Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01717

 

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01717

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, 44 дүгээр гудамжны 5795 тоотод оршин суух, эмэгтэй, 36 настай, Малчин ургийн овогт Иванов овогтой Агиймаагийн,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 142 тоотод оршин суух, эмэгтэй, 39 настай, Малчин ургийн овогт Иванов овогтой Дэлгэрмаад холбогдох,

            Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-33 өөрийн байранд байрлах “Капитал банк” ХХК-ийн И.Агиймаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэг, хариуцагч И.Дэлгэрмаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдссэн төлөөлөгч С.Бямбацэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Иргэн И.Агиймаа нь төрсөн эгч И.Дэлгэрмаатай хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 142 тоот 2 өрөө байранд 2008 оноос эхлэн амьдарч байсан ба дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад миний бие 10,000,000 төгрөгийг гаргасан учир энэ орон сууцны хууль ёсны эзэмшигч гэж бодож байсан. И.Агиймаа төрөөс олгож буй орон сууцны 8 хувийн зээлд хамрагдах зорилгоор банк санхүүгийн байгууллагад хандах үед зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаанд тавих шаардлага гарсан бөгөөд төрсөн эгч И.Дэлгэрмаагаас дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авч үзэхэд түүний нэр хамтран өмчлөгчөөр бүртгүүлээгүй байсныг олж мэдсэн. Хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх саналаа өөрийн төрсөн эгч И.Дэлгэрмаад удаа дараа хэлсэн боловч янз бүрийн тайлбар тавьж, одоо ямар ч боломжгүй болсон гэх мэт тайлбар тавьж ойлголцохгүй болсон тул Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.4, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 142 тоот 30м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр И.Агиймааг бүртгүүлж өгөхийг хүсч нэхэмжлэл гаргасан. Энэ байрыг худалдаж авахад эгч 60 гаруй хувийг, дүү И.Агиймаа 30 гаруй хувийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Гэтэл И.Дэлгэрмаа нь “Капитал банк” ХХК-д тухайн үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавин, улмаар одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллагаа хийгдэж байгаа юм билээ. 2009 онд И.Агиймаа эмэгтэйчүүдийн хүнд өвчин туссан. Хүнд өвчин туссан байхад эгч И.Дэлгэрмаа нь дүүдээ туслаж байсан. Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ туслах нь байх ёстой зүйл юм. Тухайн үед эгч И.Дэлгэрмаа нь дүүдээ хамтран өмчлөгчөөр тогтооно гэж хэлсэн хэрнээ нөхрийнхөө хэлснээр энэ орон сууцыг банкны барьцаанд тавьсан байсан. Цус нэгтэй хүмүүс бие биедээ туслах нь гэр бүлийн гишүүдийн үүрэг гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч И.Дэлгэрмаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би өөрийн төрсөн дүү И.Агиймаагаас 10,000,000 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 142 тоотод орших 30м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авсан нь үнэн. Тухайн үед байр худалдан авахад мөнгө дутаад дүү И.Агиймаагаас дутуу мөнгөө авсан ч тэр үедээ дүү маань байрны хамтран эзэмшигч болно гэж буруу ойлгосон байна. Дараа нь И.Агиймаагаас авсан мөнгөө өгч чадахгүй байгаа бөгөөд дүүгээ хамтран эзэмшигчээр оруулъя гэж тохирсон боловч одоо уг байр маань банкны барьцаанд байгаа учир боломжгүй болсон. Энэ байрыг 45,000,000 төгрөгөөр авсан ба дүү И.Агиймаа 11,000,000 орчим төгрөг оруулсан байдаг. Тухайн үед манай нөхөр барилгын бизнес эрхэлдэг байсан ба энэ байрыг Анод банкны барьцаанд таивад зээл авч өгсөн хүн нь нас барсан юм. И.Агиймааг хорт хавдар туссан, хүүхэд нь өвдсөн байхад би мөнгө төгрөг өгч зөндөө тусалж байхад өмч хөрөнгийн асуудал тогтоолгохоор шүүхэд хандсанд би гомдолтой байгаа. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед бид наймаа эрхэлдэг байсан болохоор дүүгээ дэмжиж бизнест оруулсан. Цагаан сараар манайд ирээд нөхөр нь энэ байрны хамтран өмчлөгчөөр оруул гэж хэлсэн. Удаан хамт амьдарсан хүнийхээ үгэнд ороод байрны нэрэнд өөрийн нэрээ оруулмаар байна гэж надад хэлж байсан. Би дүүгээ хүнд нөхцөлтэй өвчин туссан байхад нь зөндөө тусалсан байхад намайг хүнд мөнгө төгрөгөө хулхидуулаад хүнд байдалд байхад шүүхэд хандсанд нь гомдолтой байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Гуравдагч этгээд “Капитал банк” ХХК шүүхэд гаргасан бие даасан шаардлагад болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацэцэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

И.Агиймаагийн нэхэмжлэлтэй, И.Дэлгэрмаад холбогдох “орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг үндэслэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтэй байна. Учир нь И.Дэлгэрмаа нь Анод банктай 2008 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 03080101 дугаар “Орон сууцны зээлийн гэрээ”-г байгуулан, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 412 тоот дахь 30 м.кв талбайтай Ү-2205020548 улсын бүртгэлийн дугаар бүхий 2 өрөө орон сууцыг зээлээр худалдаж авсан. Тус орон сууцны өмчлөгч нь И.Дэлгэрмаа юм. 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №301/2011ЭХА дугаар “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-ээр Анод банкнаас Капитал банкинд тус зээлийн гэрээний шаардах эрх, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан барьцааны эрх тус тус шилжсэн. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 796 дугаар шүүгчийн захирамжаар И.Дэлгэрмаагаас 53,000,000 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, албадан гүйцэтгэхийг даалгаж шийдвэрлэсэн. Хариуцагч И.Дэлгэрмаа нь дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгүүлэхээр өгсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа болно. Энэ хэрэг маргаанд манай эрх ашиг хөндөгдөж байгаа бөгөөд Капитал банкны ипотекоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх ноцтой зөрчигдөж байх тул И.Агиймаагаас гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай бие даасан шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч удаан хугацаагаар орон сууцанд амьдарсан. 10,000,000 төгрөг төлсөн гэсэн баримт байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Энэ орон сууцыг банкны зээлийн эх үүсвэрээр худалдаж авсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах гэсэн арга гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэг гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа:

Гуравдагч этгээдийн шаардлагыг нэхэмжлэгч тал огт хүлээн зөвшөөрөхгүй. Барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө худалдан авахад И.Агиймаа, И.Дэлгэрмаа эгч дүүс тал талаасаа хоёулаа мөнгөө нийлүүлж байж худалдан авсан. Мөн дүү И.Агиймааг хамтран эзэмшигч өмчлөгчөөр оруулж бичиж өгнө гэж хэлж мөнгө авсныг хариуцагч И.Дэлгэрмаа өөрөө сайн мэддэг, үүнийг хүлээн зөввшөөрдөг. Гэтэл И.Дэлгэрмаа өмчлөгчөөр нь ганцаараа өөрийгөө бичүүлсэн, улмаар одоо шийдвэр гүйцэтгэх албанд уг байр хураагдаж байгаа юм байна. Иймд И.Агиймаа дээрх үл хөдлөх хөрөнгийн тодорхой хэсгийн өмчлөгч мөн гэж үзэж байгаа тул шүүхэд хандсан юм. Үүргийн гүйцэтгэлийг барьцаанд тавьсан талаар нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй. Харин дээрх үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлд И.Дэлгээрмаад ноогдох хэсгээс хангуулах нь зүйтэй. Иймд гуравдагч этгээдийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч И.Дэлгэрмаа гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа:

“Капитал банк” ХХК-ийг төлөөлсөн Баяраа гэдэг хүн байдаг байсан юм. Энэ байр банкны барьцаанд байгаа болохоор банкны эрх ашиг нь зөрчигдөж байгаа гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч И.Агиймаа нь хариуцагч И.Дэлгэрмаад холбогдуулан, хариуцагчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 142 тоот дахь 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч И.Дэлгэрмаа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаан бүхий орон сууцыг худалдан авахад дүү И.Агиймаагаас 10,000,000 төгрөг авсан нь үнэн боловч хамтран өмчлөгч болохоор тохиролцоогүй гэж хариу тайлбарт дурдсан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт И.Агиймааг хамтран өмчлөгч болохоор тохирсон боловч орон сууцыг банкны барьцаанд тавьсан байсан учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарлан маргасан.

Маргаан бүхий орон сууцыг хариуцагч И.Дэлгэрмаа 45,000,000 төгрөгөөр худалдан авахдаа 30,000,000 төгрөгийг Анод банктай “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулан авч, тус банкны барьцаанд орон сууцыг тавьж барьцаалсан ба 2011 онд зээлдүүлэгч Анод банк нь “Капитал банк” ХХК-д шаардах эрхээ шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, Анод банктай байгуулсан 2008 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 03080101 тоот Орон сууцны зээлийн гэрээ, Барьцааны гэрээ болон Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Шаардах эрх шилжүүлэх гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх 34-40/

И.Дэлгэрмаа нь зээлийн болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас “Капитал банк” ХХК зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 66,568,826 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаас 53,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 796 дугаар “Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар тогтоогдох бөгөөд энэхүү шүүгчийн захирамж биелэгдээгүйн улмаас төлбөр авагчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Орон сууцыг худалдан авахад дутсан 15,000,000 төгрөгийн 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч И.Агиймаа гаргаж, үлдэх 5,000,000 төгрөгийг хариуцагч И.Дэлгэрмаа гаргасан талаар зохигчид тайлбарлаж, энэ талаар хэн аль нь маргаагүй.

Хэдийгээр нэхэмжлэгч И.Агиймаа уг орон сууцыг банкны барьцаанд тавьсан талаар мэдээгүй гэж тайлбарлах боловч зохигчид 2009 оныг хүртэл хамт амьдарсан гэх зохигчдын тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан өдөр, Зээлийн болон Барьцааны гэрээ зэргийг нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгч мэдээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт “Хоёр буюу түүнээс дээш этгээдийн тус тусын өмчлөлийн зүйл болох хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон бол тэдгээр өмчлөгчид нь шинээр бий болсон эд хөрөнгийн хамтран өмчлөгч байна” гэж заасан бөгөөд хуулийн дээрх зохицуулалт нь хамтын өмчлөлтэй хамааралгүй буюу өөр өөр этгээдүүдийн өмчлөлд байгаа өөр төрлийн эд хөрөнгүүд нийлэх, холилдох асуудлыг зохицуулна.

Хэрэв Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хөрөнгө гэж үзэж байгаа тохиолдолд тухайн үед гэр бүлийн хичнээн гишүүн байсан болох нь тодорхойгүй, тийнхүү тогтоох нь хуулийн 126 дугаар зүйлийн 126.4, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсгүүдэд зааснаар гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээг тодорхойлоход ач холбогдолтой ба, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтоор бүрэн тогтоогдохгүй байна. /хх 6/

Түүнчлэн, хариуцагч И.Дэлгэрмаа нь 2008 онд уг орон сууцыг худалдан авахдаа нэхэмжлэгч И.Агиймааг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээр тохирсон болохоо баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна.

Маргааны зүйл болох орон сууцны барьцаалагч “Капитал банк” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцохыг хүсч, нэхэмжлэгч И.Агиймаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай бие даасан шаардлага гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болох боловч “Капитал банк” ХХК нь бие даасан шаардлагаар нэхэмжлэгч И.Агиймаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүсч байгаа нь маргааны зүйлийн талаар тусдаа, бие даасан шаардлага гаргасан гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нэхэмжлэлийн бүх шаардлагыг хангасан байхыг шаардах бөгөөд “Капитал банк” ХХК нь шүүхэд гаргасан энэ шаардлагаараа нэхэмжлэгч, хариуцагч нараас чухам юу хүсч байгаа болох нь ойлгомжгүй байна.

Энэхүү нэхэмжлэлийн дагуу эд хөрөнгийн өмчлөлийн талаар маргаж буй нь маргаан бүхий орон сууцны барьцаалагч “Капитал банк” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж байгаа хэдий ч, Зээлийн болон барьцааны гэрээний дагуу өөрийн шаардлагыг гарган шийдвэрлүүлсэн хүчин төгөлдөр шийдвэртэй байх тул дээрх үндэслэлээр “Капитал Банк” ХХК-ийн шүүхэд гаргасан бие даасан шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар гэж үзэн хэлэлцэхээс татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх түхай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.4, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 142 тоот дахь 30 м.кв  талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай И.Агиймаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Гуравдагч этгээдэд “Капитал Банк” ХХК-ийн бие даасан шаардлагыг хэлэлцэхээс татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан, “Капитал банк” ХХК-д буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       А.САРАНТУЯА