Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/01096

 

З.Зы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2018/00162 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 749 дүгээр магадлалтай,

З.Зы нэхэмжлэлтэй

Х.А, Ц.Энарт холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 491 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Х.Аын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Адалбек нар нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ц.Эт 12 тонн 491 кг тарвасыг 1 кг-ийг 1000 төгрөгөөр бодож 12 491 000 төгрөгөөр худалдсан. Ц.Этөлбөрийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Ц.Эаас 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 3 000 000 төгрөг, 2 000 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 3 000 000 төгрөг, нийт 8 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч нар шилжүүлсэн мөнгөн дүн дээр маргадаггүй. Үлдсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй тарвас муудсан гэж тайлбарладаг. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжихээр заасан. Хариуцагч нар З.Зтай уулзаад тарвасыг худалдаж аваад өөрийн өмчлөлд шилжүүлж үнийн тухай харилцан тохиролцсон. Дараа нь тохиролцсон үнийн дүнгийн зарим хэсэг болох 8 000 000 төгрөгийг төлсөн байдаг. Иймээс үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой. З.Зы мэйл рүү өөрсдийн шивсэн бичгийг явуулсан байдаг. Үүнийгээ ч хариуцагч нар хүлээн зөвшөөрдөг бөгөөд хариуцагч нараас 4 491 000 төгрөг гаргуулах үндэслэлтэй. Худалдах худалдан авах гэрээг амаар байгуулж болдог. Талууд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн үнийг тохиролцсон. Талууд гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагагүй. Тиймээс худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдсан. Хэрвээ бараа муудсан байвал тухайн үед буцаах эрхтэй байсан. Хайрцаг болгоныг жигнэж, эксел программ дээр шивэлт хийж авсан байдаг. Худалдан борлуулж ашиг олчхоод мөнгийг өгөхгүй байх нь үндэслэлгүй байна. Мэргэжлийн хяналтын байгууллагад хандаад муудаад устгалд оруулсан баримт байдаггүй. Зүгээр л амаар ярьдаг. Зарагдаагүй байсан бол зохих хэмжээний мөнгийг шилжүүлэхгүй байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. Хариуцагч нар 1 кг-ийг 700 төгрөгөөр авсан гэж байна. Гэхдээ анх хариуцагч нар 1000 төгрөг гэж зөвшөөрч байсан. 1000 төгрөгөөр тохиролцсон нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Тарвасыг дэлгүүрүүдэд тараасан. Дэлгүүр худалдаж авахдаа падаан бичдэг. Буцаасан талаар баримт байхгүй. Хэрвээ дэлгүүр буцаалт хийсэн бол бас падаан бичиж буцаалт хийдэг. Чанар муутай байсныг хариуцагч нар нотлох ёстой байсан. Тийм баримт байхгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үлдэгдэл үнэ 4 491 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Эшүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хариу тайлбар өгсөн. Тухайн тохиролцсон ажлууд гэрээний дагуу хийгдээгүй. Эрсдэлийн талаар тохиролцсон. 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хавьцаа хилээр тарвас орж ирсэн гэж тооцож байсан. Тарвасыг +8 градуст хадгалах ёстой. 2016 оны 06 дугаар сарын 31-ний өдөр очиход агуулах гэж хэлэхээргүй газар тарвасыг хадгалж байсан. Тухайн тарвасыг хүлээн авахад нэг бүрчлэн ширхэглэн хүлээж авах боломжгүй, бас тухайн үед гэрээ хийх боломж байгаагүй. Хүргэн ах нь бичлэг хийж байсан. З.З хамгийн сүүлд 1 000 000 төгрөг өгчих гэж хэлж байсан ч бид хүлээж аваагүй. Бид 5900 кг-ийн тарвасны эрсдэлийг үүрсэн. Хагас сарын хугацаанд зориулалтын бус газар хадгалсан тарвасыг худалдаж авсан. Борлуулалт хийх явцад агуулахын түрээс 682 000 төгрөг, борлуулалтын зардал 1 300 000 төгрөг, шатахуун 500 000 төгрөг гэх зардлуудыг гаргасан. Барааг хүлээж аваад залилангийн чанартай төлбөрийг төлөхгүй гэсэн зүйл байгаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үйл баримтыг сайн мэдэхгүй байна. Бидний харилцсан чатад бичигдсэн зүйлийг бүхэлд нь хэрэгт өгөөгүй зөвхөн өөрийнхөө бичсэн чатыг өгсөн. Хилээр оруулж ирсэн хил гаалийн баримтыг нэхэмжлэгч яагаад аваагүй вэ. Бид боломжоороо мөнгийг өгсөн. Тарвасыг нэг бүрчлэн задлаад харах боломж байхгүй гэв.

Хариуцагч Х.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээгээр энэ харилцаа зохицуулагддаг. Жимс жимсгэнэ, хүнсний ногоо зэрэгт эрсдэлийн тооцоолол байдаг. Эрсдэлээ тохиролцоогүй, гэрээ хийгээгүй байж яаж 4 000 000 төгрөг нэхэмжилдэг байна. Амаар тохиролцсон байж болно. Гэхдээ З.Зы бидэнд амлаж байсан амлалт хэрэг болохгүй гэж бодсон. 35 хувийн эрсдэлийг тооцно гэж З.Зтай тохиролцсон. Эцсийн хэрэглэгч бол тарвасыг гэртээ аваачаад зүссэн хүн байдаг. Хэрвээ муудсан бол худалдаж авсан дэлгүүртээ гомдол гаргадаг. Тэгээд дэлгүүр автоматаар биднээс эрсдэл суутгадаг. Бид борлуулж өгье гээд сайхан сэтгэл гаргахад эргээд биднээс мөнгө нэхэмжлээд шүүхэд хандаж байгаад гутаж байна. Итгэж байсан нь алдаа болсон байна гэв.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2018/00162 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасныг баримтлан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч Ц.Э, Х.А нараас 4 491 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Зд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86 810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э, Х.А нараас 86 806 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Зд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 749 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2018/00162 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 806 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Х.А хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлал нь Иргэний хуулийн 243.1, 255.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Э, Х.А нараас 4 491 000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэгч З.Зы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байтал нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь ИХШХШТХуулийн 172.2.1-д заасан шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ИХШХШТХ-н 116.2-д заасан шаардлагыг хангаагүй, зөрчсөн, үндэслэлгүй, буруу шийдвэр гаргалаа гэж үзэж шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хариуцагч Х.А миний бие хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. 1. Нэхэмжлэгч нь хариуцагч нарт тарвасыг худалдахдаа Иргэний хуулийн 243.1-д заасан шаардлагыг хангаж биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх үүргээ биелүүлээгүй байхад шүүх нэхэмжлэгчийг эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. 2. Хариуцагч нар нь хүлээн авсан тарвас муудсан, чанарын шаардлага хангаагүйг нотлохын тулд шүүхэд тухайн тарвас Монгол улсын хилээр хэзээ З.Зы нэр дээр орж ирсэн талаарх лавлагааг гаргуулсан ба уг лавлагаагаар З.Зы нэр дээр тарвас хилээр орж ирээгүй байдаг. Гэтэл шүүх тарвасыг хэзээ, хэний нэр дээр тарвас орж ирсэн нь энэ хэрэгт хамааралгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Анх шүүхэд З.З оруулж ирсэн гэж тайлбар өгсөн байдаг. 3. Мөн шүүхэд хариуцагч нар нь нэхэмжлэгчийн гар утасны мессежийг бүрэн эхээр нь гаргуулах хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг шүүх шийдвэрлэлгүй шүүх хурлыг хийсэн. Хариуцагч нарын тайлбарт ямар хүсэлт гаргаж байгаа нь ойлгомжгүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Үүнийг анхан шатны шүүх тодруулах ёстой байсан. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул хариуцагч Х.Аын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Нэхэмжлэгч З.З нь хариуцагч Х.А, Ц.Энарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4 491 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зөвшөөрөөгүй байна.

Нэг талаас З.З, нөгөө талаас Х.А, Ц.Энар нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 12 тонн 491 кг тарвасыг 1 кг-ийг 1000 төгрөгт тооцож, нийт 12 491 000 төгрөгөөр тохиролцож худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, хариуцагч нар 8 000 000 төгрөг төлсөн үйл баримт зохигчийн тайлбар, Хаан банкны депозит дансны хуулга,  хариуцагчаас нэхэмжлэгчийн мэйл хаяг руу явуулсан “тарвасны орлого” /2016.07.01/ гэсэн баримтаар нотлогдсон, шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын дагуу нэхэмжлэлийг хангасан нь хуульд нийцжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Зохигч талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, эсвэл хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийг татгалзахдаа нийлүүлсэн тарвас хил, гаалиар орж ирсэн баримтгүй, зориулалтын бус агуулахад 6 сар хадгалсан байсан, тарвас муудсан байсан тул буцаалт хийгдэж, 5 900 кг тарвас муудаж, эрсдэл учирсан, жимс ногооны наймаанд баримталдаг эрсдлийн хувийг нэхэмжлэгч тохирсон атлаа биелүүлэхгүй байна гэсэн үндэслэл заасан боловч энэ талаар баримтаар нотолж, нэхэмжлэлийг үгүйсгэж чадаагүй байна. Гэрээний зүйл болох тарвасыг хилээр оруулж ирсэн баримт, гаалийн бүрдүүлэлт байхгүй байгаа нь уг эд хөрөнгийг доголдолтой гэж үзэх хангалттай үндэслэл, нотолгоо биш болно. Хариуцагч нар нь хилээр оруулж ирсэн холбогдох баримтгүй байхад тарвасыг хүлээж авснаас гадна тарвас муудаж гэмтсэн талаар нэхэмжлэгч талд мэдэгдэж байсан талаар нотлоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нэхэмжлэлийг үгүйсгэж, худалдан авсан тарвас биет байдлын доголдолтой болохыг баримтаар нотлох үүрэгтэй юм.

Хариуцагч Х.Аын хяналтын гомдолд дурдсан “...шүүх нотлох баримтыг ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, ...нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн талаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 251 дүгээр зүйлийн 251.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж хууль зүйн дүгнэлт өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2018/00162 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 749 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86 608 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА