Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
Хэргийн индекс | 128/2017/0500/З |
Дугаар | 121 |
Огноо | 2018-02-28 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 121
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М” ХХК.
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга.
Хариуцагч:Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар.
Хариуцагч: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар ОНӨААТҮГ.
Гуравдагч этгээд: “О” ХХК.
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” олон нийтийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар (ОНӨААТҮГ)-ын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2/776, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06/630 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ/201704132 дугаартай “Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил”-ын тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдулам, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.О нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: ““М” ХХК анх 2016 онд Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас зохион байгуулсан Нийслэлийн Баянгол дүүрэг 10 дугаар хорооны нутаг дэвсгэр А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын НГХДБГ-02/2016 дугаартай тендер сонгон шалгаруулалтад 2 тэрбум 603 сая 206 мянга 900 төгрөгөөр үнийн санал гаргаж, холбогдох бичиг баримтын хамт тендер сонгон шалгаруулалтад оролцож хамгийн бага үнийн санал, хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан. 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 2/70-1 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон. 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр буюу тухайн албан бичигт дурдсан хугацаанд тендерийн баталгааг байршуулан Хөрөнгө оруулалтын газар шилжүүлж 2 хувь гэрээнд гарын үсэг зурж үлдээсэн. Ингээд хариу гэрээнд гарын үсэг зурагдаж баталгаажсан гэрээний хувь ирэхийг хүлээн бэлтгэл ажлыг хангаж цахилгаан утасны захиалгын гэрээ байгуулан, шаардлагатай баталгааг зээл авч гаргуулсан. Гэтэл Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар удирдлагуудын халаа сэлгээ хийгдэж байгаа гэрээ удахгүй зурагдаж ирнэ хүлээж бай гэсэн хариу уулзалт болгоноор тайлбар өгдөг байсан. Ингэж хүлээлгэсээр байгаад 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2/776 дугаартай албан бичгийг танай гэрээ байгуулах эрх хүчингүй болгож шийдвэрлэснийг мэдэгдэж байна гэсэн. Хүчингүй болгосон үндэслэлээ Нийслэлийн Засаг даргын Санхүү төрийн сангийн хэлтсээс анх тендер зарлахдаа Засаг даргын захирамжийг зөрчсөн байна гэсэн үндэслэлийг хэлж байсан. Бид гарын үсэг зурж Нийслэлийн Засаг даргын Санхүү төрийн сангийн хэлтэст шилжүүлсэн боловч Засаг даргын захирамжийг зөрчсөн байна гэсэн үндэслэлээр гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна гэж тайлбарыг өгдөг. Гэтэл бодит байдал дээр Нийслэлийн Засаг даргын А/616 дугаар захирамжаар Эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас 2016 оны төсвийн тодотгол батлагдах хүртэл төсөл арга хэмжээ, сонгон шалгаруулалтыг түр зогсоосон. Энэ зогсоосон гэдэг нь өөрөө өмнөх бүх хийгдэх ажлаа бүгдийг хүчингүй болгоно гэсэн зүйл биш зөвхөн түр хугацаагаар царцааж байгаа гэж ойлгож байгаа. Төсвийн тодотгол батлагдах хүртэл гэсэн, төсвийн тодотгол нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдсан. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын захирамжийн үйлчлэл нь 2 сарын дараа хүчингүй болоод Төсвийн тодотгол батлагдаж, 1 дүгээр хавсралтын шинэ гэсний 11-д Манай хийх ажлын төсөв 2 тэрбум 958 сая 200 мянга төгрөгөөр тусгагдсан. Энэ ажлыг хийх төсвийн задаргааг шүүхээс авсан байгаа. 2016 оны А/331 дүгээр захирамжийн дагуу манай хийх ажлын төсөв орсон байна. Нийт 2016 онд санхүү төсвийн санхүүжих төсөв нь 2 тэрбум 958 сая 200 мянга байна гэж тусгагдаад орсон. Нэгэнт манай хийх ажлын санхүү төсөв тусгагдаж батлагдсаны дараа гэр хорооллын дэд бүтцийн газраас энэ сонгон шалгаруулалтыг зарласан. Сонгон шалгаруулалт зарласан нь хуулийн дагуу зохион байгуулагдсан байхад Санхүү төрийн сангийн хэлтсээс аль үйлчлэл нь өнгөрсөн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын захирамжийг үндэслэж манайтай гэрээ байгуулахаас татгалзсан. Гэрээ байгуулахаас татгалзаж буцааж байгаа үйлдэл нь хууль бус, манайд сөрөг үйлчлэл үүсгэж улмаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас анх гэрээ байгуулахад 01 дүгээр сард олгогдсон эрхээ хүчингүй болгож байна гэж 05 дугаар сард мэдэгдсэн. Гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгох үндэслэлийг хуульд тухайлан заасан байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д «Хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч буюу “М” ХХК өөрөө гэрээ байгуулахаас татгалзсан, гүйцэтгэлийн баталгааг хугацаанд нь ирүүлээгүй бол гэж байгаа. Гэтэл “М” ХХК гэрээнээс татгалзсан нөхцөл байдал байхгүй мөн гүйцэтгэлийн баталгааг хугацаанд нь байршуулж өгсөн. Энэ 2 үндэслэл байхгүй байхад өөрөө Санхүү төрийн сангийн хэлтэс тухайн захирамжийг үндсэлэлгүйгээр буцаагаад байгаа нь нөхцөл байдлыг ойлгохгүйгээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар шууд автоматаар Санхүү төрийн сангийн хэлтэс татгалзаж байгаа тул манайх гэрээ байгуулах эрхээ хүчингүй болгож байна гэж нэгэнт манай гэрээ байгуулах эрх олж авсан эрхийг хөндөж хүчингүй болгож байгаа албан бичиг нь эрх зүйн үйлчлэл үзүүлсэн сөрөг юм. Манайд 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр албан бичиг ирүүлэхээс өмнө 5 дугаар сарын 03-нд шинэ тендер зарласан байдаг. Нэг этгээд гэрээ байгуулах эрхээ олгосон, төрийн байгууллагын халаа сэлгээтэй холбоотой гэрээнд гарын үсэг зурагдахыг хүлээж байхад 05 дугаар сарын 03-ны өдөр шинэ тендер зарласан нь НХААГ/201704132 тендер сонгон шалгаруулалт нь өөрөө хууль бус юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж заасан. Нэгэнт гэрээ байгуулах эрхийг “М” ХХК-д олгосон, “М” ХХК ямар нэг буруутай зүйл хийгээгүй. Гэрээ байгуулах эрхээ олж авснаар тодорхой хэмжээний бэлтгэл хангаж 150 сая төгрөгийн зардал гаргасныг мэдсээр байж Нийслэлийн Засаг дарга түүний зохион байгуулалт үндэслэлгүйгээр татгалзсан. Өмнөх сонгон шалгаруулалт хүчинтэй хэвээрээ, гэрээ байгуулах эрх олгогдсон байхад шинэ тендер зарласан байгаа тул Сүүлд зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно гэж заасан. Гэтэл захиалагчийг төлөөлж байгаа Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, түүний дараа гэрээ байгуулах гарын үсэг зурах этгээд Санхүү төрийн сангийн хэлтэс нь үндэслэлгүйгээр татгалзаж түүнийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас дэмжиж мэдэгдлээ хүчингүй болгож байгаа нь дээрх хуулийн 47.2.2-т заасан хуулийн зохицуулалтыг зөрчөөд байна. Ийм хууль бус ажиллагаа манай компанийн хууль ёсны дагуу олж авсан гэрээ байгуулах эрхийг хөндөж, гэрээ байгуулахаас татгалзаж эс үйлдэхгүй гаргаж байгаа нь нөхцөл байдал хууль бус байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас Санхүү төрийн сангийн хэлтэс рүү гэрээ байгуулахаар явуулсан боловч гэрээ байгуулах боломжгүй гэсэн хариуг манайд ирүүлснийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр албан бичгээр нэхэмжлэгч буюу “М” ХХК-д гэрээ байгуулах эрх цаашид хэрэгжих боломжгүй боллоо гэдгийг уламжилсан албан бичиг. Тиймээс 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2/776 тоот албан бичгийг захиргааны актын шинжийг агуулаагүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц: Нэхэмжлэлийн шаардлагад 2 тэрбум 958 сая 200 мянган 900 төгрөг төсөвт орсон байгаа гэж нэхэмжлэгч хэлж байна. Үүний задаргааг шүүхэд ирүүлсэн байгаа. Энэ задаргааг том дүнгээрээ төсөвт тусгаж сүүлд нь Нийслэлийн Засаг даргын стратеги бодлого төлөвлөлтийн газраас задаргааг нийлүүлж Засаг даргын захирамжаар албажиж баталгааждаг.” гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Ошүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч гомдол гаргах процесс зөрчиж хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой. Төсөл сонгон шалгаруулалт анх 2016 онд зарлагдаж төсөвт төлөвлөгдсөн боловч нарийвчлан задаргаа нь хийгдээгүй байсан. Мөн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Засгийн газраас төсөл арга хэмжээнүүдийг бүгдийг зогсоо гэсэн шийдвэр гарсны дагуу Нийслэлийн Засаг даргын захирамж 8 дугаар сарын 24-ний өдөр гарч бүх төсөл арга хэмжээнүүдийг зогсоосон. Төсөл арга хэмжээнүүдийг түр түдгэлзүүлсэн зүйл байхгүй. Захирамжид Төсвийн жилийг дуустал гэсэн өгүүлбэр байгаа. Гэтэл нэхэмжлэгч тал түүнийг төсвийн тодотгол батлагдах хүртэл гэж зориуд худлаа тайлбарлаж байгаа. Хавтаст хэрэгт Засгийн газрын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж авагдсан. Шинээр батлагдсан 2017 оны төсөв дээр Баянгол дүүргийн 10 дугаар хороонд хийгдэх ажил төсөвлөсөн мөн тодотголоор баталсан гэж байгаа 14 дэх хэсэгт 2016 онд хэрэгжүүлэх төслөөс хойшлогдож буй төслөөс 2017 оны төсөвт тодотгож батлуулахыг Улаанбаатар хотын захирагчид даалгасугай гэж тодорхойсон. Үүний дагуу 2017 онд шинээр төсөв хийгдэж түүний дагуу хийгдэж байгаа ажиллагаа гэж үзэж байгаа юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу төсөл арга хэмжээний төсөв нь батлагдаагүй тохиолдолд түүнийг зарлаж болохгүй гэсэн хуулийн тодорхой заалт байдаг. 2016 онд батлагдаагүй төсвөөр төсөл арга хэмжээ зарлагдсан гэж үзэж Нийслэлийн Засаг дарга доод шатны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгосон. Нийслэлийн Засаг дарга хуулиараа өөрөө тендерийн үндсэн захиалагч юм. Тэгэхээр Нийслэлийн Засаг дарга доод шатны байгууллагын шийдвэр хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих эрхийг шилжүүлж болдог ч эцсийн дүндээ шийдвэр гаргах эрхээ хэнд ч шилжүүлдэггүй. Энэ утгаараа тендер зохион байгуулсан газар Нийслэлийн Засаг даргын захирамжийг зөрчсөн. Монгол улсын Засгийн Газрын тогтоолыг зөрчсөн мөн Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль төсөв нь батлагдаагүй төсөл, сонгон шалгаруулалт зарлахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн тул тухайн тендерийн дагуу олгогдсон гэрээ байгуулах эрхийг цуцалсан гэж ойлгож байна. Манай байгууллага 2017 онд төсөв нь батлагдсан шинээр зарлагдсан төсөл сонгон шалгаруулалтад орсон. Мөн нэхэмжлэгч өөрөө энэ тендерт орсон. Нэхэмжлэгч тухайн тендерт оролцож тендерийн үйл явцад маргаагүй, гомдол гаргаагүй. Гэвч өнөөдөр шүүх дээр 2017 оны тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож өгнө үү гэж байна. 2017 оны тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох ямар нэг эрх зүйн үндэслэл бүрдээгүй байна. 2016 онд зарласан тендерт нэхэмжлэгч тал ялсан гэх боловч 2017 онд манайх шалгарсан тендерийн хийх ажил нэг ажил. Гэтэл 2016 онд “М” ХХК 2 тэрбум 600 гаруй сая төгрөгөөр оролцож ялсан. Гэтэл манайх 2017 онд 2 тэрбум 228 сая гаруй төгрөгөөр ялсан. Гэтэл энэ хоёрын хооронд 400 гаруй сая төгрөгийн зөрүү байгаа нь харагдаж байна. Үүнээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд хэмнэлттэй байх зарчмыг баримтлан гэж заасан байдаг. Өнөөдөр шүүхийн шийдвэр гарлаа гэхэд Төсөв нь батлагдсан 400 гаруй сая төгрөгийн зөрүү маш том алдагдал захиалагч талд бууж байна. энэ бүгдийг харгалзан үзэж шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Билгүүн “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” олон нийтийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар (ОНӨААТҮГ)-ын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2/776, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06/630 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ/201704132 дугаартай “Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил”-ын тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “М” ХХК 2016 оны 12 дугаар 08-ны өдрийн тендерт оролцон хамгийн сайн үнэлэгдэж үнэлгээний хорооны шийдвэрээр гэрээ байгуулах эрх олгосон байхад захиалагчаас хуульд заагаагүй үндэслэлээр гэрээ байгуулахаас татгалзсан, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2/776, Санхүү төрийн сангийн хэлтсийн 06/630 дугаар албан бичгүүд нь захиргааны акт бөгөөд манай компанийн эрхийг зөрчсөн, захиалагчийн гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус, түүнчлэн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ/201704132 дугаартай “Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил”-ын тендер шалгаруулалтыг дахин зарласан нь тус тус хууль бус гэж маргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2/776 дугаар албан бичиг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Дээрх Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2016 оны 2/776 дугаар албан бичиг эхний тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны “М” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг санхүүжилт хөрөнгийн эх үүсвэргүй гэх үндэслэлээр гэрээ байгуулахаас татгалзсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн шийдвэрийг тус компанид уламжилсан, мэдээллийн шинжтэй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн ямар нэг үр дагаваргүй байх тул захиргааны акт гэж үзэх боломжгүй гэж дүгнэв.
1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06/630 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын гарын үсэг бүхий 06/630 дугаар албан бичиг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гарсан бөгөөд тухайн тендерийн захиалагчийн хувьд хөрөнгийн эх үүсвэргүй гэж үнэлгээний хорооны гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрээр “М” ХХК-иас ирүүлсэн тендерийн гэрээг баталгаажуулах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан агуулгаараа захиргааны акт байх үндэслэлтэй гэж дүгнэв.
Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс төсвийн шууд захирагчийн төсөв, санхүүг захиран зарцуулах чиг үүргийг хариуцан хэрэгжүүлдэг нэгжийн хувьд энэ хэлтсийн дээрх албан бичиг тендерийн үнэлгээний хорооноос гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг баталгаажуулаагүй, гэрээ байгуулаагүй, татгалзсан нэхэмжлэгчид үр дагавар үүсгэсэн захиргааны акт мөн байна.
Гэхдээ дээрх үр дагавар үүсгэсэн албан бичиг нэхэмжлэгчид гэрээ байгуулах эрх олгосноос хойш 34 хоногийн дараа буюу 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гарч, нэхэмжлэгч уг албан бичгийн талаар шүүхээр маргаж байгаа мөртлөө захиргааны хэрэг үүссэнээс хойш тухайн актыг мэдсэн гэх түүний тайлбар үндэслэл муутай байна.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/221 дүгээр захирамжаар батлагдсан нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 221 дүгээр зөвлөмжөөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу гэрээ байгуулж захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт зөвлөжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна.” гэж, эхний тендер шалгаруулалтын тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 20.1-д “Тендер нь захиалагч ТОӨЗ-ны 27.1-д заасны дагуу тогтоосон тендер нээх он, сар, өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна....”, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн “В” Тендер бэлтгэх гэсэн хэсэгт “ТОӨЗ 20.1 Тендер нээснээс хойш 45 хоногийн туршид хүчинтэй байна. 2017 оны 01 дүгээр сарын 22”, энэ хүснэгтийн “Г” Тендер ирүүлэх гэсэн хэсэгт “ТОӨЗ 27.1 Тендерийн нээлт хийх огноо, цаг нь: 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 14 цаг 30 минут” гэж тус тус зохицуулжээ.
Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа тендерийн баримт бичигт заасан хугацаанд гэрээ байгуулаагүй захиалагчийн эс үйлдэхүйг хуулийн холбогдох заалтын дагуу эрх бүхий захиргааны байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл захиалагчид амаар гэрээ байгуулах хүсэлт тавьж шийдвэрлэхийг хүлээж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар ойлгомжгүй.
Учир ньТөрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь.....захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй,....тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын 5 өдрийн дотор гаргана.” гэсэнтэй нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Тендерийн үнэлгээний хороо гэрээ байгуулах эрх олгосоор байтал захиалагч гэрээ байгуулахгүй татгалзсан нь хуульд нийцсэн эсэх талаар холбогдох хуулийн хүрээнд эрх бүхий төрийн захиргааны байгууллагад хандаагүйг зөвтгөх боломжгүйн дээр 2017 оны 06 дугаар сард явагдсан тендерт оролцсон нь эхний тендер шалгаруулалтын дүнг хүлээн зөвшөөрчээ.
Нэхэмжлэгчийн эхний тендер шалгаруулалтын дүнг хүлээн зөвшөөрсөн үйл баримт нь дараагийн тендер шалгаруулалтад оролцож өрсөлдсөний зэрэгцээ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 9 дүгээр хуудас)-д тусгагдсан “Шинээр зарлагдсан тендерт материалаа хэзээ өгсөн бэ? гэх илтгэгч шүүгчийн асуултад: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн......манай компаний захирал эрх зүйн мэдлэггүйн улмаас дахин материалаа өгсөн байсан .” гэж хариулсан тайлбараар давхар нотлогдож энэ нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж зааснаар тайлбарлагдахаар байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид гэрээ байгуулах эрх олгосон цаг хугацаа буюу 2017 оны 01 дүгээр сарын 11-ны өдрөөс хойш Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зарласан маргаан бүхий тендерт нэхэмжлэгч өөрөө оролцсон, түүнчлэн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд эхний тендер шалгаруулалтын талаар захиалагчаас ямар нэг захиргааны акт гарсан эсэхээс үл хамаарч холбогдох захиргааны байгууллагад хандаагүй нь нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх энэхүү тендер шалгаруулалтын үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд зохицуулагдаж, энэ хууль тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актын үйлчлэлд захирагдах учиртай.
Тодруулбал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах,.....гомдол гаргаж шийдвэрлүүлэх....харилцааг зохицуулахад оршино.”, 54 дүгээр зүйлийн 54.7-д “Гэрээ байгуулах эрх олгосноос хойш ирсэн гомдлыг захиалагч хүлээж авахгүй.”, 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь....хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй,... тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад...ажлын 5 өдрийн дотор гаргана.” гэж заасны дагуу тендерийн үйл ажиллагаа энэхүү хуульд нийцэж явахаар хуульчилжээ.
Түүнчлэн төсвийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой харилцаа түүний дотор захиалагч хуульд заасан хугацаанд шийдвэр гаргаагүй тухай гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлээр тусгайлан зохицуулсан тул энэхүү маргааны хувьд Захиргааны ерөнхий хууль хэрэглэгдэхгүй бөгөөд энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д заасны дагуу захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцаанд үйлчилнэ гэж ойлгох учир нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “..захиргааны байгууллагаас сөрөг үйлчлэл бүхий захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсгох ажиллагаа хийгээгүй, урьдчилж мэдэгдэх журмыг зөрчсөн” гэх тайлбар үндэслэлгүй.
Энэхүү эхний тендерийн захиалагч нь Нийслэлийн Засаг дарга, зохион байгуулагч нь Гэр хорооллын хөгжлийн газар, төсөл арга хэмжээний техник зохион байгуулалтыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хариуцаж явуулсан байна.
Энэ утгаараа захиалагч Нийслэлийн Засаг дарга түүний Тамгын газрын Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.5-д “тухайн бараа ажил үйлчилгээг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр батлагдсаны дараа худалдан авах ажиллагааг эхлүүлэх;” гэснийг хэрэгжүүлж гэрээ байгуулахаас татгалзсаныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.
Хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх эрх нь зөвхөн захиалагчид хадгалагдаж байгаагийн дээр Засгийн газрын 2016 оны 38 дугаар тогтоолын заалтын дагуу маргаан бүхий тендерийн санхүүжилтыг татаж 2017 онд шилжүүлсэн захиалагчийн шийдвэр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй.
Нөгөө талаар шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар Нийслэлийн 2016 оны төсвийн тодотголыг хийхэд энэ ажилд зориулж 2.9 тэрбум төгрөг баталсан гэж маргаж байгаа хэдий ч шүүхээс энэ төсвийн задаргааг ирүүлэхийг шаардсанаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын ерөнхий нягтлан бодогч Ц.Алтангэрэл, мэргэжилтэн Д.Пүрэвжав нарын гарын үсэг, санхүүгийн тэмдэг бүхий 2016 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөр огноологдсон “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажил” гэх гарчигтай нэр бүхий 9 ажил түүний нэг дэх хэсэгт маргаан бүхий тендерийн ажилд 263153372 төгрөгийн санхүүжилт олгохыг санал болгосноос харахад (2 дугаар хавтаст хэргийн 142 дугаар хуудас) 2016 оны төсвийн тодотголын дээрх 2.9 тэрбум төгрөгийн үнийн дүнд тухай ажлын санхүүжилт суугаагүй байжээ гэж дүгнэхээр байна.
Харин энэ ажлын санхүүгийн эх үүсвэр нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлыг зохион байгуулах тухай” А/233 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтын “Нийслэлийн 2017 оны төсвийн хөрөнгөөр шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын 3 –д 1973775926 төгрөгөөр санхүүжигдэхээр тусгагдсан нь уг ажил 2016 онд хийгдэхээр зарлагдсан хэдий ч тухайн төсвийн жилдээ хөрөнгийн эх үүсвэр нь батлагдаагүйг давхар нотлож байна.
2.Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ/201704132 дугаартай “Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил”-ын тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр НХААГ/201704132 дугаартай “Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “А” хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил”-ын тендер зарласан, уг тендерт оролцохоор нэр бүхий 8 компани тендер ирүүлснээс “О” ХХК-иас 2,228,029,966 төгрөг буюу хамгийн бага үнийн санал ирүүлж, “хамгийн сайн үнэлэгдсэн тендер”-ээр шалгарчээ.
Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ.” гэсэнтэй нийцсэн байна.
Захиалагч Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам, сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлыг зохион байгуулах тухай” А/233 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтын “Нийслэлийн 2017 оны төсвийн хөрөнгөөр шинээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалт”-ын 3”д “Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “А” хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил” нэртэй төсөл арга хэмжээг 1,973,775,926 төгрөгөөр санхүүжүүлж хэрэгжүүлэхээр төлөвлөсний дагуу зарласан уг тендер хууль, тогтоомж түүнчлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй байх тул уг тендерийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зарласан уг тендерт нэхэмжлэгч “М” ХХК оролцож 2,492,416,900 төгрөгийн үнийн санал гаргасан хэдий ч шалгараагүй байна.
Нөгөө талаар маргаан бүхий тендерийн хөрөнгийн эх үүсвэр он дамжин 2017 оны төсөвт тусгагдсанаар Нийслэлийн Засаг даргын А/233 дугаар захирамжийг үндэслэн Худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ/201704132 дугаартай тендер шалгаруулалтыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Ийнхүү шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06/630 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ/201704132 дугаартай “Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил”-ын тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 28 дугаар зүйлийн 28.4, 29 дүгээр зүйлийн 29.2, 54 дүгээр зүйлийн 54.7, 55 дугаар зүйлийн 55.1-д тус тус заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06/630 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ/201704132 дугаартай “Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил”-ын тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах” “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2/776 дугаар албан бичгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН