Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2010

 

И.Агийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/01717 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч И.А,

Хариуцагч И.Дд холбогдох,

 

Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй,

Капитал банк ХХК-ийн И.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай бие даасан шаардлагатай  иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэг,

Бие даасан шаадлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

С.Бямбацэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие төрсөн эгч И.Дтай хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 142 тоот 2 өрөө байранд 2008 оноос эхлэн амьдарч байсан ба дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад миний бие 10 000 000 төгрөгийг гаргасан учир энэ орон сууцны хууль ёсны эзэмшигч гэж бодож байсан. И.А төрөөс олгож буй орон сууцны 8 хувийн зээлд хамрагдах зорилгоор банк санхүүгийн байгууллагад хандах үед зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаанд тавих шаардлага гарсан бөгөөд төрсөн эгч И.Дгаас дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авч үзэхэд түүний нэр хамтран өмчлөгчөөр бүртгүүлээгүй байсныг олж мэдсэн.

Хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх саналаа өөрийн төрсөн эгч И.Дд удаа дараа хэлсэн боловч янз бүрийн тайлбар тавьж, одоо ямар ч боломжгүй болсон гэх мэт тайлбар тавьж ойлголцохгүй болсон тул Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.4, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу уг орон сууцны хамтран өмчлөгчөөр И.Аг бүртгүүлж өгөхийг хүсч нэхэмжлэл гаргасан. Энэ байрыг худалдаж авахад эгч 60 гаруй хувийг, дүү И.А 30 гаруй хувийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Гэтэл И.Д нь Капитал банк ХХК-д тухайн үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавин, улмаар одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллагаа хийгдэж байна.

2009 онд И.А эмэгтэйчүүдийн хүнд өвчин туссан. Хүнд өвчин туссан байхад эгч И.Д нь дүүдээ тусалж байсан. Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ туслах нь байх ёстой зүйл юм. Тухайн үед эгч И.Д нь дүүдээ хамтран өмчлөгчөөр тогтооно гэж хэлсэн атлаа нөхрийнхөө хэлснээр энэ орон сууцыг банкны барьцаанд тавьсан байсан. Цус нэгтэй хүмүүс бие биедээ туслах нь гэр бүлийн гишүүдийн үүрэг гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Гуравдагч этгээдийн шаардлагыг нэхэмжлэгч тал огт хүлээн зөвшөөрөхгүй. Барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө худалдан авахад И.А, И.Д эгч дүүс тал талаасаа хоёулаа мөнгөө нийлүүлж байж худалдан авсан. Мөн дүү И.Аг хамтран эзэмшигч, өмчлөгчөөр оруулж бичиж өгнө гэж хэлж мөнгө авсныг хариуцагч И.Д өөрөө сайн мэддэг, үүнийг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл И.Д өмчлөгчөөр нь ганцаараа өөрийгөө бичүүлсэн, улмаар одоо шийдвэр гүйцэтгэх албанд уг байр хураагдаж байгаа юм байна. Иймд И.А дээрх үл хөдлөх хөрөнгийн тодорхой хэсгийн өмчлөгч мөн гэж үзэж байгаа тул шүүхэд хандсан юм. Үүргийн гүйцэтгэлийг барьцаанд тавьсан талаар нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй. Харин дээрх үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлд И.Дэлгээрмаад ногдох хэсгээс хангуулах нь зүйтэй. Иймд гуравдагч этгээдийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие өөрийн төрсөн дүү И.Агаас 10 000 000 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 142 тоотод орших 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авсан нь үнэн. Тухайн үед байр худалдан авахад мөнгө дутаад дүү И.Агаас дутуу мөнгөө авсан ч тэр үедээ дүү маань байрны хамтран эзэмшигч болно гэж буруу ойлгосон байна. Дараа нь И.Агаас авсан мөнгөө өгч чадахгүй байгаа бөгөөд дүүгээ хамтран эзэмшигчээр оруулъя гэж тохиролцсон боловч одоо уг байр нь банкны барьцаанд байгаа учир боломжгүй болсон. Энэ байрыг 45 000 000 төгрөгөөр авсан ба дүү И.А 11 000 000 орчим төгрөг оруулсан байдаг.

Тухайн үед манай нөхөр барилгын бизнес эрхэлдэг байсан ба энэ байрыг Анод банкны барьцаанд тавиад зээл авч өгсөн хүн нь нас барсан юм. И.Аг хорт хавдар туссан, хүүхэд нь өвдсөн байхад би мөнгө өгч олон удаа тусалж байхад өмч хөрөнгийн асуудал тогтоолгохоор шүүхэд хандсанд би гомдолтой байгаа. Тухайн үед бид наймаа эрхэлдэг байсан болохоор дүүгээ дэмжиж бизнест оруулсан. Цагаан сараар манайд ирээд нөхөр нь энэ байрны хамтран өмчлөгчөөр оруул гэж хэлсэн. Удаан хамт амьдарсан хүнийхээ үгэнд ороод байрны нэрэнд өөрийн нэрээ оруулмаар байна гэж надад хэлж байсан. Би дүүгээ хүнд нөхцөлтэй өвчин туссан байхад нь зөндөө тусалсан байхад намайг хүнд эд хөрөнгөө хулхидуулаад хүнд байдалд байхад шүүхэд хандсанд нь гомдолтой байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ байр Капитал банк ХХК-ийн барьцаанд байгаа болохоор банкны эрх ашиг нь зөрчигдөж байгаа гэж үзэж байна гэжээ.

Бие даасан шаадлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацэцэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: И.Д нь Анод банктай 2008 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 03080101 дугаар орон сууцны зээлийн гэрээг байгуулан, уг орон сууцыг зээлээр худалдаж авсан. Тус орон сууцны өмчлөгч нь И.Д юм. 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №301/2011ЭХА дугаар шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Анод банкнаас Капитал банкинд тус зээлийн гэрээний шаардах эрх, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан барьцааны эрх тус тус шилжсэн.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 796 дугаар шүүгчийн захирамжаар И.Дгаас 53 000 000 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгож, тус шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, албадан гүйцэтгэхийг даалгаж шийдвэрлэсэн. Хариуцагч И.Д нь дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгүүлэхээр өгсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа болно.

Энэ хэрэг маргаанд манай эрх ашиг хөндөгдөж байгаа бөгөөд Капитал банкны ипотекоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх ноцтой зөрчигдөж байх тул И.Агаас гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай бие даасан шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч удаан хугацаагаар орон сууцанд амьдарсан. 10 000 000 төгрөг төлсөн гэсэн баримт байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Энэ орон сууцыг банкны зээлийн эх үүсвэрээр худалдаж авсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах гэсэн арга гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.4, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 142 тоот дахь 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай И.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,

Гуравдагч этгээдэд Капитал Банк ХХК-ийн бие даасан шаардлагыг хэлэлцэхээс татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан, Капитал банк ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Зохигчдын тайлбараас үзвэл маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох талаар ярилцаж байсан, эгч нь зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Гэтэл шүүх үүнийг баримтаар нотлоогүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч И.А нь хариуцагч И.Дд холбогдуулан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 142 тоот, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ орон сууцыг худалдан авахад 10 000 000 төгрөгийн хөрөнгө оруулж, хамтран өмчлөгч болсон байхад өмчлөх эрхийн гэрчилгээнд нэрийг нь оруулалгүй орхигдуулсныг мэдсэн гэж тайлбарлажээ.

Хариуцагч И.Д орон сууцыг худалдан авах үед мөнгө дутсан тул И.Агаас 10 000 000 төгрөг авч төлбөрт төлж, орон сууцны үлдэх төлбөрийг банкнаас зээл авч төлсөн, 10 000 000 төгрөгийн зээлийг И.Ад буцаан төлж чадаагүй боловч орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж байгааг зөвшөөрөхгүй, байрыг худалдан авах үед хамтран өмчлөгч болно гэж тохиролцоогүй гэсэн тайлбар гаргасан байна.

Нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагч үгүйсгэсэн тул нэхэмжлэгч нь 10 000 000 төгрөгийн хөрөнгийг оруулсан нь өмчлөгч болох үндэслэл болсон гэдгийг нотлох үүрэгтэй, гэтэл орон сууцыг худалдан авахад оруулсан мөнгөн хөрөнгийн хэмжээнд хамтран өмчлөгч байх талаар харилцан тохиролцсон талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй байна.

Иймд нэхэмжлэгч И.Агиимаа орон сууц худалдан авахад 10 000 000 төгрөгийг өөрийн эгч И.Дд шилжүүлэхдээ орон сууцны өмчлөгч болох хүсэл зоригийг илэрхийлсэн, нөгөө тал хүлээж авсан болон талууд хэлэлцэн тохиролцсоны улмаас И.А өмчлөгч болох талаар хэлцэл хийсэн баримтгүй тул Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй, анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Капитал банк” ХХК гуравдагч этгээдээр оролцож, маргаж буй орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар тайлбар гаргаж, улсын тэмдэгтийн хураамж төлснийг бие даасан шаардлага гэж үзэхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/01717 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70 200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЗОЛЗАЯА

                        ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ