Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 10

 

“Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх

хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                        Хэргийн индекс: 148/2017/00610/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч                              Б.Батзориг

                             Шүүгчид                                         С.Оюунцэцэг

                                                                                    Г.Давааренчин

                                Оролцогчид:

                                Хариуцагч                                        Т.Отгончимэг

                                Хариуцагчийн өмгөөлөгч             А.Отгонбаяр

                              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь сум  дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 19 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй Т.Отгончимэгт холбогдох “Зээлийн гэрээний үүрэг 9.641.35350  төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2018 оны 02 дугаар  сарын  06-ны  өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

      

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Э.Сүхбаатар, Т.Отгончимэг нар нь Хадгаламж банктай 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 470 дугаартай барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/-г байгуулан 5.460.000.00 /таван сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан. Үндсэн зээлдэгч Э.Сүхбаатар нь 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нас барсан. Зээлдэгч нь зээл авсан өдрөөс хойш 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 871.99236 төгрөг, зээлийн хүүнд 534.34942 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 43.07474 төгрөг, нийт 1.449.41652 /нэг сая дөрвөн зуун дөчин есөн мянга дөрвөн зуун арван зургаан төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийг төлсөн. Барьцаат зээлийн гэрээний 3.3 дахь хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээхээр тохиролцсон. Иймд зээлдэгч Т.Отгончимэгт холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан зээлийн гэрээний үүрэгт нийт 9.111.728,98 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан боловч тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1084 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Банкны эрх хүлээн авагчаас 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Т.Отгончимэгийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргасан. Хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байх үед Т.Отгончимэгийн хаяг тодорхой болсон байх тул дахин нэхэмжлэл гаргаж байгаа болно. Зээлдэгчийн үндсэн зээл болон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар ...нийт зээл, хүүний үлдэгдэл 9.641.35350 /есөн сая зургаан зуун дөчин нэгэн мянга гурван зуун тавин гурван мянган төгрөг тавин төгрөг/ төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 9.641.353,50 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч Т.Отгончимэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг зээлийг 2011 онд аваад хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан боловч зээлж авсан мөнгөнөөс миний бие нэг ч төгрөг авч ашиглаагүй. Зээл авснаас хойш банкны зүгээс над руу нэг ч удаа зээл төлөх талаар мэдэгдээгүй. 2011 оны 11 дүгээр сарын 02-нд нөхөр маань нас барсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийг гаргах буюу өөрөөр хэлбэл шаардлага гаргах хугацааг Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасан байх бөгөөд 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацааг 3 жил байхаар хуульчилсан байна. Нэхэмжлэлд дурдсанаар Сэлэнгэ аймаг дахь Хадгаламж банкнаас авсан зээлийг 2011 онд нас барсан Э.Сүхбаатар гэдэг хүн 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 470 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 5.460.000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар цалингийн зээл авсан бөгөөд гэрээний хугацаа 2014 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дуусгавар болсон. Нөгөө талаас зээлдэгч Э.Сүхбаатар нь нас барсан, мөн Хадгаламж банк татан буугдсантай холбогдож уг зээлийг чанаргүй зээлийн ангилалд хамааруулсан байдаг. Нэхэмжлэгч гэх тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргажээ. Гэтэл уг зээлийн гэрээний тухайд хөөн хэлэлцэх хугацаа нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дуусгавар болсон байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг болон хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр  хянан хэлэлцээд 19 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламжийн төлбөр, тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар Т.Отгончимэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 4.588.00764 төгрөгийг гаргуулан Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, үлдэх 5.053.345 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 

-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Отгончимэгээс 88.359 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, шийдвэрийн үндэслэх хэсэгт хийсэн дүгнэлт нь ойлгомжгүй байна.

Иргэн Э.Сүхбаатар нь 2011 оны 09-р сарын 06-нд цалингаа барьцаалж 5.460.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд зээлдэгч нь 2011 оны 12-р сарын 03-нд нас барсан. Тухайн үед Т.Отгончимэг миний бие талийгаачтай танилцаад удаагүй, албан ёсоор гэрлэлтээ батлуулсан зүйл байхгүй, нэг гэрт орж амьдраагүй. Цалин барьцаалсан зээл гэдэг утгаар нь уг гэрээнд гарын үсэг зурсан. Тэр зээлээс миний бие авч ашигласан зүйл огт байхгүй. "Хадгаламж банк” болон “Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч’’-ийн зүгээс надад нэг ч удаа мэдэгдэл өгөөгүй, зээл төлөхийг шаардсан удаа огт байхгүй. Нэхэмжлэгч тал тус шүүхэд хандан 2017 оны 11-р сарын 29-нд нэхэмжлэл гаргасны дараа 2017 оны 12 -р сард энэ үйл баримтын талаар би анх мэдсэн юм. ...Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт зээлдүүлэгч буюу банк зээлийн гэрээний 3.1.4 дэх хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, Иргэний хуулийн 13-р зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Хариуцагч талын тухайд Иргэний хуульд заасан “Хөөн хэлэлцэх хугацаа” өнгөрсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах үндэслэлтэй гэж үзсэн. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж Иргэний хуулийн 82-р зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу уг хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбарыг тус шүүхэд гаргаж байсан боловч энэ тайлбарыг шүүх шийдвэртээ харгалзаж үзээгүйд гомдолтой байна. Иймд дээрх байдлуудыг харгалзан Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01-р сарын 12-ны өдрийн 19 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. ...Нөгөө талаас 2012 оны 01 дүгээр сараас буюу үндсэн зээлдэгч Э.Сүхбаатарыг нас барснаас хойш Т.Отгончимэгт зээл төлөх талаар шаардсан, зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэх талаар шүүхэд хандсан зүйл мэдэгдээгүй гэж дүгнэсэн. Т.Отгончимэг нь дээрх зээлээс авч хэрэглэсэн зүйл байхгүй, бөгөөд  Э.Сүхбаатар Т.Отгончимэг нар нь хамтран амьдрагч гэх зүйлүүд нотлох баримтаар тогтоогдоогүй. Ийм учраас Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 01 дүгээр сард дууссан гэж үзэж байна гэв.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Т.Отгончимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 9.641.35350 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зээлийн мөнгөнөөс хэрэглээгүй түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр үүрэг гүйцэтгэхээс татгалзжээ.

 

Хэргийг судлан үзвэл: Хадгаламж банк зээлдэгч Э.Сүхбаатартай 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 470 дугаартай зээлийн гэрээ байгуулан 5.460.000 /таван сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй, цалингийн зээл олгожээ. Тэрхүү гэрээнд хариуцагч Т.Отгончимэг  зээлдэгчийн   хамтран үүрэг гүйцэтгэгчээр  гарын үсэг зурсан байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т зааснаар хамтран үүрэг хүлээх нь хууль буюу гэрээнд зааснаар үүсдэг  бөгөөд хариуцагч Т.Отгончимэгийн хувьд  талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэхээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар банкнаас зээлсэн мөнгийг хэрэглэсэн эсэхээс үл хамааран зээлийн гэрээний дагуу  түүнд үүрэг үүссэн тул  зээлдэгчийн нэгэн адил эрх үүрэгтэй болж, зээл авснаас хойш үндсэн зээлдэгч үндсэн зээлдэгч нас барснаар зээлийн эргэн төлөлт хийгдээгүй байна.

 

Хэдийгээр үндсэн зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний үүрэг биелүүлэх боломжгүй ч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар нэхэмжлэгч нь өөрийн үзэмжээр аль нэг үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардаж  эрхтэй тул зээлдүүлэгч нь тухайн зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч Т.Отгончимэгээс зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь гаргуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлтэй юм.

 

Талууд 2011 оны 09 сарын 06-ны өдөр 36 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2014 оны 09 сарын 06-ны өдөр дууссан ба тухайн өдрөөс эхлэн нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг тухайн өдрөөс эхлэн тоолно.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой  шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа арван жил байхаар заасан тул нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 09 сарын 06-ны өдөр дуусгавар болно. 

 

Хэргийн үйл баримтаас үзвэл хариуцагч Т.Отгончимэг нь зээлийн гэрээ байгуулснаас хойш оршин суугаа хаягаа өөрчилсөн энэ тухай зээлдүүлэгчид мэдэгдээгүй  бөгөөд нэхэмжлэгч Хадгаламж банкны эрх хүлээн авагч нь 2017 оны 05 сарын 08-ны өдөр хариуцагч Т.Отгончимэгт холбогдуулан  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна.

 

 Ийнхүү нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар  Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т зааснаар  хөөн хэлэлцэх хугацаа  тасалдсан бөгөөд 79 дүгээр зүйлийн 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоолох тул  нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй тул хариуцагчийн шаардлагын татгалзал үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар хамтран зээлдэгч Т.Отгончимэг  нь зээлийн гэрээний үүргийг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн  шаардлага  үндэслэлтэй.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт   хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн  хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Анхан шатны шүүх  нэхэмжлэгч нь  зээлдэгч Э.Сүхбаатарыг нас барсан өдрөөс хойш түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Т.Отгончимэгээс энэхүү зээлийн үлдэгдлийг шаардаагүй, зээлдүүлэгч зээлийн гэрээний 3.1.4 дэх хэсэгт заасан “... зээлдэгчийн харилцах дансан дахь мөнгөн хөрөнгө зээлийн төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй бол зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас үл маргах журмаар суутган авах ...данснаас төлбөр хийх боломжгүй бол зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх... “ эрхээ  хэрэгжүүлээгүй буруутай гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэл муутай, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг ямар үндэслэлээр хассан нь тодорхойгүй байгаа  боловч нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн энэхүү  шийдвэрт гомдол гаргаагүй түүнчлэн хариуцагчийн давж заалдах гомдолд  гаргасан хариу тайлбартаа анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч хэвээр үлдээх  хүсэлт гаргасан  байх тул  нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийгээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны  01 сарын 12-ны өдрийн 19 дугаартай шийдвэрийг  хэвээр үлдээж, хариуцагчийн  давж заалдах гомдлыг хангахгүй үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.359 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                           С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН