Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/00962

 

Б.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/01962 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 287 дугаар магадлалтай,

Б.Дын нэхэмжлэлтэй

Г.Гт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Дын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Да, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн спорт хороонд хамт ажилладаг байсан ахлах дасгалжуулагч Г.Гт 3 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээл өгч туслаач би түргэн эргүүлээд өгнө гэж хүсэлтээр Анод банкнаас 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр миний хадгаламжийн 49608813955 дугаартай данснаас 3 000 000 төгрөг авч өгсөн. Г.Г мөнгөний боломжгүй, мөнгөтэй болохоор өгнө санаа зоволтгүй гэсэн. Би 2006 онд нягтлан бодохын ажлаасаа гараад заалны зохион байгуулагч болоод гадагш гарах завгүй учраас утсаар л ярьдаг. Арга барагдаад чи үлдэгдэл 800 000 төгрөгөндөө унаагаараа элс хайрга хүргээд өгчих тэгээд 800 000 төгрөг суутгаад төлчих гэж хэлэхэд доромжлоод байсан. Би 2010 оны 9 сард Улсын Клиникийн нэгдүгээр эмнэлэгт 2 удаа хагалгаанд ороод онош нь тогтоогдохгүй, тэндээсээ шууд хавдар судлалын үндэсний төвд хагалгаанд ороод төвөнхийн хорт хавдар авахуулж хэлгүй дүлий болсон. Тэгээд эгч дүү хоёроор яриулахад бас өгнө гэж худлаа хэлсэн. Г.Гаас 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 3 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Үндсэн зээлээс 2 200 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 195 000 төгрөг буцаан авсан. 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны 3 000 000 төгрөгийн хүүгийн төлбөрт 800 000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 800 000 төгрөгийг 11 жил 3 сарын хүүгийн төлбөрт 3 240 000 төгрөг нийт 4 040 000 төгрөг гаргуулж өгнө үү. Уг нэхэмжлэлийн шаардлагаа 1 000 000 төгрөг болгон багасгаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 800 000 төгрөг, буцаан авах нөхцөлтэй зээлсэн бензин, тосны 200 000 төгрөг болно. Г.Гтай зээлийн гэрээ бичгээр байгуулсан, шүүгээнд байж байгаад алга болсон гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон өмгөөлөгч шүүх хуралд гаргасан тайлбартаа: Б.Датай миний бие хамт нэг газар буюу БТС-ын хороонд ажиллаж байсан болно. Ийнхүү ажиллаж байхдаа нэхэмжлэгч Б.Дын гуйлтаар Төв аймгийн сумдаар явж 53 хурга нэг бүрийг 50 000 төгрөгөөр тооцон авчирч өгсөн бөгөөд хурганы мөнгө нийт 2 650 000 төгрөг болсон. Тэрээр надад тухайн үед хонь авчруулах зорилгоор мөнгө өгч явуулсан бөгөөд хонио бүгдийг нь авсан. Тэр үед ачиж ирсэн ачааны мөнгө төгрөгийг ашиг олохоороо нэмж өгнө гэсэн боловч ашиг олоогүй гээд өгөөгүй. Харин ч миний бие өөрийн нэг шавийг дагуулаад хэд хэдэн сумдаар явж Б.Дын хэлснээр хурга цуглуулсан бөгөөд надаа бензин, тосны мөнгө гэж 200-гаад мянган төгрөг өгсөн. Гэтэл нэхэмжлэгч 2006 онд миний цалингаас 70 000-аар 2 удаа, 50 000-аар 1 удаа, 20 000-аар 1 удаа нийт 210 000 төгрөгийг суутган авсан байсан бөгөөд яагаад мөнгө авч байгааг асуухад зардлын мөнгөнөөс гадна хурга аваад үлдсэн мөнгө гэжхэлсэн, түүнээс хойш ямар нэг мөнгө төгрөгний асуудал бид огт ярилцаж байгаагүй. Хэн нэгэн эгч дүү огт яриагүй, надад энэ хүнээс мөнгө зээлэх ямар ч шаардлага байхгүй, мөнгө зээлж байгаагүй бөгөөд зээлтэй холбоотой бичгээр байтугай амаар ч ярьж байсан зүйлгүй болно. Миний бие Б.Дыг ийм хүнд өвчин туссан талаар огт мэдээгүй, миний зүгээс хүн хуурч мэхлэж, худлаа ярьж байгаагүй, үнэхээр мөнгө зээлж авсан бол өвчтэй хүн байтугай эрүүл хүнд ч заавал өгөх зарчимтай. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/01962 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Гаас зээлийн гэрээний үүрэгт 4 040 000 төгрөг гаргуулах тухай Б.Дын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 79 590 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 287 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/01962 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Дын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШЗ2017/11705 тоот захирамжаар давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Да хяналтын гомдолдоо: Г.Г 53 хурга нэг бүрийг 50 000 төгрөгөөр тооцон авчирч өгсөн гэж хэлдэг. Г.Гын ингэж намайг гүтгэж, доромжилно гэж бодсонгүй. 2004 оны 11 сарын 11-ний өдөр Анод банкнаас хамт очин 3 000 000 төгрөгийг авч өгсөн Удаа дараа 800 000 төгрөгөө авахыг шаардахад өгнө, өгнө гэж хэлдэг байсан. Эсвэл чи унаатай хүн зусланд элс, хайрга буулгаад 800 000 төгрөгөндөө суутгаад тооцоо хий гэж хэлдэг байсан. Ингээд 2006.07.01-нээс ажлаасаа гараад хаана ажиллаж байгаа нь мэдэгдэхгүй, хааяа утсаар ярихаар өгнө өгнө одоо ажилгүй гэр оронгүй байна гэж худал ярьдаг байсан. Би 2008 оноос хойш өвдөж эмнэлэгээр их явсан боловч онош тогтоогдохгүй аргаа бараад 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаа хагас дутуу хүлээлгэж өгөөд хэвтэрт орж, тэтгэвэрт гарсан. Г.Г тайлбартаа Төв аймгаас 53 ширхэг хурга өгсөн гээд байгаа шүүх хурал болгонд энэ тайлбарыг дахин гаргуулж өгөөч гэдэг. Хэдэн он, сар, өдөр хаана ямар газарт хүлээж авсан. 53 ширхэг хургыг ямар хүмүүстэй, хэдэн хүнтэй цуг өгсөн зэрэг баримт байгаа эсэхийг шүүгчид удаа дараа хэлсэн. Гэвч шүүх нэг талыг бариад тайлбар хийж өгөөгүй. Анхан шатны шүүхээс хуралдаж надаа 500 000 төгрөг авах уу гэсэн. Би авахгүй гэсэн. Тэр үеийн 800 000 төгрөг миний бүтэн жилийн цалин ажлын хөлс байсан. Одоо нябо нар сарын 700 000 төгрөг авч байгаа. Би гомдолтой байна. Би 2008 оноос хойш өвдөөд 9 жил хүний байнгын асаргаанд байсан. 10 жил болоод ажил дээрээ очиход таних мэдэх хүнгүй болсон бичиг цаас, болон нийгмийн даатгалын дэвтэрүүд, тунбучик байхгүй болсон байсан. Г.Г бид 2-ны бичгийн машинаар бичсэн 2 талын гарын үсэгтэй хүлээлгэн өгсөн, хүлээн авсан гэсэн гэрээ мөн адил алга болсон байсан. Надад шүүгч нар минь 53 ширхэг хурга авсан гэсэн асуудлаар Прокурорын байгууллагаар шалгуулж өгч туслаач. Би 53 ширхэг хурга аваагүй. Эгч дүү 2 минь бурхан болоод энэ зун нөхөр минь бурхан болсон. Г.Гын авгай 800 000 төгрөгөөр чинь хараал хийлгэнэ гэж байсан. Энэ үнэн байж гэж бодоод өдөр болгон уйлж суудаг. Нэхэмжлэлийн шаардлагаа 1 000 000 төгрөг болгож багасгаж байна. Иймд Прокурорын байгууллагаар 53 ширхэг хурга аваагүйг минь шалгуулж өгч, нэхэмжилсэн 1 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв. 

Нэхэмжлэгч Б.Да нь зээлийн гэрээний үүрэгт 4 040 000 төгрөг гаргуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 1 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч Г.Гт холбогдуулан гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...Г.Г 3 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлээч, туслаач гэж удаа дараа гуйгаад байхаар нь Анод банкнаас 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хадгаламжийн данснаас 3 000 000 төгрөг авч өгсөн., Г.Г нь мөнгөний боломжгүй байна, мөнгөтэй болохоороо өгнө гээд удсан. Гуйж араас нь явж байж 2 200 000 төгрөгийг цувуулж авсан. Үлдэх 800 000 төгрөгөө өгөхгүй байхаар нь ядаж энэ мөнгөндөө элс хайрга өгчих гэсэн боловч доромжлоод байсан. 2006 онд заалны зохион байгуулагч болсон тул тааралдахаа больж, утсаар ярьдаг байсан. Үнээс хойш миний бие өвдөж, улмаар хорт хавдар гэж олон удаа хагалгаа хийлгэсэн ...Би түүний цалингаас суутгаж мөнгө аваагүй. Г.Г нь байгууллагын байрны нэг өрөөнд гэр бүлээрээ амьдарч байсан бөгөөд ус дулаан халаалтын мөнгийг нь аваагүй, төсвөөс төлүүлсэн байна гээд улсын байцаагч акт тавиад, үүний дагуу би нягтлан бодогчийн хувьд цалингаас нь суутгал хийсэн. Г.Гтай би хурга, хонь гэж огт яриагүй, энэ хүн яагаад ингэж худал яриад байгааг ойлгохгүй байна. хэрэв ийм юм болсон юм бол хаанаас хэнтэй, хурга аваад надад өгснийг гэрчлэх хүн байх ёстой. Гэтэл үүнийгээ нотолдоггүй... одоо надад мөнгөө авах хэрэгтэй байна би эрүүл мэндийн хувьд ярьж сонсохоо байсан...” гэжээ.

Нөгөө талаас хариуцагч Г.Г нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...Би Б.Датай хамт ажиллаж байхдаа түүний гуйлтаар Төв аймгийн сумдаар явж, 53 хурга нэг бүрийг 50 000 төгрөгөөр тооцон авчирч өгсөн бөгөөд хурганы мөнгө нийт 2 650 000 төгрөг болсон. Хонь авчруулах зорилгоор мөнгө өгсөн, Б.Да нь хонио бүгдийг аваад  ашиг өгнө гэсэн боловч өгөөгүй, Үүнээс гадна бензин, тосны мөнгө гэж 200 000 гаруй төгрөг өгсөн. Нэхэмжлэгч 2006 онд миний цалингаас 210 000 төгрөгийг суутган авсан байсан бөгөөд яагаад мөнгө авч байгааг асуухад зардлын мөнгөнөөс гадна хурга аваад үлдсэн мөнгө гэж хэлсэн. Түүнээс хойш надтай мөнгө төгрөг ярьж байгаагүй, надад хүнээс мөнгө зээлэх шаардлага байгаагүй...” гэж  мэтгэлцсэн байна.

1.Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь буруу боловч хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт өгч, алдааг залруулах боломжтой гэж үзэв.

Шүүх нэхэмжлэгч Б.Дыг Г.Гаас зээлийн төлбөрөө 2004 оноос хойш шаардаж байсан болох нь баримтаар тогтоогдоогүй гэж үзэж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т заасныг зөрчсөн байна. Нэхэмжлэгчийн зүгээс ...хариуцагч Г.Гтай харилцаж байсан, 2009 оноос хэвтэрт орж түүнтэй холбогдох боломжгүй болж, эгч дүү хоёроороо яриулж байсан, 2010 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хагалгаанд орсон, ярьж чадахаа больсон, 2013 оны 5 дугаар сарын 23, 2013 оны 10 дугаар сарын 15, 2016 оны 2 дугаар сарын 08, мөн оны 3 дугаар сарын 21-ний өдрүүдэд дахин хагалгаанд орсон талаар Улсын клиникнийн төв эмнэлгийн мэс заслын сорьцын шинжилгээний илгээлт, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн төв салбарын тодорхойлолт, эмчийн зөвөлгөөний 6891 дүгээр шийдвэр /хх-121-135/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацааг хэтрүүлсэн байдал тогтоогдож байхад шүүх хөөн хэлэлцэх хугацааг сэргээх эсэх талаар зохих дүгнэлт хийгээгүй нь буруу болжээ.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл шүүх уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно.

Хэрэгт байгаа баримтаар нэхэмжлэгч Б.Дын шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх боломжтой байна.

2. Б.Дын нэхэмжлэлээс 934 335 төгрөгийг шаардлагын хангах үндэслэлтэй гэж үзэв.

Зохигч талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь 2014 оны 11 дүгээр сард 3 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч уг мөнгийг буцааж төлөх үүрэг хүлээсэн үйл баримт тогтоогдсон ба мөнгийг буцааж бүрэн төлсөн эсэх асуудал маргааны зүйл болжээ. Хариуцагч Г.Г мөнгийг авсан нь тогтоогдож байгаа тул буцааж төлсөн гэдгээ нотлох үүрэгтэй юм. Зохигчийн хооронд хонь захиж мөнгө өгсөн, хонийг хүлээлгэн өгсөн, ашиг өгөхөөр тохирсон гэх үйл баримт хариуцагчийн тайлбараас өөр баримтаар нотлогдоогүй тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэгт байгаа баримтын хүрээнд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг тул хариуцагч үүргээ биелүүлсэн болохыг нотлох ёстой.

Үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч Б.Да нь 2 200 000 төгрөгийг буцааж авснаа хүлээн зөвшөөрснөөр хариуцагчийн биелүүлсэн үүрэг энэ хэмжээнд нотлогдож, үлдэх 800 000 төгрөгийг буцааж өгөөгүй нь тогтоогдсон гэж үзнэ. Түүнээс гадна нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох бензин тосны 200 000 төгрөгийг хариуцагч авснаа зөвшөөрсөн боловч буцааж өгөх үндэслэлгүй гэх татгалзлаа нотлоогүй байна.

Хариуцагч Г.Г нь нэхэмжлэгчийг 2006 онд цалингаас нь 210 000 гаруй төгрөгийг суутган авсан, уг мөнгийг авснаар тооцоо дууссан агуулгатай тайлбар гаргажээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2005 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 4/336 тоот албан бичиг, 2005 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн Биеийн тамирын спортын хорооны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн тайлан зэрэг баримтаар байгууллагын нэг өрөөнд амьдарч байгаа Г.Гаас хэрэглэсэн ус дулаан халаалтын мөнгийг суутгахыг байгууллагад үүрэг болгосны дагуу түүний цалингаас 210 000 төгрөг бус 134 335 төгрөгийг байгууллага авсан байна. Хариуцагч нь суутгасан уг мөнгийг нэхэмжлэгч Б.Дыг авсан гэж үзэж, төлбөр тооцоо дууссан гэснээс үзэхэд 200 000 төгрөгийн нэхэмжлэлээс нотлогдсон хэмжээнд буюу 134 335 төгрөгийг гаргуулж, хариуцагчаас нийт 934 335 /800 000+134 335/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв. 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр  сарын 24-ний өдрийн 287 дугаар магадлал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/01962 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Б.Дын шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснийг сэргээж, хариуцагч Г.Гаас 934 335 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дад олгож, нэхэмжлэлээс 65 665 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дах заалтад “...болгосугай гэснийг ...болгож, хариуцагчаас 26 974 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

                 ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА