Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1903

 

     “А.А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/01127 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “А.а” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ш.Г, Ц.М, Б.Л, Ш.Б, Б.Н нарт холбогдох

Хууль бус эзэшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг 

Хариуцагч Ш.Г, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.С, Б.У нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.С, Б.У нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч “А.а” ХХК-ийн төлөөлөгч Ч.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ...М.С Хөдөө аж ахуйн техникийн корпорацийн хуучин байрны манаач хийж байсан ба уг обьект “А.а” ХХК-д шилжихэд төрийн өмчийн хашааг дур мэдэн таслан авч, Ш.Г өөрийн нэр дээрээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 3-5 тоот гэсэн хаягаар 0183594 дүгээр гэрчилгээ авсныг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2014/1 дүгээр гэрчилгээгээр “А.а” ХХК-д ашиглуулахаар олгосон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэгт байрлах, 0.6207 газарт /кадастрын анхны солбилцлууд 1. 10654 5.59 4753 9.25, 2. 10654 5.57 4753 9.35, 3. 10654 5.39 4753 10.64, 4. 10654 5.38 4753 10.81, 5. 10654 8.44 4753 10.91, 6. 10654 8.75 4753 10.89, 7. 10654 9.32 4753 10.87, 8. 10654 9.64 4753 10.84, 9. 10654 10.00 4753 10.86, 10. 10654 10.81 4753 10.88, 11. 10654 10.87 4753 10.34, 12. 10654 10.91 4753 10.16, 13. 1065411.01 4753 9.41, 14. 10654 11.09 4753 8.92/ хууль бусаар оршин сууж байгаа хариуцагч Ш.Г, Ц.М, Б.Л, Ш.Б, Б.Н нарыг албадан нүүлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Г болон гуравдагч этгээд М.С, Б.У нар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ш.Г, С.С нар нь 1983 оноос хойш тус газар дээр тасралтгүй 35 жил амьдарч байгаа нь иргэний үнэмлэхний хуулбар, улаан паспорт, хорооны тодорхойлолт, иргэний бүртгэл мэдээллийн болон улсын төв архивын лавлагаагаар нотлогдоно. Төрийн өмчийн хорооноос “А.а” ХХК-д обьект хүлээлцсэн актад 3024 м.кв гэж заасан байхад “А.а” ХХК нь 6000 гаруй м.кв-ыг ашиглаж байгаа. “А.а” ХХК-д Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас өөрсдийнх нь хүссэн кадастраар нь ашиглалт олгохдоо бусад айл болон нийтийн эзэмшилтэй давхцаж байгаа эсэхийг шалгахгүйгээр алдаатай захирамж гаргасан. Газрын тухай хуульд гэрээ хийж байж газар ашиглах эрх нь бүрдэнэ гэж заасан бөгөөд “А.а” ХХК нь гурвалсан гэрээний дагуу төлбөр төлөөгүй, ашиглах эрх нь бүрэн үүсээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.Н, Ш.Б, Ц.М, Б.Л нар шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.С, Ш.Г нар өндөр настай учраас бид тэднийг асарч, тойрч байдаг ба тэднээс зөвшөөрөл авч, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Туулын 3-5 тоот газарт нэг хашаанд хууль ёсны дагуу оршин сууж байгаа. Бид дур мэдэн, хууль дүрэм зөрчиж уг газар дээр амьдарч байгаа зүйл байхгүй, “А.а” ХХК-ийн эзэмшлийн газар дээр амьдраагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

          Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Г, Ц.М, Б.Л, Ш.Б, Б.Н нарын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэгт байрлах, 0.6207 га талбайтай газрыг /кадастрын анхны солбилцлууд 1. 10654 5.59 4753 9.25, 2. 10654 5.57 4753 9.35, 3. 10654 5.39 4753 10.64, 4. 10654 5.38 4753 10.81, 5. 10654 8.44 4753 10.91, 6. 10654 8.75 4753 10.89, 7. 10654 9.32 4753 10.87, 8. 10654 9.64 4753 10.84, 9. 10654 10.00 4753 10.86, 10. 10654 10.81 4753 10.88, 11. 10654 10.87 4753 10.34, 12. 10654 10.91 4753 10.16, 13. 1065411.01 4753 9.41, 14. 10654 11.09 4753 8.92/ чөлөөлж,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “А.а” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Г, Ц.М, Б.Л, Ш.Б, Б.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан  нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ш.Г, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.С, Б.У нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нар болон гуравдагч этгээдүүд нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг зөрчсөн гэдэг нь нотлогдохгүй байхад анхан шатны шүүхээс “А.а" ХХК нь тус газрыг ашиглах эрхтэй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу газар ашиглах эрх авсан компани нь газраа дээрх хуулийн хүрээнд зориулалтын дагуу ашиглах ёстой байтал нэхэмжлэгч нь БОНХАЖ-ын сайдын А-12 тоот тушаалын дагуу 2014/1 тоот гэрчилгэээгээр ашиглах эрх авсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсанд байрлах 6207 м.кв газраа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зорилго, зорилтоос гадуур буюу үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглан нийт 50 000 орчим ХАА-н бага оврын техник тоног төхөөрөмж үйлдвэрлэж, 170 гаруй сумын хэрэглэгчид, малчин тариаланч фермерүүдэд нийлүүлдэг болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон Нийслэл дэх Захиргааны хэргийн 20 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 250 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 294 дүгээр магадлал зэрэг нотлох баримтаар нотлогдож байсан.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ойлгоно гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан зорилтыг зөрчин үйлдвэрлэл явуулдаг "А.а" ХХК-ийн газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь уг маргаантай газарт анхнаасаа эзэмшигчийн зөвшөөрөлтэйгөөр 35 жилийн өмнөөс амьдарсан хариуцагч Ш.Г, гуравдагч этгээд М.С нар саад учруулсан гэж үзэх үндэслэлгүйг шүүх анхаарч үзэн, дээр дурдсан нотлох баримтуудыг үнэлээгүй нь шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч “А.а” ХХК хариуцагч Ш.Г, Ц.Мт, Б.Л, Ш.Б, Б.Н нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-12 дугаар тушаал, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2014/01 дүгээр гэрчилгээгээр Хан-Уул дүүрэг, Богдхан уулын ДЦГ тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй 0.627 га талбайтай газрыг “А.а” ХХК-д 5 жилийн хугацаатай эрхийг олгосон бөгөөд уг гэрчилгээний хавсралтад талбайн хэмжээг газрын солбилцлуудаар тодорхойлжээ. 

Хан-Уул дүүргийн Засаг дарга болон “А.а” ХХК-ийн хооронд 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 2014/01 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” гэрээ байгуулагдсан. Иймд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3 дахь хэсэгт зааснаар газрын гэрчилгээ олгогдсон этгээдийг газар эзэмшигч гэж тодорхойлох тул нэхэмжлэгч “А.а” ХХК нь маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 227 дугаар тогтоолоор 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 0183594 дүгээр гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Туулын 3-5 тоот 300 м.кв газрыг М.Г-д 15 жилийн хугацаагаар иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон Хан-Уул үүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй.

Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуульд зааснаар газрын ашиглалтын талаар хариуцагч маргаж байгаа боловч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг  үгүйсгэхгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь газар эзэмших гэрээ байгуулагдснаар түүнд эзэмших эрх үүснэ гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн газар эзэмших гэрчилгээ болон гэрчилгээ олгосонтой холбоотой асуудал энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд маргааны зүйлд хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл, төрийн эрх бүхий байгууллагаас гэрчилгээ олгосон, уг гэрчилгээ хүчинтэй байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хууль ёсны дагуу үүссэн гэж үзнэ.

Хариуцагч нар маргаан бүхий газрын эзэмшигч гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Анхан шатны шүүх газрын солбилцлоор нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээг тодорхойлж шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа солбилцлын хүрээнд явагдах учиртай. Иймд уг солбилцлоор тодорхойлогдоогүй хэсэгт шүүхийн шийдвэр хамаарахгүй болно.

Эзэмшигч нь өмчлөгчийн нэгэн адил хууль бус эзэмшлээс эд зүйлээ шаардах эрхийн хүрээнд анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримталж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд зөв болжээ.

Иймд нэхэмжлэгч “А.а” ХХК зорилгоо зөрчин үйл ажиллагаа явуулсан, хариуцагчид болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд нэхэмжлэгчээс уг газар дээр үйл ажиллагаа явуулахад саад учруулаагүй байгааг шүүх анхаарч үзээгүй гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй бөгөөд эд юмсыг эзэмших эрхийг шийдвэрлэхэд нэхэмжлэгчийн үйл ажиллагаа зорилгод нийцсэн эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ш.Г, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.С, Б.У нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/01127 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ш.Г, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.С, Б.У нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Г, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.С, Б.У нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Э.ЗОЛЗАЯА

                                                        ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                                    Д.БАЙГАЛМАА