Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00044

 

Б.З-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 163 дугаар шийдвэртэй,  

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн  30 дугаар магадлалтай,

Б.З-ын нэхэмжлэлтэй,

С.Г-т холбогдох,

Гэм хорын хохирол 15.161.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Б.З-, түүний өмгөөлөгч Х.С- нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.З-, өмгөөлөгч Х.С-, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.З- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Г- нь 2003 оны 8 дугаар сарын 29-ний өдөр миний аав Б.Бадралын биед хүнд гэмтэл болгоомжгүй үйлдлээр учруулснаас болж тэрээр хагалгаанд ороод нас барсан. Би тэр үед 6 настай байсан. С.Г- нь манай эмээ Д.Дуламжавт намайг 18 нас хүртэл нь тусалж дэмжиж байна гэж хэлж байсан юм билээ. Тэгээд С.Г- нь одоо хүртэл хэлсэн үгэндээ хүрээгүй өдий болтол туслаагүй. 2016 оны 11 дүгээр сард манай ээж З.Отгонзаяа өмгөөлөгч хөлсөлж аваад С.Г-аас 20 сая төгрөг хувиараа нэхэмжилсэн байдаг. Тэр үед С.Г- 2.000.000 төгрөг өгсөн. Иймд, би одоо сургалтын төлбөрийн үлдэгдэл 2.381.000 төгрөг, сургалтын төлбөрт 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 1.650.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл байр түрээсэлсний сарын 350.000 төгрөг, 31 сарын төлбөр болох 10.850.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 280.000 төгрөг, бүгд 15.161.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч С.Г- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2003 оны 8 дугаар сарын 29-ний өдөр би вагон депод хамт ажилладаг байсан Б.Бадралын бөгс рүү өндөр даралтын шланкаар болгоомжгүй үлээлгэснээс гэмтэл авсан ба хагалгаанд орсон боловч нас барсан юм. Тухайн үед шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр талийгаач Б.Бадралын дүү Б.Болормаа гэх эмэгтэй оролцож байсан. Хохирлыг би тухайн үед бүрэн төлж барагдуулсан. Мөн тэр үед талийгаач Б.Бадрал нь З.Отгонзаяагаас гэрлэлтээ цуцлуулсан байсан ба охин Б.З- нь эхийнхээ асрамжид үлдсэн байсан. Би эмээ Д.Дуламжавт нь 18 нас хүртэл нь Б.З-ыг тусалж дэмжинэ гэж яриагүй. Харин боломж бололцоогоороо тусалж байя л гэж хэлж байсан. Б.З-ын ээж З.Отгонзаяа нь тухайн үед буюу 2003-2004 онд хүүхэд сургуульд орох гээд байна гээд надаас 2 удаа 35.000 төгрөгийг авч байсан. 2016 онд Б.З-ын өмгөөлөгч н.Даваасүрэн гэх хүн над руу утсаар яриад Б.З-ын сургалтын төлбөр 20 сая төгрөг нэхэмжилнэ төлбөрөө төлөхгүй байгаа учир сургуулиас нь хөөх гээд байна гэхээр нь би хүн чанар гаргаад тусалсан. Би Б.З- руу утсаар яриад сургуулийнхаа дансыг өгчих 2 сая төгрөг хийе гэхэд яах юм бэ, миний данс руу хийчих гээд байхаар нь би Б.З-ын данс руу нь хийсэн. З.Отгонзаяа нь өрх толгойлсон эмэгтэй гээд Б.З-ын төлбөрийг Төрийн сангаар төлүүлдэг гэж ээж З.Отгонзаяа нь надад хэлж байсан. Тухайн үед Б.З- нь эхийнхээ асрамжид байсан ба эцэг Б.Бадралынх нь төлдөг байсан тэтгэлгээс тэжээгчээ алдсны тэтгэмж нь илүү тогтоогдсон тул шүүх намайг Б.З-ыг 18 нас хүртэл тэтгүүлэх шийдвэр гаргаагүй юм.

Иймд, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа юм гэжээ.

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 163 дугаар шийдвэрээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Г-аас 15.161.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.З-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.З-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.550 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн  30 дугаар магадлалаар, 1 дэх заалтыг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Г-аас гэм хорын төлбөр 15.161.000 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэгч Б.З-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.З-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.550 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төрийн сангийн 130400941 тоот данснаас буцаан гаргуулсугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.З-аас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 233.550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.З-, түүний өмгөөлөгч Х.С- нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь, Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар нэгэнт С.Г-ын болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулснаас Б.Бадралын амь нас хохирсон нь тогтоогдсон учраас гэм хорын хохирлыг С.Г- болон түүнийг ажиллуулж байсан Улаанбаатар төмөр зам  хариуцан арилгах үүрэгтэй. Нэхэмжлэгч Б.З- нь төмөр замыг хамтран хариуцагчаар татах, Б.З-ын эмээ Д.Дуламжавыг гэрчээр байцаалгах хүсэлтүүдийг гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзах тухай шүүгчийн захирамж болон шүүхийн тогтоол гаргасан. Ингэж хэргийг тал бүрээс нь нягт нямбай бодит байдлыг тодруулахгүйгээр шийдсэн нь нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг зөрчсөн. Иймээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг тал бүрээс нь бүрэн бодит байдлыг тогтоох үүднээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.З- хариуцагч С.Г-т холбогдуулж сургалтын төлбөр 4.031.000 төгрөг, түрээсийн байрны төлбөр 10.850.000, өмгөөлөгчийн хөлс 280.000  төгрөг, нийт 15.161.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ, хариуцагчийн хууль бус гэм буруутай  үйлдлээс эцэг Б.Бадралын биед хүнд гэмтэл учирч улмаар нас барсан тул  хохирлыг арилгах үүрэгтэй гэжээ.

Хариуцагч С.Г- нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Б.З-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсныг давж заалдах шатны шүүх залруулсан хэдий ч шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь  оновчтой болоогүй, түүнчлэн хоёр шатны шүүх хуулийн нэрийг буруу бичсэн байх тул эдгээр  үндэслэлээр  шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын ...амь нас, эрүүл мэндэд... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр ...гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйг заажээ.

Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах эрх зүйн үндэслэлийг зохицуулсан Иргэний хуулийн 508 дугаар зүйлд хохирогчийг оршуулахтай холбоотой зардал болон гэм хор учруулсны төлбөрийг өв залгамжлагч шаардах эрхтэй гэсэн байна.

Хариуцагч С.Г- нэхэмжлэгч Б.З-ын эцэг Б.Бадралын биед болгоомжгүй үйлдлээр хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэм буруутай болох нь  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор тогтоогдсон, энэ хэргийг шийдвэрлэх явцад оршуулгын болон бусад зардал төлөгдсөн, Б.З-д эцгээс нь гаргуулж тэжээн тэтгүүлж байсан  тэтгэвэрээс,  тэжээгчээ алдсны тэтгэмж илүү хэмжээгээр олгогдох болсноос зөрүү мөнгө гаргуулах нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус  үйлдэл, учирсан хохирол, эдгээрийн хоорондын шалтгаант холбоо болон гэм хор учруулагчийн гэм буруу тогтоогдох учиртай.

Хариуцагч С.Г- Б.Бадралын биед хүнд гэмтэл учруулснаас тэрээр амь насаа алдсанд гэм буруутай хэдий ч нэхэмжлэгч Б.З-ын  шаардаж буй хохирлыг гэмт хэргийн улмаас үүссэн гэм хор гэж үзэх хууль зүйн үндэслэлгүйг хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.

Тухайлбал, нэхэмжлэгч Б.З-ын нэхэмжилж буй  сургалтын болон байрны түрээсийн төлбөрийн зардлыг  хариуцагч С.Г-ын гэм буруутай үйлдлээс учирсан, уг үйлдэлтэй  шалтгаант холбоотой  гэм хорын хохирол гэж үзэх боломжгүй байна.

Иймээс нэхэмжлэгчид Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шаардах эрх үүсэхгүй, энэ талаар анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх магадлалдаа хоорондоо зөрчилдөөнтэй 2 өөр, тодруулбал, Б.З-ын нэхэмжлэлийг эрүүгийн хэргийг шийдвэрлэх явцад хэлэлцэгдсэн гэсэн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийсэн атлаа Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.3-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч Б.З-ын нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасан гэм хорд хамаарах шаардлага биш байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй нь буруу байна.

Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл бий болоогүйгээс гадна нэхэмжлэгчийн шаардах эрх нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.3-т зааснаар тодорхойлогдох боломжгүй тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан магадлалд заасан дүгнэлт үндэслэлгүй гэж үзэв.

Харин нэхэмжлэгч өөрийн шаардлагыг гэмт хэргийн улмаас учирсан гэм хор гэж тодорхойлсон  тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг давж заалдах шатны шүүх зөв дүгнэж, энэ талаар шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуульд нийцсэн байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийг “Монгол улсын Иргэний хууль” гэж, давж заалдах шатны шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг ”Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хууль” гэж тус тус буруу бичснийг зөвтгөх нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.С- нь талийгаач Б.Бадралын ажиллаж байсан Улаанбаатар төмөр замын Зүүн хараа дахь ачааны вагон засварын депог /Улаанбаатар төмөр зам/  хамтран хариуцагчаар татах, гэрчээр Д.Дуламжавыг асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 123 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул  шийдвэр, магадлалыг хүчингүй болгож,  хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахыг хүссэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.С-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сэлэнгэ аймаг  Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 163 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар С.Г-аас 15.161.000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.З-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.З-ын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.550 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.З-, түүний өмгөөлөгч Х.С- нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Г.ЦАГААНЦООЖ

                                   ШҮҮГЧ                                                              Г.АЛТАНЧИМЭГ