Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 545

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Б.Ундрах,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О...........нэ, түүний өмгөөлөгч Э.Золжаргал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2870)

шүүгдэгч А.С............х, түүний өмгөөлөгч Б.Чинбат (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0053)

гэрч Г.М............м нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Халзан Цэцэг овогт А..........хийн С............хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0013 40590 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Халзан цэцэг овогт А..........хийн С............х, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ................. тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар УУ8...........2058.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч А.С............х нь 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20  дугаар хороо “Төв цэвэрлэх байгууламж” болох ажлын байран дээрээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хувцас солих өрөөнд М.Б..........лтай маргалдаж түүний нүд рүү өөрийн шаргал өнгийн “Iphone” маркийн гар утсаа шидэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч А.С............х мэдүүлэхдээ: “...2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр У....удирдах газрын төв цэвэрлэх байгууламж дээр Э................гал инженэр биологийн цэвэрлэгээ хийдэг ус хоригдог газар цэвэрлээ хий гэсэн. Тухайн өглөө нь ирээд хүлээж байгаад хөдөлмөр хамгааллалтын зөвөлгөө аваад ажлаа эхлэсэн. Бид нар усаар юм цэвэрлэх ажил хийх гэж байсан чинь ус нь ирэхгүй байсан. Тэгсэн Б........а гээд техникч залуу бид хоёр гарч тамхилъя гээд гарсан. Б..........л, Чагнаа хоёр цаашаа явж байхаар нь “хаашаа явах гэж байгаа юм бэ” гэж асуусан чинь гарах гэж байна гэхээр нь “хамт гарч тамхи авъя” гээд хамт гарсан. Чагнаа Гурван бүдүүн дэлгүүрээс нэг шил архи аваад түүнийгээ гаргасан. Би “ажилтай байж архи ууж яах гээд байгаа юм бэ” гэсэн чинь Чагнаа “найз нь өчигдөр архи уусан. Зүгээрээ ганц татая” гээд ажлын байрнаас холдоод өөр газар очиж Чагнаа архиа задлаа Б..........л тэр хоёр бие биенэдээ өгчихөөд надад өгсөн. Бид нар архиа дуусгаад ажил руугаа буцаад орсон. Б........а, Б..........л хоёр хувцсаа солиод түрүүлээд цэвэрлэгээ рүү орсон. Араас нь би хувцсаа өмсөөд ажилдаа орох гэж байсан чинь Э................гал инженер намайг дуудаад “чамаас архи үнэртэж байна. Архи уусан байна. Одоо яв. Б..........л та нар хаана байсан юм бэ” гэхээр нь “бид нар тамхилчихаад ирсэн” гэж хэлсэн чинь “та нар архи уусан байна” гээд Б..........лыг доороос дуудаад бид хоёр Б..........лын хувцасны өрөө рүү орсон. Б..........лыг хувцсаа сольж байх хооронд би гар утсаа үзэж байсан. Тэр хооронд Б..........л М............мын хажууд “би энэ ажлаас гарах гэж байгаа юм чинь ямар хамаатай юм бэ” гэхээр нь би “чи инженерийн хажууд яах гээд байгаа юм бэ, дараа наад асуудлаа ярь” гэж хэлсэн. Б..........л дуугүй хувцсаа солиолд байсан. Би гар утсаа эргүүлж байгаад шидсэн. Тэгсэн Б..........лын нүдний доор оносон. Харсан чинь нүдний ойролцоо хэсэгт нь хавдаад цус гарч байсан. М............м Б..........лыг аваад явсан. Би орой нь үргэлжлүүлээд ажлаа хийсэн...” гэх мэдүүлэг

2. Хохирогч П.О...........нэ мэдүүлэхдээ: “...С............х, талийгаачтай бид 3 хамт ажилладаг. Ажилтай гэж талийгаачийг дуудуулхад С............х манай гэрийн гаднаас талийгаачийг ирж авсан. Машинист над руу Б..........л, С............х, Ч..........рж, техникч залуу 4 байхгүй байна гэж утсаар ярьсан. Б..........л гаагүй байсан. С............х хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байсан гэж хэлсэн. Инженер  энэ дөрвийг ажиллуулах гэсэн байна. чи ирээд Б..........лыг авах уу гэхээр нь би Б..........л руу ярихад ажлаас гарах гэж байна. Ажлуулахгүй гэсэн гэж хэлсэн. Удалгүй М............м инженер над руу яриад 5-н шар дээр яаралтай ир гэсэн. намайг ирэхэд талийгаачийн нүд нь хавдаж хөхөрсөн байсан. М............м инженер, талийгаач бид 3 “Гэрэл” нүдний эмнэлэгт дээр очиж үзүүлсэн. Гэрэл нүдний эмнэлэг нүд үздэг апрат байхгүй гэж Орбитой эмнэлэг рүү явсан. Тухайн хэрэг гарах үед С............х утсаа шидсэн. Шидсэн утсыг нь хайсан чинь гар утас нь байхгүй байсан. Эмнэлэг явсны дараа С............х гар утсаа авсан байсан. С............хийг талийгаачийг санаатай цохисон гэж бодож байна. Санаатай цохиод талийгаачийн нүдийг нь үзээгүй, утсаа шидээд сандраад гараад зугтаагаад явсан. М............м, талийгаач Б..........л хоёрыг гараад явсан хойгуур С............х цохисон гар утсаа аваад гаргасан байсан. Би гомдолтой байна. Талийгаач Б..........л 10 дугаар сарын 01-ний өдрөөс халтуурны ажил хийчихдэг өөр тасаг руу шилжиж ажиллах гэж байсан. Би ажлаа солих боломжгүй болчихлоо хохиролтой байна гэж байсан. Нийт 60 сая төгрөг нэхэмжилж байна. Талийгаачийн авсан зээл, үлдэж байгаа хоёр ихэр хүүхэд нь нэхэмжил байна. Эмчилгээнд 2 сая төгрөг гарсан. С............х, талийгаач бид хэд хамт эмнэлэг явсан. С............х хамт эмнэлэг ороогүй. 16 сая төгрөгийн цалингийн зээл, хоёр хүүхэд нь тэжээн тэтгэхэд зориулж нэхэмжил байна...” гэх мэдүүлэг

3. Гэрч Г.М............м мэдүүлэхдээ “... “....Тухайн өдөр С............х амарч байсан. Ажлын өдөр биш байсан...Тухайн хувцас солих өрөөнд С............х хувцсаа сольдоггүй. Б..........л бид хоёр хувцсаа сольдог байсан. Намайг өмдөө өмсөж байтал Б..........лын нүдэн тус газар нь утсаа шидсэн. Б..........л нүдээ дараад доош тонгойхоор нь чи яаж байгаа юм бэ гээд нүдийг нь харсан чинь нүднээс нь цус гарч байсан. Б..........лын хувцсыг нь өмсүүлээд аваад эмнэлэг явсан. С............х хувцас солих өрөөнд үлдсэн... Б..........л бид хоёр...Замаасаа эхнэрийг нь аваад...гуравдугаар эмнэлгийн урд байрладаг нүдний эмнэлэгт очсон ...Тухайн үед С............х, Б..........л хоёр хэрэлдэж маргалдаад зодоон хийгээгүй. Б..........л, С............х хоёрыг согтуу байна яв гэсэн болохоор Б..........л явах гэж байсан. С............х хоёулаа хэл амгүй ажлаа хийе гэсэн талаар ярьж хооронд үл ойлголцол болсон...Б..........лыг 5-н шар дээр хүргэж өгье. Хурдан хувцсаа соль гээд хараад зогсож байсан...Би өдрийн цагаар 2-3 цагийн чөлөө өгөх эрхтэй. 7 хоногт 1, 2 удаа ажлыг нь зохицуулаад чөлөө өгч байсан. Бүтэн өдрөөр чөлөө авах бол албаны даргаар цохиулаад чөлөө авдаг байсан. Би хэзээ яаж чөлөө авч байсныг тодорхой хэлж мэдэхгүй байна ...Тодорхой мэдэхгүй байна. Хэрэг гарснаас хойш хохирогч Б..........лыг шөнө дуудаж ажлуулахаа болсон байсан...Тухайн  хэрэг гардаг хувцас солих өрөө нь ганцхан Б..........лын хувцас сольдог өрөө байсан ...Б..........лыг 5-н шар хүргэж өгөх гэж байсан...Б..........л, С............х хоёр хамт орсон. С............хийг яах гэж орсныг сайн мэдэхгүй байна ...Өмнө болсон асуудлыг мэдэхгүй. Өрөөнд гар утас шидсэн асуудалд хаяж явлаа гэсэн асуудал яригдаж байсан...Амралтын өдөр байсан. Э................гал инженер ажиллуулах хувиартай байсан. 11 цагийн үед би ажлыг хариуцаж хийхээр болоод ирсэн чинь Э................гал инженер энэ хүмүүс согтуу байна. Ажлуулахгүй явуул гэж хэлсэн...Таарсан байсан. Намайг очих үед ажлын байрнаас гаргаад хувцас солих өрөөний наана авчирсан байсан....200 метрийн зайтай...” гэх мэдүүлэг

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч М.Б..........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 9 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэвэрлэх байгууллагад ажлаа хийж байгаад 11 цагийн үед цуг ажилладаг С............х, Ч..........рж, Б........н бид 4 нийлж 0.75 литрийн хэмжээтэй 2 шил архи хувааж уугаад дуусаад байж байхад инженер Э................гал та нар архи уусан байна С............х, Ч..........рж 2 чинь их согтолттой байна гэсэн. Тэгээд 14 цагийн үед хувцас солих өрөөнд ороод хувцсаа тайлаад өмдөө өмсөж байхад С............х барьж байсан шаргал өнгийн “IPhone” маркийн гар утас шидэж миний зүүн нүдийг ончихсон. Хамт хувцасны өрөөнд байсан инженер Г.М............м намайг аваад эмнэлэг рүү явсан. С............х миний нүд рүү утас шидсэнийхээ дараа гараад зугтаачихсан...Надад эмчилгээ хийлгэсэн зардлын баримт байгаа. С............х эмчилгээний зардалд 800.000 төгрөг өгсөн...гомдолтой байна. Эмчилгээний зардал нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52),

2. Гэрч Г.М............мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр...Б..........л, С............х хоёр согтуу байдалтай ажлын байран дээр хамт сууж байхаар нь би хувцас солих өрөөнд оруулж хувцсыг нь солиулахаар оруулсан. Тэгээд тэр хоёр хувцсаа сольж байх үедээ С............х Б..........лыг хаяж явах гэлээ хамт явсангүй гээд...буйдан дээр сууж байгаад хувцсаа сольж байсан Б..........лын зүгт гар утсаа шидсэн. Б..........л тухайн үед миний урд өмдөө татаад босох гэж байтал түүний зүүн нүдийг утас нь онож газар гурав хагарч унасан. Б..........л нүдээ дараад суухаар нь гарыг нь салгаад хартал зүүн нүдний орчмоос цус гарч эхэлсэн би шууд түүнийг аваад гэмтлийн эмнэлгийн урд байрлах нүдний эмнэлэгт хүргэж өгчихөөд явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11),

3. Гэрч Ц.М..........яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.Б..........л нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай эмнэлэгт ирж үзүүлсэн. Анхны үзлэгээр зүүн нүд улайсан, баруун нүдний хараа 100% зүүн нүдний хараа 8% зүүн нүдэнд даралт бууруулах эм дусааж байгаа. Хатуу биетээр цохиулж битүү гэмтэл авсан байсан. Битүү гэмтэл нь хүчтэй цохилтоос үүснэ...М.Б..........л 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нүдний даралт буулгах...мэс засал хийж...5 оёдол тавьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92),

4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 846 дугаар дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэгт:...Зүүн нүдний алим улайлттай. Зүүн нүдний хүүхэн хараа өргөссөн. Зүүн нүдний хүүхэн хараа гэрлийн урвалгүй. Биед л харагдах гэмтэлгүй. Амбулаторын картнаас:

2018.09.22-ны шинжилгээнд:...зүүн нүдний судсан бүрхүүлийн нимгэрэл гэжээ. 2018.09.22-ны үзлэгт: зүүн нүдний хараа бүрэлзэнэ... эвэрлэгийн хаван, хүүхэн харааны өргөсөл... Онош: зүүн нүдний битүү гэмтэл.

2018.10.01-ны шинжилгээнд: дүгнэлт: шар биеийн сорвижил гэжээ.

2018.10.01-ны үзлэгт: баруун нүдний хараа-1.0, зүүн нүдний хараа.0.02,

2018.10.04-ний үзлэгт: ...салстын шарх цэвэр, оёдлууд байрандаа өмнөд камер дундаж, хүүхэн хараа өргөн...

2018.10.11-ний үзлэгт: баруун нүдний хараа-0.8, зүүн нүдний хараа-бүрсгэр 0.04...эмчийн эмчилгээ хийсэн, нүдний даралт ихэссэн учир Гэрэл эмнэлэгт М..........яа эмчээр парасинтез хийгдсэн..имплант тавигдсан...үзэхэд: баруун нүдний хараа-0.8, зүүн нүдний хараа 0.0.4 бүүдийн зүүн нүдний хүүхэн хараа өргөн, шарх цэвэр, салстад оёдолтой. Угт: ХМХ..бүдэг...онош: зүүн нүдний гэмтлийн дараах хүүхэн харааны өргөсөлт, хоёрдогчоор даралт ихсэлт.

2018.10.16-ны үзлэгт: баруун нүдний хараа-1.0. зүн нүдний хараа-0.04.

2018.10.23-ны үзлэгт: Зүүн нүдний хараа-0.08.

2018.10.25-ны ЭХК-ийн шийдвэрээс: онош: гэмтлийн гаралтай хүүхэн харааны хоёрдогчоор нүдний даралт ихсэлт.

2018.10.28-ны хийсэн ОСТ. Зүүн нүдний IS/SO scar/+/ онош: гэмтлийн гаралтай хүүхэн харааны өргөсөлт, даралт ихсэлт буулгах мэс засал, гэмтлийн гаралтай шар биеийн сорвижил.

2018.11.06-ны үзлэгт Зүүн нүдний хараа-0.09,

2018.11.14-ний үзлэгт: баруун нүдний хараа-1.0. Зүүн нүдний хараа-0.06

2018.12.06-ны үзлэгт: баруун нүдний хараа-1.0. Зүүн нүдний хараа-0.09.

2019.01.05-ны үзлэгт: баруун нүдний хараа-1.0, Зүүн нүдний хараа-0.09....ДҮГНЭЛТ:

1. М.Б..........лын биед зүүн нүдний өмнөд камерын цус хуралт, шар биеийн сорвижил, хараа бууралт /0.09/ хүүхэн харааны өргөсөлт, хоёрдогчоор нүдний даралт ихсэлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.34.1-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд 30% нөлөөлөх тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 11),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 450 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 20-22),

- Шинжээч эмч С.Чулуунсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нүдний өмнөд камер гэдэг нь нүдний алим хүүхэн хараа зэргийг агуулсан цилиндэр бүтэцтэй дотроо тунгалаг шингэнтэй хөндийг хэлнэ. Гол үүрэг нь гаднаас ирж буй гэрлийн тусгалыг шар биерүү ойлгох үүрэгтэй цус хуралт нь тунгалаг шингэнтэй хөндийд цус хурахыг хэлнэ...Нүдний даралт ихсэлт нь анхдагч болон хоёрдогч шалтгаанаар үүсдэг. Анхдагч нь нүдний өөрийн өвчин хараа бууралт зэргээс үүсдэг. Хоёрдогч гэдэг нь гадны нөлөөтэй буюу гэмтлийн гаралтай үүсдэг. М.Б..........лын хувьд хоёрдогчоор буюу гэмтлийн гаралтай үүсгэсэн гэж дүгнэлтэд тусгасан...М.Б..........лын биед 2018.10.01-наас 2019.04.03-н хүртэл хийгдсэн нүдний эмч нарын үзлэгээр зүүн нүдний харааны бууралт нь 0.02-с 0.1 хүртэл сэргэсэн байна. Иймд харах чадвар аажмаар нэмэгдэж байх тул хараа бууралтыг гэмтлийн .........шинж гэж үзэлгүй эрүүл мэндийг сарниулсан хугацаагаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж дүгнэсэн шинжээч эмч Долгормаагийн №846 дугаартай дүгнэлтийг гаргах үед харааны бууралт 0.09 байсан тул хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 4.34.1-т зааснаар 30, чадвар алдалтанд хамааруулж гэмтлийн хүндэвтэр зэрэгт гаргасан байна. Энэ 2 дүгнэлтийн гэмтлийн зэрэг нэг боловч шалгуур шинж нь өөр юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 94-95)

5. Шүүгдэгч А.С............хийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүгийн нутаг дэвсгэрт байрлах Төв цэвэрлэх байгууламжид ажилладаг. 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ажил дээр дуудагдаж цуг ажилладаг Б..........л, Э...........тар, Ч..........рж, Б........а, Э................гал нарын хамт ажиллахаар болсон. Өглөө 09 цагийн үед ажлын хувцсаа солиод инженер Э................гал зааварчилгаа өгч биологийн цэвэрлэгээний усан санд ажиллахаар орсон. Тэгээд даралттай ус өгөх гэхэд болохгүй байсан бид нар ус ирэхийг хүлээгээд байж байгаад. Б........а бид 2 тамхи татахаар гарахад араас Ч..........рж, Б..........л 2 ирээд бид 4 дэлгүүр орсон. Би дэлгүүрээс тамхи аваад гадаа байж байхад Ч..........рж дэлгүүрээс 0,5 литрийн хэмжээтэй Соёрхол нэртэй архи авч гэрч ирээд бид нар машиндаа суугаад архиа задлаад надад нэг хундага өгсөн би бага зэрэг амсаад өгсөн үлдсэн архийг Б..........л, Ч..........рж, Б........а 3 хувааж ууж дуусаад бид нар буцаад ажил руу орсон. Тэгээд Б........а, Б..........л 2 түрүүлээд орсон би араас нь орох гэж байхад инженер Э................гал над руу ойртож ирээд Б..........л бид 2-г архи уусан байна та 2-р ажил хийлгэхгүй гэсэн. Би инженер М............м, Б..........л нарын хамт хувцас солих өрөөнд ороод би инженер М............мтай юм ярьж байхад Б..........л хувцсаа сольж байсан. Би гар утсаа баруун гартаа бариад эргүүлж байгаад санамсаргүй утсаа алдаад хувцас сольж байсан Б..........лын зүүн нүдний доор хацар дээр нь ончихсон. Тэгээд Б..........л зүүн нүдээ дараад нүд рүү цохичихлоо гээд уурлаад байсан. Инженер М............м эмнэлэг орохгүй бол болохгүй гээд Б..........лыг аваад явсан. Ийм л зүйл болсон....Б..........лын дансаар эмчилгээний зардалд ойролцоогоор 900.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 101-102)

“...2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр...М.Б..........л, Г.М............м нарын хамт байж байхдаа М.Б..........л руу шаргал өнгийн “Iphonе 6” маркийн гар утас шидэж зүүн нүдийг нь ончихсон...хохирогч М.Б..........л нь хувцас солих өрөөнд архи ууснаа инженер мэдэгдчихлээ арчаагүй юм гэсэн тэгэхээр нь миний уур хүрээд гартаа барьсан байсан гар утсаа М.Б..........лын зүг рүү шидчихсэн. Би шидсэний дараа очиж харахад зүүн нүдийг нь оноод хавдаж шалбарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 103-104),

6. “Орбита” нүдний эмнэлгийн өвчтөний карт (хавтаст хэргийн 27-33), Иргэний эрүүл мэндийн дэвтэр (хавтаст хэргийн 34-47), хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хавтаст хэргийн 56-60), хохирлын 616.100 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 13, 88 хуудасны ар, 89-90), хохирогчийн иргэний үнэмлэх болон нас барсны гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 105), хохирлын 670.800 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 138-141), зээлийн болор барьцааны гэрээний хуулбар (хавтаст хэргийн 143-146), үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт (хавтаст хэргийн 147),

 - Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 67,  68), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 65), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (хавтаст хэргийн 69), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 70, 71), “Бюлдинг Миррор” ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 74), дансны хуулга (хавтаст хэргийн 137), хохирол, хор уршигт 715.000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай баримтууд (хавтаст хэргийн 72, 73) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.С............хөд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч А.С............х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 20  дугаар хорооны нутаг дэвсгэр, ...................н ажилчдын хувцас солих өрөөнд, 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр, хувийн таарамжгүй харилцааны улмаас М.Б..........лтай маргалдаж улмаар шууд санаатай үйлдлээр түүнлүү өөрийн “I Phone-6” маркийн гар утсыг шидэж, хүний эрүүл мэндэд зүүн нүдний өмнөд камерын цус хуралт, шар биеийн сорвижил, хараа бууралт /0.09/ хүүхэн харааны өргөсөлт, хоёрдогчоор нүдний даралт ихсэлт гэмтэл санаатай учруулсан болох нь:

- Хохирогч М.Б..........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 9 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэвэрлэх байгууллагад ажлаа хийж байгаад 11 цагийн үед цуг ажилладаг С............х, Ч..........рж, Б........н бид 4 нийлж 0.75 литрийн хэмжээтэй 2 шил архи хувааж уугаад дуусаад байж байхад инженер Э................гал та нар архи уусан байна С............х, Ч..........рж 2 их согтолттой байна гэсэн. ...14 цагийн үед хувцас солих өрөөнд ороод хувцсаа тайлаад өмдөө өмсөж байхад С............х барьж байсан шаргал өнгийн “I Phone” маркийн гар утас шидэж миний зүүн нүдийг ончихсон. Хамт хувцасны өрөөнд байсан инженер М............м намайг аваад эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52),

- Гэрч Г.М............мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр...Б..........л, С............х хоёр согтуу байдалтай ажлын байран дээр хамт сууж байхаар нь би хувцас солих өрөөнд оруулж хувцсыг нь солиулахаар оруулсан. Тэгээд тэр хоёр хувцсаа сольж байх үедээ С............х Б..........лыг хаяж явах гэлээ хамт явсангүй гээд...буйдан дээр сууж байгаад хувцсаа сольж байсан Б..........лын зүгт гар утсаа шидсэн. Б..........л тухайн үед миний урд өмдөө татаад босох гэж байтал түүний зүүн нүдийг утас нь онож газар гурав хагарч унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11),

- Гэрч Ц.М..........яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.Б..........л нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай эмнэлэгт ирж үзүүлсэн. Анхны үзлэгээр зүүн нүд улайсан, баруун  нүдний хараа 100% зүүн нүдний хараа 8% зүүн нүдэнд даралт бууруулах эм дусааж байгаа. Хатуу биетээр цохиулж битүү гэмтэл авсан байсан. Битүү гэмтэл нь хүчтэй цохилтоос үүснэ...М.Б..........л 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нүдний даралт буулгах...мэс засал хийж...5 оёдол тавьсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 846 дугаар дүгнэлт: “...1. М.Б..........лын биед зүүн нүдний өмнөд камерын цус хуралт, шар биеийн сорвижил, хараа бууралт /0.09/ хүүхэн харааны өргөсөлт, хоёрдогчоор нүдний даралт ихсэлт гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.34.1-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд 30% нөлөөлөх тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 11),

- Шүүгдэгч А.С............хийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ажил дээр дуудагдаж цуг ажилладаг Б..........л, Э...........тар, Ч..........рж, Б........а, Э................гал нарын хамт ажиллахаар болсон. Өглөө 09 цагийн үед ажлын хувцас солиод инженер Э................гал зааварчилгаа өгч биологийн цэвэрлэгээний усан санд ажиллахаар орсон. Тэгээд даралттай ус өгөх гэхэд болохгүй байсан бид нар ус ирэхийг хүлээгээд байж байгаад. ...Ч..........рж дэлгүүрээс 0,5 литрийн хэмжээтэй Соёрхол нэртэй архи авч гарч ирээд бид нар машиндаа суугаад архиа ...ууж дуусаад бид нар буцаад ажил руу орсон. ...инженер Э................гал над руу ойртож ирээд Б..........л бид 2-г архи уусан байна та 2-р ажил хийлгэхгүй гэсэн. Би инженер М............м, Б..........л нарын хамт хувцас солих өрөөнд ороод би инженер М............мтай юм ярьж байхад Б..........л хувцсаа сольж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 101-102)

“...М.Б..........л руу шаргал өнгийн Iphonе 6 маркийн гар утас шидэж зүүн нүдийг нь ончихсон...хохирогч М.Б..........л нь хувцас солих өрөөнд архи ууснаа инженер мэдэгдчихлээ арчаагүй юм гэсэн тэгэхээр нь миний уур хүрээд гартаа барьсан байсан гар утсаа М.Б..........лын зүг шидчихсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 103-104) зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч А.С............х, хохирогч М.Б..........л нар нь хоорондоо хувийн шалтгаан нөхцөл буюу биеийн хэлэмжийн зохисгүй харилцсан шалтгаан нөхцөлөөр, хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр хохирогч руу гар утас шидэж, улмаар гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.С............х нь хохирогч М.Б..........л руу утас шидсэний улмаас хохирогчид гэмтэл учирсан болох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шидсэн утсанд оногдсоноос болж хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч А.С............хийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь баримтаар 616.100 төгрөгийг (хавтаст хэргийн 13, 88 хуудасны ар, 89-90) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн байх бөгөөд шүүгдэгч нь хохирол, хор уршигт 715.000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон байна. Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс хохирогчийн эмчилгээнд 2.000.000 төгрөг (баримттай зардал нь 670.800 төгрөгийн баримт хавтаст хэргийн 138-141), хохирогчийн цалингийн зээл авсан 16.050.000 төгрөг, хохирогчийн 2 хүүхдийг тэжээн тэтгэхэд зориулж 41.950.000 төгрөг буюу нийт 60.000.000 төгрөг нэхэмжилсэн байна.

Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс цалингийн зээл гэх 16.050.000 төгрөг болон хоёр хүүхдийг тэжээн тэтгэхтэй холбоотой 41.950.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.С............хийн хохирогчид учруулсан гэмтэлтэй дээрх нэхэмжлэл нь шалтгаант холбоогүй, хамааралгүй байна. Харин хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 2.000.000 төгрөгөөс 670.800 төгрөг нь баримттай байх хэдий ч тухайн эм, тариа эмчилгээг зайлшгүй хийлгэх ёстой байсан талаарх баримт буюу эмчлэгч эмчийн эмийн жор хэрэгт авагдаагүй. Нөгөөтэйгүүр хэрэгт авагдсан хохирогчийн эрүүл мэндийн дэвтэрт дээрх эм тариаг хэрэглэх талаар тэмдэглэгээгүй байх тул дээрх нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй гэж үзэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь тухайн хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж шүүх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.

II. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч А.С............хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “I Phone-6” маркийн гар утсыг устгах дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг дэмжиж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С............х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүлийн хувьд 99 настай өвөг эцэг Д.Ёндондүйчир, 54 настай эх Г.Саруул нарыг асардаг зэрэг байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан торгуулийн ялыг хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.С............хөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг төлсөн...”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тиймээс шүүгдэгч А.С............хийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийн төлж барагдуулсан, цаашид хохирогчид учирсан хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, “Бюлдинг Миррор” ХХК-д ажиллаж байгаа болон дээрх дурдсан хувийн байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүхээс А.С............хөд торгох ял оногдуулсантай холбогдуулан түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “I Phone-6” маркийн дахин ашиглагдах боломжгүй утсыг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах орон тооны бус комисст шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Халзан цэцэг овогт А..........хийн С............хийг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол cанаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.С............хийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С............хөд оногдуулсан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан А.С............х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн “I Phone-6” маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах орон тооны бус комисст даалгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчид учирсан хохирол, хор уршгийн зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.МӨНХЗУЛ