Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/00021

 

И.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/01717 дугаар шийдвэртэй, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2010 дугаар магадлалтай

И.А-гийн нэхэмжлэлтэй,

И.Д-д холбогдох,     

Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэг, хариуцагч И.Д-,  нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч И.А-  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие төрсөн эгч И.Д-тай хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 142 тоот 2 өрөө байранд 2008 оноос эхлэн амьдарч байсан ба дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад миний бие 10.000.000 төгрөгийг гаргасан учир энэ орон сууцны хууль ёсны эзэмшигч гэж бодож байсан. И.А- төрөөс олгож буй орон сууцны 8 хувийн зээлд хамрагдах зорилгоор банк санхүүгийн байгууллагад хандах үед зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаанд тавих шаардлага гарсан бөгөөд төрсөн эгч И.Д-гаас дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авч үзэхэд түүний нэр хамтран өмчлөгчөөр бүртгүүлээгүй байсныг олж мэдсэн.

Хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх саналаа өөрийн төрсөн эгч И.Д-д удаа дараа хэлсэн боловч янз бүрийн тайлбар тавьж, одоо ямар ч боломжгүй болсон гэх мэт тайлбар тавьж ойлголцохгүй болсон тул Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.4, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу уг орон сууцны хамтран өмчлөгчөөр И.А-г бүртгүүлж өгөхийг хүсч нэхэмжлэл гаргасан. Энэ байрыг худалдаж авахад эгч 60 гаруй хувийг, дүү И.А- 30 гаруй хувийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Гэтэл И.Д- нь Капитал банк ХХК-д тухайн үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавин, улмаар одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллагаа хийгдэж байна. 2009 онд И.А- эмэгтэйчүүдийн хүнд өвчин туссан. Хүнд өвчин туссан байхад эгч И.Д- нь дүүдээ тусалж байсан. Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ туслах нь байх ёстой зүйл юм. Тухайн үед эгч И.Д- нь дүүдээ хамтран өмчлөгчөөр тогтооно гэж хэлсэн атлаа нөхрийнхөө хэлснээр энэ орон сууцыг банкны барьцаанд тавьсан байсан. Иймд, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Гуравдагч этгээдийн шаардлагыг нэхэмжлэгч тал огт хүлээн зөвшөөрөхгүй. Барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө худалдан авахад И.А-, И.Д- эгч дүүс тал талаасаа хоёулаа мөнгөө нийлүүлж байж худалдан авсан. Мөн дүү И.А-г хамтран эзэмшигч, өмчлөгчөөр оруулж бичиж өгнө гэж хэлж мөнгө авсныг хариуцагч И.Д- өөрөө сайн мэддэг, үүнийг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл И.Д- өмчлөгчөөр нь ганцаараа өөрийгөө бичүүлсэн, улмаар одоо шийдвэр гүйцэтгэх албанд уг байр хураагдаж байгаа юм байна.

 Иймд, И.А- дээрх үл хөдлөх хөрөнгийн тодорхой хэсгийн өмчлөгч мөн гэж үзэж байгаа тул шүүхэд хандсан юм. Үүргийн гүйцэтгэлийг барьцаанд тавьсан талаар нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй. Харин дээрх үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлд И.Д-д ногдох хэсгээс хангуулах нь зүйтэй. Иймд, гуравдагч этгээдийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч  И.Д- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн төрсөн дүү И.А-гаас 10.000.000 төгрөгийг гаргуулж, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 142 тоотод орших 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авсан нь үнэн. Тухайн үед байр худалдан авахад мөнгө дутаад дүү И.А-гаас дутуу мөнгөө авсан ч тэр үедээ дүү маань байрны хамтран эзэмшигч болно гэж буруу ойлгосон байна. Дараа нь И.А-гаас авсан мөнгөө өгч чадахгүй байгаа бөгөөд дүүгээ хамтран эзэмшигчээр оруулъя гэж тохиролцсон боловч одоо уг байр нь банкны барьцаанд байгаа учир боломжгүй болсон. Энэ байрыг 45.000.000 төгрөгөөр авсан ба дүү И.А- 11.000.000 орчим төгрөг оруулсан байдаг.

Тухайн үед манай нөхөр барилгын бизнес эрхэлдэг байсан ба энэ байрыг Анод банкны барьцаанд тавиад зээл авч өгсөн хүн нь нас барсан юм. И.А-г хорт хавдар туссан, хүүхэд нь өвдсөн байхад би мөнгө өгч олон удаа тусалж байхад өмч хөрөнгийн асуудал тогтоолгохоор шүүхэд хандсанд би гомдолтой байгаа. Тухайн үед бид наймаа эрхэлдэг байсан болохоор дүүгээ дэмжиж бизнест оруулсан. Цагаан сараар манайд ирээд нөхөр нь энэ байрны хамтран өмчлөгчөөр оруул гэж хэлсэн. Удаан хамт амьдарсан хүнийхээ үгэнд ороод байрны нэрэнд өөрийн нэрээ оруулмаар байна гэж надад хэлж байсан. Би дүүгээ хүнд нөхцөлтэй өвчин туссан байхад нь зөндөө тусалсан байхад намайг хүнд эд хөрөнгөө хулхидуулаад хүнд байдалд байхад шүүхэд хандсанд нь гомдолтой байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ байр Капитал банк ХХК-ийн барьцаанд байгаа болохоор банкны эрх ашиг нь зөрчигдөж байгаа гэж үзэж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: И.Д- нь Анод банктай 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03080101 дугаар орон сууцны зээлийн гэрээг байгуулан, уг орон сууцыг зээлээр худалдаж авсан. Тус орон сууцны өмчлөгч нь И.Д- юм. 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №301/2011ЭХА дугаар шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Анод банкнаас Капитал банкинд тус зээлийн гэрээний шаардах эрх, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан барьцааны эрх тус тус шилжсэн.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 796 дугаар шүүгчийн захирамжаар И.Д-гаас 53.000.000 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгож, тус шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, албадан гүйцэтгэхийг даалгаж шийдвэрлэсэн. Хариуцагч И.Д- нь дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгүүлэхээр өгсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа болно.

Энэ хэрэг маргаанд манай эрх ашиг хөндөгдөж байгаа бөгөөд Капитал банкны ипотекоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх ноцтой зөрчигдөж байх тул И.А-гаас гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай бие даасан шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч удаан хугацаагаар орон сууцанд амьдарсан. 10.000.000 төгрөг төлсөн гэсэн баримт байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Энэ орон сууцыг банкны зээлийн эх үүсвэрээр худалдаж авсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах гэсэн арга гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/01717 дугаар шийдвэрээр, Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.4, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 142 тоот дахь 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай И.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, гуравдагч этгээдэд Капитал Банк ХХК-ийн бие даасан шаардлагыг хэлэлцэхээс татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан, Капитал банк ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2010 дугаар магадлалаар, Баянгол дүүргийн шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/01717 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр болон магадлалыг эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна.

И.А- миний бие өөрийн төрсөн эгч И.Д-тай хамтран Баянгол дүүргийн 3-р хороо, 2-р хороолол, 65-р байрны 142 тоот 2 өрөө байрыг худалдан авсан билээ. Дээрхи байранд 2008 оноос эхлэн амьдарч байсан. Байр худалдан авахад би 10 сая төгрөг гаргасан эгч маань 30 сая төгрөг гаргасан. Ингээд тухайн үед эгч маань надад хэлэхдээ би энэ байрны үл хөдлөхийн гэрчилгээг гаргахад чиний нэрийг хамтран өмчлөгчөөр оруулна гэж байсан. Би ч зөвшөөрсөн. Гэтэл намайг хамтран өмчлөгчөөр тогтоогоогүй, зөвхөн өөрийнхөө нэрийг л оруулсныг нь би саяхан мэдсэн, одоогоор дээрхи үл хөдлөх хөрөнгө нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хураагдаж байгаа юм байна.

Би дээрхи үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч нь зүй ёсоор мөн гэж үзэж байгаа тул арга буюу шүүхэд хандсан юм.  Миний төрсөн эгч И.Д- нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ бид 2 анх хамтран өмчлөгчөөр оролцуулна, бүртгүүлнэ гэж ярьж байсан нь үнэн, гэхдээ одоо ямар ч боломжгүй болсон гэж ярьдаг юм.

Иймд, дээрхи үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх миний хувьд зөрчигдөж байгаа тул дээрхи шүүхүүдийн шийдвэр, магадлалыг хянаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч И.А-гийн хариуцагч И.Д-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Шүүхийн шийдвэр, магадлалыг нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан байна.

Хяналтын шатны шүүх хуралдааны өмнө зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж, гэрээгээ нотариатчаар  гэрчлүүлж шүүхэд ирүүлсэн ба уг гэрээнд хариуцагч И.Д- Нийслэлийн Баянгол дүүргийн 3-р хороо, 2-р хороолол, 65-р байрны 142 тоот 32 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны  /Y-2205020548/ хамтран өмчлөгчөөр И.А-г нэмж оруулахыг хүлээн зөвшөөрчээ.

Зохигч гэрээ байгуулахдаа хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн талаар нэхэмжлэгч, хариуцагч шүүхэд тайлбарласан, дээрх хэлцэл хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрхийг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэснийг баримтлан хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/01717 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2010 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч И.А-г Баянгол дүүргийн 3-р хороо, 2-р хороолол, 65-р байрны 142 тоот 32 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны  /Y-2205020548/ хамтран өмчлөгчөөр тогтоохыг хариуцагч И.Д- хүлээн зөвшөөрч зохигч эвлэрснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Х.СОНИНБАЯР

                         ШҮҮГЧ                                                          Г.АЛТАНЧИМЭГ