Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 266

 

Б.Эрдэнэчулуунд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Д.Булганцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Сарангуа,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 533 дугаар магадлалтай, 201626020185 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Сарангуагийн гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон гэгээн овогт Батшандасын Эрдэнэчулуун нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан “Догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон гэгээн овогт Батшандасын Эрдэнэчулууныг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 03 жил 01 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Б.Эрдэнэчулуунд оногдуулсан 03 жил 01 сар хорих ялыг  тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Батшандасын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэг, өмгөөлөгч Л.Сарангуа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Сарангуа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Б.Эрдэнэчулууны үйлдлийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмын ноцтой зөрчихдөө догшин авирласан гэж хүндрүүлэн зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улсын дээд шүүхийн 41 дүгээр тогтоолд “догшин авирлах гэж олон нийтийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдлийг ичгүүр сонжуургүй авирлаж, харгис хэрцгий аргаар зориуд удтал үргэлжлүүлэн хийсэн байхыг хэлнэ” гэж тодорхойлсон. Шүүгдэгчийн үйлдэлд “ичгүүр сонжуургүй авирлаж, харгис хэрцгий аргаар зориуд удтал үргэлжлүүлэн хийсэн” гэх шинж тогтоогдоогүй. Энэ хэрэг нь олон нийтийн дунд нийгмийн хэв журмыг зөрчиж үйлдэгдээгүй, цэргээс ирсэн найзтай нь хүмүүс маргалдаж байгааг сонсоод Б.Эрдэнэчулуун очиж, маргалдсан гэдэг нь урьдчилж төлөвлөсөн, тодорхой үр дүнд хүрэхийг эрмэлзсэн, үйлдлээ өөрөө мэдэж хянаж байсан, хүссэн үр дүндээ хүрээд үйлдлээ зогсоосон байдал нь танхайн гэмт хэргээс ялгагдах ялгаа юм. Б.Эрдэнэчулууны үйлдэл нь тодорхой сэдэлттэй, хохирогчийн зүй бус ажиллагаанаас үүдэлтэй, хоорондоо маргалдан зодолдож гэмтэл учруулсан нь танхайрах гэмт хэргийн шинжгүй байх тул эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээр зүйлчлэх боломжтой. Улсын Дээд шүүхийн тогтоолд зааснаар “танхайрах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго зэрэг субьектив талын шинж, мөн үйлдэл үр дагавар зэрэг обьектив талын шинжээрээ ялгагдана” гэж заажээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Б.Эрдэнэчулууны үйлдэлд танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар зүйлчилснийг мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Булганцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Б.Эрдэнэчулуун нь 2016 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө  Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шөлөндөө” хоолны газрын үүдэнд иргэн М.Амарыг зодож, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. М.Амар, Буджавтай заамдалцсан байх үед нь Б.Эрдэнэчулуун цаанаас ирээд ямар нэг шалтаг шалтгаангүйгээр шууд М.Амарын нүүр лүү 2-3 удаа цохиж, хамт явж байсан хүмүүс салгасны дараа дахин нүүр лүү нь өшиглөж гэмтээсэн. М.Амар, Б.Эрдэнэчулуун нар бие биеэ танихгүй. Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангажээ.

Б.Эрдэнэчулуун нь 2016 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө  Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шөлөндөө” гэх нэртэй хоолны газрын үүдэнд ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчихдөө иргэн М.Амарыг цохих, өшиглөх зэргээр зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан талаарх үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, уг зүйл хэсэгт заасан хэмжээний дотор хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Танхайрах үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжээрээ хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс ялгагдах бөгөөд Д.Эрдэнэчулуун нь ямар нэг шалтаг шалтгаангүйгээр, юу болсныг асуулгүйгээр М.Амарын нүүрэн тус газар 2-3 удаа цохиж, хүмүүс салгасны дараа дахин өшиглөж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь олон нийтийн өмнө бусдад хүч хэрэглэсэн үйлдэл нь хүмүүсийн хоорондын харилцааны соёлд илтэд хүндэтгэлгүй хандсан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрахдаа догшин авирласан шинжийг агуулсан гэж үзнэ.

Б.Эрдэнэчулуун, М.Амар нар хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж зодолдсон эсхүл гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн байдал хэргийн материалаар тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Сарангуагийн хяналтын шатны шүүхэд гаргасан “... хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү ...” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 533 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Сарангуагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                          ДАРГАЛАГЧ,

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                     Т.УРАНЦЭЦЭГ

                          ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ