Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/00221/И |
Дугаар | 00055 |
Огноо | 2017-01-09 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 00055
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнжийн 12 дугаар гудамжны 12 тоотод оршин суух Илжгэн овгийн Мунангийн Цэцэгмаагийн /ФБ74111902/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг багийн 5-19-04 тоотод оршин суух, Боржигон овгийн Дугарын Отгонжаргалд /ГЮ82112363/ холбогдох зээлийн төлбөр 22 080 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Цэцэгмаа, хариуцагч Д.Отгонжаргал,хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Д.Отгонжаргалд 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 10 000 000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 12 000 000 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэй, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 6 000 000 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэй, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 10 000 000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэйгээр тус тус зээлдүүлсэн. Энэ мөнгөнүүдийг Д.Отгонжаргал нь надад дэлгүүр ажиллуулах гэж байна бараа татах гэсэн юм дор нь гаргаж өгнө мөнгө дороо эргэлддэг юм байна гэж хэлж зээлсэн юм. Д.Отгонжаргал нь үнэхээр тэр үед Уурхайчин багийн 3-11-р байрны өмнөх дэлгүүрт ажиллаж байсан ба мөн 3-9-ийн урд талд байдаг дэлгүүрийг мөн давхар ажиллуулна гэж хэлж байсан юм.Тэгээд надад дүүдээ тус болооч дэлгүүр ажиллуулбал ашигтай таньд мөнгийг чинь дор нь өсгөөд өгнө гэж хэлсэн.Тэгээд өмнө авсан мөнгөнүүдээ өгөөд байсан болохоор би итгээд дахин дахин мөнгө олж өгөөд байсан юм. Гэтэл сүүлийн мөнгө авснаасаа хойш мөнгөө өгөх нь багасаад сүүлдээ бүр өгөхөө байсан.Тэгээд намайг аргалж бай удахгүй өгнө л гэдэг байсан.Тэгээд 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хоёулаа тооцоо нийлье гээд авсан өгсөн мөнгөө тооцоод үлдэгдэл 33 000 000 төгрөг байна гэж нийлсэн. Ингээд бид харилцан тохиролцож үлдэх мөнгө болох 33 000 000 төгрөгийг тухайн өдрөөс эхлэн 10 хувийн хүүтэйгээр төлж барагдуулахаар бичгэн гэрээ байгуулсан.Отгонжаргал ч хүлээн зөвшөөрч энэ өдрөөс хойш нийт 2 250 000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 13 удаагийн үйлдлээр 100,000-200,000 төгрөгөөр төлсөн байна.Мөн өмнө нь би Д.Отгонжаргалын эгч Д.Өсөхжаргалд 6 500 000 төгрөг 7 хувийн хүүтэй зээлсэн байсныг Д.Отгонжаргал төлж байна гэж нийт 8 670 000 төгрөгийг цувуулан байж төлсөн байдаг ба үүнийг дээрх зээлийн төлөлтөд оруулж тооцьё гэж бодож байна. Би 33 000 000 төгрөгөнд хүү тооцохгүй.Иймээс Д.Отгонжаргалд зээлүүлсэн мөнгөний үлдэгдэл 33 000 000 төгрөгөөс дээрх 2 250 000 төгрөг болон 8 670 000 төгрөгийг хасч нийт 22 080 000 төгрөгийг Д.Отгонжаргалаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч М.Цэцэгмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлээ дэмжинэ.Отгонжаргал нь надаас 4-5 удаа нийт 49 сая төгрөг авсан.Үүнээс төлөөд үлдэгдэл нь 22 080 000 төгрөг төлөх үлдсэн.2014 оны 12 дугаар сарын 03-нд 11 000 000 төгрөг,мөн 12 дугаар сарын 03-нд найз Ганаадаа өгнө гэж 10 000 000 төгрөг,12 дугаар сарын 31-нд 12 000 000 төгрөг,2015 оны 1 дүгээр сарын 20-нд 6 000 000 төгрөг,2 дугаар сарын 26-нд 10 000 000 төгрөг зээлж авсан.Өдөр өдөрт нь төлөлт хийж байсан.150 000, 120 000, 100 000 ,60 000 төгрөгөөр төлж байсан.Сүүлд авсан 10 сая төгрөгнөөс нэг ч төгрөг төлөөгүй.2015 оны 3 дугаар сарын 31-нд бид 2 тооцоо нийлж 31 500 000 төгрөг төлөхөөр болсон.Тэгээд 4 сарын 01-нээс 200 000 төгрөгөөр өдөр өдөрт төлж байсан.6 сарын 09-нд гэрээ байгуулж нотариат орсон боловч батлахгүй гэсэн тул гарын үсгээ зурцгаасан.Эдгээр мөнгөнүүдийг 12-15 хувийн хүүтэй зээлсэн.Төлж байснаа сүүлдээ төлөхгүй болсон.Төлнө гээд л яваад байсан.6 дугаар сарын 09-ний өдөр хийсэн гэрээний дагуу төлөөгүй 22 080 000 төгрөг нэхэмжилж байна.Эгчийнхээ төлбөрт төлсөн мөнгийг тооцоонд оруулж хассан байгаа.Би хувийн дэвтэртээ бүх өгсөн мөнгийг өдрөөр нь тэмдэглээд явдаг.Шүүхэд өгсөн байгаа.Бид төрөл сандан итгэж байсан тул гэрээ байгуулахгүй мөнгөө өгч байсан.Баримт үйлдэж байгаагүй.Найздаа зээлж өгсөн мөнгө нь энэ тооцоонд ороогүй гэжээ.
Хариуцагч Д.Отгонжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие иргэн М.Цэцэгмаагаас нийт 49 000 000 төгрөг увуулж, цувуулж авсан байдаг. Мөнгө авсан цагаас эхэлж би хүү үндсэн мөнгийг тухайн үед өдөр болгон хасалт хийж явдаг байсан. 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр М.Цэцэгмаа эгчид тооцоо дуусгахаар очиж бид 2 миний машинд орж ирж нийт хүү үндсэн мөнгийг бодож 31 500 000 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн. 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 11 000 000 төгрөгний тооцоотой байсан. Энэ мөнгийг анх би хүнд авч өгөөд хүүг нь өгч яваад өөрийн мөнгөнүүдийг дарж дуусаад өөрөөр нь өгөхөөр тохирч дансаар өгч дуусгасан. Дунд нь ганц нэг хоног зогсохоор надаас мессеж бичиж би хүнээс мөнгө авчихсан, хүн нь нэхээд байна гээд олон удаа тийм үйлдэл гарсны хариуд нь чадан ядан дуусгана би хүнээс авсан юм чинь өгнө гэж бичиж байсан. 2016 оны 06 дугаар сард надаас “Отгоо эгч нь хүмүүсийн хүүний өрөнд унаад байна хажуу ломбардны хүмүүсээс мөнгө аваад амьтан хүнд өгчихсөн байсан юм, тэр хүмүүст чамд өдрөөр нь гаргачихсан гээд хэлчихсэн тэр хүмүүс удахгүй өгнө, чи эгчдээ тус болооч гэрээ хийгээд гарын үсэг зураад өгөөч тэр хүмүүсийн итгэлийг олохгүй бол болохгүй байна” гэсэн учраас надад өмнө нь тусалсан байсан дээр нь манай хамаатан гэдгээр нь би бичгээр гарын үсэг зурж өөрийнх нь хэлж бичүүлсэн үгээр бичгээр гэрээ хийж өгсөн. Дараа нь 2015 оны 09 дүгээр сард гэрт ирж ломбардныхан мөнгө нэхээд байна чи очоод уулзаадхаач гээд би очиж уулзсан. Үлдэгдэл 14 000 000 төгрөг өгнө гээд л хэлчих тэгээд болоо, чи хүнээс мөнгө авах юм чинь тэрийг орж ирэхээр өгье гээд хэлчих би тэр хооронд аргална гэж хэлүүлж байсан. Тэгэтэл дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн. Юун нэхэмжлэл юм бол гэж эхлээд гайхсан. 31 500 000 төгрөг төлөхдөө би дэлгүүр авах гэж хүнээс 42 000 000 төгрөг зээлсэн байсан. Тэр мөнгөөрөө М.Цэцэгмаа эгчийн мөнгийг хаасан. Ингээд 42 000 000 төгрөгөө тухайн үед би төлөөд барагдуулсан. М.Цэцэгмаа нь надад 49 000 000 төгрөг зээлүүлэхийн өмнө над дээр ирж уулзсан, би тэр үед энэ хүнтэй мөнгө төгрөгний асуудалгүй байсан. Миний төрсөн эгч болох Д.Өсөхжаргалд 6 500 000 төгрөг зээлсэн. Хүнээс 15 хувийн хүүтэй авч өгсөн. 2013 оны 11 дүгээр сарын 15-нд гэж хэлсэн. Эгч чинь надад 11 800 000 төгрөг өгсөн одоо хүртэл хүү нь тасраад 8 600 000 төгрөг болчихоод байна, эгчийн дүү зохицуулах арга байна уу гэж надаас гуйсан. Би тухайн үед эгчийгээ бодоод өдрөөр нь төлж эхний сар 1 650 000 төгрөг өгсөн, дараа сард нь хүүг нь 7 хувь болгож 8 670 000 төгрөг төлсөн. Би тухайн үед эгчдээ хэлсэн. Цэцэгмаа эгчид таны мөнгийг эхэлж дуусгаж байгаа шүү та надад өгөөрэй гэж хэлэхэд эгч за гэж хэлсэн. Миний эгчид төлсөн мөнгө тусдаа төлөгдсөн байтал 2 жилийн өмнөхөөр бодож эгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж 12 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байсан. Би энэ хүнийг эхнээсээ хүнийг хуурч мэхлэн байсан бол тухайн үед 15 хувийн хүүтэй мөнгө эгчийнхээ өмнөөс төлөхгүй байсан. Дээр нь эгчид маань анхнаасаа 7 хувийн хүүтэй зээлчихээд надаас 15 хувиар бодож хуурч авсан байсан. Би тухайн үедээ 1 650 000 төгрөг төлчихөөд одоо больё их өндөр хүүтэй юм байна гэхэд эгчээс 7 хувь болгочихлоо, дахиад хүүтэйгээ өгөөд 10 сая болчихлоо гэж хэлээд дахин би төлсөөр 8 670 000 төгрөг болсон байсан. Би өөрийн төлсөн мөнгийг өөрөөсөө, эгчийнхээ мөнгийг тусд нь төлсөн болохоор тусд нь гаргуулмаар байна. Тухайн үед эгчийн мөнгө гэж энэ хүн ийм их мөнгө төлүүлээгүй бол би давхар хүү төлөхгүй байх байсан. Эгч маань энэ хүнд нийт 11 500 000 төгрөг төлж барагдуулсан. Анх авсан мөнгө нь 6 500 000 төгрөг, 7 хувийн хүүтэй авсан байдаг гэжээ.
Хариуцагч Д.Отгонжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Би Цэцэгмаагаас анх 2014 оны 12 дугаар сарын 03-нд 10 000 000 төгрөг,12 дугаар сарын 31-нд 12 000 000 төгрөг,2015 оны 1 дүгээр сарын 20-нд 6 000 000 төгрөг,2015 оны 2 дугаар сарын 26-нд 8 000 000 төгрөг авсан.Нийт 36 сая төгрөг зээлж авсан.21 050 000 төгрөг бэлнээр,дансаар 11 000 000 төгрөг,1250 000 төгрөг,1650 000 төгрөг,8 670 000 төгрөг төлсөн.Мөн 2015 оны 3 сарын 31-нд бэлнээр 31 500 000 төгрөг өгсөн.Нийт 74 сая төгрөг төлөөд байгаа.
Нэхэмжлэгч надаас хүү нэхээд байгаа Мөн эгчийн зээлсэн мөнгийг төл гэж хэлсэн.Эгчийн мөнгийг тусад нь тооцмоор байна.Би өөрөө 36 сая төгрөг,найздаа 10 сая төгрөг зээлж авч өгсөн.Нийт 46 сая төгрөг авсан.Надад мөнгө авсан,өгсөн баримт байхгүй.Энэ хүний дэвтэрт тэмдэглэж байсан байгаа гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт 2015-6-09-ний өдрийн “зээлийн гэрээ” гэсэн баримт, нэхэмжлэгчийн хувийн бүртгэл тооцооны 12 хуудастай дэвтэр,гар утсанд үзлэг хйисэн тэмдэглэл, нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулга,зээлийн гэрээ,Төрийн банкны зарлагын мэдүүлэг,гэрчийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Цэцэгмаа хариуцагч Д.Отгонжаргалаас зээлийн төлбөр 22 080 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөөгүй.
Зохигчдын хооронд мөнгөн зээлийн гэрээ амаар байгуулагдан Д.Отгонжаргал нь нэхэмжлэгчээс 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 10 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 12 000 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 6 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 10 000 000 төгрөг тус тус,нийт 38 000 000 төгрөг хүлээж авсан болох нь зохигчдын гаргасан тайлбараар нотлогдож байна.
Зохигчид зээлийн төлбөрийг өдөр бүр эргүүлэн төлөхөөр тохиролцсон талаар тайлбарласан ба зээлийн гэрээг бичгээр байгуулж байгаагүй,нэхэмжлэгч өдөр өдөрт нь төлсөн мөнгийг өөрийн хувийн тооцооны дэвтэрт тэмдэглэж байсан нь хэрэгт авагдсан.Мөн нэхэмжлэгчийн Хаан банкны дансаар төлж байсан төлбөрүүд хэрэгт авагдсан дансны хуулгуудаар тогтоогдсон.
Нэхэмжлэгч хэргийн 3-р хуудаст авагдсан 2015-6-09-ний өдрийн “зээлийн гэрээ” гэсэн баримтыг үндэслэн нэхэмжлэгчээс 22 080 000 төгрөг шаардсан.Зохигчдын тайлбараар, 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч Д.Отгонжаргал нэхэмжлэгчээс 33 000 000 төгрөг хүлээж аваагүй болох нь тогтоогдсон.Энэ талаар нэхэмжлэгч,”Тэгээд 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хоёулаа тооцоо нийлье гээд авсан өгсөн мөнгөө тооцоод үлдэгдэл 33 000 000 төгрөг байна гэж нийлсэн. Ингээд бид харилцан тохиролцож үлдэх мөнгө болох 33 000 000 төгрөгийг тухайн өдрөөс эхлэн 10 хувийн хүүтэйгээр төлж барагдуулахаар бичгэн гэрээ байгуулсан” гэж үндэслэжээ.
2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр зохигчдын хооронд 33 000 000 төгрөг зээлэх мөнгөн зээлийн гэрээ байгуулагдаагүй,өөрөөр хэлбэл,Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно”гэж,196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэрээ байгуулсанд тооцоно гэж тус тус заасан тул 33 000 000 төгрөгний зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ.Иймд энэ гэрээний дагуу нэхэмжлэгчид үүргийн гүйцэтгэл шаардах эрх үүсэхгүй юм.
Харин,хариуцагч нэхэмжлэгчээс зээлж авсан 38 000 000 төгрөгөө эргүүлэн төлөх үүргээ бүрэн биелүүлсэн эсэхийг зохигчдын тайлбар,нэхэмжлэгчийн тооцооны дэвтэр,Хаан банкны дансны хуулгууд зэрэгт үндэслэн тооцвол:Тооцооны дэвтэрт тэмдэглэснээр: 2014-12-03-ны өдөр авсан 10 000 000 төгрөгнөөс бэлнээр 9 600 000 төгрөг,2014-12-31-ний өдөр авсан 12 000 000 төгрөгнөөс бэлнээр 6 100 000 төгрөг,2015-1-20-ны өдөр авсан 6 000 000 төгрөгнөөс бэлнээр 2 340 000 төгрөг,2015-2-26-ны өдөр авсан 10 000 000 төгрөгнөөс бэлнээр 600 000 төгрөг,нийт 18 640 000 төгрөг бэлнээр төлсөн байна.
Нэхэмжлэгчийн Хаан банкны 5090434162 дугаарын дансаар хариуцагч 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэл нийт 19 685 000 төгрөг төлсөн байх ба нийт 38 325 000 төгрөг эргүүлэн төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна.Иймд хариуцагчийг дээрх амаар байгуулсан зээлийн гэрээнүүдийн дагуу мөнгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “...зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл,тоо,чанар,хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ” гэж заасны дагуу зээлж авсан 38 000 000 төгрөгөө эргүүлэн төлөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Миний бие Д.Отгонжаргалд 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 10 000 000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 12 000 000 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэй, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 6 000 000 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэй, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 10 000 000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэйгээр тус тус зээлдүүлсэн”гэж үндэслэж байх боловч хариуцагчид мөнгө зээлүүлэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж заасанд нийцүүлэн хүүгийн талаар бичгийн гэрээ байгуулаагүй байх тул, мөн зүйлд “Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар хариуцагчаас зээлийн хүү төлүүлэхээр шаардах эрхгүй байна.
Шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.Өсөхжаргал мэдүүлэхдээ “Би Цэцэгмаагаас 2014 оны 11 дүгээр сарын 25-нд 6 500 000 төгрөг зээлж авсан.Өдөрт төлбөр хийж явсан.Гэтэл 14 сая төгрөг төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан”гэсэн ба хэргийн 105-107 дугаар хуудаст авагдсан шүүхийн шийдвэрээр энэ нь батлагдаж байна.Иймд хариуцагч Отгонжаргалаас “эгчийн төлбөрт” гэж төлсөн мөнгийг буцаан төлсөн мөнгөний тооцооноос хасаагүй болно.
Ийнхүү нэхэмжлэгч нь хариуцагчаас 22 080 000 төгрөг шаардах эрхийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 268350 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээхээр заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул Д.Отгонжаргалаас 22 080 000 төгрөг гаргуулах тухай М.Цэцэгмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид,тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ