Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 18

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би Вишнфанд ББСБ-ын нэхэмжлэлтэй Х.Алтанзаяад холбогдох Зээл, зээлийн хүү 251.340 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Вишнфанд банк бус санхүүгийн байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.Алтанзаяа нь 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Вишнфанд ББСБ-ын Сэлэнгэ салбараас 10703194 тоот зээлийн гэрээ байгуулан 1.000.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зохиулалтаар 18 сарын хугацаатай сарын 2.8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч Х.Алтанзаяа нь үндсэн зээл 192.000 төгрөг, хүү 50.110 төгрөг, нотариатын хөлс 9.200 төгрөг нийт 251.340 төгрөгний төлбөртэй байна. Зээлээ төлөөгүй хугацаа хэтрээд 210 хоног болсон мөн зээлийн гэрээний хугацаа дууссан учир яаралтай зээлийг төлүүлж хохиролгүй болгж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 4-р баг 5-р хэсэг 167В тоотод оршин суух Алтанцонгоол овогт Хадбаатарын Алтанзаяа /МН-75101368/ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Хадбаатар овогтой Алтанзаяа нь 2014.12.14-ний өдөр Вишнфанд ББСБ-аас 1.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Үүнээс үндсэн зээлийн үлдэгдэл болох 193.000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо 58.340 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Вишнфанд ББСБ нь хариуцагч Х.Алтанзаяад холбогдуулан гаргасан Зээл, зээлийн хүү 251.340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан ... миний бие үндсэн зээлийн үлдэгдэл 193.000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 58.340 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй... гэх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч Х.Алтанзаяа нь үндсэн зээлийн үлдэгдэл 193.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан 2016.12.08-ны өдрийн ХААН банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байх тул хариуцагчаас зээлийн үлдэгдэл 58.340 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8190 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4095 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 4095 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Вишнфанд ББСБ-ын нэхэмжлэлтэй Х.Алтанзаяад холбогдох Зээл, зээлийн хүү 251.340 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч 193.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, үлдэх 58.340 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8190 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4095 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 4095 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                          Л.СОЁЛМАА