Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 725

 

А.С-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Б.Насанжаргал,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О-н өмгөөлөгч Н.Жавзандолгор,  

            шүүгдэгч А.С-н өмгөөлөгч Г.Сүхээ,

            нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/222 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О-н гаргасан давж заалдах гомдлоор А.С-д холбогдох 1908 00134 0590 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х ц овгийн А-н С, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ө ” ХХК-д туслах тогооч ажилтай, ам бүл 4, өвөг эцэг, эх, ах нарын хамт .................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........../;

А.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Т ц б”-ийн ажлын байрны хувцас солих өрөөнд М.Б-тай маргалдаж, улмаар “Iphone-6” загварын гар утас шидэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х ц овогт А-н С-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр А.С-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг уг гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 352019075149937 дугаарын сериалтай, хавтгай нимгэн дэлгэцтэй, дэлгэц хагархай “Iphone-6” загварын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах орон тооны бус комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.С-н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

  Дээд шатны прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр А.С-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж заасан.

Тиймээс шүүгдэгч А.С-н яллагдагчаар татагдсан өдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш түүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй.

Гэтэл анхан шатны шүүх хууль буцаан хэрэглэж, хөөн хэлэлцэх хугацааг тоолж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх А.С-д холбогдох хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. А.С-н үйлдлүүд нь хавтаст хэрэгт тодорхой байгаа, тухайн гэмт хэрэг үйлдэх үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу хүндрүүлэх нөхцөл байдал байсаар байтал үүнийг шүүх анхаараагүй. А.С нь согтуурсан үедээ Б-тай муудалцан маргалдаж байсан. Инженер Мөнхнямын мэдүүлэг болон бусад хүмүүсийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...”  гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Оюун-Эрдэнийн өмгөөлөгч Н.Жавзандолгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О-н гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч А.С-н өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс хохирлын талаар нэхэмжилсэн зүйлгүй. Шүүгдэгч А.С нь хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан бөгөөд тэрээр хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Насанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгох талаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн хэдий ч Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг түдгэлзүүлсэн албан ёсны шийдвэр гараагүй. А.С-д холбогдох хэрэгт дээд шатны прокурорын эсэргүүцэл бичигдэх үед Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсээгүй байсан. Иймд дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ дээд шатны прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч А.С-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

А.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Төв цэвэрлэх байгууламж”-ийн ажлын байрны хувцас солих өрөөнд М.Б-тай маргалдаж, улмаар “Iphone-6” загварын гар утас шидэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх А.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журалман мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, А.С-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан ба УИХ-аас хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Харин Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулсан бөгөөд “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй” гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн А.С-г Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр /гэмт хэрэг үйлдсэнээс хойш 7 сар өнгөрсөн/ яллагдагчаар татсан байх тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч А.С-г гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.С-д холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх үед гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байжээ.

Иймд “...Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасныг зөрчсөн...” талаар бичсэн Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий прокурор Д.Отгонбаярын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зүйл, заалтыг зөрчсөн асуудлаар нэр бүхий иргэдээс гомдол гаргасны үндсэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 69 дугаартай тогтоолоор маргаан үүсгэсэн бөгөөд анхан шатны шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн түдгэлзүүлэх эсхүл түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх эсэх талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.