Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 53

 

 Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн даргаар: С.Буянхишиг,

Улсын яллагч: Т.Оюунжаргал,  

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Чингэс, З.Батшандас нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон гэгээн овогт Батшандасын Эрдэнэчулуунд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626020185 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар  сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Боржигон гэгээн овгийн Батшандасын Эрдэнэчулуун, 1992 оны 9  дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны ажилтан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19  дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 76-57 тоотод оршин суудаг, урд ял шийтгүүлж байгаагүй, ЕЙ-92092037 тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Эрдэнэчулуун нь 2016 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Шөлөндөө хоолны газрын үүдэнд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин ялимгүй зүйлээр шалтаглан, хүч хэрэглэж иргэн М.Амарыг цохих, өшиглөх зэргээр зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Эрдэнэчулууны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө 01 цагийн үед Шөлөндөө  хоолны газар найзуудын хамт очоод би араас нь орсон. Тэгэхэд нэг залуу Буджавыг заамдаад барьсан байж байхаар нь би салгах гэтэл салахгүй байхаар нь Амарыг 2 удаа нүүр лүү нь цохьсон. Энэ асуудал богино хугацаанд буюу 2 минут л болсон. 200.000 төгрөг хохирогчид төлсөн. 1 сая төгрөг нэхсэн. Би уулзаж тохиролцсон  гэв.

Хохирогч М.Амарын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Мөнх-Учралын машинд суугаад хорооллын Шөлөндөө хоолны газар луу 01 цагийн үед ороод хоол идчихээд гарсан. Түрүүлээд Мөнх-Учрал гараад араас нь дагаад гарсан чинь өөдөөс 5-6 залуучууд шатаар өгсөөд гарч ирж байхад эхний залуу буюу цэрэгт байдаг гэх нүдний шилтэй халзан залуу намайг мөрөлөхөөр нь би яаж яваад байгаа юм бэ гэсэн чинь яаж ч явсан яадаг юм бэ гээд шууд дайрч орж ирээд цохиод байсан. Тэр үед Эрдэнэчулуун гэх залуу нь дундуур орж ирээд нүүр лүү 2-3 удаа цохиод зүүн нүд сонин болоод хавдаад хөхөрсөн. Мөн нүд орчим язраад цус гарсан байсан....Эрдэнэчулуун намайг цохисоныхоо дараа тэлээгээ гаргаж ирээд цохих гээд байсан....Эрдэнэчулуун надтай ямар нэгэн зүйл яриагүй шууд л нүүр лүү 2-3 удаа цохисон. ...тухайн үед тэдгээр залуучуудыг намайг бөөнөөрөө нийлж цохиж зодсон гэж бодож байсан гэтэл одоо бодоод байхад дээрх залуучууд нь салгаад Эрдэнэчулуун л над руу дайрч бид хоёр хоорондоо маргалдсан юм байна лээ. гэсэн мэдүүлэг /хх-14-15,  88/,

Гэрч Б.Мөнх-Учралын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Амар пиво уусан бага зэрэг халамцуу байсан. Гадуур хэсэг явж байгаад хорооллын Шөлөндөө хоолны газар луу 01 цагийн үед Амар бид хоёр хамт ороод хоол идчихээд би түрүүлээд шатаар буугаад араас Амар гарсан. Тэгээд шатаар буухад 2 залуу зөрсөн. Тэгээд гарах хаалган дээр ирэхэд ахиад 4-5 залуучууд зөрөөд орж байсан. Ингээд бүр гадаа гараад эргээд харсан чинь Амар харагдахгүй байхаар нь буцаад шатаар өгссөн чинь Амарааг тойроод 4-5 залуучууд байсан. Энд ирсэн Эрдэнэчулуун гэх залуу нь Амарааг цохиод байсан бусад залуучууд нь өшиглөөд байх шиг байсан. ...Эрдэнэчулуун нь тэлээгээ тайлаад гартаа бариад цохих гээд найзууд нь хориглоод байсан....Амараагийн зүүн нүд хөхөрсөн язраад цус гарсан байсан. 

Ямар ч гэсэн Эрдэнэчулуун гэх залуу манай найз Амарыг цохиж зодож биед нь гэмтэл учруулсан нь үнэн. Харин тэр залуутай хамт явсан гэх залуучууд тойроод зогсож байсан. Би тухайн үед тал талаас нь цохиж зодоод өшиглөж байна л гэж бодсон. Бусдаар тэгдээр залуучуудыг би яг өшиглөөд цохиж зодож байхыг хараагүй. Харин Эрдэнэчулуун гэх залууг нүүрэн хэсэг рүү нь гараараа цохиж зодохыг харсан гэсэн мэдүүлэг /хх-23-24, 98/,

Гэрч Н.Наранбаатарын  мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 01 дүгээр  сарын 03-ны 01 цагийн үед зодуулсан гээд байгаа 2 залуу орж ирэхдээ хоёулаа халамцуу байх шиг байсан, тэгээд тэр хоёр хоол идээд шатаар доошоо буух үед орж ирж байгаа залуучуудтай маргалдаж зодуулсан гэсэн. Намайг үйлчлэгч Чулуунжаргал дуудаад шатан дээр зодоон болоод байна гэж хэлээд яваад очиход нийт 7-8 залуучууд тойрсон байдалтай дунд нь хоёр залуу заамдалцсан хажуугаас нь хоёр залуу салгах гээд зууралдаад байхаар нь би очоод анх орж ирээд хоол идсэн залуугийн нэг нь болох ногоон ноосон цамцтай залууг хар куртиктэй шар ноосон ороолттой залууг салгаад хориод зогсож байсан. Тэгсэн чинь гаднаас хоёулаа орж ирж хоол иддэг залуугийн найз нь гэх намхан залуу орж ирээд миний салгасан залууг аваад явах гэж байхад олуулаа орж ирсэн залуугийн нэг болох хар куртиктэй шар ноосон ороолттой Эрдэнэчулуун гэх гарах гэж байсан залуугийн куртикнээс татаад нүүр лүү нь 3-4 удаа цохих үед нь би салгасан....Тэгээд цохиулсан залууг доошоо буулгаад гаргах үед нүүр лүү нь Эрдэнэчулуун нэг
удаа өшиглөөд авсан. Тэгээд өшиглүүлж цохиулсан залуу гадагшаа гараад хамт байсан залуу нь бас араас нь гараад явсан. Нөгөө залуучууд араас нь гараад би ч гэсэн гадагшаа гараад ирэхэд зодуулсан залууг найз нь аваад явсан. Зодсон залууг найзууд нь хориод буцаад эргээд 7 уулаа болоод ороод ирсэн. Тэгээд тэд нар хоол идэж байхад цагдаа нар ирээд тэр Эрдэнэчулуун гэх залууг дагуулаад бусад нь дагаад гарсан гэсэн мэдүүлэг  /хх-25-26/,

Гэрч Г.Баасандоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...тэгээд хорооллын Шөлөндөө хоолны газар 01 цагийн үед очоод Буджав Гантулгатай хамт түрүүлж ороод бид нар араас нь орсон. Тэгсэн чинь шатан дээр Буджав нэг хүнтэй заамдалцаад зогсож байсан. Гантулга дундуур нь ороод салгах гээд байж байсан. Тэгээд Эрдэнэчулуун хамгийн урд явж байгаад ороод Буджавыг заамдсан залууг шатан дээр 2 удаа цохиод би Эрдэнэчулууныг татаад нөгөө залууг Гантулга татаад Буджав үлдсэн гэсэн мэдүүлэг /хх-17-18/,

Гэрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Шөлөндөө хоолны газарт 01 цагийн үед ирээд дотогшоогоо Буджав цэргийн найзтайгаа түрүүлээд ороод араас нь Эрдэнэчулуун, Ганбат, Баясгалан, Баасандорж бид нар орж ирээд Эрдэнэчулуун хамгийн урд явж байсан болохоор Буджавыг заамдсан залуугийн нүүр лүү нь 2 удаа цохиод тэр залуу Буджавыг тавиад Эрдэнэчулууныг Баасандорж татаж салгаад нөгөө залууг нь Баясгалан бариад хамт байсан залууг нь би аваад гадагшаа гарсан  гэсэн мэдүүлэг / хх-19-20/,

Гэрч Ж.Ганбатын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Замаараа Шөлөндөө рүү орохоор болоод Буджав, Гантулга хоёр түрүүлээд ороод араас нь бид нар орсон. Тэгсэн чинь дотор шатан дээр Буджавыг нэг залуу заамдсан голд нь Гантулга орсон хажуугаас нэг залуу бацаанууд гээд орилоод байж байсан. Тэгээд би болиоч гээд Буджавыг татах гэж байхад Эрдэнэчулуун заамдалцсан байсан хар куртиктэй залуугийн нүүрэнд нь 1 удаа цохиод салсан. Тэгээд Баясгалан хамт байсан залууг нь тэвэрч аваад гараад Лхагвасүрэн цохиулсан залууг аваад гараад Эрдэнэчулууныг Баасандорж тэвэрч аваад Гантулга, Буджав бид гурав гарсан чинь нөгөө хоёр залуу зүгээр зүгээр гэж хэлээд машиндаа суугаад бид нар Шөлөндөө рүү ороод хоолоо идээд дуусч байсан чинь цагдаа ирээд олон нийтийн газар танхайраад байна гээд Эрдэнэчулууныг аваад явсан. гэсэн мэдүүлэг /хх-21-22/,

Гэрч Э.Баясгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Түрүүлээд Ганбат Буджав нар ороод би араас нь цувраад орсон чинь шатан дээр Эрдэнэнчулуун нэг залуутай заамдалцаад дундуур нь Буджав орчихсон байсан. Тэгээд би хамт байсан залууг нь тэврээд хөгшөөн уулзья гээд дагуулаад гараад зүгээр биз дээ гэж асуугаад араас нь нөгөө заамдуулсан залуу нь гарч ирээд тэр хоёр машиндаа суугаад явсан. Эрдэнчулууныг цохихыг би хараагүй тэр залууг яг хаана нь яагаад цохисоныг мэдэхгүй, дараа нь асуусан чинь тэр залуу Буджавыг мөрлөөд маргалдахаар нь Эрдэнэчулуун цохисон гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг /хх-27- 28/,

        Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 752 тоот дүгнэлтэд: Амарын биед зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-33-34/,

            Урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-47/, хорооны тодорхойлолт /хх-49/, төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-50/ зэрэг болно.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл тохироогүй тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна.  

Шүүгдэгч Б.Эрдэнэчулуун нь 2016 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Шөлөндөө хоолны газрын үүдэнд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин ялимгүй зүйлээр шалтаглан, хүч хэрэглэж, иргэн М.Амарыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь:

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн  752 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Эрдэнэчулуун нь олон нийтийн газарт буюу хоолны газрын үүдэнд, хоорондоо маргалдсан Буджав, Амар нарыг салгах нэрийдлээр буюу үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Амарыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан нь танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна.

Хохирогч, шүүгдэгч нарын хооронд ямар нэгэн хувийн таарамж тохиромжгүй харилцаа үүсээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Эрдэнэчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Эрдэнэчулууныг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрах гэмт хэрэгүйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хохирогч нь хохиролд 200.000 төгрөг авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Харин анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүх шүүгдэгч Б.Эрдэнэчулуунд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорыг арилгасан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар шүүхээс оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.