Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/00019

 

А А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/01127 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2017/01903 дугаар магадлалтай,

А А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ш.Г, Ц.М, Б.Л, Ш.Б, Б.Н нарт холбогдох,                         

Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Ш.Г, гуравдагч этгээд М.С, С.У нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, өмгөөлөгч Р.Э, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.С Хөдөө аж ахуйн техникийн корпорацийн хуучин байрны манаач хийж байсан ба уг обьект А А ХХК-д шилжихэд төрийн өмчийн хашааг дур мэдэн таслан авч, Ш.Г өөрийн нэр дээрээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 3-5 тоот гэсэн хаягаар 0183594 дүгээр гэрчилгээ авсныг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2014/1 дүгээр гэрчилгээгээр А А ХХК-д ашиглуулахаар олгосон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэгт байрлах, 0.6207 газарт /кадастрын анхны солбилцлууд 1. 10654 5.59 4753 9.25, 2. 10654 5.57 4753 9.35, 3. 10654 5.39 4753 10.64, 4. 10654 5.38 4753 10.81, 5. 10654 8.44 4753 10.91, 6. 10654 8.75 4753 10.89, 7. 10654 9.32 4753 10.87, 8. 10654 9.64 4753 10.84, 9. 10654 10.00 4753 10.86, 10. 10654 10.81 4753 10.88, 11. 10654 10.87 4753 10.34, 12. 10654 10.91 4753 10.16, 13. 1065411.01 4753 9.41, 14. 10654 11.09 4753 8.92 /хууль бусаар оршин сууж байгаа хариуцагч Ш.Г, Ц.М, Б.Л, Ш.Б, Б.Н нарыг албадан нүүлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Г болон гуравдагч этгээд М.С, Б.У нар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Г, М.С нар нь 1983 оноос хойш тус газар дээр тасралтгүй 35 жил амьдарч байгаа нь иргэний үнэмлэхний хуулбар, улаан паспорт, хорооны тодорхойлолт, иргэний бүртгэл мэдээллийн болон улсын төв архивын лавлагаагаар нотлогдоно. Төрийн өмчийн хорооноос А А ХХК-д обьект хүлээлцсэн актад 3024 м.кв гэж заасан байхад А А ХХК нь 6000 гаруй м.кв-ыг ашиглаж байгаа. А А ХХК-д Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас өөрсдийнх нь хүссэн кадастраар нь ашиглалт олгохдоо бусад айл болон нийтийн эзэмшилтэй давхцаж байгаа эсэхийг шалгахгүйгээр алдаатай захирамж гаргасан. Газрын тухай хуульд гэрээ хийж байж газар ашиглах эрх нь бүрдэнэ гэж заасан бөгөөд А А ХХК нь гурвалсан гэрээний дагуу төлбөр төлөөгүй, ашиглах эрх нь бүрэн үүсээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.Н, Ш.Б, Ц.М, Б.Л нар шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.С, Ш.Г нар өндөр настай учраас бид тэднийг асарч, тойрч байдаг ба тэднээс зөвшөөрөл авч, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Туулын 3-5 тоот газарт нэг хашаанд хууль ёсны дагуу оршин сууж байгаа. Бид дур мэдэн, хууль дүрэм зөрчиж уг газар дээр амьдарч байгаа зүйл байхгүй, А А ХХК-ийн эзэмшлийн газар дээр амьдраагүй.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/01127 дугаар шийдвэрээр, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Г, Ц.М, Б.Л, Ш.Б, Б.Н нарын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэгт байрлах, 0.6207 га талбайтай газрыг /кадастрын анхны солбилцлууд 1. 10654 5.59 4753 9.25, 2. 10654 5.57 4753 9.35, 3. 10654 5.39 4753 10.64, 4. 10654 5.38 4753 10.81, 5. 10654 8.44 4753 10.91, 6. 10654 8.75 4753 10.89, 7. 10654 9.32 4753 10.87, 8. 10654 9.64 4753 10.84, 9. 10654 10.00 4753 10.86, 10. 10654 10.81 4753 10.88, 11. 10654 10.87 4753 10.34, 12. 10654 10.91 4753 10.16, 13. 1065411.01 4753 9.41, 14. 10654 11.09 4753 8.92/ чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Г, Ц.М, Б.Л, Ш.Б, Б.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2017/01903 дугаар магадлалаар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/01127 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ш.Г, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.С, Б.У нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Г, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.С, Б.У нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ш.Г, гуравдагч этгээд М.С, С.У нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч доорх үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. Үүнд:

Хариуцагч нар болон гуравдагч этгээдүүд нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг зөрчсөн гэдэг нь нотлогдохгүй байхад анхан шатны шүүхээс А А ХХК нь тус газрыг ашиглах эрхтэй гэж дүгнээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байхад түүнийг үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх зөвтгөсөн нь мөн л хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь,

Газар ашиглах эрх авсан компани нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан зорилгын хүрээнд л газраа зориулалтын дагуу ашиглах ёстой байтал нэхэмжлэгч компани нь БОНХАЖ-ын Сайдын А-12 тоот тушаалын дагуу 2014/1 тоот гэрчилгээгээр ашиглах эрх авсан Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг Зайсанд байрлах 6207 м.кв газраа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зорилго, зорилтоос гадуур буюу үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглан, нийт 50000 орчим ХАА-н бага оврын техник тоног төхөөрөмж үйлдвэрлэж, 170 гаруй сумын хэрэглэгчид, малчин тариаланч фермерүүдэд нийлүүлдэг болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан Нийслэл дэх захиргааны хэргийн 20-р шүүхийн ( хуучин нэрээр ) 2015 оны 5 дугаар сарын 05-ны 250 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 294 дүгээр магадлал /Эдгээр шийдвэрүүдэд А А ХХК-ийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынх нь үндэслэл тусгагдсан/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байсан болно.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "газар ашиглах" гэж “хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ойлгоно” гэж заасан байгаагаас үзэхэд ч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан зорилтыг зөрчин үйлдвэрлэл явуулдаг А А ХХК-ийн газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь уг маргаантай байгаа газарт анхнаасаа эзэмшигчийн зөвшөөрөлтэйгөөр 35 жилийн өмнөөс амьдарч ирсэн хариуцагч Ш. Гялааш, гуравдагч этгээд М.Сумьяа нар нь саад учруулсан гэж үзэх үндэслэлгүй байсан болно. Харин А А ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийн зохицуулалтанд нийцүүлэн газрыг ашиглаж байгаа бол эрхээ зөрчигдөж байгаа талаараа нэхэмжлэл гаргах эрхтэй байсан гэж үзэж байна.

Дээр дурдсан үндэслэлүүдийг хяналтын шатны шүүхээс анхаарч үзэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 1 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч гомдол гаргаж байна гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх Ш.Г, Ц.М, Б.Л, Ш.Б, Б.Н нарын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх А А ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Маргааны зүйл болсон Хан-Уул дүүрэг, Богдхан уулын Дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй 0.627 га талбайтай газрыг А А ХХК-д 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн зохих эрх бүхий этгээдийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

Хан-Уул дүүргийн Засаг дарга 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжаар хариуцагч Ш.Г-ид уг газрын тодорхой хэсэг буюу 0.03 га газрыг  эзэмшүүлэх шийдвэр гаргасныг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 227 дугаар тогтоолоор хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч А А ХХК нь дээрх маргаан бүхий газарт байрлах Хөдөө аж ахуйн техникийн корпорацийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй үйлдвэрийн байр, объектыг 1994 оноос эхлэн түрээсийн гэрээгээр эзэмшиж байгаад Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 232 дугаар тогтоолын дагуу  давуу эрхээр худалдан  авсан нь тогтоогдсон бөгөөд тухайн объектод хамааралтай эзэмшлийн газраас Хан-Уул дүүргийн Засаг дарга хариуцагч Ш.Гид эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа хууль зөрчснийг  нэхэмжлэгч А А ХХК-ийн нэхэмжлэлээр шүүх шийдвэрлэсэн нь хариуцагч газрыг хууль болон гэрээгээр эзэмших эрхгүй, түүний эзэмшлийг хууль бус  гэж үзнэ.

Хариуцагч Ш.Гийн зөвшөөрлөөр маргаан бүхий газарт хамтран хариуцагчаар татагдсан Ц.М, Б.Л, Ш.Б, Б.Н нар амьдарч байгаа нь хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч А А ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч нарын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэхээр  шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасантай нийцжээ.

А А ХХК-д газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа тусгай хамгаалалттай газрыг ашиглах зориулалтыг зөрчиж олгосон эсэх нь  зохигчдын хооронд үүссэн маргааны зүйл биш тул хариуцагч, гуравдагч этгээдийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд дурдсан нэхэмжлэгч нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасныг болон Газрын тухай хуулийн 3 дүгээр зүйлийн 3.4.1-д заасныг зөрчснийг шүүх анхаараагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх гомдлыг үндэслэлгүй.

Иймд, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/01127 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2017/01903 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ш.Г, гуравдагч этгээд М.С, Б.У нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                          Г.АЛТАНЧИМЭГ