Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/145

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч Б.Батсүх,

Хохирогч П.Бц,

Гэрч Л.Одончимэг,

Шүүгдэгч А.Бийн өмгөөлөгч Б.Чинбаатар, Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч М.Оын өмгөөлөгч Г.Должинсүрэн,

Шүүгдэгч С.Оын өмгөөлөгч Д.Энхцэцэг,

Шүүгдэгч А.Б, М.О, С.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Т овогт А.Б, Х овогт М.О, Х овогт С.О нарт холбогдох эрүүгийн 1818000990538 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Т овогт А.Б /РД: /, Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино, телевизийн найруулагч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн “..................” театрт дарга ажилтай, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

2. Монгол Улсын иргэн, Х овогт М.О /РД: /, Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн “..................” театрт ерөнхий нягтлан бодогч ажилтай, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

3. Монгол Улсын иргэн, Х овогт С.О /РД: /, Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Бийг Дархан-уул аймгийн “..................” театрын даргаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаартай тушаалаар биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй С.Оыг Дархан-уул аймгийн “..................” театрт цахилгааны  инженер албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй С.Оын нэрийг цагийн балансад нэмж оруулан 3.352.709 төгрөгийн цалин олгож, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч М.Оыг Дархан-уул аймгийн “..................” театрын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа шүүгдэгч А.Бийн дээрх үйлдэлд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч С.Оыг шүүгдэгч А.Бийн дээрх үйлдэлд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч А.Бийг Дархан-уул аймгийн “..................” театрын даргаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 3 дугаар сард иргэн Д.Обаар тус байгууллагын төгөлдөр хуурыг хөглүүлж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлыг төлөхийн тулд 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 37 дугаартай тушаал гаргаж, Д.Обыг Дархан-Уул аймгийн “..................” театрт концертмэйстрийн албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй Д.Обын нэрийг цагийн балансад нэмж оруулан 541.221 төгрөгийн цалин олгон 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан,

2017 оны 12 дугаар сард иргэн Х.Хын “Модун” хамтлагийг тус байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд оролцуулж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлыг төлөхийн тулд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 131 дугаартай тушаал гаргаж, Х.Х, Б.М нарыг Дархан-Уул аймгийн “..................” театрын хөгжимчин албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй Х.Х, Б.М нарын нэрийг цагийн балансад нэмж оруулан нийт 1.191.944 төгрөгийн цалин олгож төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг зааснаар,

Шүүгдэгч М.Оыг Дархан-уул аймгийн “..................” театрын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа шүүгдэгч А.Бийн дээрх үйлдэлд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Гэм буруугийн шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

1.1 Шүүгдэгч А.Б нь Дархан-Уул аймгийн  Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/31 дугаартай захирамжаар 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс “..................” театрын даргаар, шүүгдэгч М.О нь Дархан-Уул аймгийн “..................” театрын даргын 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаартай тушаалаар ерөнхий нягтлан бодогчоор тус тус томилогдон ажиллаж байгаа ба Авилгын эсрэг хуулийн 4.1.2-т заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь А.Бийг “Залуучууд театрын даргаар томилсон Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/31 дугаартай захирамж, “..................” театрын даргын ажлын байрны тодорхойлолт, шүүгдэгч А.Бийн “..................” театрын даргын албан тушаалд байгуулсан хөдөлмөрийн гэрээ /3-р хх-ийн 90-96/, М.Оыг “..................” театрын ерөнхий нягтлан бодогчоор шилжүүлэн ажиллуулах тухай “..................” театрын даргын 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаартай тушаал, “..................” театрын ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт /3-р хх-ийн 118-119/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч А.Б нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаартай тушаалаар шүүгдэгч С.Оыг Дархан-Уул аймгийн “..................” театрт цахилгааны инженерийн албан тушаалд томилж, 2017 оны 08 дугаар сарын 22-нд ажлаас чөлөөлж, энэ хугацаанд С.Оад 3.020.459 төгрөгийн цалин олгож, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 322,250.49 төгрөг төлсөн болох нь

Шүүгдэгч С.Оыг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс цахилгааны инженерээр түр томилсон тухай Дархан-Уул аймгийн “..................” театрын дарга А.Бийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаартай тушаал, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай Дархан-Уул аймгийн “..................” театрын дарга А.Бийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаартай тушаал, түүнд цалин олгосон тухай баримт /1-р хх-ийн 5-27/,

“..................” театрын 2017 оны 1-7 сарын цалингийн баримт, 8-12 сарын цалингийн баримт /2-р хх-ийн 167-213/,

Шүүгдэгч С.Оын “..................” театрт цахилгааны инженерээр ажилд орохоор гаргасан хүсэлт, хөдөлмөрийн гэрээ, цалинтай чөлөө хүссэн өргөдөл, ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт /2-р хх-ийн 214-232/,

Шүүгдэгч С.Оад олгосон 3.020.459 төгрөгийн цалинг шүүгдэгч А.Б, М.О нараас хувь тэнцүүлэн төлүүлэх тухай улсын ахлах байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/06 дугаартай акт /1-р хх-ийн 68-69/,

Шүүгдэгч С.Оын ХААН банк дахь 5029909518 тоот дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /1-р хх-ийн 98-243/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 012 дугаартай шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 182-187/ зэргээр нотлогдож байна.

Гэвч шүүгдэгч А.Бийн энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй гэж үзэх боломжгүй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг гэдэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдал, эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэм буруутай үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч А.Б нь ажил олгогчийн хувьд өөрийн байгууллагад ажилтан томилох, чөлөөлөх, цалинтай болон цалингүй чөлөө олгох эрхтэй бөгөөд С.Оын хүсэлтийг үндэслэн түүнийг “..................” театрт цахилгааны инженерээр томилсон, цалинтай чөлөө олгосон, ажлаас чөлөөлсөн үйлдлийг хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн, хийх ёсгүй үйлдэл хийсэн, бусдад давуу байдал бий болгосон гэж буруутгах боломжгүй юм.

Түүнчлэн А.Бийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй тул шүүгдэгч М.О, С.О нарыг А.Бийн үйлдсэн гэмт хэргийг дэмжиж хамтран оролцсон гэж үзэхгүй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Т овогт А.Б, Х овогт М.О, Х овогт С.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Оыг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

1.2 Шүүгдэгч А.Б нь 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаартай тушаалаар Д.Обыг Дархан-Уул аймгийн “..................” театрт концертмейстрийн албан тушаалд түр томилж, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, энэ хугацаанд Д.Обт 487.587 төгрөгийн цалин олгож, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 53,634.57 төгрөг төлсөн,

- 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 131 дугаартай тушаалаар Х.Х, Б.М нарыг Дархан-Уул аймгийн “..................” театрт хөгжимчин албан тушаалд томилж, энэ хугацаанд Х.Ход 536.912 төгрөгийн цалин олгож, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 59,060.32 төгрөг төлсөн, Б.Мд 536.912 төгрөгийн цалин олгож, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 59,060.32 төгрөг төлсөн гэх үйл баримт нь

Иргэн Х.Х, Б.М нарыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хөгжимчнөөр томилсон тухай Дархан-Уул аймгийн “..................” театрын дарга А.Бийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 131 дугаартай тушаал, тэдэнд цалин олгосон тухай баримт /1-р хх-ийн 28-31/,

Иргэн Д.Обыг 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс концертмэйстрийн албан тушаалд томилсон тухай Дархан-Уул аймгийн “..................” театрын дарга А.Бийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаартай тушаал, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай Дархан-Уул аймгийн “..................” театрын дарга А.Бийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай тушаал, түүнд цалин олгосон тухай баримт /1-р хх-ийн 32-35/,

Иргэн Д.Обт олгосон 487.587 төгрөг, Х.Ход  олгосон 536.912 төгрөг, Б.Мд олгосон 536.912 төгрөгийг шүүгдэгч А.Б, М.О нараас хувь тэнцүүлэн төлүүлэх тухай улсын ахлах байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/07 дугаартай акт /1-р хх-ийн 70-71/,

Дархан-Уул аймгийн  Санхүүгийн хяналт, аудитын албанаас “..................” театрын 2014-2017 оны эхний хагас жилийн баримт шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 74-97/,

Иргэн Д.Обын ХААН банк дахь 5031602265 тоот дансны, иргэн Х.Хын ХААН банк дахь 5055543210 тоот дансны, иргэн Б.Мын ХААН банк дахь 5046164006 тоот дансны хуулгуудад үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /1-р хх-ийн 98-243/,

“..................” театрын 2017 оны 1-7 сарын цалингийн баримт, 8-12 сарын цалингийн баримт /2-р хх-ийн 167-213/,

 “..................” театрын бүтэц, орон тоог баталсан “..................” театрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай тушаал /2-р хх-ийн 237-238/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 012 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэвч Дархан-Уул аймгийн “..................” театрт Д.Об нь концертмейстрээр, Х.Х, Б.М нар нь хөгжимчнөөр огт ажиллаагүй, ажиллах хүсэлт гаргаагүй, Д.Об нь Дархан-Уул аймгийн “..................” театрын төгөлдөр хуурыг хөглөж, ажлын хөлс авсан, Х.Х нь “..................” театрын шинэ жилийн арга хэмжээнд урлагийн тоглолт үзүүлж, хөлс авсан болох нь:

Хохирогч Г.Нийн өгсөн: ...”..................” театрын дарга А.Б нь иргэн С.Оыг 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2017 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд 19 тоот тушаал гаргаж цахилгааны инженерээр ажиллуулсан гэж түүнд 3.352.709 төгрөгийн цалинг олгосон байдаг, мөн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 37 тоот тушаалаар Д.Обыг театрын концертмейстерийн албан тушаалд томилон 2017 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллуулан 487.587 төгрөгийн цалин өгсөн байсан. Мөн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 131 тоот тушаалаар иргэн Х.Х, Б.М нарыг хөгжимчнөөр ажиллуулан тэдгээрт 1,073,824 төгрөгийн цалин өгсөн байдаг. А.Б нь даргын хувьд театртаа ажилтан албан хаагчийг тушаал гаргаж ажилд авах эрх нь байгаа боловч дээрх нэр бүхий 4 иргэнийг ажилд авсан тушаал гаргаж, тэдгээрт ажиллаагүй байхад нь цалин олгосон 3.524.464 төгрөгийг байгууллагад учруулсан хохирол гэж үзэн нэхэмжилнэ гэх мэдүүлэг /3-р хх-ийн 177-178/,

Гэрч Д.Обын өгсөн: ...Би тус театрт концертмейстрээр томилогдон ажилласан асуудал огт байхгүй. 2017 оны 2, 3 дугаар сард “..................” театрын төгөлдөр хуурыг хөглөж, ажлын хөлсөө ХААН банкны 5031602235 дугаарын дансаар авсан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 63-64/,

Гэрч Х.Хын өгсөн: ...намайг Дархан-Уул аймгийн “..................” театрын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 131 дугаартай тушаалаар тус театрт хөгжимчнөөр томилсон тушаал гарсаныг би огт мэдэхгүй, энэ тушаалын талаар би одоо л сонсож байна. “..................” театраас “Күйн” цэнгээний газарт 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр амьд хөгжмийн тоглолт тоглуулмаар байна гэхээр нь бид нар тоглолтын төлбөрийг 1.000.000 төгрөгөөр тохиролцсон. Ингээд манай төлбөрийг урьдчилж өгөхөөр болсон бөгөөд ингэхдээ “бэлнээр бус дансаар шилжүүлнэ” гэж хэлээд миний регистрийн дугаар болон ХААН банкны 5108016683 дугаарын дансыг авсан. Мөн “төлбөрийг хувааж хийнэ” гэж хэлээд манай эхнэр Мын регистрийн дугаар, дансны дугаарыг авсан юм. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “..................” театраас миний болон эхнэрийн дансанд мөнгө орж ирсэн. Тэгэхээр нь би тоглолтын мөнгө байна гэж бодоод авсан. Түүнээс цалин бол биш. Тоглолтын талаар “..................” театрын менежер Ерболоттой ярилцаж тохиролцсон. “..................” театрын нягтлан бодогч гэх хүүхэн утсаар ярьж дуудаж уулзаад “төлбөр хийх гэж байна” гээд регистр болон ХААН банкны дансны дугаарыг авсан.

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эхнэр бид хоёрын данс руу 436.929 төгрөг шилжин орсон. “..................” театрын менежер Ерболот руу 270.000 төгрөгийг шилжүүлж, 600.000 төгрөгийг хамтлагийн уран бүтээлчиддээ ажлын хөлс болгож өгсөн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44, 3-р хх-ийн 67-68/,

Гэрч Б.Мын өгсөн: Би Дархан-Уул аймгийн “..................” театрт огт ажилладаггүй. Манай нөхөр Х ч гэсэн ажилладаггүй. “..................” театрын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 131 дүгээр тушаалыг би мэдэхгүй. Манай гэр бүлийн хүн болох Х нь “..................” театраас тоглолтын мөнгөө авах гэсэн юм гээд миний дансны дугаарыг авсан. Тэгээд мөнгө орж ирсний дараа нөхөр лүүгээ энэ мөнгийг шууд шилжүүлсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46/,

Гэрч М.Еын өгсөн: ...Би дарга А.Б, ерөнхий нягтлан бодогч М.О нарт “шинэ жилийн арга хэмжээнд зориулан 1.000.000 төгрөг гаргаж өгөх боломж байна уу? 600.000 төгрөгийг “Модун” хамтлагт, 200.000 төгрөгийг хөтлөгч Энх-Одод, үлдсэн 200.000 төгрөгийг уран бүтээлчдийн хоол ундны зардалд зарцуулмаар байна” гэхэд А.Б “боломжгүй, байгууллагад тийм их хэмжээний мөнгө байхгүй” гэж хэлсэн. Гэтэл ерөнхий нягтлан бодогч “нэг ийм гаргалгаа байна. “Модун” хамтлагийн 2 гишүүн дээр ажилд авах тушаал гаргаад, цалингийн сангаас хамтлагийн хөлсийг гаргаж өгье” гэхэд дарга “тэгж болох юм уу?” гэсэн. Ерөнхий нягтлан бодогч “болно. Хын утасны дугаарыг өгчих, би зохицуулна” гээд дугаарыг нь авсан. Би хэд хоногийн дараа Х руу 830.000 төгрөг шилжүүлсэн байснаас Х хамтлагийн хөлсийг аваад 270.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Би 270.000 төгрөгөөс 200.000 төгрөгийг хөтлөгч Энх-Одод, 30.000 төгрөгийг шинэ жилийн арга хэмжээнд оролцсон хамтлаг, дуучид, бүжигчдэд ундаа, ус худалдаж авч, 40.000 төгрөгийг арга хэмжээний үед зохиосон хөгжөөнт тоглоомын бэлэгт зарцуулсан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 41-44/,

Гэрч Д.Аийн өгсөн: ...С.О, Д.Об, Х.Х, Б.М гэх хүмүүс манай байгууллагад ажилладаггүй. Миний хувьд 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хүний нөөцийн менежерээр томилогдсон учир С.О, Д.Об нартай холбоотой ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн талаарх тушаалыг мэдэхгүй. Х.Х, Б.М нарын ажилд томилогдсон тушаалыг харахад миний огт хараагүй хуулийн зүйл заалтыг буруу бичсэн тушаал байсан тул бичиг хэргийн ажилтан Мөнхзулаас тодруулан асуухад “ерөнхий нягтлан бодогч М.О тушаалыг төлөвлөн байгууллагын дотоод сүлжээгээр над руу явуулахаар нь би тушаал болгон гаргасан” гэж хэлсэн. Би “ерөнхий нягтлан бодогч М.О юу гэж ажилд авах тушаал төлөвлөх юм бэ? яагаад худлаа яриад байгаа юм бэ?” гэхэд Мөнхзул “над руу явуулсан тушаал нь миний компьютер дээр байгаа” гээд харуулсан. Би Мөнзултай уулзчихаад ерөнхий нягтлан бодогч М.Отай уулзаж асуухад “би тушаал төлөвлөөгүй. Бичиг хэргийн ажилтан Мөнхзул тушаалыг оруулж ирсэн” гэж хэлсэн. Х.Х, Б.М нарын хувийн хэрэг, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ байхгүй. С.О, Д.Об нарын хувийн хэргийг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 36-39/,

 ...намайг цагийн бүртгэлийг хянаад нягтлан бодогч От хүлээлгэж өгөх хүртэл цагийн бүртгэлд Х, М нарын нэр бичигдээгүй байсан тул Х, М нарын нэрийг цагийн бүртгэлд хэн бичсэнийг О л мэднэ. О, Об нар нь намайг хүний нөөцийн ажилд томилогдоогүй байхад тушаал нь гараад цалин авчихсан хүмүүс байсан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 223-225/,

Гэрч Б.Мын өгсөн: ...С.О, Д.Об, Х.Х, Б.М гэх хүмүүс манай байгууллагад ажилладаггүй. 2017 оны 12 дугаар сард ерөнхий нягтлан бодогч байгууллагын дотоод сүлжээгээр над руу Х.Х, Б.М нарыг ажилд авах тушаалын төслийг шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч, албан бланк дээр хэвлэн Б даргад танилцуулж, батлуулсан... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 45-46/,

Гэрч Р.Эын өгсөн: ...С.О, Д.Об, Х.Х, Б.М нар манай байгууллагад ажилладаггүй. Цагийн бүртгэлийн хуудас дээрх бичгийн хув миний бичгийн хэв мөн байна. Гэхдээ О гэх нэрийг би бичээгүй. Бусад нэрсийг би бичсэн. С.Оын хувьд манай ангид огт ажиллаж байгаагүй... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 47-49/,

Гэрч П.Чийн өгсөн: ...Д.Об нь жил бүр манай театрын төгөлдөр хуурыг хөглөдөг. 2017 оны 3 дугаар сард нэг төгөлдөр хуурыг 60.000 төгрөгөөр, нийт 6 ширхэг төгөлдөр хуур хөглөсөн. Түүний төгөлдөр хуур хөглөсөн төлбөрийг тушаал гаргаж, цалингийн сангаас олгосон байсан. Х.Хын хувьд 2017 оны 12 дугаар сард манай шинэ жилийн арга хэмжээнд оролцсон нь үнэн. Уг хамтлагийн төлбөрийг өгөхийн тулд тушаал гаргаж, цалингийн данснаас олгосон юм билээ гэх мэдүүлэг /3-р хх-ийн 50-52/,

Шинжээч Д.Мөнхцэцэгийн өгсөн: ...улсын байцаагчийн 23-02-18/06 дугаартай актыг үндэслэлтэй байна гэж үзсэн. Учир нь “..................” театрын даргын тушаалаар С.Оыг цахилгааны инженерээр томилж, 2017 оны 02 дугаар сарын 06-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 3.020.459 төгрөгийн цалин олгож, байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлд 332,250.49 төгрөгийг төлсөн байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр С.О нь “..................” театрт ажиллаж байгаагүй нь тогтоогдсон тул төсөвт 3,352,709.49 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн. Харин улсын байцаагчийн 23-02-18/07 дугаартай актын хувьд “..................” театрын даргын тушаалаар Д.Обыг концертмэйстрийн албан тушаалд томилж 487.587 төгрөгийн цалин олгож, байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлд 53,334.57 төгрөг төлсөн, Х.Х, Б.М нарыг хөгжимчнөөр томилж тус бүр 536.912 төгрөгийн цалин олгож, байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлд 118,120.64 төгрөг төлсөн байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр Д.Об, Х.Х, Б.М нар нь тус байгууллагад үйлчилгээ үзүүлсэн нь тогтоогдож байх ба дээрх иргэд нь ажлын хөлсөө авсан талаар мэдүүлсэн байдаг. Тус байгууллагын дарга, нягтлан бодогч нар нь дээрх 3 хүнд олгосон ажлын хөлсийг бусдаа ажил, үйлчилгээ үзүүлэх зардлаас гаргалгүйгээр цалингийн зардлаас олгосон нь санхүүгийн зөрчил байна. Цалингийн зардлаас уг ажлын хөлсийг олгосноороо нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 171,755.21 төгрөгийн хохирлыг улсын төсөвт учруулсан байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 189-190/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч А.Бийн Д.Об, Х.Х нараар ажил үүрэг гүйцэтгүүлсний хөлсийг төлөх зорилгоор,  Д.Об, Х.Х, Б.М нарыг ажилд авсан тушаалыг хуурамчаар үйлдэж, байгууллагын цалингийн сангаас Д.Обт 487.587 төгрөгийн цалин олгож, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 53,634.57 төгрөг төлсөн, Х.Ход 536.912 төгрөгийн цалин олгож, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 59,060.32 төгрөг төлсөн, Б.Мд 536.912 төгрөгийн цалин олгож, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 59,060.32 төгрөг төлсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Түүнчлэн шүүгдэгч М.О нь Дархан-Уул аймгийн “..................” театрын ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг бөгөөд батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах,  байгууллагын мөнгөн хөрөнгийг зөв зохистой ашиглах, хяналт тавих, батлагдсан орон тооны хүрээнд ажилчдын цалин хөлсийг хугацаанд нь олгох чиг үүрэгтэй тул шүүгдэгч А.Бийн үйлдэлд хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч А.Б, М.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгч А.Б, М.О нар нь Д.Об, Х.Х, Б.М нарт хууль бусаар олгосон цалин 1.561.411 төгрөг, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 171.754 төгрөг, нийт 1.733.165 төгрөгийн мөнгөн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсныг хохиролд тооцож, шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүр 866.582 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 171 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 46 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн М.О нь С.Оад олгосон 3.020.459 төгрөгийн цалинг шүүгдэгч А.Б, М.О нараас хувь тэнцүүлэн төлүүлэх тухай улсын ахлах байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/06 дугаартай акт, Д.Обт олгосон цалин 487.587 төгрөг, Х.Ход  олгосон цалин 536.912 төгрөг, Б.Мд олгосон цалин 536.912 төгрөгийг шүүгдэгч А.Б, М.О нараас хувь тэнцүүлэн төлүүлэх тухай улсын ахлах байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/07 дугаартай актын төлбөрөөс өөрт холбогдох 2.290.935 төгрөгийг төлсөн болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор нотлогдож байна.

Үүнээс улсын ахлах байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/07 дугаартай актын төлбөрт 780.746 төгрөгийг төлснийг М.Оаас гаргуулах хохирлоос хасаж тооцох нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч А.Бээс 866.582 төгрөг, шүүгдэгч М.Оаас 85.836 төгрөг тус тус гаргуулж Дархан-уул аймгийн Засаг даргын тамгын газарт олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нар нь гэм буруугийн шүүх хуралдааны дараа хохирол төлөх зорилгоор завсарлага авч, Төрийн сангийн 100190000986 тоот дансанд нийт 952.418 төгрөг /866.582+85.836=952.418/-ийг төлсөн болох нь ял эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд гаргаж өгсөн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч А.Б, М.О нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 10 сарын хугацаагаар хасаж, 4 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх санал гаргасан ба өмгөөлөгч Б.Чинбаатар, Ө.Өлзиймаа нар нь шүүгдэгч А.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэж, өмгөөлөгч Г.Должинсүрэнгээс шүүгдэгч М.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хорих эсвэл торгох гэсэн сонгох ялтай учраас торгох ялыг хамгийн бага хэмжээгээр оногдуулж өгнө үү гэж тус тус мэтгэлцэж байна.

Шүүгдэгч А.Б нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хх-ийн 87/, шийтгэх тогтоолын хуулбар /4-р хх-ийн 59-61/-аар, шүүгдэгч М.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хх-ийн 114/-аар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч А.Б, М.О нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Б, М.О нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оыг нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Б, М.О нарын цалин, орлого, ам бүлийн байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.Бэд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 600.000 төгрөгөөр, шүүгдэгч М.От оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 550.000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгээр шинжилгээ хийлгэж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардал бөгөөд гэм буруутай этгээдээс энэхүү зардлыг гаргуулах нь зүйтэй байх тул шүүгдэгч А.Б, М.О нараас тус бүр 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Б, М.О, С.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгч С.Оыг цагаатгасан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч А.Б, М.О нарыг торгох ялаар шийтгэсэн тул тэдэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 5, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Т овогт А.Б, Х овогт М.О, Х овогт С.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х овогт С.Оыг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Т овогт А.Б, Х овогт М.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оыг нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бэд оногдуулсан 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч М.От оногдуулсан 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч А.Б, М.О нараас тус бүр 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнд олгосугай.

7. Шүүгдэгч нар нь хохирол төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

8. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол С.Оад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, А.Б, М.О нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Б, М.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР