Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 01935

 

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2017/01935

 

 

 “БТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/02172 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “БТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ӨБ” ХХК-д холбогдох,

 

Харуул хамгаалалтын гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 40 736 780 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т

Хариуцагчийн төлөөлөгч: А.Д

Хариуцагчийн өмгөөлөгч: Ш.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “ӨБ” ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу 15/02 тоот Харуул хамгаалалтын гэрээг байгуулж Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Гурвалжингийн гүүрний зүүн талд байрлах барилгын материалын худалдааны төвийн барилга байгууламжиндаа 24 цагаар харуул хамгаалалт хийлгүүлэхээр хамтын ажиллагаагаа эхлүүлсэн.

Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө худалдааны төв, хамгаалалттай объектод хулгай орж, тус байранд байсан сейфийг эвдэж, сейфэнд байсан 40 736 780 төгрөг хулгайд алдагдсан.

Бид “ӨБ” ХХК-ийн захирал А.Дамбадаржаад албан бичгээр бидэнд учирсан хохирлыг төлж барагдуулах тухай мэдэгдлийг өгсөн ч хариу ирүүлэхгүй байсан тул А.Дамбадаржаа захирлыг өөрийн байрандаа дуудаж уулзсан.

Уулзалтаар “ӨБ” ХХК, түүний удирдлагад хүндэтгэлтэй хандаж, үйл ажиллагааны онцлог, боломж зэргийг харгалзан үзэж, тохиролцохыг хичээж, хохирлыг хэрхэн төлж барагдуулах тухай хэд хэдэн хувилбарыг санал болгосон ч хүлээж аваагүйгээр зогсохгүй, гэрээний хугацаа дуусахаас өмнө хамгаалагч нараа татаж, объектыг хамгаалалтгүй орхисон.

Бид дээрх хохирлыг бүгдийг нь төлж барагдуул гэж шаардалгүйгээр зөвхөн сейфэнд байсан бэлэн мөнгө 40 736 780 төгрөгийг төлж барагдуулаач хэмээн бичгээр болон биечлэн удаа дараа шаардсан.

“ӨБ” ХХК-иас 40 736 780 төгрөгийг гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэйшнл катеринг-сервис” ХХК-тай 2012 оноос, “БТ” ХХК-тай 2014 оноос үргэлжлүүлэн “ӨБ” ХХК харуул хамгаалалтын гэрээтэй ажиллаж ирсэн болно. “Нэйшнл катеринг-сервис” ХХК-тай анх гэрээ байгуулахад “ТЭХ” зах урд талаараа хашаатай, хашааны зүүн талд нь “Ялгуусан” ХХК-ийн харуулын байртай, хүн машин ордог том хаалгатай, харуул нь тусдаа хяналт тавьдаг байсан.

“ТЭХ” захын зүүн урд талд сахиул айл байсан нь манайхыг анх хамгаалалтын пост байгуулахад боломжтой, тэдний харуул сахиул нь орчноо харж хамгаалдаг тул манай хамгаалагч нарт анхнаасаа хамааралгүй явж ирсэн болно.

Энэ хашаанд “Нэйшнл катеринг-сервис” ХХК, одоо “БТ” ХХК, “Ялгуусан” ХХК байрладаг байсан тул ам хэлцлээр “Ялгуусан” ХХК-ийн “ТЭХ” захтай залгаа баруун тийшээ харсан гэрээнд ороогүй ч давхар хариуцаж байв. Энэ үеэс “Ялгуулсан” ХХК-ийн хамгаалалт хариуцсан ажилтнуудтай ажил төрлийн харилцаа холбоо тогтоож бие биедээ тусалж хамтарч объектоо дор бүрнээ хариуцах талаар удирлага нь өгсөн чиглэлийн дагуу ажилладаг байсан.

“БТ” ХХК, “Ялгуусан” ХХК 2 тусдаа корпустай залгаа байрлалтай. “Ялгуусан” ХХК баруун тийшээ харсан хаалгатай 2 давхар оффис, “БТ” ХХК хойшоо хаасан хаалгатай 2 давхар оффис худалдааны том төв юм.

“ӨБ” ХХК, “БТ” ХХК-ийн харуул хамгаалалтын гэрээнд “ТЭХ” худалдааны төв нь 5 600 м.кв бүхий 2 давхар объект, гадуураа төмөр, бетонон хашаа бүхий контейнерууд, мөн тээврийн хэрэгслүүд байна гэж заасан.

“Ялгуусан ХХК” нь 2014 онд хашаагаа хойш нь татаж харуулын байраа буулгаж “ТЭХ” захын нүүрэн тал задгай болсны зэрэгцээ “Нэйшнл катеринг-сервис” ХХК, “ТЭХ” захын удирдлага солигдож “БТ” ХХК болсон тул шинэ удирдлагад нь дээрх байдлыг танилцуулж нэмэлт хамгаалалтын асуудал удаа дараа албан бичгээр тавьж ирсэн.

2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 20 тоот албан бичгээр “БТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Төгсбатад, “танай байгууллагатай урьд нь хийсэн гэрээний нөхцөл байдал өөрчлөгдөж хамгаалалтын ажилд хүндрэл учирч байна. “ТЭХ” захын одоо BIG барилгын материалын худалдааны төв хойд талын хашааг өөр байгууллагатай нэгтгэсний зэрэгцээ зүүн хойд талд байсан “Ялгуусан” ХХК-ийн хамгаалагчдын ажлын байрыг буулгаж ар тал үндсэндээ эзэнгүй болоод байна. “ТЭХ” захын ар талын шилэн хаалга цонхонд бэхэлгээ байхгүй нь хулгай гарах нөхцөл боломжтойг урьд нь бид анхааруулж байсан билээ. Иймд ойрын хугацаанд “ТЭХ” захын хойд талд хамгаалалтын 1 пост нэмэх талаар арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү” гэсэн агуулгатай албан тоот явуулсан.

Манай байгууллагын гэрээ бүхий газар орчноор бус, гэрээт харуул хамгаалалтын хуулийн дагуу хүлээж аваагүй бусдын эзэмшил “БТ” ХХК-ийн өөрсдийнх нь хамгаалалт бүхий газраар, ар талаар нэвтэрсэн этгээдүүд хулгай хийсэн тул гэрээний тодорхой заалт болон нөхцөл байдалд дүгнэлт хийхэд хулгайн улмаас гарсан гэх хохирлыг бид барагдуулах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ӨБ” ХХК-иас 40 736 780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “БТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361 634 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  

Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу буюу дутуу үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.        

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс БХБЯ-ны харьяа Барилгын хяналт шинжилгээ үнэлгээ аудитын газар эсхүл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгч, хариуцагч талуудын хэн нь ч үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 101/Ш32017/08741 тоот "Үзлэг хийх тухай" шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол нөхцөл байдлыг тодруулах зорилгоор гэж дүгнээд үзлэг хийсэн.

Ийнхүү 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлд обьектын байрлах хаяг, оноосон нэр нь зөрүүтэй байхаас гадна хэрэгт ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг огтхон ч тогтоогоогүй үзлэгийг хийсэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий ямар нөхцөл байдлыг үзлэг хийснээр тодруулсан болох нь тодорхойгүй, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнийг нотолсон бичгийн баримтууд, хариуцагчийн татгалзлал, түүний тайлбарын үндэслэл болсон нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй эсэх талаас нь хэрхэн, яаж үнэлж дүгнэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт огт тусгаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүйгээс, хариуцагчийн хүлээх үүргийг гэрээний бус үүрэг гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч "БТ" ХХК-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь компанийн үл хөдлөх хөрөнгө болох барилгын материалын худалдааны төвийн талбайг бусдад түрээслэх явдал бөгөөд уг обьектод түрээсийн гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, хуулийн этгээдүүдийн эд хөрөнгө, обьектын аюулгүй байдлыг хангах үүднээс Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "харуул хамгаалалт гэж харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага гэрээний үндсэн дээр үйлчлуулэгчийн эд хөрөнгө, обьектыг хамгаалах үйл ажиллагааг" ойлгохоор заасны дагуу харуул хамгаалалтын тусгай зөвшөөрөл бүхий "ӨБ" ХХК-д тусгайлан даатгаж, ялангуяа хулгайд өөрийн болон бусдын эд хөрөнгийг алдахаас урьдчилан сэргийлэхээр үйлчилгээ авч, хөлс мөнгө төлөхөөр тохирсон байна.

Гэтэл "ӨБ" ХХК-ийн харуул хамгаалалтын алба хаагч нар нь Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д "хамгаалах эд хөрөнгө, объектын бүрэн бүтэн байдал, лац ломбыг шалгаж хүлээн авах, хүлээлгэж өгөх, хэрэв эд хөрөнгө, объектын бүрэн бүтэн байдал алдагдсан, лац ломбо хөдөлсөн байвал энэ тухай үйлчлүүлэгчид нэн даруй мэдэгдэх, 15.1.2-д "хамгаалж байгаа эд хөрөнгө, объектыг байнга шалгаж, хяналт тавьж ажиллах" үндсэн үүргүүд болон талуудын хооронд байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн "Харуул хамгаалалтын гэрээ"-ний 1.3, 4.2, 4.3, 4.4, 5.5 дах заалтуудыг зөрчсөнөөс үүдэн үйлчлүүлэгч байгууллагад хохирол учирсан байх тул анхан шатны шүүх үүрэг бүхий этгээд болох харуул хамгаалалтын байгууллагын гэм хор арилгах үүргийг Иргэний хуулийн 229 дүгээр зүйл заалтыг баримтлан шийдвэрлэх ёстой байсан атал мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтыг баримтлаж, хулгай хийсэн этгээд, нэхэмжлэгч хоёрын хооронд гэрээний бус үүргийн дагуу гэм хор арилгуулах харилцаа үүссэн учраас харуул хамгаалалтын байгууллага огт буруугүй, үүнд огт хамааралгүй мэтээр зөвтгөж тайлбарлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Хэрвээ харуул хамгаалалт хариуцсан байгууллага, түүний албан хаагч, хамгаалж буй обьектын эд хөрөнгийг хулгайд алдах, түүнээс үүсэх үр дагаврыг хариуцахгүй юм бол бидэнд харуул хамгаалалтын мэргэжлийн байгууллагаар хөлс мөнгө төлж, хамгаалуулах ямар ч шаардлага байхгүй гэдгийг анхан шатны шүүх огтхон ч анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнэж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, хэргийг шийдвэрлэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “БТ” ХХК нь хариуцагч “ӨБ” ХХК-иас харуул хамгаалалтын гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 40 736 780 төгрөг гаргуулахаар  нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 15/02 дугаартай харуул  хамгаалалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “ӨБ” ХХК нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний зүүн урд талд байрлалтай “ТЭХ” барилгын материалын худалдааны төвийн барилга байгууламжийн өмч хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх, нэхэмжлэгч “БТ” ХХК нь хамгаалалтын хөлс төлөх болон бусад нэмэлт үүргүүдийг тус тус хүлээсэн, уг гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

            Хариуцагч “ӨБ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч “БТ” ХХК-д хулгай орж, 40 736 780 төгрөгийн хохирол учирсан тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хохирлыг арилгуулахаар шаардсан байна.

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.5 дахь хэсэгт хохирол арилгуулахаар тохиролцсон заалт нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулж, агуулгыг тодорхойлох зарчим, зохицуулалтад нийцэхгүй байх бөгөөд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүргийн зөрчилтэй холбоотой учирсан хохирол биш гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

            Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэрээний үүргийг зөрчсөнөөс учирсан хохирлыг нэхэмжлэгч зөв ялган, үүрэг бүхий этгээдээс шаардах эрхээ зөв тодорхойлох нь нэхэмжлэгчийн үүрэг юм гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/02172 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “БТ” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 361 634 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ДАВААДОРЖ

                                                           

            ШҮҮГЧИД                                               Б.НАРМАНДАХ

 

                                                                                        Э.ЗОЛЗАЯА