээлийг хүлээн авсан, зээл төлж байсан гэх үүрэг үүссэн байдал хэрэгт байгаа баримтын хэмжээнд нотлогдоогүй тул “ХБДЭХ” авагчийн шаардах эрх Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар үүсээгүй байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4  дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 19 дүгээр шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Т.Оээс зээлийн үүрэгт 9 641 353 төгрөг гаргуулахыг хүссэн “ХБДЭХ” авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 88 360 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА